Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2021/00054

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/01372/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 477 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч *******ид холбогдох

Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Сэргэлэн 1-р гудамж, 7 тоотод байршилтай хүн амьдрах зориулалттай 7*7 хэмжээтэй, 2 давхар 60 сая төгрөгийн үнэ бүхий өвлийн сууц байшин, гараашийн өмчлөгчөөр тогтоолгох,

Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Сэргэлэн 1-р гудамж, 7 тоот, 171.0 м.кв талбайтай, гэрчилгээний 000808103 дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэг хүний өмчлөлд бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах,

Эд зүйлсийн үнэ 2 245 000 төгрөг болон гэрийн зуух, тоононы уяа, чагтан уяаг биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Одончимэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нөхөр *******тай 2006 онд танилцаж 2007 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин *******, 2012 оны 07 дугаар сарын 24-ны өдөр хүү ******* нар төрсөн. Нөхөр ******* бид хоёр хамтын амьдралын хугацаанд өөрийн гэсэн байшинтай болохыг үргэлж төлөвлөж, мөрөөддөг байсан. Ингээд 2018 онд байшингаа барихаар болж хаана барих талаар ярилцаад нөхрийн аав ээжийн хашааны илүү талбай дээр барихаар болсон. Тэрхүү хашааны газар нь Дархан-Уул аймаг, Дархан сум, Сэргэлэнгийн 1-р гудамж, 7 тоот хаягт байршилтай манай хадам аав *******, ээж нарын хууль ёсны өмчлөлийн газар юм.

Ингээд нөхөр бид хоёр эхний ээлжид байшин барих санхүүгийн эх үүсвэрээ бий болгохын тулд Дархан-Уул аймаг, Дархан сум, 017-р анги 3-3 тоот хаяг байршилтай өөрсдийн өмчлөлийн 0,7 га газартай байсныг нөхрийн дүү т 6.000.000 төгрөгт тооцож худалдсан. Түүнээс 4.000.000 төгрөг аваад 2.000.000 төгрөгийг түүний нөхрийг байшин барихад туслуулах хөлсөнд тооцуулсан. Мөн гэр бүлийн дундын өмч болох нөхөр *******ийн нэр дээр бүртгэлтэй байсан 57 39 ДАР улсын дугаартай TOYOTA IST маркийн мөнгөлөг өнгөтэй суудлын автомашиныг 2018 оны 01 дүгээр сарын 12-нд худалдах худалдан авах гэрээгээр гэж хүнд 4.500.000 төгрөгөөр худалдсан.

Мөн Хаан банкнаас 2018 оны 05 дугаар сарын 30-нд 5.000.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 20-нд 16.800.000 төгрөгийг тус тус хамтран зээлсэн, би өөрөө дангаараа 2018 оны 07 сарын 25-нд Голомт банкнаас 6.000.000 төгрөгийг зээлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 01-нд Хаан банкнаас мөн би 8.000.000 төгрөгийн тэтгэврийн зээл авсан хажуугаар нь энд тэнд барилгын ажил халтуур хийж нэмэрлэн 100% өөрсдийн хүч бололцоогоор хүсэж байсан байшингаа босгож байсан. Бид хоёрын барьсан байшин хоёр давхар 7х7 харьцаатай, өвлийн, нам даралтын зуухаар халдаг, байшингийн залгаа гарааштай үнэхээр сайхан барьж чадсан юм. Байшингаа 2018 оноос 2020 он хүртэл бариад дотор заслаа хийж дуусангуут 2020 оны 08 дугаар сарын 13-нд нүүж ороод шинэ байшингийн найр хийн ойр дотны ахан дүүс, хоёр талын ажлын газрын хамт олон, найз нөхдөө урьж дайлан шинэ байшингийн баяраа хуваалцаж тэмдэглэж байлаа.

Харин уг өдрөөс 9-н хоногийн дараа 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нөхөр минь ажлаа хийж яваад Дархан-Сэлэнгийн цахилгаан сүлжээ ХК-ний гэрэл борлуулахын хашаан дотор нас барсан байсан харамсалтай үйл явдал болсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр зүрхний өвчний улмаас зүрхний хурц дутагдлаар нас барсан нь тогтоогдсон. Ингээд ханиа алдчихаад удаагүй байж байтал хадам ээж бидний байшинд нүүж орж хамт амдарья гэсэн санал тавьсан, саналыг би хүлээж аваагүй юм. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл би хадам ээжийнхээ хамгийн муу хүн болж хувирсан.

Би барьсан байшингийнхаа гэрчилгээг гаргуулж авъя гэхээр газрын гэрчилгээгээ надад өгөхгүй хохь чинь үхсэнээ хийж манай газар дээр байшин барьсан гэж хэлсэн учраас гэрчилгээгээ авч чадахгүй өдий хүрсэн. Одоо би өөрийн гэсэн орох оронгүй айлын хашаанд гэр барин хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа. Бидний сайхан амьдрал өөрчлөгдөж хүүхдүүд минь аавгүй, би ханьгүй болж, хадам намайг үзэхгүй, энэ тэнд гэр түрээсэлж явж зутруу амьдарч байгаа зэрэг нь том охины сэтгэл санаа хямарч 5 давхраас амиа хорлохоор үсрээд одоо биеийн байдал хүнд хэвтэрт миний асаргаанд, байнгын эмчилгээ хийлгэж охиноо бас харж байна.

Иймд нөхрийнхөө амьд ахуйд нь хамтдаа барьж бий болгосон, 60.000.000 төгрөгөөр үнэлэгдэх, Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэргэлэнгийн 1-р гудамж, 7 тоотод баригдсан, хүн амьдрах зориулалттай, 7х7 хэмжээтэй, өвлийн, сууц гарааш үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Нүүхдээ цонхны хөшигнүүд, шалан дээр дрож, хананд өлгөөтэй 6 хивс, жааз гэрийн зарим тавилгууд, Монгол гэрийн зуух, гэрийн голын чагт уяа, Монгол гэрийн хоёр багана, тонны уяа зэргийг үлдээж нам даралтын усаа шавхаад, тогоо салгаад, гэрээ цоожлоод гарсан. Бид нарыг нүүсний дараа манай хадмууд надад хэлэлгүйгээр манай гэрт нүүгээд орчихсон байсан. Намайг өвлөх эрхээсээ татгалзаж явсан гэж тайлбар өгсөн байсан. Энэ байшин хадам аав ээжийн өмч хөрөнгө биш. Манай нөхөр бид хоёрын байшинтай болох хүсэл зорилго, хөлс хүч хөдөлмөрийн үр шимээр бий болсон. Манай гэр бүлийн дундын өмч юм. Намайг байшингийнхаа өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 12 сард гаргасны дараа хадам аав ******* нь 2021 оны 1 сард өөрийн өмчлөлөөр бүртгүүлж гэрчилгээ авсан байна. Хадам ээж миний эх байх эрхийг хасуулж, өөрийн асрамждаа охин *******, хүү ******* нарыг авна гэж нэхэмжлэл гаргасан ба надтай холбоотой бүх зүйлийг маань надаас булааж авах үйлдлүүд хийгээд байгааг буруу гэж үзэж байна. Талийгаач хүүгийнхээ ноогдох хэсгийг өвлөх эрх нь тэдэнд нээлттэй. Иймд нэхэмжлэгч *******, нөхөр ******* бид хоёрын 2017-2018 оны хооронд өөрсдийн хүч хөрөнгө хөдөлмөрөөр барьж буй болгосон гэр бүлийн дундын өмч болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р баг, Сэргэлэнгийн 1-р гудамжны 7тоот , улсын бүртгэлийн ү-2003023090, гэрчилгээний 000808103 дугаартай *******ийн өмчлөлд 2021оны 01дүгээр сарын 11-ны улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Одоо би хувийн сууцандаа үлдээсэн байгаа зарим эд зүйлийнхээ үнийг *******оос гаргуулан авч, зарим эд зүйлсийг биет байдлаар нь гаргуулан авмаар байна. Үүнд:

Гэрт үлдсэн байсан Баатарын зураглалтай 5-н ширхэг цуврал хивс нэг ширхэг нь 96.000 төгрөг х 5= 480 000 төгрөг, Байшингийн найранд манай гэр бүлд хадмуудаас бэлэглэж өгч байсан Таван хошуу төлийн зураглалтай ханын Эрдэнэт хивс 1 ширхэг 570.000 төгрөгөөр худалдан авч байсан гэдэг энэ хивсний үнэ 570.000 төгрөгийг, Барьсан байшиндаа гэрэл цахилгаан тавихад авсан шонгийн модноос байшин луу оруулсан 25 метрийн урттай цахилгааны утас нэг метр нь 5.000 төгрөг буюу 125.000 төгрөгийг, Байшингийн нам даралтын зуухнаас байшинг халаах зориулалтаар тавьсан 4х 2,5-ын голчтой 10 метр зэс 1 метр нь 50.000 төгрөг буюу 500.000 төгрөгийг, Мөн Соронзон дулааны эрлийз гэж нэрлэдэг паар цахилгаанаар халаадаг төхөөрөмжийг миний төрсөн ах Б.Батмөнх надаа цоо шинээр нь хайрцаг савтай нь авчирч өгөөд өөрөө суурилуулж өгч байсан уг төхөөрөмжийн үнэ 250.000 төгрөгийг, Цонхны хөшгөө аваагүй 8 цонхонд 4 хөшиг татсан байсан. 4 хөшигний 1 бүрийн үнэ 80.000 төгрөг нийт 320.000 төгрөг зэргийн үнийг буюу нийт 2.245.000 төгрөгийг гаргуулан авч эд зүйлсийг нь *******ид үлдээнэ.

Байшин хувийн сууцанд үлдээсэн манай гэр бүлийн Монгол гэрийн зуух, Монгол гэрийн голын чагт уяа, Монгол гэрт хэрэглэдэг тооны ноосон томсон уяа 4 ширхэг байх ёстой эдгээрийг биет байдлаар нь гаргуулан авна. Биет байдлаар гаргуулан авах эд зүйлс нь манай нөхрийн эд зүйлс бөгөөд гал голомтыг нь үргэлжлүүлэн авч явах хүү ******* аавынхаа эд зүйлсийг авч үлдэх ёстой гэж би үзэж байгаа юм эдгээрийг мөнгөөр үнэлбэл 500.000 төгрөгт багтана. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Э.Одончимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

миний бие нэхэмжлэгч *******ийн гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Сэргэлэнгийн 1-7тоотод байх 2 давхар байшин, гараашийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь миний хүүг 2020 онд нас барсан, байшинг 2018-2020 онд барьсан мэтээр нэхэмжлэлдээ бичсэн байна. Миний хүү нь 2018 оны 08 сарын 22-ны өдөр буюу одоогоос 2 жил гаруй хугацааны өмнө нас барсан. Хүүг минь өнгөрснөөс хойш бэр ******* 3 хүүхдүүдтэйгээ хамт 6 сар манай хашаанд бидэнтэй нэг дороо амьдарч байгаад 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3 хүүхдүүдтэйгээ гэр бүлийн дундын өмчлөлийн монгол гэр болон өөрсдийн худалдаж авсан бусад эд хөрөнгө болох тавилга эд хөрөнгө, байшин барихад зориулан авсан мужааны багаж хэрэгсэл гээд хоосон хөндий байшингаас бусад бүх эд зүйлсийг аваад нүүгээд явсан. Одоо Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Зурагт 3-35 тоотод амьдарч байгаа.

Миний хүү 2016 оноос эхлэн гэртээ ирж аав ээжтэйгээ хамт амьдарна гээд байдаг болсон байна. Тэгэхээр нь нөхөр бид 2 ярилцаж байгаад хажуудаа байшин барьж өгөхөөр болсон. Тэгээд эгч, дүү нартай нь ярилцаж байгаад энэ байшинг барьсан. Байшингийн талаар миний хүү Аав, ээжийгээ байхад би та хоёрын юмыг нэр дээрээ шилжүүлж авахгүй гэж хэлж байсан. Нөхөр бид 2 гэсэн ирээдүйд талийгаач хүүдээ гал голомтоо үлдээнэ гэж бодож тэр байшинг барьсан болохоос миний талийгаач хүү Ренчинмядаг, бэр ******* нарын бий болгосон хөрөнгө биш юм. ******* ч энэ талаар мэдэж байгаа.

Байшин барьсан үндсэн материалын зардал нь 30 орчим сая төгрөг болсон. Харин ажлын хөлс гэж мөнгөөр үнэлэгдэх юу ч гараагүй. Миний нөхөр, манай том бага 2 охин, том бага 2 хүргэн, талийгаач хүүгийн хамт барьсан. Би хоолыг нь хийж өгөөд байж байсан. 2017 оны 7,8 сард 20 гаруй хоног, 2018 оны 7 сард 20 гаруй хоног нийтдээ 2 зуны дотор нийт 50 орчим хоногт л барьсан байшин юм. Эхний жил байшингийн өрлөг, дээвэртэй нь хамт барьж дуусгахад 7 сая төгрөг л багтсан байсан. Үндсэндээ байшин 2018 оны 8 сарын 7-нд бүрэн ашиглалтад орж талийгаач хүүгийнх орж амьдарч эхэлсэн.

Байшин барих материал авсан мөнгөний тухайд талийгаач хүүгийн нэр дээр 2017 онд, нэмээд 2018 онд цалингийн зээл авхуулж, 2018 оны 6 сард би тэтгэврийн зээл авч, байшин барих бүх материалыг авч байсан. Хүүгийн авсан зээлд ******* хамтран зээлдэгчээр орсон юм. Цэрэнхүү миний бие хүүгийн авсан зээлийн эргэн төлөлтөд нийт 18.440.000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлсөн байна.

Мөн хүүгийн өмчлөлийн хашааг 4 сая төгрөгөөр дүүдээ зарж байсан. Гэтэл 6 сая төгрөгөөр зараад үлдсэнийг нь ажлын хөлсөнд тооцуулсан гэж худлаа бичсэн байна. Байшин барихад цалин мөнгөний талаар ямар ч яриа болоогүй байдаг. Мөн хүүгийн нэр дээр байж байгаад зарсан хашаа бол улсаас иргэн бүрд үнэгүй олгох замаар олж авсан газар. Тэр газар дээр нь би 2009 онд тэтгэврийн зээлээ 6 сараар авч хашааг нь барьж өгч байсан миний хүүгийн хуваарьт хөрөнгө юм. Хашаа зарсан мөнгөө бол хүү минь байшинд оруулсан. Гэтэл ******* нь дундын өмчлөлийн газар гэж худлаа бичсэн байна.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хаан банкнаас 8.000.000 төгрөгийн тэтгэврийн зээл, 2018 оны 11 сарын 20-ний өдөр 16.800.000 төгрөгийн цалингийн зээл авч байшин барьсан. Өөрсдөө 100 хувь барьсан гэсэн нь огт үндэслэлгүй худлаа юм. Учир нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байшингийн найраа хийсэн, бүрэн ашиглалтад орсон байсан байшинг түүнээс хойш буюу 2018 оны 10,11 сард авсан зээлээр барих ямар ч боломжгүй юм.

Хүүг өнгөрснөөс хойш бид орон гэрээсээ бэрийгээ болон ач нараа хөөж туусан зүйл байхгүй. Харин ******* нь өөрөө нүүнэ гэж зүтгэсээр байгаад хүүг өнгөрснөөс хойш 6 сарын дараа нүүгээд явсан. Нүүнэ гээд тас зүтгээд байхад нь ядаж хүүхдүүдээ үлдээгээд яваач гэж их гуйсан. Гэтэл Нөхрийнхөө толгойг залгисан эм шээснүүдээ аваад хашаанаас зайл гэж хэлсэн гэж намайг ор үндэслэлгүй гүтгэсэн байна. Миний хүү ******* хоёрын дундаас төрсөн ******* бол миний хамгийн анхны ач охин, ******* бол миний хамгийн анхны ач хүү нар юм. Үрэгдсэнээс үлдсэн хоёр ачийгаа яаж шуухан байгаа бол гэж өнөөдрийг хүртэл араас нь санаа зовж, тарчилж сууснаас биш зүхэж үзээгүй юм шүү.

Харин ******* миний хүүг өнгөрсөнөөс хойш намайг байнга дарамталдаг. Манайхаас явснаасаа хойш мессеж бичээд дарамтлаад байхаар нь мессежнүүдийг нь үзүүлээд цагдаад өгсөн Зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан байх. Энэ байшинг барьж байгуулахад миний хүүгийн нөр их сэтгэл шингэсэн. Бас миний хүүгийн хөдөлмөр шингэсэн. Мөн хашаагаа зарсан 4 сая төгрөг орсон. Харин *******ийн хөдөлмөр, хөрөнгө мөнгө юу ч ороогүй. Хүүгийн оролцсон хэсгээс бэр ******* нь хүртэх эрхтэй байсан. Гэвч миний хүүг өнгөрснөөс хойш 6 сарын дараа та нарын байшинд амьдрахгүй гээд хаяад явснаараа хүүд оногдох хэсгээс өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай талаас 1.370.000 төгрөг болон эд зүйлүүдийг нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрч байна. Байшингийн өмчлөлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Миний бие ******* нь бэр *******ийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Миний бэр ******* болон бид хүүг минь амьд сэрүүн байхад сайхан харилцаатай байсан. Эхнэр бид 2 хүүхдүүдийг ажилтай үед ач нараа харж, хооллож ундлаад заримдаа цэцэрлэг,сургуульд нь хүргэж өгдөг байсан. Хүүгээ нас барснаас хойш бэрийгээ сэтгэл санаагаар унах вий гэж санаа зорьж, тусалж, дэмжье гэж бодож явснаас яг юуг нь буруу хийснээ мэдэхгүй юм.

2019 оны цагаан сарын үеэр хүүхдүүдээ аваад нүүгээд байшинг хоосолж хөндийрүүлээд хаалга үүдээ онгорхой орхиод явсан. Бид шууд хориглож чадахгүй учирлаж зөндөө гуйсан. Та нарын наад байшинтай байшингүй амьдарчихна гэж хэлээд явсан.

Миний талийгаач хүү Ренчинмядаг аав ээжийнхээ дэргэд ирж хамт амьдарна гэснийх нь дагуу бид ярилцаж байгаад хашаандаа байшин барьсан юм. Ирээдүйд голомтоо сахиж хүү минь үлдэнэ гэж бодсон.

Эхнэр маань бэрийг хүүхдүүдээ аваад явснаас хойш байнга уйлж, даралт нь ихсэж сэтгэл санаа нь их хэцүү байдалтай байдаг болсон. Байшин барихад авсан зээлийг бид төлж байсан ч байшингийн гэрчилгээ гаргуулах зэрэг бичиг цаасны ажлыг бодох сөхөөгүй он жилүүд өнгөрсөн байна.

Эхнэр бид 2 байшинг барихад зарцуулсан мөнгийг өөрсдөө бүрэн гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахдаа хууль зөрчөөгүй тул бэр *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Миний бие ******* нь бэр *******ийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа надаас нийт 2.245.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул дараах тайлбарыг гаргаж байна.

Хүүг өнгөрснөөс хойш 6 сар амьдрах хугацаандаа байшингийн нам даралтын зуухыг халаах зорилгоор нэмж хийсэн 25 метр цахилгааны утас, соронзон дулааны реле зэргийг нийт 800.000 төгрөгөөр үнэлсэн байна. Бид эдгээр зүйлсийг нь ашиглахгүй багаа тул биетээр нь буцааж өгнө. Монгол гэрийн зуух, чагт уяа гэх зэрэг зүйлсийг бичээд 500.000 төгрөг нэхэмжилсэн байна. Эдгээр зүйлс нь миний өөрийн эд зүйлс бөгөөд миний хувьд мөнгө төгрөгөөр үнэлэх боломжгүй эд зүйлс юм. Ямар аргаар яаж үнэлээд 500.000 төгрөг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Баатрын зурагтай 5 хивсний 3 ширхгийг нь би авсан, 2 ширхгийнх нь мөнгийг хүүгийнх өгсөн байдаг. Тухайн үед хямраад 80.000 төгрөгт нэгийг нь авч байсан. Энэ мэтээр нэхэмжилж байгаа зүйлийн үнийг таамгаар бичсэн байна гэж бодож байна. Бэр ******* нь хүүгээс хойш өр ширэнд ороод ар гэр амьдралаа авч явахад хэцүү болоод надаас мөнгө авах гэж байна гэж ойлгож байна. Гэхдээ үнэн учраа хэлээд өөрөө хүрээд ирвэл бид хэзээ ч туслахад бэлэн. Энэ мөнгө төгрөг нэхээд байгаа асуудалд бид ярилцаад хэл үгээ ололцох боломжтой байх гэж бодож байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 477 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 7-р баг, Сэргэлэн 1-р гудамж, 7 тоот, 171.0 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ван овогт Батбаярын *******ийг тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн гараашийн өмчлөгчөөр тогтоолгох, монгол гэрийн зуух, чагтан уяаны үнэ нийт 265.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан татгалзлыг, хариуцагчийн цахилгааны кабель утас 125.000 төгрөг, 4х2,5 голчтой зэл голтой цахилгааны кабель утас 250.000 төгрөг, соронзон дулаан эрлийз гэж нэрлэдэг паар цахилгаанаар халаадаг төхөөрөмж 200.000 төгрөг нийт 575.000 төгрөгийн эд зүйлсийг биет байдлаар нь өгөхийг, бусад эд зүйлсийн үнэ 1.370.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрсөн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д тус тус зааснаар маргаан бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ийн өмчлөлд 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч *******ийн нэр дээр бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587.020 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 374.901 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* болон хариуцагчийн өмгөөлөгч Э.Одончимэг нар давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх орон сууцыг миний талийгаач хүү болон бэр нар нь өөрсдөө барьж байгуулсан. Тэдний гэр бүлийн хувийн сууц юм. Харин хариуцагч ******* нь байшин барихад дэмжлэг үзүүлсэн. Мөн зээлийг нь төлсөн боловч энэ талаар шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуульд зааснаар гэр бүлийн гишүүд үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх нь бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн адил улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсэх ёстой. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх өөрөөр үүсэх журмыг Иргэний хуульд заагаагүй байна. Байшинг барьсан хөрөнгийн эх үүсвэрийн тухайн эхнэр тэтгэврийн зээл авч, хүүгийн нэр дээр цалингийн зээл авсан. Талийгаач хүүгийн минь нэр дээр авсан зээлийн эргэн төлөлтөд баримтаар 18.440.000 төгрөгийг миний эхнэр өөрийн нэрээр төлж дээрх зээлийг хаасан талаар анхан шатны шүүхэд маргаан гараагүй буюу үнэн бодит байдал юм.

Харин нэхэмжлэгч *******ийн байшин барихад зориулан авсан гэх 6.000.000 болон 8.000.000 төгрөгийн зээлүүд нь байшинг барьж дуусгаснаас хойш авсан зээл юм. Мөн хүүгийн нэр дээр авсан зээлийг бэр ******* өөрийн нэр дээр шилжүүлэхдээ эгч Б.Оюунчимэгтэйгээ хамтран зээлдэгчээр орсон байдаг.

Тийм учраас уг байшин нь анхан шатны шүүхийн шийдвэрт заасан гэр бүлийн гишүүдийн өмч биш юм. Харин хэн хэний дундын өмч болох тухай асуудал яригдах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэнгийн 1-р гудамж 7 тоотод байрлах 171 м.кв талбайтай хувийн сууц болон гаражын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч д холбогдуулан шүүхэд гаргаж хэрэг хянан хэлэлцэх явцад түүний хариуцагчийг солих хүсэлтээр хэргийн хариуцагчаар *******ийг татаж маргаан бүхий орон сууц гаражийг түүний нэр дээр бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгох шаардлагыг нэмэгдүүлж мөн *******оос нэр бүхий эд зүйлийн үнэ 2.245.000 төгрөг болон гэрийн зуух, тоононы уяа чагтага, хивснүүд зэргийг биет байдлаар гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаражийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, зарим нэг шаардлага дээрээ хариуцагчтай эвлэрэн хэлэлцсэнийг шүүх баталсан байна.

Хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хариуцагч ... улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх ёстой гэх Иргэний хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхийг олж авсан. ... Уг байшинг барихад миний талийгаач хүү болон эхнэр маань зээл авч барьсан бусад хүүхдүүд биеэрээ тусалсан. Хожим нь хүүгийнхээ зээлийг эхнэр төлсөн. *******ийн авсан гэх зээл байшинг барьж дууссанаас хойш авсан мөнгө юм. ... гэсэн үндэслэлүүдээр гомдол гаргасан.

Хэрэгт цугларсан баримтуудаас нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр ******* нар нь 2007 оны 4 дүгээр сарын нэгнээс эхлэн албан ёсны гэр бүл болж хамтран амьдарч 2 хүүхэд төрүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан, мөн хамт амьдарч байх хугацаандаа 2018 онд нэхэмжлэгч дангаараа болон нөхрийн хамт Хаан банкнаас удаа дараа зээл авч 2018 оноос 2020 оны хооронд байшинг барьж ашиглалтад оруулсан үйл баримт тогтоогджээ.

Дээрх баримтуудад үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагчийн гомдолд дурдсан нөхцөл байдлууд нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Учир нь нэхэмжлэгч гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаандаа бий болсон гэр бүлийн дундаа хамтран өмчлөх өмчийг өөрийн өмчлөлийн зүйл болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Уг байшинг хамтарч барьсан хөрөнгө оруулсан талаар баримт хангалттай байна.

Талуудын тайлбараар *******ийн эзэмшлийн хашаанд түүний зөвшөөрснөөр хүү нь байшин барьсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд уг байшингийн өмчлөгч нь талийгаач ******* болон түүний хууль ёсны гэр бүлийн гишүүд байх юм.

Иргэний хуулийн гэр бүлийн хөрөнгөтэй холбоотой 126 дугаар зүйлийн 126.2.2-т гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгөөр олж авсан үл хөдлөх хөрөнгө тэдгээрийн дундаа хамтран өмчлөх өмч байна, 126 дугаар зүйлийн 126.4-т гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар орлого олдоггүй байсан эхнэр, нөхөр гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчилнө, 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн дундаа хамтран өмчлөх өмч байна гэж заажээ.

Үүнээс үзэхэд хэчнээн төгрөг гаргасан, уг байшинг барилцахад ямар хөдөлмөрөөр оролцсон зэргийг гэр бүлийн гишүүдийн хувьд тооцох, нотлох шаардлагагүй юм. Талийгаач *******ын эцэг эхийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5-д зааснаар гэр бүлийн гишүүнд тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Хариуцагчийн гомдол болон тайлбарт дурдсанчлан тодорхой хөрөнгө болон хөдөлмөрийн оролцоо тэдний болон ах дүүсийн зүгээс уг байшинг барихад байсан нь байшингийн өмчлөгчөөр тогтоолгох түүний тодорхой хувь хэмжээг өмчлөх хууль зүйн үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийг Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн нотлох баримтууд хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлсэн гэж үзээд шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч *******ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлд тооцогдох маргаантай холбоотой бөгөөд бие даасан шаардлага болохгүй юм.

Иймд шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийж шийдвэрлээгүй нь уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар гомдол гараагүй болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцаг, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417.150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                                                       ШҮҮГЧИД                                      М.МӨНХДАВАА

                                                                                                                                              О.НАРАНГЭРЭЛ