Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2021/00053

 

Ч.Цэрэнхүү, Х.Дагвадорж нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00021/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 355 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ч.Цэрэнхүү,

Х.Дагвадорж нарын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч Б.Оюунцэцэгт холбогдох

Ач охин Б.Урангоо, Р.Мөнхсарнай, ач хүү Р.Чингүүн нартай хоногт 1 удаа тогтмол уулзуулж байх, аавынх нь бурхан болсон өдөр, шинэ жил, цагаан сар, наадам зэрэг баяр ёслолын өдрүүд, сурагчдын улирлын амралт, зуны амралтын үед агаар салхинд авч явах, хүүхдийн зусланд амруулах, Б.Урангоог эмчилгээнд явуулах зэргээр өвөө, эмээтэй нь 1-14 хоногоор хамт байлгах, Б.Оюунцэцэгийг ажилтай, зав чөлөөгүй үед ач нараа сургууль, давтлаганд нь хүргэж өгөх, авах эрхээр хангахыг хариуцагчид даалгах, хариуцагчийг эх хүний үүргээ хэрэгжүүлэх журам тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Х.Дагвадорж, Ч.Цэрэнхүү, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Одончимэг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Цэрэнхүү, Х.Дагвадорж нар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Одончимэг, хариуцагч Б.Оюунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Цэрэнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Ч.Цэрэнхүү, Х.Дагвадорж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

...бэр Б.Оюунцэцэгт холбогдуулан эх байх эрхийг нь хасуулах нэхэмжлэл гаргасан ба сүүлд нь эх байх эрхийг нь хязгаарлуулах болгон өөрчилсөн. Харин одоо ач охин Б.Урангоо, Р.Мөнхсарнай, ач хүү Р.Чингүүн нартай уулзуулж байхыг хариуцагчид даалгаж, хариуцагчийг эх хүний үүргээ хэрэгжүүлэх журам тогтоолгох болгон өөрчилж байна. Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуульд эцэг, эхийн үүргийг тодорхой заасан бөгөөд Б.Оюунцэцэг нь эх хүнийхээ хувьд хүүхдүүддээ зөв хүмүүжил олгох, тэднийг эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй болохоос хүүхдийнхээ аливаа эрхийг хязгаарлах эрхгүй байна. Бурхан болсон хүүгийнхээ төрсөн үр хүүхдүүдтэй уулзаж, тусалж дэмжиж, харж хандах эрхтэй, мөн үүрэгтэй гэж бодож байна.

Иймд Б.Оюунцэцэгт Б.Урангоо, Р.Мөнхсарнай, Р.Чингүүн нарыг хоногт 1 удаа тогтмол, мөн аавынх нь бурхан болсон өдөр, шинэ жил, цагаан сар, наадам зэрэг баяр ёслолын өдрүүд, сурагчдын улирлын амралт, зуны амралтын үед агаар салхинд авч явах, хүүхдийн зусланд амруулах, Б.Урангоог эмчилгээнд явуулах зэргээр өвөө, эмээтэй нь 1-14 хоногоор хамт байлгах, Б.Оюунцэцэгийг ажилтай, зав чөлөөгүй үед ач нараа сургууль, давтлагад нь хүргэж өгөх, авах эрхээр хангахыг хариуцагчид даалгаж, эх хүний үүргээ хэрэгжүүлэх журам тогтоож өгнө үү. Миний зүгээс хүүхдүүдийн эрхийг хамгаалахын тулд хэд хэдэн байгууллагад хандаж байсан. Тус байгууллагууд шүүхэд ханд гэсэн. Бидний зүгээс Б.Оюунцэцэгийн хувийн амьдралд оролцохгүй, харин ач нартайгаа хүссэн үедээ уулзмаар байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... манай талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэхэмжлэгч нарыг ач нартайгаа хүссэн үедээ уулзуулж байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэв хариуцагч тал хүүхдүүдийг уулзуулахгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандах үе ирвэл шүүхийн шийдвэр гарсан байх шаардлагатай тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэгч нар нь ач нартайгаа уулзаж байх, тусламж дэмжлэг үзүүлэх эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн зорилго нь хагас өнчин ач нараа эрүүл, аюулгүй өсөж бойжих, аливаа хүчирхийллээс ангид байх, чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сэтгэл санааны дарамтаас хамгаалахад дэмжлэг үзүүлэх гэж тодорхойлсон. Иргэний эрх зүйн ерөнхий зарчим нь хориглосноос бусдыг зөвшөөрнө гэсэн байдаг. Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулиудад, эцэг эх нь ямар нэг байдлаар хүүхдүүдээ өвөө, эмээ, өвөг эцэг, эмэг эхтэй нь уулзуулахгүй, харилцуулахгүй байх эрхийг олгоогүй байдаг.

Харин Гэр бүлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд төрөл садангийн хүний тэжээн тэтгэх үүргийг зааж өгсөн байдаг. Тиймээс нэхэмжлэгч нар тус нэхэмжлэлийг шүүхэд гаргах бүрэн эрхтэй. Хариуцагч Б.Оюунцэцэг нь хариу тайлбартаа би охиноо дахин эмээ, өвөө рүү нь явуулаагүй гэж хэлсэн нь хүүхдүүдийг хорьж байгаа гэдгээ зөвшөөрсөн гэж үзэж байна. Б.Оюунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн нь хүүхдүүдийн эмээ, өвөөтэйгөө уулзах жам ёсны эрхийг зөрчиж байна. Хариуцагч Б.Оюунцэцэгийн хүүхдүүдийн эрхийг эдлүүлэхгүй байгаа үйлдэл нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасан үүргээ зөрчиж байна гэж үзэж байна. Хүүхдүүдийн өгсөн мэдүүлгээс харахад хүүхдүүд том байшинд амьдарч байгаад одоо амьдрахгүй байгаа гэдэг зүйлийг хэлсэн байдаг. Хүүхэд юм чинь цаад үйл явдлуудыг мэдэхгүй шүү дээ, хариуцагч Б.Оюунцэцэг хүүхдүүдийг багаас нь хүнийг үзэн ядах хандлагаар хүмүүжүүлж байна.

Б.Оюунцэцэг нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хүүхдийн эрхийг зөрчиж байна. Хүүхдийг хэн нэгэнтэй уулзахыг хязгаарлаж байгаа нь хүчирхийллийн нэг хэлбэр юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан сэтгэл санааны хохирлыг Б.Оюунцэцэг хүүхдүүдийнхээ фэйсбүүк чатыг устгасан, хүүхдийг амиа хорлох оролдлого хийхэд хүргэсэн зэрэг үйлдлүүдээр үзүүлсэн байна. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дүгнэлтээр Б.Оюунцэцэг нь сэтгэл зүйн хувьд цочромтгой, зан төлвийн хурцдал илэрсэн, түгшүүрийн түвшин өндөр гэж гарсан байдаг. Анагаах ухааны зүгээс түгшүүрийн түвшин өндөр гэдгийг зайлшгүй сэтгэл засалч эмч дээр очиж оношилгоо хийлгэх шаардлагатай гэж тайлбарласан байдаг.

Хариуцагч тал эцэг нь нас барсан болохоор нэхэмжлэгч нарыг хамааралгүй гэж үзэж байгаа байдал нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж байна. Манай талаас хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, зөвхөн уулзаж байхаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэдгийг хариуцагч тал ойлгохгүй байна. Иргэний эрх зүйд хориглосноос бусдыг зөвшөөрөх зарчим үйлчилдэг бөгөөд бусдын зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалдаг. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2, 7.1-д заасан эрхүүд зөрчигдөөд байна. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бусадтай харилцах эрхийг нь хязгаарлаад байгаа энэ үйлдэл нь хүчирхийлэл юм гэжээ.

Хариуцагч Б.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2007 оноос эхлэн нөхөртэйгөө ханилж, хадмын хашаанд 1 жилийн хугацаанд хүүхдүүдийн хамт амьдарч байгаад хөөгдөж, айлын хашаанд байж байгаад тусдаа хашаа байшин авч амьдарч байсан. Энэ өнгөрсөн хугацаанд хадам аав, ээж болох Цэрэнхүү, Дагвадорж нар нь хүүгээ өмөөрч намайг хүн биш мэт үздэг байсан. Ингээд нөхөр бид хоёр өөрсдийн хашаа байшинг зараад хадмынхаа хашаанд байшин барьсан, байшингийн найраа хийснээс 9 хоногийн дараа нөхөр нас барсан, үүнээс болж хадмууд намайг алуурчнаар дуудаж, сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Би хүүхдүүдээ өвөө, эмээтэйгээ уулзахыг хорьдоггүй боловч хүүхдүүд маань эмээ, өвөөдөө дургүй байдаг. Яагаад гэвэл эмээ, өвөө таныг дандаа алуурчнаар дууддаг гэж хэлдэг юм гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Б.Оюунцэцэгийн зүгээс хүүхдүүд нь өөрсдөө хүсвэл эмээ, өвөө төрлийн хүмүүстэй уулзах эрх нээлттэй гэдгийг хэлж байгаа. Хүүхдүүд өөрсдөө хүсэхгүй байгаа нөхцөл байдалтай байгаа гэдгийг тайлбарлаж хэлдэг. Тиймээс хүүхдүүдийг 7 хоногт нэг удаа тогтмол уулзуулах болон бусад тэмдэглэлт өдрүүдээр уулзуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуульд нийцээгүй нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байна.

Талийгаач Рэнчинмядаг, Б.Оюунцэцэг нар нь гэрлэгчид байж байгаад Рэнчинмядаг нас барснаас Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар гэрлэлт дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл гэрлэлт дуусгавар болсон гэрлэгчдийн хамаарал бүхий төрөл садангийн хүмүүс нь ач нартайгаа уулзахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлд Гэр бүлийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг дурдаж байна. Тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д насан хүрээгүй бүтэн өнчин гэсэн байдаг, гэтэл энэ хүүхдүүд бүтэн өнчин биш, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй гэсэн байдаг, гэтэл эх Б.Оюунцэцэг нь Дархан нэхий хувьцаат компанид олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа, сарын цалин 1,0-2,0 сая төгрөгийн цалинтай. Хүүхдүүд ээждээ эерэг хандлагатай, ээждээ хайртай талаар санал өгсөн байдаг. Энэ нь хүүхдүүдийн сэтгэл санааны, бие махбодын, тэжээн тэтгүүлэх эрхүүд зөрчигдөөгүй гэдэг нь харагдаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д хүүхдийн эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол шүүх тогтооно гэж заасан байдаг. Тэгэхээр төрөл садангийн хүмүүсийн хоорондох тохиролцоог шүүх тогтоохгүй. Шүүх тогтоох ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. Мөн Урангоо нь талийгаач болон Б.Оюунцэцэг нарын дундаас төрсөн хүүхэд биш гэдэг нь тогтоогддог. Урангоогийн амиа хорлох гэсэн үйлдэл энэ хэрэгт хамааралгүй, Б.Оюунцэцэг буруутай гэж тогтоогдоогүй. Хүүхдүүд болох Мөнхсарнай, Чингүүн нар ээжийнхээ хайр, асрамжид байхдаа эрх нь зөрчигдсөн гэдэг асуудал тогтоогдоогүй. Эх хүнийхээ үүргийг зөрчөөд байгаа зүйлүүд хэрэгт авагдаагүй. Хүүхдүүдийг заавал эмээ, өвөөтэй нь уулзуулах үүрэгтэй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хүүхдүүд өөрсдөө эмээ, өвөөтэйгөө уулзахгүй гэсэн санал гаргасан байхад хүүхдүүдийг хүчээр эмээ, өвөөтэй нь уулзуулахыг даалгах нь хүүхдүүдийн эрхийг зөрчсөн асуудал үүсэх юм. Жам ёсны эрх байх нь зүйтэй. Б.Оюунцэцэг нь хууль журам болон хүүхдүүдийнхээ эрхийг зөрчсөн гэх үйл баримт хэрэгт авагдаагүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 355 дугаар шийдвэрээр:

Нэхэмжлэгч Ч.Цэрэнхүү, Х.Дагвадорж нарын хариуцагч Б.Оюунцэцэгт холбогдуулан гаргасан Ач охин Б.Урангоо, Р.Мөнхсарнай, ач хүү Р.Чингүүн нартай хоногт 1 удаа тогтмол уулзуулж байх, аавынх нь бурхан болсон өдөр, шинэ жил, цагаан сар, наадам зэрэг баяр ёслолын өдрүүд, сурагчдын улирлын амралт, зуны амралтын үед агаар салхинд авч явах, хүүхдийн зусланд амруулах, Б.Урангоог эмчилгээнд явуулах зэргээр өвөө, эмээтэй нь 1-14 хоногоор хамт байлгах, Б.Оюунцэцэгийг ажилтай, зав чөлөөгүй үед ач нараа сургууль, давтлаганд нь хүргэж өгөх, авах эрхээр хангахыг хариуцагчид даалгах, хариуцагчийг эх хүний үүргээ хэрэгжүүлэх журам тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Х.Дагвадорж, Ч.Цэрэнхүү, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Одончимэг нарын давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 355 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох хуульд заасан зохицуулалтад хамаарахгүй байна.

Хоёрдугаарт Б.Оюунцэцэг эх хүнийхээ хувьд хүүхдүүдийнхээ эрхийг хязгаарласан үйлдэл эс үйлдэхүй гаргасан. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Бийлүүлэхээс зайлсхийсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй, тогтоогдохгүй байна.

Өөрөө хэлбэл хариуцагч Б.Оюунцэцэг нь хүүхдүүдээ орон байр хоол ундаар гачигдуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан, түүнчлэн догшин ширүүн хандсан, хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, өвөө эмээтэйгээ уулзахыг нь хориглосон, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно гэж үзсэн.

Үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр бүрэн эрхээ сэргээн тогтоолгох эрх нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тусгагдсан. Мөн Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй байна гэж заасан байна.

Нэхэмжлэгч нараас Ач нартайгаа уулзуулж байхыг Б.Оюунцэцэгт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ээжид нь хориглох эрх байхгүй, хориглоод байгаа учраас ийм шаардлага гаргасан юм.

Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийг бүхий л талаар хөгжүүлэх үүрэгтэй. Аав нь нас барсан учраас аавынх нь үүргийг эмээ, өвөө нь хүлээж байгаа юм. Аав нь энэ үүргээ биелүүлэх боломжгүй болсон учраас. Хэрвээ аавынх нь ах дүү төрөл садан нь татгалзаж байгаа бол ээж бол биелүүлэхээс өөр аргагүй болно гэтэл энэ хүмүүс үүргээ биелүүлье хүлээе гэж байхад ийнхүү татгалзах, хориглох эрхгүй юм.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар "Хүүхдийг хүмүүжүүлэх нь хүүхдэд бие хүний сайн сайхан шинж байдал зөв үйл, ёс суртахууны үнэт чанарыг төлөвшүүлэх тасралтгүй үйл ажиллагаа..." байх бөгөөд Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт ... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх... иргэн бүрийн журамт үүрэг мөн. юм. Эмээ өвөө нь үр, ачаа хүмүүжүүлэх журамт үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлд хуулийн төсөөтэй хэрэглэх талаар дараах байдлаар заасан байдаг, 4.1 дэх хэсэгт Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ, 4.2 дахь хэсэгт Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна." гэж заасан нь дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хамааралтай байна.

Хавтаст хэрэгт хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа, наад захын хэрэгцээ нь хангагдахгүй байгаа талаар нотлох баримт материал хангалттай авагдсан байдаг. Гэтэл тэдгээр баримтуудыг хэрхэн үнэлсэн, талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэсэн шаардлагыг хангаагүй буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Хүүхдийн эрхийг гэр бүлийн болон бусад орчинд хангаж хамгаалах нь төрийн чухал үүргүүдийн нэг бөгөөд шүүхээс хүүхдүүдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзан үзэх ёстой байсан. Гэтэл Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг адил тэгш харгалзан үзээгүй, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж дүгнээгүй, хэргийн бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ч.Цэрэнхүү хариуцагч Б.Оюунцэцэгт холбогдуулан эх байх эрхийг хасуулах нэхэмжлэл шүүхэд гаргаснаа хожим өөрчилж эх байх эрхийг хязгаарлуулах, ач охин Б.Урангоо, Р.Мөнхсарнай, ач хүү Р.Чингүүн нартай хоногт нэг удаа тогтмол уулзуулж байх, аавынх нь бурхан болсон өдөр, шинэ жил, цагаан сар, наадам зэрэг баяр ёслолын өдрүүд, сурагчдын зуны амралтын үед агаар салхинд авч явах, хүүхдийн зусланд амруулах, Б.Урангоог эмчилгээнд явуулах зэргээр, өвөө эмээтэй нь 1-14 хоногоор хамт байлгах, хүүхдүүдийг сургууль давтлаганд нь хүргэж өгөх авах эрхээр хангахыг хариуцагчид даалгах, хариуцагчийг эх хүний үүргээ хэрэгжүүлэх журам гаргаж мөрдүүлэх шаардлага гаргажээ.

Хариуцагч Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүүхдийн эрхтэй холбоотой заалтуудыг зөрчиж байгаагүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагууд нь хүүхдүүдийг хүсээгүй байхад эрх ашгийг нь хөндөх асуудлууд байна, хуулиар төрөл садан хүмүүсийн харилцааг зохицуулаагүй учир шүүх тогтоох боломжгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч талын гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ч.Цэрэнхүү, Х.Дагвадорж нар нь Б.Урангоо, Р.Мөнхсарнай болон Р.Чингүүн нарын төрсөн болон хойт өвөө эмээ нар буюу Гэр бүлийн тухай хуульд зааснаар төрлийн хүмүүс байна.

Иймд дээрх хүмүүс нь нэг овгийн, удмын, цусан төрлийн хүмүүсийн хувьд гэр бүлийн, халуун дулаан эерэг зөв харилцаатай байх ба насанд хүрээгүй хүүхдүүдийг харах асрамжлах, материаллаг болон бусад байдлаар туслалцаа үзүүлэх, зайлшгүй тохиолдолд, хуульд заасан үндэслэлээр асран хамгаалах, харгалзан дэмжих эрхтэй хүмүүс юм.

Иймд энэ эрхээ хэрэгжүүлэх үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарлах боломжгүй.

Ийм боловч дээрх хүмүүсийн шүүхэд гаргасан тодорхой шаардлагуудыг хариуцагч талд үүрэг болгон шийдвэрлэх хууль эрх зүйн боломж байхгүй бөгөөд энэ талаар хариуцагчийн болон түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргаж мэтгэлцсэн үндэслэлүүд хуульд нийцэж байна.

Хүүхдүүд хувь хүнийхээ хувьд эдлэх нийгмийн харилцаа руу чиглэсэн эрхүүдийг тэдгээрийг насанд хүрээгүй үед хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх нь хэрэгжүүлдэг.

Харин хүүхдүүдийн жам ёсны эрх болох төрөл садан хүмүүстэй харилцах харилцааны асуудлыг хуулиар зохицуулаагүй.

Энэ нь зан заншил, уламжлал, ахуйгаар дамжих харилцаа бөгөөд хуульчлагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан шаардлагуудыг албадан биелүүлэх шүүхийн шийдвэр гарах буюу төрийн албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй.

Харин хүүхдүүдийн эмээ өвөөтэйгөө чөлөөтэй харилцах тэдний тус дэмжлэгийг авах, эмээ өвөөдөө тус нэмэр болох зэрэг тэдний хүсэл зоригийг хязгаарлах, харилцаа холбоонд нь саад хийх гэж хүч хэрэглэж болон хэрэглэхгүйгээр оролдох, хясах боогдуулах, зэрэг зүй бус үйлдлийг хариуцагчийн зүгээс гаргах нь хүүхдийн дээд язгуур эрх, эмээ өвөөтэй байх тэдэнтэй харилцах хүн ёсны, жам ёсны эрхийн зөрчил болох юм.

Хэрэгт ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хүүхдийн эмээ өвөөтэйгөө уулзах тэдэнтэй чөлөөтэй харилцах эрхийг нээлттэй, саадгүй хэрэгжүүлэх үүрэгтэй болох талаар магадлалд дурдах нь хууль зөрчихгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 355 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-д зааснаар Б.Оюунцэцэг нь хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх үүргийн хүрээнд төрлийн хүн болох эмэг эх, өвөг эцэгтэйгээ уламжлалт зан заншил, садан төрлийн хувьд чөлөөтэй харилцах тэдний эрхийг хангах үүрэгтэйг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                                                          ШҮҮГЧИД                                   М.МӨНХДАВАА

                                                                                                                                              О.НАРАНГЭРЭЛ