Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 119/ШШ2025/0027

 

       МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн

шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “**” ХХК /РД:**/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,

Хариуцагч: Орхон аймгийн Татварын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Татварын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “**” ХХК-ийг Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл,  ** дугаар бүхий нэхэмжлэлээр 296,246,239,00 төгрөг нэхэмжилсэнийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2024/0047/3 дугаар бүхий индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч **” ХХК нь Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан Орхон аймгийн Татварын хэлтсээс Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар нэхэмжлэлээр 296,246,239,00 төгрөгийн үнийн дүн бүхий Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

1.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

-Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 "ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг” ашигт малтмал гэж томъёолсон ба манай компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хаягдал хүчиллэг уснаас гарган авч буй “Чёрновый медь” нь ашигт малтмал, үүсмэл орд, түгээмэл тархацтай ашигт малтмалын аль ч ангилалд орох боломжгүй, “Чёрновый медь” буюу хаягдал хүчиллэг уснаас гарган авсан бүтээгдэхүүн нь ашигт малтмал эсэх, уул уурхайн ямар бүтээгдэхүүний ангилалд орох талаар хуульд тусгайлан заагаагүй. Бүтээгдэхүүний нэршил тодорхой бусаас шалтгаалж гэрээний дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөх шаардлага тавьж ашигт малтмалын ямар ч тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгжийг тухайн татвар төлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн хувьд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хаягдал хүчиллэг уснаас гарган авч буй “Чёрновый медь” нь ашигт малтмал, үүсмэл орд, түгээмэл тархацтай ашигт малтмалын аль ангилалд орох нь тодорхой бус эрх зүйн зохицуулалттай тул хуулийн этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласан гэж үзэх үндэслэлгүй, техник, эдийн засгийн үндэслэл хийх боломжгүй, бараа тодорхойлох, код уялдуулсан системд ямар ангилалаар тодорхойлж бүртгэх нь тодорхойгүй байхад харъяа татварын байгууллага нэхэмжлэгчийг АМНАТ төлөгчөөр бүртгэж Татварын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар нэхэмжлэлээр 296,246,239.00 төгрөгийн үнийн дүн бүхий Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд тууний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох'’ гэж заасны дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар нэхэмжлэлээр 296,246,239,00 төгрөгийн үнийн дүн бүхий Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж,

1.2. Хариуцагч талаас:

-Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж зааснаар ашигт малтмал экспортлосон этгээд Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгч байхаар зохицуулсан. “**” ХХК-ийн “Чёрновый медь” гэх бүтээгдэхүүнийг гаалийн лабораторийн дүгнэлтээр “зэсийн баяжмал” гэж тодорхойлуулсан байдаг. “**” ХХК тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрч бүтээгдэхүүнээ экспортолсон “Гаалийн мэдээ”-г үндэслэн нэхэмжлэгч талыг Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгч”-өөр 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/0092 дугаар тогтоолоор “2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх, захиргааны байгууллагад гомдол гаргана”  94.3-т “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэж тус тус зааснаар Татварын ерөнхий газар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж нэхэмжлэгч талд хариу мэдэгдсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэсний дагуу “**” ХХК нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж татварын албаны зүгээс үзэж байна” гэж тус тус маргасан.

2. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч **  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газарт холбогдуулан “**” ХХК- ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0288 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 ны 06 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0357 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/0092 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан ба Улсын дээд шүүхийн тогтоолд нэхэмжлэгчийн хувьд Орхон аймгийн Татварын хэлтсийн шийдвэр нь түүнд чиглэсэн анхдагч захиргааны акт бөгөөд энэхүү маргааны үүсэл болсон АМНАТ төлөгчөөр бүртгэсэнтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдсан тул шүүхэд АМНАТ-тай хамаарах нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан хугацаанд гаргаж байна. “**” ТӨҮГ-ын ил уурхайн олборлолтын явцад хөрс хуулалтын болон балансын бус хүдрийн олон жилийн овоолгууд үүссэн бөгөөд эдгээр овоолгууд нь хадгалалт, хуримтлуулалтын үед сульфидийн эрдсийн задралд орж овоолгод нэвчих хурын усаар зөөгдөн хүнд металл агуулсан хүчиллэг ус урсан гарч байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд уг ногоон усыг уулын баяжуулах “**” ТӨҮГ нь нэг удаагийн таталтаар тусгай хоолой татаж 500-600 сая төгрөгийн зардалтайгаар хаягдлын цэг рүү асгаж дээрх цэгт төвлүүрүүлсэн их хэмжээний хүчиллэг ус нь байгаль орчин, хүн, малд маш их хортой нөлөөтэйгөөс гадна их хэмжээний үргүй зардлыг бий болгож байна. “**” ХХК нь үйлдвэрлэлийн болон ахуйн бохир усыг цэвэршүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нутагшуулах талаар туршилтын ажлыг амжилттай явуулж Эрдэнэт хотод үүсээд байгаа ус, хөрсний бохирдлыг бууруулах, хүн амын эрүүл, амьдрах орчинг сайжруулах, “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх, “Ногоон хөгжлийн бодлого”-ын хүрээнд тус үйлдвэрийн ил уурхай, хүдрийн овоолгоос гарч байгаа хаягдал усыг цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлж ОХУ-ын “**” ХХК-аас үйлдвэрийн хаягдал усыг иж бүрэн цэвэршүүлэх арга ба хэрэгжүүлэх технологийн 2318737 дугаар патентыг шилжүүлэн авч, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/40 тоот тушаалаар "Үйлдвэрийн хаягдал усыг иж бүрэн цэвэршүүлэх тоног төхөөрөмж ба арга" ашигтай загварын гэрчилгээг авсан болно. Нөгөө талаар энэхүү төсөл нь УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын дараах заалтуудын хүрээнд хэрэгжиж байна. Үүнд хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, үр ашигтай, шинэ технологи нэвтрүүлж, нөөцийг хэмнэх, эргүүлэн ашиглах, хаягдлыг дахин боловсруулан ашиглах, хот суурин газрын агаар, ус хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлэх, усны нөөцийг хамгаалж, хомсдлоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, хаягдал усыг дахин ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжих УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын “Алсын хараа-2050” хөтөлбөрт заасан Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.4-т “Хаягдал ус дахин боловсруулах, цэвэрлэсэн усыг дахин ашиглах үйл ажиллагааг дэмжин хөгжүүлнэ”, 6.4.4-т “Бохирдол, хаягдлыг бууруулах, нөөцийн хэмнэлттэй, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, цэвэр үйлдвэрлэл, хэмнэлттэй хэрэглээг эдийн засгийн хөшүүргээр дэмжинэ” гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хуралдсан Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссын хамтарсан хурлаар хэлэлцэж хурлын тэмдэглэлийн 14.4-т заасны дагуу дэмжигдсэн. 2023 оны 06 дугаар сард дээрх төслийн үйл ажиллагааны явцад буюу хүчиллэг ус, хаягдал усыг иж бүрэн технологийн дагуу цэвэрлэх явцад үүссэн “Чёрновый медь”-ийг туршилт, судалгаа шинжилгээний зориулалтаар тодорхой хэмжээгээр “**" ХХК-д худалдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 "ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг” ашигт малтмал гэж томъёолсон ба манай компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хаягдал хүчиллэг уснаас гарган авч буй “Чёрновый медь” нь ашигт малтмал, үүсмэл орд, түгээмэл тархацтай ашигт малтмалын аль ч ангилалд орох боломжгүй, “Чёрновый медь” буюу хаягдал хүчиллэг уснаас гарган авсан бүтээгдэхүүн нь ашигт малтмал эсэх, уул уурхайн ямар бүтээгдэхүүний ангилалд орох талаар хуульд тусгайлан заагаагүй. Бүтээгдэхүүний нэршил тодорхой бусаас шалтгаалж гэрээний дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөх шаардлага тавьж ашигт малтмалын ямар ч тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгжийг тухайн татвар төлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн хувьд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хаягдал хүчиллэг уснаас гарган авч буй “Чёрновый медь” нь ашигт малтмал, үүсмэл орд, түгээмэл тархацтай ашигт малтмалын аль ангилалд орох нь тодорхой бус эрх зүйн зохицуулалттай тул хуулийн этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласан гэж үзэх үндэслэлгүй, техник, эдийн засгийн үндэслэл хийх боломжгүй, бараа тодорхойлох, код уялдуулсан системд ямар ангилалаар тодорхойлж бүртгэх нь тодорхойгүй байхад харъяа татварын байгууллага нэхэмжлэгчийг АМНАТ төлөгчөөр бүртгэж Татварын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар нэхэмжлэлээр 296,246,239.00 төгрөгийн үнийн дүн бүхий Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд тууний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох'’ гэж заасны дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар нэхэмжлэлээр 296.246.239,00 төгрөгийн үнийн дүн бүхий ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн шүүхэд эрх хэмжээ байгаа. Нэгэнт “Чёрновый медь”-г ашигт малтмал гэж бүртгэхэд боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа гэдэг дээр 2019 оны Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны тэмдэглэл болон бусад үйл баримтуудаас харвал энэ нь татварын код уялдуулсан системд ямар ангилалд бүртгэх, татвараас чөлөөлөх эсэх талаар татварын байгууллагад нь даалгаад 6 сарын хугацаанд актыг түдгэлзүүлээд ямар ангилалд бүртгэх цаашдаа өөр дэд ангилал гаргах боломжтой юм уу гэдэг байдлаар шийдүүлэх боломжтой байна гэж харж байгаа учраас нэхэмжлэл гаргасан” гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын албаны зүгээс эвлэрэн хэлэлцэх буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас шүүхэд дараах тайлбарыг гаргаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж зааснаар ашигт малтмал экспортлосон этгээд Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгч байхаар зохицуулсан байдаг.

“**” ХХК-ийн “Чёрновый медь” гэх бүтээгдэхүүнийг гаалийн лабораторийн дүгнэлтээр “зэсийн баяжмал” гэж тодорхойлуулсан байдаг. “**” ХХК тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрч бүтээгдэхүүнээ экспортолсон “Гаалийн мэдээ”-г үндэслэн нэхэмжлэгч талыг Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгч”-өөр 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/0092 дугаар тогтоолоор “2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан гомдолд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хариу өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх, захиргааны байгууллагад гомдол гаргана”  94.3-т “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дотор хянан шийдвэрлэж хариу өгнө гэж тус тус зааснаар Татварын ерөнхий газар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж нэхэмжлэгч талд хариу мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл татварын алба хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлсэн, шийдсэн гэж үздэг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэсний дагуу “**” ХХК нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж татварын албаны зүгээс үзэж байна.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж байгаа. Тэгэхээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулаад ашигт малтмалыг зэсийн баяжмал нэрээр гаалийн мэдүүлэгт өгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.2-т заасны дагуу “**” ХХК нь тухайн бүтээгдэхүүнийг гадаадад экспортолсон байдаг. Үүнийг нотлох тал талын эрх бүхий байгууллагуудын албан бичиг, тоот, тодорхойлолтууд байгааг бид бүхэн хэргээс харсан. Татварын тайланг Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу “**” ХХК нь өөрсдөө гарган Татварын ерөнхий хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн байгаа. 2023 оны 4 дүгээр улирлын тайлангаараа ашигт малтмалын нөөц ашигласны тайлангаа гаргаж тус татварын албанд өгсөн. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу татвар төлөгч борлуулсан, экспортолсон зэсийн баяжмалаа хуульд заасан хэмжээнд, олсон орлогынхоо хэмжээнд тайлагнасан. Энэ нь хуульд заасны дагуу татвар төлөгчийн үүргээ биелүүлсэн гэж харж байгаа юм. Сая нэхэмжлэгч дурдаад байна л даа. Татварын албаны зүгээс хяналт шалгалт ч юм уу, хяналт шалгалтын акт, нөхөн ногдуулалтын акт үйлдэж энэ төрлийн зөрчлийг илрүүлээгүй гэж. Өөрөөр хэлбэл татвар төлөгч үүргээ биелүүлж тайлагнасан.

Татварын алба юу шаардсан бэ гэхээр хуулиар тогтоосон хугацаанд тайлагнасан албан татвараа танайх төлөх тухай л шаарддаг. Эндээс  бид бүхэн энэ төрлийн татвар төлөгч биш, мөн гэдэг асуудал яригдаад байна. Татвар төлөгч маань тайлагнасан учраас энэ төрлийн үйл ажиллагаа явуулсан аргаар тайлангаа гаргасан бол татвараа улсдаа хуульд заасны дагуу төлөх нь зөв. Тайланг Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана” гэсэн үүргийг хэрэгжүүлэх ёстой. Энэ үүргийг хэрэгжүүлсэн гэж харж байна. Нөгөөтээгүүр энэ төрлийн татвар төлөгчөөр бүртгэснээс хойшхи хугацаанд татвар төлөгч маань татварын алба холбогдох газруудаар явсан байдаг. Татварыг зөвхөн Татварын хуулиар бий болгох, өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэхээр хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын хуралдааны тэмдэглэл өөр бусад байгууллагуудын хоорондын хэлэлцээр, шийдвэрээр аливаа татварыг өөрчлөх, бий болгох, хууль зүйн зохицуулалт байхгүй. Өнөөдөр энэ төрлийн үйл ажиллагаа явуулж, энэ төрлийн төлбөр төлөгч болсныхоо хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж тайлангаа гаргасан нь уг нь сайшаалтай. Гэхдээ татварын албыг ийм тайлан гаргуулсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй бөгөөд оновчгүй. Татвар төлөгч өөрсдөө тайлагнасан байгаа. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулаад орлого олж, үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг татварын алба зохих төрлөөр нь бүртгэх нь татварын албаны эрх, үүрэг. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу татвар төлөгчийн гаргаж байгаа нэхэмжлэл нь хуульд нийцэхгүй байна гэж татварын алба үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хуульд заасан хэмжээнд шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд давхардуулахгүйгээр дараах хоёр тайлбарыг гаргаж байна. Зэсийн баяжмал гэдэг нэршлээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасны дагуу “ашигт малтмал экспортолсон” гэдэг хууль зүйн үндэслэлээр татварын алба ** дугаар бүхий 296,246,239,00 төгрөгийн нэхэмжлэл үүсгээд “**” ХХК-д ирүүлчихээд байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ бол захиргааны акт. Хуульд заасны дагуу хийгдэж байгаа ажиллагаа юу, үгүй юу гэдэг дээр талууд маргаж байгаа. Мөн ямар үндсэн агуулгаар маргаж байгаа юм гэхлээр тэр зэсийн баяжмал гээд гаалийн мэдүүлэг дээр, гаалийн дүгнэлт дээр дурдаад байгаа тэр дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг” гэж тодорхойлсон талаар сая Нарангарав төлөөлөгч тодорхой хэлчихсэн. Ашигт малтмал мөн үү гэдэг дээр  шүүх дүгнэлт өгөх байх гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл яг энэ хуулийн агуулгаар бол ашигт малтмалын ангилалд огт хамаардаггүй ийм бүтээгдэхүүн юм. Хуульд тусгайлан заагаагүй ийм бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл энэ хууль батлагдсанаас хойш татварын харилцааг Үндсэн хууль болон Татварын ерөнхий хуульд заасны дагуу зөвхөн хуулиар л зохицуулна гэж заасан байна. Сая хариуцагчийн төлөөлөгчийн хэлж байгаачлан төрийн байгууллага хоорондоо мэдээлэл солилцоод, өөрөөр хэлбэл гаалийн бүртгэл хийлгэхдээ нэхэмжлэгч тал  зэсийн баяжмал гэдэг кодоор экспортолсон бол чи татвар төлөх үүрэгтэй гээд  нэхэмжлэгчийг татвар төлөгчөөр бүртгээд 296,246,239,00 төгрөгийг нэхэмжилсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т  зааснаар,  Гааль нь улсын хилээр экспортолсон тохиолдолд гээд хуулийн нарийвчилсан тодруулгагүйгээр, өөрөөр хэлбэл ногоон ус. Хууль тогтоогчоос тухайлсан байдлаар зохицуулалт хийгээгүй байхад татварын байгууллага танайх ашигт малтмалын нөөц төлөгч мөн гэж үзээд АМНАТ  төлөгчөөр бүртгэчихэж. Энэ бүртгэл дээр манайх маргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, бүртгэлээс болоод нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирчихаж байгаа юм. Ямар байдлаар илэрч байна вэ гэхлээр эдийн засгийн хувьд 296,246,239,00 төгрөгийг төлөх нөхцөл байдал үүссэн.

Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгч гэж хэнийг хэлэх юм бэ гэхлээр хуулийн 47 дугаар зүйлд заасан байх шаардлага. Татварын байгууллага болохоор 47.1.2-т заасныг үндэслэж байгаа. Тэгэхлээр бид нар энэ “ашигт малтмал” гэдэг гарал үүслээ гаргаж байгаа байхгүй юу, эрх ашиг нь хөндөгдөөд байна, Хятад  улс руу экспортолсон бүтээгдэхүүний гарал үүсэл чинь ашигт малтмал мөн юм уу, үгүй юм уу гэдэг дээр маргахлаар энэ шүүхийн шинжлэн судлах хэмжээ хязгаараас  хэтэрчихсэн ийм ойлголт. Өөрөөр хэлбэл хуульд заасан нэршил томьёо байхгүй, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу зохицуулалт байхгүй, тийм учраас энэ асуудал өөрөөр хэлбэл захиргааны шүүхийн хэм хэмжээнээс хэтэрчихсэн юм болбол би түрүүн хэлсэн түдгэлзүүлээд шийдвэрлэх хуулийн зохицуулалт байгаа. Нөгөө талаасаа хэрвээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдчихсөн гэж үзэж байгаа тохиолдолд бид нар болбол нэхэмжлэлийн шаардлагад дурдсаны дагуу Захиргааны процессын хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болгуулах.

Бид нар хуульд заасан үндэслэл журмын дагуу татвар төлөгч болон татварын байгууллага хоорондын харилцааг хуульд зааснаар л явуулах ёстой. Сая хариуцагчийн төлөөлөгч маань хэлсэн татварын ерөнхий газар а татвар төлөгчийн бүртгэл нь орхон аймгийн татварын байгууллага дээр байгаа учраас энэ хоёрын хооронд хэрэгжиж байгаа татварын харилцаа өөрөөр хэлбэл татварын өр төлөх энэ харилцаа өөрөө хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжихгүй ийм нөхцөл байдал үүсчихэж байгаа учраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Татварын ерөнхий газар өөрөө зөвхөн энэ ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй субъект, тэрнээс биш гаалийн мэдүүлэг үзлээ, гаалийн төв лабораторийн дүгнэлтийг үзлээ, татвар оногдуулдаг этгээд биш байхгүй юу. Засгийн газрын журам байгаа, сая бид нар шинжлэн судалчихсан. Энэ журмаар энэ асуудлыг бас нарийвчлан тусгаад зөвхөн тэр чинь процессыг л заачихсан.  Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйл, 79.4.7 гээд.

Энэ зохицуулалт чинь хэд хоногийн дотор өгөх ёстой юм, нэр хаяг байршил нь ямар байх юм, хэн гэдэг улсын байцаагч гарын үсэг зурснаа маш нарийн тодорхойлно хаяг усыг нь бичнэ ээ гэсэн ийм процессын шинжтэй. Тухайн нэхэмжлэлээр заагдах энэ ажиллагааг л оруулж өгөх тийм учраас энэ асуудал өөрөө нэхэмжлэгч талын хувьд Ашигт малтмалын хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгч биш учраас бид нар Орхон аймгийн татварын хэлтсээс нэхэмжлэгчийг ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 296,246,239,00 төгрөгийг төл өө гэсэн нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас хүчингүй болгож өгөөч ээ гэдгээр нэхэмжлэл гаргасан” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэгч **” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан Орхон аймгийн Татварын хэлтсээс Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаар нэхэмжлэлээр 296,246,239,00 төгрөгийн үнийн дүн бүхий Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

1.1. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс хариуцагч тал болох хуулийн этгээдийн албан ёсны нэршил болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад,

-Орхон аймгийн Татварын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “**” ХХК-ийг Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл,  

-** дугаар бүхий нэхэмжлэлээр 296,246,239,00 төгрөг нэхэмжилсэнийг тус тус хүчингүй” гэж тодруулж, түүнийгээ дэмжиж оролцсон тул шүүх тухайн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэв.

1.2. Орхон аймгийн Татварын газраас “**” ХХК-ийг “чёрновый медь” гэх бүтээгдэхүүнийг гаалийн лабораторийн дүгнэлтээр “зэсийн баяжмал” гэж тодорхойлж экспортлосон гэх үндэслэлээр 2023 оны 10 дүгээр сарын 19-ний өдөр “Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр буюу зөвшөөрөлгүй татвар төлөгч”-өөр бүртгэж, ** дугаартай нэхэмжлэлээр 296,246,239,00 төгрөгийг нэхэмжилсэн байна.

1.3. “**” ХХК-иас захиргааны байгууллагын дээрх үйл ажиллагааг эс зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 49/23 дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газарт гомдол гаргасныг, хариу өгөөгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд энэ талаарх маргаан үргэлжилж, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2024/0092 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 8-16 дугаар тал/

1.4. Дээрх 001/ХТ2024/0092 дугаартай тогтоолд “...нэхэмжлэгчийн хувьд Орхон аймгийн Татварын хэлтсийн шийдвэр /АМНАТ төлөгчөөр бүртгэсэн/ нь түүнд чиглэсэн анхдагч захиргааны акт бөгөөд энэхүү маргааны үүсэл болсон тус АМНАТ төлөгчөөр бүртгэсэнтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж  шийдвэрлүүлэхэд энэхүү тогтоол саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй...” талаар дүгнэсэн тул хариуцагчийн “...**” ХХК нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй...” гэх тайлбарыг  хүлээн авах үндэслэлгүй.

1.5.Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хуулиар хязгаарласан, харшлах зүйлгүй бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-т “...эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах..” эрхтэй бөгөөд тухайн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.

1.6. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг” гэж хуульд тодорхойлжээ.

1.7. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, Орхон аймгийн Татварын газраас “**” ХХК-ийг “чёрновый медь” гэх бүтээгдэхүүнийг Гаалийн мэдүүлэгт “зэсийн баяжмал” гэж тодорхойлж экспортлосон гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар 2023 оны 10 дүгээр сарын 19-ний өдөр “Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр буюу зөвшөөрөлгүй татвар төлөгч”-өөр бүртгэж, ** дугаартай нэхэмжлэлээр 296,246,239,00 төгрөгийг тус компаниас нэхэмжилсэнийг үндэслэлгүй гэж дүгнэв.

1.8. Учир нь хариуцагч байгууллагаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.7ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах” дахь хэсэгт тус тус зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлаагүй гэж үзэхээр байна.

1.9. Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн Татварын газар нь дээрх шийдвэр /үйл ажиллагаа/-ийг гаргахдаа “**” ХХК-д урьдчилан мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй болох нь хэргийн оролцогч,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.10. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн “...Чёрновый медь” буюу хаягдал хүчиллэг уснаас гарган авсан бүтээгдэхүүн нь ашигт малтмал эсэх, уул уурхайн ямар бүтээгдэхүүний ангилалд орох талаар хуульд тусгайлан заагаагүй. Бүтээгдэхүүний нэршил тодорхой бусаас шалтгаалж гэрээний дагуу Орхон аймгийн Татварын газраас Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөх шаардлага тавьж ашигт малтмалын ямар ч тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй аж ахуйн нэгжийг тухайн татвар төлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлгүй” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

1.11. Түүнчлэн, гэрч Д.Мөнхбаярын мэдүүлэг болон шүүхээс “**” ХХК-ийн үйлдвэрлэлийн бүсэд шүүхийн журмаар үзлэгийн ажиллагаа явуулахад:

- “**” ТӨҮГ-ын Ил уурхайн гүний болон исэлдсэн хүдрийн овоолгоос /бороо болон цасны усаар угаагдан ирж буй хуримтлагдсан ус/ ялгарах тунасан хүчиллэг усыг саармагжуулан цэвэршүүлэх явцад хүнд металлыг ялган авч байгаа нөхцөл байдал тогтоогдсон. 

1.12. Татварын байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 25, 26 дугаар зүйл, Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны /Татвар төлөгчийн бүртгэлийн журам/ А/268, А/1345 дугаар хамтарсан тушаалын хүрээнд татвар төлөгчийг бүртгэх шийдвэр гаргах эрхтэй боловч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг үндэслэн “**” ХХК-ийг “ашигт малтмал экспортлосон этгээд” гэж үзэн энэ төрлийн татвар төлөгчөөр бүртгэж, 296,246,239,00 төгрөгийг нэхэмжлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шийдвэр гаргасан гэж дүгнэхээр байна.

1.13. Энэхүү шийдвэр нь “**” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

1.14. Шүүхээс “**” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар “ашигт малтмал экспортлосон этгээд” гэж дүгнэх боломжгүй  байх тул захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1.15. Учир нь “**” ХХК-ийн “**” ТӨҮГ-ын Ил уурхайн гүний болон исэлдсэн хүдрийн овоолгоос ялгарах тунасан хүчиллэг усыг саармагжуулан цэвэршүүлэх явцад хүнд металлыг ялган авч байгаа бүтээгдэхүүнийг “ашигт малтмал буюу зэсийн баяжмал” гэж үзэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул захиргааны байгууллага уг маргааныг өөрөө шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байна.

1.16. Иймд Орхон аймгийн Татварын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “**” ХХК-ийг Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, ** дугаартай нэхэмжлэлээр 296,246,239,00 төгрөг нэхэмжилсэнийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1.17. Хэрвээ шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гараагүй тохиолдолд захиргааны актыг хүчингүй болохыг дурдаж, нэхэмжлэгч нь зохих журмын дагуу дээрх гомдлоо захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн /АМНАТ төлөгчөөр бүртгэсэн бүртгэл, ** дугаартай нэхэмжлэлийг  хүчингүй болгуулах/ асуудлыг эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 47 дугаар зүйлийн 47.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.7, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “**” ХХК-ийн Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан гаргасан  Орхон аймгийн Татварын газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “**” ХХК-ийг Ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл,  ** дугаар бүхий нэхэмжлэлээр 296,246,239,00 төгрөг нэхэмжилсэнийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Татварын газраас 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.САРАНГЭРЭЛ