| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 138/2025/00018/И |
| Дугаар | 309/ШШ2025/00649 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 309/ШШ2025/00649
| 2025 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 309/ШШ2025/00649 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын *******д холбогдох,
“Сэтгэцэд учирсан хор уршиг 17,160,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.*******
Хариуцагч Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.******* миний бие 1 ой хүрээгүй охин Ундрамын хамт 2024.05.12-нд автын осолд орж охин Ундрам, би өөрөө тус тус хүндэвтэр гэмтэл авсан. Миний сууж явсан машиныг мөргөсөн жолооч Т.******* 2024.11.22-нд тус шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр буруутай нь тогтоогдож ял шийтгэгдсэн. Бидэнд учирсан хор уршгийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжилж байна. Эрүүгийн хэргийн шүүхээс шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагатай учир хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн болно. Одоо хүүхэд маань юм атгахдаа сул гэмтсэн гараараа юм барих, тулах, өргөх чадвар муутай, юм л бол хөндөгдөж уйлах зэрэг хүндрэлтэй байна. Миний хувьд өөрөө төдийгүй хүүхдийнхээ төлөө хямарч тайван ч амарч чадахгүй олон сар боллоо. Иймд хоёр хүний сэтгэцэд учирсан хор уршгийг 1 хүний 8,580,000 төгрөгөөр тооцож 17,160,000 төгрөгөөр тодорхойлон нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Т.******* нарын шүүх хуралдааны шатанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ж.******* миний бие хариуцагч Т.*******аас 17,160,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 11,160,000 төгрөгийг нэхэмжлэхээсээ татгалзаж, үлдэх 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар эвлэрэн хэлэлцлээ гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь тус шүүхэд хариуцагч Т.*******д холбогдуулан “Сэтгэцэд учирсан хор уршигт 17,160,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,160,000 төгрөгөөс 11,160,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 6,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Т.******* нь хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Т.******* нарын байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ж.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д зохигчид эвлэрсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулахаар заасан тул хариуцагч Т.*******аас 6,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийн тавин хувь болох 55,475 төгрөгийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь сэтгэцэд учирсан хор уршигт 17,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 11,160,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ж.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 55,475 төгрөгийг гаргуулан Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
Х.ОТГОНЖАРГАЛ