Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/329

 

     

 

 

 

  2024             3              14                                        2024/ДШМ/329         

                       

Б.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганбагана,

хохирогч Ч.Чийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Г.Алтангэрэл,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Чийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох эрүүгийн 2307001720390 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б,

Шүүгдэгч Б.Быг “М Э” ХХК-ийн захирлаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000 стандартын холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажиллалгүй, сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа өгөлгүй ажилтан Ч.Чоор 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Э” ХХК-ийн элсний карьерт ажил үүрэг гүйцэтгүүлэх явцад тэрээр шигшүүрийн төхөөрөмжид хөлөө хавчуулж, эрүүл мэндэд нь баруун хөлийн дотор хавчаар ясны ил хугарал, зүүн тавхайд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 1.500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 1.500 (нэг мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 1.517.294 (нэг сая таван зуун арван долоон мянга хоёр зуун ерэн дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Чт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж шинжээч Я.Дамдинрагчаад тус тус олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Ж.Гын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 130.000 (нэг зуун гучин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Баас 2.343.995 (хоёр сая гурван зуун дөчин гурван мянга есөн зуун ерэн тав) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Ч нь өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны цалин, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Ч.Ч давж заалдах гомдолдоо: “Миний бие 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үйлдвэрийн осолд орж, улмаар хүндэвтэр гэмтэл авсан. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаг тухай бүрт өөрөөс шалтгаалах баримтуудаа гаргаж өгч байсан боловч “Мон Элс” ХХК-ийн захирлын зүгээс ямар ч дэмжлэг туслалцаа үзүүлж байгаагүй. Бүр шүүх хуралдаан дээр намайг ямар нөхцөл байдалтай байгааг мэдсээр байж огтоос дэмжлэг үзүүлээгүйд гомдолтой байна.

Осолд орсон даруйдаа цагдаагийн байгууллагад хандсан байдаг бөгөөд тус гомдлыг минь шалгах ажиллагаа хийж дуусгавар болж шүүх рүү хэргийг шилжүүлсэн байдаг. Чухамдаа шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/21 дугаар бүхий тогтоолтой танилцаад зарим зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэгдүгээрт, надад хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрвээ тус гэмтэл учраагүй байсан бол би хөдөлмөр эрхлээд олох ёстой байсан орлогоо олоод зардал гаргахгүй тайван амьдарчихаар байсан. Тус осолд орсны улмаас миний хувьд ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болж, орлогогүй бараг 6 сарын хугацааг өнгөрөөгөөд байна. Учир нь, хүнд юм өргөөд ажил хийх гэхээр ямар ч тэнхэл байхгүй, тулгуур эрхтэн гэмтчихсэн зайлшгүй гам барих ёстой байгаа зэргээс шалтгаалж байгаа атал шүүх уг асуудлыг үнэлэлгүйгээр намайг ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож тогтоогоогүйд гомдолтой байна. Үүнтэй холбоотойгоор миний зүгээс хөдөлмөрийн гэрээ болон шинэчилж хийсэн гэрээнүүдээс, тухайн үед ажилд орохдоо хийж байсан бүхий л гэрээнүүдээ өгсөн байдаг бөгөөд тус гэрээнүүдэд хөлс, өдөрт олох нийт орлогыг тооцоолох бүрэн боломжтой байсаар атал шүүх дүгнээгүй нь үндэслэлгүй байна. Өдрийн 150000 төгрөг, сард гарах гараа болон ажилгүй байсан хугацааны гараад ажиллах ёстой байсан хугацааны хөлсийг тооцоолоод үзэхэд 10.200.000 төгрөг гараад байгаа нь илэрхий байгаа атал баримтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байгаа, нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Хоёрдугаарт, 108 хоногийн хугацаанд өвчтэй байсан гэх эмнэлгийн магадлагааны хуулбарыг нотлох баримтыг шаардлага хангахгүй байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, эх хувь нь эмнэлэгтээ хадгалагддаг бөгөөд эх хувиас албан ёсоор хуулбарлаж авч хавтаст хэрэгт хавсаргуулсан төдийгүй, нийтэд илэрхий тэмдэглэгээгээр буюу албан байгууллагын нэрийг товчлол байдлаар тэмдэглэсэн байх боловч шүүх аль байгууллага гэдэг нь тодорхой бус гэж тайлбарласан нь огтоос бодит үнэнтэй нийцсэн тайлбар бус байх тул тус баримтыг заавал үнэлэх ёстой гэж үзэж байна. Миний хувьд 108 хоног байтугай хугацаанд хэвтэн эмчлүүлж, гэрээр эмчилгээгээ хийлгэж, гам барьж, эрүүл болохын төлөө хичээсэн. Энэ бүх хугацаанд ямар ч ажил хийх боломжгүй байсан.

Гуравдугаарт, шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Быг 1.500.000 төгрөгөөр торгож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдсэн нь хариуцлагыг хэт хөнгөн өгсөн гэж үзэхээр байна. Цаашдаа иймэрхүү байдлаар олон залуучуудыг, ажилчдыг хохироогоод байхад шүүх хөнгөн шийтгэл оногдуулаад байх нь шударга бус гэж үзэж байна.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны буюу нөхөн олгогдох байсан  цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдээгүй. Хохирогч Ч.Ч нь “М Э” ХХК-д өдөрт 150.000 төгрөгийн цалин хөлс авахаар тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээ байгуулсан тухайн компаниас цалин хөлсөө баталгаатай авах нөхцөлөөр хангагдах ёстой. Гэтэл анхан шатны шүүх дээрх цалин хөлсийг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн харагдаж байна. Учир нь, хэрэгт хоёр удаа хөдөлмөрийн гэрээг хавсаргаж өгсөн. Сүүлд хэрэгт хавсаргуулахаар өгсөн хөдөлмөрийн гэрээнд 1 сарын цалин нь 3.000.000 төгрөг буюу өдрийн 150.000 төгрөг байхаар тусгасан байдаг. Уг гэрээнд “М Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурсан байдаг. Уг баримтуудаас үзэхэд шүүгдэгчээс 10.200.000 төгрөгийн нөхөн олговор буюу цалин хөлстэй холбоотой төлбөрийг гаргуулах бүрэн боломжтой байсан. Мөн хохирогч Ч.Чийн 108 хоног листтэй /эмнэлгийн хуудас/ буюу эмнэлгийн магадлагаатай байсан талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Энэ баримтыг анхан шатны шүүхээс дүгнэхдээ “бичиг үсэг нь уншиж тайлагдахгүй байна” гэж тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, нийтэд илэрхий зарим дүүрэг, төрийн байгууллагуудын нэрийг товчилж бичдэг асуудал байдаг. Энэ товчилж бичсэн нийтэд илэрхий бичиглэлийг анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь өөр ямар баримтыг нотлох баримт гэж үзэх эсэхэд эргэлзээ үүсгэж байна. Дээр дурдсан 10.200.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй. Харин шүүгдэгчийн ял шийтгэлийг хүндрүүлэхтэй холбоотой асуудалд өмгөөлөгчийн зүгээс хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилдэг. Хохирогч Ч.Ч нь ковшийн операторчноор ажилд орсон гэдэг боловч түүнд мэргэжлийн үнэмлэх байхгүй. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Хохирогчийн зүгээс “би тухайн мэргэжлээр сурч төгссөн” гэж тайлбарладаг. Улирлын чанартай ажил эхлэхээс 4-5 хоногийн өмнө ажиллаж байгаад хөлөө гэмтээсэн асуудал юм. Компанийн зүгээс эхний 1 сарын листийн мөнгийг хохирогч Ч.Чт олгосон. Үүнээс хойш хугацаанд хохирогчийн бие эдгэрсэн эсэх нь тодорхойгүй, тэрээр ямар ч сураггүй алга болсон. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч Ч.Ч нь компани дээр ирж “30.000.000 төгрөг авсныхаа дараа гомдол саналгүй гэж хэлнэ. Өгөхгүй бол би гомдолтой гэж хэлнэ” гэж хэрүүл маргаан үүсгэсэн. Үүний үр дүрд талууд тохиролцоонд хүрсэн боловч хохирогч Ч.Ч хохирлын мөнгийг авдаггүй. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ч.Ч “би 3 сар листтэй байсан” гэж хуулбар баримт авчирсан. Уг баримтыг анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж, үнэлээгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 2.343.000 төгрөгийг, шинжээч Я.Дамдинрагчаад 550.000 төгрөгийг тус тус төлж, хохирогчоос нэхэмжилж байгаа үнийн дүнг шүүхийн тогтоосон хэмжээнд төлөхөө илэрхийлсэн. Тэрээр урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй. Хохирогч Ч.Чийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цалин хөлстэй холбоотой асуудлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Быг “М Э” ХХК-ийн захирлаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000 стандартын холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажиллалгүй, сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа өгөлгүй ажилтан Ч.Чоор 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М Э” ХХК-ийн элсний карьерт ажил үүрэг гүйцэтгүүлэх явцад тэрээр шигшүүрийн төхөөрөмж дотор байхдаа хөлөө хавчуулж, эрүүл мэндэд нь баруун хөлийн дотор хавчаар ясны ил хугарал, зүүн тавхайд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Ч.Чийн “...өдөр 12 цагийн үед элс шигших төхөөрөмж цэвэрлэж байтал гэнэт ажиллаж эргэлдээд миний баруун хөл хугарч, зүүн хөлийн шагай, тавхай, ул гэмтсэн. элс шигших төхөөрөмж асаад унтарсан, ... намайг ажилласан хэд хоногт бол ямар нэгэн аюулгүй ажиллагааны болон бусад зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж байгаагүй. ...” /1хх 31-34/,

иргэний нэхэмжлэгч Ж.Гын “...Ч.Ч нь 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс хойш эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.473.995 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг тухайн гэмт хэргийн буруутай этгээд буюу яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /1хх 39/,

гэрч У.Нгийн “...пускателийг нь дөнгөж асаахад шигшүүрийн төхөөрөмжний элсийг наашаа хусаж гаргадаг элс шигших төхөөрөмж нь ажиллаад, элс шигших төхөөрөмж дотор ороод цэвэрлэгээ хийж байсан Ч.Чийн хөлийг гэмтээчихсэн. ...” /1хх 49/,

гэрч Д.Бгийн “...гэнэт л элс шигших төхөөрөмж 1 секунд орчим ажиллаад больсон. Тэгсэн элс шигших төхөөрөмж дотроос Ч.Ч “ёо ёо, хөл хөл” гээд орилсон. Наад дотроосоо гараачээ гэсэн чинь Ч.Ч хөл гацчихсан, гарч чадахгүй байна гэсэн. ...” /1хх 55/,

гэрч Д.Эийн “...элс шигших төхөөрөмж гэнэт ажиллаад доороос нэг хүн зогсоогоорой гэж орилоод элс шигших төхөөрөмж зогссон. ...би доошоо бууж очиход Ч.Ч элс шигших төхөөрөмж дотор 2 хөл нь хавчуулагдчихсан зогсож байсан. ...” /1хх 58/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7365 дугаартай “Ч.Чийн биед баруун хөлийн дотор хавчаар ясны ил хугарал, зүүн тавхайд шарх, цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” /1хх 75-76/,

Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/03 дугаартай “...“М Э” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан стандартын зарим заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх” гэснийг, 9.1.3-т “машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын ашиглалтад оруулахдаа улсын байцаагчаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх” гэснийг хэрэгжүүлээгүй байна. Хэрэв шаардлага хангаагүй тохиолдолд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно” гэж заасан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6-т “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, журам баталж, мөрдүүлэх” өөрөөр хэлбэл, засвар үйлчилгээ хийх үеийн аюулгүй ажиллагааны заавар, дүрэм журам баталж мөрдөөгүй байна. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-т “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэснийг тус тус хэрэгжүүлээгүй байна. Энэ талаар ажил олгогчоос нотлох баримтаар гаргасан бичиг баримт байхгүй байна. Ч.Чийг тус компанийн захирал Б.Бын гарын үсэг бүхий 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай тушаалаар ковшийн оператораар ажиллуулсан байна. Ч.Чийн ажлын байрны тодорхойлолт байхгүй тул ямар ажил үүрэг гүйцэтгэх эрх бүхий үүрэгтэй болохыг тогтоох боломжгүй. Монгол Улсын стандарт болох Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000 стандартын 4.16-д заасныг баримтлан хохирогч Ч.Ч болон бусад ажилчдад өдөр тутмын зааварчилгаа өгсөн тухай тэмдэглэл байхгүй байна. “М Э” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж шууд заасан байна” /1хх 84-85/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 11-14/, хохирлын баримтууд /1хх 17-27, 228-232/, яаралтай тусламжийн хуудас /1хх 77-78/, “М Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /1хх 101/, хөдөлмөрийн гэрээ /1хх 102-107, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1хх 110-111/, “М Э” ХХК-ийн хүний нөөц Д.Цэрэндэжидийн Ч.Чоос ослын талаар авсан тайлбар /1хх 112-115/, ослын судалгааны тайлан /1хх 117-120/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Быг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Бын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6-т “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, журам баталж, мөрдүүлэх” гэж тус тус заасан хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлэлгүй хохирогч Ч.Чийг элсний шигшүүрийн машин дээр ажлуулсны улмаас осол гарч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогч Ч.Ч давж заалдах гомдолдоо “...хөдөлмөрийн гэрээ болон шинэчилж хийсэн гэрээнүүдээс, тухайн үед ажилд орохдоо хийж байсан бүхий л гэрээнүүдээ өгсөн байдаг бөгөөд тус гэрээнүүдэд хөлс, өдөрт олох нийт орлогыг тооцоолох бүрэн боломжтой байсаар атал шүүх дүгнээгүй нь үндэслэлгүй, …ажиллах ёстой байсан хугацааны хөлсийг тооцоолоод үзэхэд 10.200.000 төгрөг гараад байгаа нь илэрхий байгаа атал баримтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нэг талыг барьж шийдвэрлэсэн, ...шүүгдэгч Б.Быг 1.500.000 төгрөгөөр торгож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдсэн нь ... хөнгөн шийтгэл оногдуулсан, шударга бус гэж үзэж байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэм хорын хохирол хүлээсэн, эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн өгөх үүрэгтэй.

Эрх бүхий этгээдээс ийнхүү гаргаж өгсөн нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамааралтай, уг хохирлын хэмжээг тогтооход хангалттай бол шүүх иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэдэг болно.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх хохирол хүлээсэн гэж үзэн иргэний нэхэмжлэл гаргасан этгээдээс баримт сэлт нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, түүний гомдлын шаардлага нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянан үзсэнээр түүнийг бүрэн эсхүл хэсэгчлэн хангах, эсвэл хэрэгсэхгүй болгодог.

Хохирогч Ч.Чийн гаргаж өгсөн нотлох баримт шаардлага хангаагүй, олох байсан орлоготой холбоотой нотлох баримтанд үндэслэн нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байх бөгөөд хохирогчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид хийгдэх эмчилгээний төлбөртэй холбоотой асуудлыг иргэний журмаар жич шийдвэрлүүлэхээр заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж заасан хуулийн зохицуулалтад нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан торгох ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хохирогч Ч.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ч.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР