Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0566

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э /РД:/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т /РД:/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Б, Ц.Л

Гуравдагч этгээд: Ү ХХК /РД:/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б /РД:/

Гуравдагч этгээд: Ч.Э /РД:/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Эийн эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500 дугаар бүхий 170 м.кв газрыг Нийслэлийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\1590 тоот захирамжаар Ү ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлснийг хууль бусад тооцож тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б \цахим\, гуравдагч этгээд Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээдийн Ч.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Б.Эийн эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500 дугаар бүхий 170 м.кв газрыг Нийслэлийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А\1590 тоот захирамжаар Ү ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлснийг хууль бусад тооцож тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

2.1. Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 170 м.кв газрыг анх иргэн Н.О Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаар захирамжаар эзэмших эрхийг шилжүүлэн авч, 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхийн 01 дугаар гэрчилгээг авчээ.

2.2. Улмаар 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Н.О болон Б.Э нар Нийслэлийн Газрын албанд дээрх газрыг Б.Эт шилжүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 170 м.кв газрыг Б.Эт 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

2.3. Ийнхүү Б.Эт 2011 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 3/0015 нэгж талбарын дугаар бүхий 170 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар олгож, 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр З/0015 дугаар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г Нийслэлийн газрын алба болон Б.Э нар байгуулсан.

2.4. 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 6/5 тоот хаягт байршилтай 1035.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэгч Б.Эийн төлөөлөгч Г.Т, бэлэг хүлээн авагч Ү ХХК-ийг төлөөлж Д.Н нар байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлжээ.

2.5. 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 000 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу 6/5 тоот хаягт байршилтай 1035.32 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул Ү ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2202 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.

2.6. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу 6/5 тоот, 1035.32 м.кв газрыг Ү ХХК нь иргэн Ч.Эд 100 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0008, өмчлөх эрхийн Ү-2202 дугаар бүртгэгдэж, Ч.Эд маргаан бүхий газрын дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн байна.

2.7. Ү ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №03 дугаартай гэрчилгээ бүхий 170 мкв талбайтай Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлалтай үйлчилгээний зориулалттай газар дээр "Ү*******" ХХК-ийн эзэмшлийн 1035,32 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 5 давхар үл хөдлөх хөрөнгө 2016 оны 08 дугаар сарын 26-аас хойш өнөөг хүртэл байгаа тул тус газрын эзэмших эрхийг манай компани дээр баталгаажуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн эрх шилжүүлэх тухай болон 2022 оны 10 дугаар сарын 03-ны газрыг шилжүүлж авах тухай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг-үүд зэргийг хавсаргажээ.

2.8. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Ү ХХК-д Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 170 м.кв газрыг Б.Эээс шилжүүлэн, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгож, 00001 дугаар аж ахуй нэгжийн газар эзэмшлийн эрхийн гэрчилгээгээр улсын бүртгэлийн 22020 дугаар бүртгэн гэрчилгээ олгожээ.

2.9. Үүнийг эс зөвшөөрч Б.Эээс гомдол гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 01-08/823 дугаар албан бичгээр ...Иргэн танд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1500 дугаарын нэгж талбарын дугаар бүхий 170 м.кв газрыг эзэмшүүлсэн. Тус газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 дүгээр захирамжаар Ү ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна гэх хариу, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01-08/1498 дугаар албан бичгээр Тус албанд хандаж Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр дамжуулан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 дүгээр захирамжийн "Ү" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтийг судалж үзлээ. Дээрх асуудлаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 /газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх шийдвэрлэнэ/-т заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэх хариуг тус тус өгсөн байна.

2.10. Дээрх шийдвэр, хариунуудыг эс зөвшөөрөн шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлээр 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Иргэн Баянбилэгийн Э миний бие нь Нийслэлийн засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 494 дугаартай шийдвэрээр Чингэлтэй дүүргийн 4 хороонд орших нэгж талбарын 3/0015 дугаартай 170 мкв газрыг эзэмшиж байсан билээ. Тус газар дээр барьсан 5 давхар барилгаа өөрийн эхнэрийн нэр дээр байсан Ү ХХК-ны нэр дээр шилжүүлсэн байсан. Манай эхнэр Д.Н Ү ХХК-ны хувьцаагaa 2018 оны 08 сард иргэн Ч.Б гэгчид хуурч мэхлүүлэн алдаж 2 жил гаран цагдаагийн байгууллагаар шалгуулж, одоо иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган иргэний хэрэг үүсгүүлж одоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэлийг миний эхнэр Д.Н гаргаж, хариуцагчаар иргэн Ч.Б, Д.*******, Д.Х*******, Ч.Э нар татагдсан байдалтай байна. Миний бие өөрийн эхнэр Д.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохын тулд дээр дурьдсан газрын /одоо болтол эхнэрийн хамт эзэмшиж байгаагаа нотлохын улд/ бичиг баримтыг шүүхэд гаргаж өгөх зорилгоор Нийслэлийн газрын албанд газрын гэрчилгээ, гэрээний хуулбараа авахаар нэг цэгийн үйлчилгээний газрын албаны ажилтантай уулзахад миний газар 2022 оны 12 дугаар сарын 21-нд миний эхнэрийн үл хөдлөх хөрөнгө болон Ү ХХК-г хуурч мэхлэж авсан Ч.Б нарын мэдэлд буюу Ү ХХК-нд эзэмших эрх нь шилжсэн байгааг олж мэдлээ. Хэрхэн яаж шилжсэн талаар мэдээлэл цахим санд харагдахгүй байгаа тул та газрын албанд гомдлоо гаргаж хандана уу гэсэн.

Миний бие өөрийн газрыг бусдад шилжүүлэх талаар хэнд ч хандаж байгаагүйгээс гадна Нийслэлийн газрын албанаас таны газрыг бусдад шилжүүллээ гэж хэн ч хандаж мэдэгдэж байгаагүй. Гэтэл иргэн Б.Э надаас өөр этгээдэд буюу бусдад шилжсэн байсан. Нийслэлийн газрын албаны зохих албан тушаалтан нар иргэн Ч.Б, Ү ХХК-ны удирдлагуудтай бүлэглэн зохион байгуулж хийсэн, ингэхдээ газрын албаны эрх бүхий албан тушаалтан нарт хахууль өгсөн, хахууль авсан, бичиг баримт, гарын үсэг хуурамчаар үйлдсэн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа тул Нийслэлийн удирдлагад хянуулахаар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гомдлоо цахимаар гаргахад 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 01-08/823 дугаартай хариу гарсныг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гардан авсан. Тус албан бичгээр миний гарсан гомдлыг хүлээн аваагүй байх бөгөөд миний эзэмшиж байсан газрыг Нийслэлийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/1590 тоот захирамжаар Ү ХХК-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн гэжээ. Мөн миний бие 2023 оны 03 дугаар сарын 29-нд Нийслэлийн засаг даргад гомдол гаргахад мөн хүлээн авахаас татгалзаж, шүүхэд хандана уу гэсэн 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 01-08/1498 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Иймд энэхүү шийдвэрийг хууль бусд тооцож, хүчингүй болгож өгнө үү

Өмнө миний бие 2 удаа нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар нэхэмжлэлийг буцааж байсан бөгөөд өөрт байгаа баримтуудыг бүгдийг хавсаргаж шүүхэд өгсөн байдаг. Хамгийн сүүлд 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 182/Ш32023/4674 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Би нэхэмжлэл буцаасан захирамжийн дагуу хариуцагч болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2022 он хүртэл газар эзэмшиж байсныг нотлох баримтуудыг гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан /монгол шуудангаар хүргүүлсэн/ боловч одоог болтол хариу ирүүлэхгүй, миний нэхэмжлэл гаргах хугацааг санаатайгаар дуусгах гэсэн санаа зорилго агуулаад байна. Миний бие 2011 оноос 2022 он хүртэл тасралтгүй тус газрыг эзэмшиж байсан болох нь хариуцагч талаас надад өгсөн албан ёсны хариу бичгүүдээр нотлогдох бөгөөд тус газрын хувийн хэргээс баримтуудыг гаргуулахад энэ бүхэн бас тодорхой болох юм аа.

Жишээлбэл урьд шүүхэд гаргаж өгсөн 2023.03.09-ны өдрийн 01-08/823 дугаартай иргэн Б.Э надад өгсөн албан бичигт иргэн намайг 170 мкв газрыг 2011.06.21-ний өдрийн 494 дугаартай захирамжаар эзэмшиж байсан, тус газрыг 2022.12.21-ны өдрийн а/1590 дугаартай захирамжаар Ү ХХК луу шилжүүлсэн гэдгийг нотолсон албан хариу өгсөн байдаг. Энэ бичиг бусад баримтуудын хамт шүүхэд байгаа. Газрын албанаас миний эзэмшиж байсан газрыг хүчингүй болгосон, дуусгасан шийдвэр огтоос гарч байгаагүй бөгөөд энэ нь мөн тус газрын хувийн хэргийг үзэхэд нотлогдох болно. Сүүлд миний гаргасан хүсэлтийг санаатайгаар шийдэхгүй байгаа тул энэхүү хариуг авч чадалгүй дахин нэхэмжлэлээ гаргахаас өөр аргагүйд хүрч байна. Иргэн надад 2022 оны газрын тооцоо нийлж байсан баримт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт /бар код бүхий олдсон бөгөөд энэхүү баримтуудаар газраа эзэмшиж байсан болох нь давхар нотлогдоно. гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Ү ХХК-д иргэн Б.Эийн эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд орших үйлчилгээний зориулалттай 170 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Тус газрыг эзэмшүүлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 /Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана/ дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 /нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана/ дахь хэсэг, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 /Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана /, 38.4 /Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно/ дэх хэсгийг тус тус үндэслэн шийдвэрлэсэн байна.Иймд маргаан бүхий захирамж нь хуульд нийцэн гарсан үндэслэл бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдүүдийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Гуравдагч этгээд Ү ХХК-ийн захирал Д.Х*******аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ү******* ХХК-ыг миний бие 2021 оны 04 сарын 02 өдөр хувьцаа худалдах худалдан гэрээгээр худалдаж авсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдаад байгаа шиг үйл явц огт болоогүй бөгөөд Б.Э нь тухайн газраа барьцаанд тавьж орхисон, газрын төлбөрөө төлөхгүй эрхээ цуцлуулах, газрын гэрээний хугацааг дуусгасан, хүүхдийн тэтгэлэгээ төлөхгүй захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан асуудал байсан болно.

Үүнд болсон үйл явдлыг дурьдвал-

1. Тус компаны газар болон үл хөдлөхийг 2017 оны 01 сарын 17-нд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн барьцаанд тавьж орхисон бөгөөд энэхүү зээлийг төлөөгүй байсан болно. Улмаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хандсан байхад нь манай компанийн зүгээс тус зээлийг 2021 оны 03 сарын 21-ны өдөр төлж барагдуулж Жижиг дунд үйлдвэрийн газрын даргын №1-197 тоот шийдвэрээр барьцаанаас чөлөөлөгдсөн болно.

2. Иргэн н.У*******гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг дарга болон гуравдагч этгээд болох Ү******* ХХК-д холбогдох захиргааны хэрэгт Б.Эийн зүгээс тухайн газар болон компанид ямар ч хамааралгүй энэхүү компани болон газар нь Ү******* ХХК-х гэж шүүх хуралдаан болон шүүхийн хуралдааны тэмдэглэл дээр байр сууриа маш тодорхой илэрхийлсэн байдаг.

3.Б.Эийн өмнөх эхнэр Н.У******* нь шүүхэд хандан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гарган улмаар шүүх энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд хүүхдийн тэтгэлэгээ төлөөгүйн улмаас тухайн үед өөрийн нэр дээр байсан газар дээр хориг тавьсан байсан. Улмаар миний өмнө энэхүү компаныг эзэмшиж байсан захирал Ч.Б нь энэ бүх асуудлыг нь шийдвэрлэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас авсан зээлийг нь төлж барагдуулах, Н.У*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох, Б.Эийн нэрийн өмнөөс хүүхдийн тэтгэлэгийг өр төлбөрийг барагдуулж компаны газар эзэмших эрхийг газрын албанаас цуцлах хэмжээнд хүрсэн байхад нь холбогдох баримт бичиг, эрх бүхий байгууллагын шийдвэр, зэргийг хавсарган энэхүү асуудлуудыг шийдвэрлэн газрын эрхээ компани сэргээж авсан болно. Эдгээр бүхий л үйл явдлыг Б.Э маш сайн мэдэж байсан бөгөөд гэрээний хугацаа дууссан, зээл авч барьцаанд тавигдаж хураагдах шахсан, хүүхдийн тэтгэлэгээ төлөөгүй, газрын төлбөрөө төлөөгүй, газрын гэрээгээ огт сунгаагүй зэрэг асуудлууд маш тодорхой байдаг. Манай компаны зүгээс хуульд заасны дагуу холбогдох санал, хүсэлт гомдлоо нотлох баримтын хамтаар газрын албанд гаргаж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4.2. Гуравдагч этгээд Ч.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан харий тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн 4 хороонд орших нэгж талбарын 3/0015 дугаартай 170 м.кв газар Б.Эээс Ү******* ХХК-д шилжсэн тухайд Гуравдагч этгээд Ч.Э нь Д.Н, Б.Э гэсэн хүмүүсийг огт танихгүй бөгөөд, энэхүү хүмүүс Ү******* ХХК болон тэдний яриад байгаа иргэн Ч.Б нарын хооронд урьд нь ямар харилцаа байсныг тэрээр мэдэхгүй. Энэ хэдэн хүмүүсээс гуравдагч этгээд Ч.Э нь Ч.Быг л таних бөгөөд, Ч.Б нь гуравдагч этгээд Ч.Эн банк бусаас зээл авсан түүний зээлдэгч л байсан юм. Гуравдагч этгээд Ч.Эн мэдэж байгаа зүйл юу вэ гэвэл энэхүү газар нь аль хэзээний Ү******* ХХК-ийн нэр шилжих байтал тухайн газрыг Б.Э нь ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих барьцаанд тавигдсан, түүнээс болж газар шилжилгүйгээр ганцхан дээр нь баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг л Ч.Э нь шилжүүлэн авсан юм. Одоо хүртэл Ч.Э нь энэхүү гарыг өөртөө авч чадаагүй байгаа бөгөөд тухайн газар нь одоо Ү******* ХХК-ийн нэр дээр байдаг, тухайн Ү******* ХХК нь аль хэзээний иргэн Ч.Баас шилжиж, түүнээс хойш бусдад хэд хэдэн удаа шилжсэн байдаг юм билээ. Тиймээс дээрх газар Б.Эээс Ү ХХК-д шилжсэн асуудал нь гуравдагч этгээд Ч.Эд хамааралгүй бөгөөд, тухайн захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Эээс Ү******* ХХК-д тухайн газар нь шилжихэд аливаа нэг хууль зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

Ч.Б нь Ү******* ХХК-г хуурч мэхэлж авсан гэх тухайд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа үнэн бодит зүйлийг шүүхэд мэдүүлэх үүрэгтэй бөгөөд, нотлогдоогүй асуудлаар өөрийн таамаглаж байгаа зүйлээ үнэн бодит мэтээр шүүхэд хандаж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Учир нь анх гуравдагч этгээд Ч.Э нь Ч.Бт зээл олгосон байдаг бөгөөд тэр зээлийн төлбөрт тооцож тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөртөө шилжүүлж авсан бөгөөд, харин тухайн газар нь өнөөдрийг хүртэл Ү******* ХХК-ийн эзэмшилд байгааг тус захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудаас тодорхой харж болохоор байна. Товчхондоо Б.Э нь Ч.Быг Ү******* ХХК-ийг хуурч мэхэлж авсан гэж байгаа боловч тэрээр энэ талаар нотолсон нотлох баримтуудыг шүүхэд гаргаагүй, энэ талаар аливаа нэг шүүхийн шийдвэр, хүчин төгөлдөр нотлох баримт байхгүй байна. Иймд дээрх татгалзлын үндэслэлүүдийг харгалзан үзэж ЗХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дахь зүйлийг үндэслэн тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

2. Нэхэмжлэгчээс өөрийн газрыг бусдад шилжүүлэх талаар хэнд ч хандаж байгаагүй, Нийслэлийн газрын албанаас таны газрыг бусдад шилжүүллээ гэж мэдэгдээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлбөр болон Жижиг дунд үйлдвэрийн газраас авсан зээлийг Ү ХХК-иас төлөөд өгөөч гэж гуйгаагүй, барьцаалбартай байсан бол одоог хүртэл шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй байх байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Жижиг дунд үйлдвэрийн газрын барьцаалбартай байсан тул үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болгоогүй, хүчин төгөлдөр гэж үзээд шилжүүлсэн, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт болон үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх мэдүүлгийг Ч.Б яагаад бөглөснийг мэдэхгүй байна, гуравдагч этгээдээс Ү ХХК-иас ...маргааны бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгийг 2016 оноос хойш шилжүүлэн авсан, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2016 онд дуусгавар болсон, үл хөдлөх хөрөнгийн доорх газрынхаа эрхийг баталгаажуулж авах гэхээр Б.Эийн хүүхдийн тэтгэмжтэй холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эрхийг нь түдгэлзүүлсэн байсан, Б.Э Жижиг дунд үйлдвэрийн газраас 800 сая төгрөгийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө болон газраа тавиад орхисон тэр зээлээ төлөөгүй, шүүхийн журмаар газар болон үл хөдлөх хөрөнгийг хураахаар болсон байсныг чөлөөлсөн, газрын төлбөрөө 2011 оноос хойш төлөөгүй байсныг 2021 онд алдангийн хамт төлж газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулж авсан гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх учиртай.

4. Өөрөөр хэлбэл, хэргийн энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч газар эзэмших эрхтэй эсэх, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа буюу Нийслэлийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 тоот захирамж хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай юм.

5. Үйл баримтын хувьд, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 170 м.кв газрыг Б.Эт 5 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж, 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр З/0015 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, гэрчилгээг олгосноор газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн.

6. Гэвч маргаан бүхий газрыг Б.Эт эзэмшүүлсэн захирамжийн үйлчлэл 2016 онд дуусгавар болсон байх бөгөөд Б.Э нь эрх бүхий байгууллагад газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг 2016 оноос хойш гаргаж байгаагүй нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 13-ны 01-05/5049 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

7. В******* ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн газраас зээл авч, зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 1035,32 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байрлах 170 м.кв газрыг барьцаалж, барьцаалбараар бүртгэгдсэн болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хавсралтаар тогтоогдож байна.

8. Гуравдагч этгээд Ү ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг газарт ...Ү ХХК-ийн барьцааны үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж, Жижиг дунд үйлдвэрийг газраас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/127 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...өнөөдрийн байдлаар В******* ХХК нь зээлийн графикт хугацаандаа төлөөгүй зөрчилтэй байна. Ү ХХК, В******* ХХК нь харилцан тохиролцож, Ү ХХК-ийн зүгээс 190 сая төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үүссэн хүүгийн төлбөрийн хамт барагдуулан, ... зээлийн ямар нэгэн зөрчилгүй болсон нөхцөлд танай өмчлөлийн барьцаанд байршуулсан хөрөнгийг сольж, чөлөөлөх боломжтой гэх хариуг хүргүүлсэн.

9. В******* ХХК-иас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд ... Ү ХХК-ийн захирал Ч.Б нь барьцаа хөрөнгөө суллуулж авах хүсэлттэй байгаа бөгөөд Ү болон холбоотой этгээдүүдээс 2018.05.08-нд 15.000.000, 2018.06.25-ны өдөр 86,084,000 төгрөг, 2018.09.24-ний өдөр 5,841,000 төгрөг, 2018.10.08-ны өдөр 127,205,000 төгрөг нийт 234,130,000 төгрөгийг төлсөн ба Ү ХХК-ийн төлөх ёстой нийт 420,000,000 төгрөгийн зээлээс дээрх төлөгдсөн төлбөрүүдийг хасаж тооцоолон хүү, алданги болон үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр зэргийг албан бичгээр гаргаж өгнө үү гэх албан бичгийг хүргүүлсэн байна.

10. Жижиг, дунд үйлдвэрийг газраас 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр SME-20-00491 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж, Жижиг дунд үйлдвэрийн газраас 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/197 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ...В******* ХХК нь зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаа ба барьцаа хөрөнгө өөрчлөх хүсэлт ирүүлж, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2017/Б-154 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулж харилцан тохиролцсон тул үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгнө үү. Үүнд: Б.Эийн өмчлөлийн 03 тоот гэрчилгээний дугаартай, 3/0015 тоот нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 170 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө гэх хүсэлтийг гаргаснаар маргаан бүхий газар барьцаа хөрөнгөнөөс чөлөөлөгдсөн байна.

11. Маргаан бүхий газрын захиран зарцуулах эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас түдгэлзүүлсэн байсныг Ү ХХК-ийн захирал Ч.Б төлсөн болох нь Төрийн банкны 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн орлогын мэдүүлгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын MN5400******* дугаар дансанд 14,817,830 төгрөгийг Б.Эийн төлбөр гэх утгатайгаар Ч.Б шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.

12. Газрын төлбөрийн тухайд 2021 онд Ч.Б төлсөн болох нь Хаан банкны 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн банк хоорондын шилжүүлгээр газрын төлбөр 561.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шилжүүлгээр газрын төлбөр 986,000 төгрөгийг шилжүүлгийн утганд Б.Эийн төлбөр шилжүүлэгч нь Ч.Б гээд гарын үсэг зурсан баримтуудаар тогтоогдож байна.

13. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Э нь газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаас хойш газрын төлбөрөө төлж байгаагүй болох нь дээрх газрын төлбөр төлсөн банкны баримтууд болон 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн 0202******* дугаар актаар 2012-2019 он хүртэл газрын төлбөрийг алдангийн хамт, 2020, 2021 онуудад нөхөн төлбөр шинэчилсэн үнэлгээгээр тооцож, 1,547,000 төгрөгийг төлж тооцоо нийлсэн зэрэг үйл баримтуудаар тогтоогдож байна.

14. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т ... газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т ... хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т ... гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, 35.1.5-т ... газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад ... хугацааг сунгуулах эрхтэй, 35.3.1-т ... гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх, 35.3.3-т ... газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр З/0015 дугаар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-ний 2.2-т ... Газрын төлбөрийн хэмжээ Нэгжийн үнэ 440 төгрөг, Бүгд үнэ 74800 төгрөгийг 4 улиралд хувааж төлөхөөр, 4.4-т ... Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацааг сунгуулах, 4.5-т ... Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүрэгтэй байхаар зохицуулж, хууль болон гэрээгээр газар эзэмшигчид үүрэг хүлээлгэсэн байхад нэхэмжлэгч Б.Эийн зүгээс хууль болон гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй болох нь дээрх үйл баримтаар нотлогдож байна.

15. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1-т ...газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 41 дүгээр зүйлийн 41.1-т ...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2016 онд дуусгавар болж, нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах хүсэлтийг гаргаж байгаагүйн дээрх баримтаар тогтоогдож байна.

16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрын эзэмших эрх дуусгавар болсноор тухайн газартай холбоотой нэхэмжлэгчийн шаардах эрх дуусгавар болсон бөгөөд маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй байна.

17. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 дугаар захирамжаар Б.Эийн эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500 дугаар бүхий 170 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг Ү ХХК-д 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

18. Гуравдагч этгээд Ү ХХК-иас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу 6/5 тоот, 1035.32 м.кв газрыг Ч.Эд 100 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээ байгуулж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0008, өмчлөх эрхийн Ү-2202 дугаар бүртгэгдэж, Ч.Эд маргаан бүхий газрын дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн.

19. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрын эзэмших эрхийг Ү ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 дугаар захирамжаар шилжүүлэн бүртгэхэд газар дээрх үл хөдлөх хөрөнгө иргэн Ч.Эд шилжсэн байсан.

20. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана, 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана, 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3-т ...албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4-т татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт, 38.3-т Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна, 38.3.1-д энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, 38.3.3-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх, 38.4-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэж тус тус заажээ.

21. Энэхүү хуулийн зохицуулалтаас дүгнэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ газар эзэмших эрхийг шилжүүлэн өгч байгаа этгээд болон газар эзэмших эрхийг шилжүүлэн авч байгаа этгээдүүд хүсэлтээ гаргах, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулах, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, албан татвар, хураамж төлсөн баримт зэргийг хавсарган аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын албанд гаргаж, төрийн захиргааны байгууллагаас шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх нягтлан шалгасны үндсэн дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээр хуульчилсан байна.

22. Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийг Ү ХХК-д шилжүүлэх талаар хүсэлт болон маргаан бүхий газарт Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтүүдийг гаргаж байгаагүй болох нь гуравдагч этгээдийн тайлбар, газрын албанд гаргасан үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх мэдүүлэгт зурсан Ч.Б гэх гарын үсэг, хэрэгт авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01-05/1399 дүгээр албан бичиг, гэрч Б.Цэвээндарийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлтэй.

21. Хэрэгт цугларсан маргаан бүхий газрын хувийн хэрэгт гуравдагч этгээд Ү ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №03 дугаартай гэрчилгээ бүхий 170 м.кв талбайтай Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлалтай үйлчилгээний зориулалттай газар дээр "Ү*******" ХХК-ийн эзэмшлийн 1035,32 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 5 давхар үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөг хүртэл байгаа эзэмшиж байгаа тул тус газрын эзэмших эрхийг манай компани дээр баталгаажуулж өгнө үү гэх хүсэлтийг, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000 дугаар гэрчилгээ, Ү ХХК-ийн дүрэм, гэрчилгээ, газар эзэмших эрхийн 03 дугаар гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, Байгаль орчны ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудас зэргийг хавсарган, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх маягтыг Ү ХХК-ийн тухайн үеийн захирал Д.Х******* бөглөж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг-ийг Д.Х*******, Ч.Б нар тус тус бөглөж хүсэлтийн хамт Нийслэлийн Газрын албанд гаргаж өгснөөр маргаан бүхий акт гарч газар эзэмших эрхийг шилжүүлсэн байна.

22. Гэвч гуравдагч этгээд Ү ХХК нь маргаан бүхий газар дээрх 1035.32 м.кв газрыг 2016 оноос хойш өнөөг хүртэл эзэмшиж байгаа гэх хүсэлтийг Нийслэлийн Газрын албанд гаргасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар Ү ХХК-иас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу 6/5 тоот, 1035.32 м.кв газрыг Ч.Эд худалдаж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0008, өмчлөх эрхийн Ү-2202 дугаарт бүртгэгдэж, Ч.Эд шилжсэн байсныг хариуцагчаас судалж тогтоогоогүй.

23. Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Б.Эээс Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 170 м.кв газрыг шилжүүлэн Ү ХХК-нд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг нягтлаагүй, Ү ХХК нь тухайн газрыг эзэмших эрхтэй эсэх шалгаж тогтоогоогүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг талууд байгуулаагүй байхад шилжүүлсэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг нэхэмжлэгч Б.Э биш Ч.Б гэх хүн гаргасан байгааг анхаарч үзэлгүй газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг зөрчиж, баримт бичгийн бүрдэл хангагдаагүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэж үзэхээр байна.

24. Түүнчлэн нэхэмжлэгчээс ...барьцаалбартай байсан бол одоог хүртэл шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болгоогүй, хүчин төгөлдөр гэж үзээд шилжүүлсэн гэж тус тус тайлбарлан маргасан.

25. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т ...Газар эзэмшигч дараахь эрхтэй, 35.1.7-т ...газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах, 34.6.8-т ...газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцох, 3.1.5-т газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг 39 дүгээр зүйлийн 39.1.1-т ...газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол дуусгавар болно, 41 дүгээр зүйлийн 41.1-т ...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

26. Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын эзэмших эрх хүчин төгөлдөр байх хугацаанд газраа барьцаалах эрхтэй байх бөгөөд газрыг барьцаалж барьцаалбарт бүртгэгдсэнээр Газрын тухай хууль болон Иргэн, аж, ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрх, үүрэг нь түдгэлзэхгүй бөгөөд захиргааны байгууллага барьцаалбарын үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүднээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг дуусгавар болгохгүй хадгалж байх үүрэггүй байна.

27. Хэдийгээр хариуцагч Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийг зөрчиж, баримт бичгийн бүрдэл дутуу, шалгаж тогтоох ажиллагааг хийлгүйгээр шилжүүлсэн байх боловч дээр дурдсанаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмшиж байх үедээ газрын төлбөрөө төлж байгаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй, Газрын тухай хууль болон Иргэн, аж, ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй учир газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсноор маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй, нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй байна.

28. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.5, 35.3.1, 35.3.3, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Эээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Б.Эийн эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1500 дугаар бүхий 170 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/1590 тоот захирамжаар Ү ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлснийг хууль бусад тооцож, тус захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АЗБАЯР