Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0327

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Г.Номин

улсын яллагч: А.Сайнбаяр

шүүгдэгч: З.Б Э.Т  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д овогт З Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ц овогт Э Т тус бүр холбогдуулж яллах дүгнэлт   үйлдэж  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1706008350161 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д овогт З Б,  19 оны 7 дугаар сарын 31-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 3,  эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн  дугаар хорооны   тоотод   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 20 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн Ч дүүргийн  шүүхийн  дугаартай шийтгэх тогтоолоор 20 оны Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн  дахь хэсэгт зааснаар  жил  хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 20 оны  дугаар сарын -ны өдөр эдлээгүй үлдсэн  жил  сар  хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, РД:Х,

      2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц овогт Э Т,  19  оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч  мэргэжилтэй, -н агаарын цэргийн тэнхимийн багш ажилтай,  ам бүл 3,  хоёр хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар байрны   тоотод   оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: ХП, 

Холбогдсон хэргийн талаар:

         Э.Т, З.Б нар нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн  дугаар хороо, автобусны буудлын орчим хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Тухайн өдөр Т өөрийн  салсан эхнэр болох М 2 хүүхэдтэйгээ хамт салхинд гарая гээд дуудсан. Тэгээд М машинаас нь буухдаа Т машинд түрийвчээ орхиод явчихсан байсан. Тэр өдөр устай ширүүн бороо орж байсан болохоор намайг хамт очоод түрийвчээ аваадхая гэж хэлэхээр нь би тэр үед хамт очоод гэрийнх нь гадаа машин дотроо сууж байсан. Гэтэл удалгүй М гүйж гарч ирсэнээ Т чамайг ална гээд хутга бариад гараад ирлээ гэхээр нь би дараагийн будал дээр уулзая гээд явж байтал Т миний араас машинтайгаа хөндөлдөж орж ирэхээр нь би зугтаагаад Цайзын буудал руу ороод зогссон. Гэтэл “миний араас ирж зогсоод намайг буугаад ир ална” гэхээр би буугаагүй машин дотроо байж байтал машинаасаа данхраад гаргаж ирээд миний машины салхины шилийг хагалсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд намайг багалзуурдаад машин луугаа шахаж байгаад том хүүгээрээ машинаасаа данхраад авахуулж байгаад миний толгой руу данхраадаар цохисон.Тэнд буудал дээр байсан хүмүүс бид хоёрыг салгаад цагдаа дууд гэхэд Т яваад өгсөн. Миний тархи руу  болон нуруу руу цохисон. Би Т гар хүрээгүй гэв.

      Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэртээ би 2 хүүтэйгээ байж байтал манай хуучин эхнэр орж ирээд үгийн зөрүүгүй хэрүүл хийгээд байж байгаад гарахад нь 2 хүүхэд дагаад гарсан. Ингээд бид нар гаргаж өгсөн. Б би автобусны буудал дээр барьж авсан. Б бид хоёр барьцалдаж аваад байж байтал бид хоёр шавар дээр хальтраад унахад би D дээр нь унасан. Тэр үед миний хүү машинаас түлхүүр аваад Б толгой руу цохисон. Манай 5-р ангийн хүү зоонтокны  бариулаар Б машин луу цохисон. Гэтэл цаанаас хоёр залуу ирээд ямар их шавар шавхай бид нар луу цацдаг юм бэ гээд Б цохисон. Би бол тэр хүмүүсийг танихгүй. Би тухайн үед мөрдөн байцаагчид тэр хүмүүсийг шалгаж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан байгаа. Би буруугаа ойлгож байна. Б тухайн үед гар хүрсэн нь үнэн. Б манай эхнэрийн утсаар надтай үргэлж муудалцдаг. Б бол намайг үргэлж хавиргыг чинь чанаж иднэ, хоёр хүүхдийг чинь алж өлгөнө гэж  дарамталдаг. Намайг Б “би чамайг ална сүүтэйгээ ирээрэй” гэж хэлдэг байсан. Энэ хүн бол маш олон утасны дугаартай. Энэ хүний ахынх нь компаньд манай эхнэр нарийн бичгээр ажилд ороод энэ хүнтэй дотно харилцаатай болсон. Би энэ хүнээс амьдрал битгий эвдээд бай гэж зөндөө гуйдаг байсан. Энэ асуудал бол  Б шоронгоос гарч ирсэнээс бүх байдал үүссэн. Манай эхнэртэй цуг ажилладаг болохоор нь би тоодоггүй байсан. Манай хуучин эхнэр 2 хүүхдээ санаад гэртээ ирээд хонох гэхэд энэ хүн шөнө 30-40 удаа залгадаг. Маш их хэцүү байна. Зодоон болохоос өмнө байнга маргалддаг байсан гэв.

           Шүүгдэгч З.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 30-ний орой миний бие хамтран амьдрагч М хамт М хуучин гэр болох Баянзүрх дүүргийн Э колонкын гадаа зогсоод эхнэр М хуучин гэртээ ороод эд зүйлээ аваад гараад ир гэж хэлээд байж байтал миний машины урд Т машинтайгаа шахаж орж ирээд зогстол миний машин явах боломжгүй болсон. Тэгээд Т машинаасаа бууж ирээд намайг буугаад ир гэхээр нь би бууж очоогүй. Тэгтэл буцаж машиндаа ороод машиныхаа данхрадыг авч гарч ирээд миний өөрийн эзэмшлийн  улсын дугаартай Гранд Марк-2 машины урд салхины шилийг 2 удаа данхраадаараа цохисон. Би яаж байгаа юм бэ гэж хэлээд машинаасаа буухад Т машины хойд хаалганаас үл таних 2 эрэгтэй хүн Т хамт бууж ирсэн. Тэгээд Т намайг шууд заамдаад данхрадаар нэг удаа толгой руу цохитол би газар унасан ба намайг үргэлжлүүлээд данхраадаар энд тэндгүй цохисон. Би яг хэд цохисоныг нь мэдээгүй. Хажуу талаас нөгөө хоёр найз нь бас намайг цохисон. Автобусны буудал дээр байсан хүмүүс бид нарыг салгасан. Би Т манай эхнэрийн хуучин нөхөр гэдгээр нь мэднэ. Т машины салхины шилийг би хагалаагүй харин манай эхнэр М хагалсан гэжээ.    /хх-ийн 15-16/

          Шүүгдэгч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 30-ний өдөр 14.00 цагийн үеэс эхлээд эхнэрийн хамтран амьдрагч Б маргалдсан. Тэр өдөр Баянзүрхийн товчоон дээр уулзая гэхээр нь очтол ирээгүй ба 20.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах манай гэрт миний эхнэр байсан М хамт ирсэн. Өмнөх 7 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд B бид хоёр хүүхдүүдээ авч Аглаг бүтээлийн хийдрүү салхинд гараад ирэхэд М миний машинд гоо сайхны хэрэглэлүүдээ үлдээгээд буусан байсан тэрийгээ авах гэж тухайн өдөр манай гэрт ирсэн юм. М манай гэрт орж ирээд эд зүйлээ аваад гарах үед нь би хоёр хүүхэдтэйгээ гаргаж өгөхөөр хамт гарч М автобусны буудал хүргэж өгөхөөр 2 хүүхдийн хамт машиндаа суутал М суулгүй автобусны буудал руу алхаж явахаар нь би дагаж араас нь машинтайгаа явж байсан чинь миний араас Б машиныхаа гэрлийг унтраачихсан намайг дагаж байгааг манай бага хүү Э хэлсэн. Тэгээд төв замын хажууд байх  колонк дээр зогсчихоор нь Б уулзахаар машиных нь хажууд очоод зогстол надаас зугтаад 16-гийн автобусны буудал дээр очсон. Би араас нь очин машинаасаа буун урд нь зогстол манай бага хүү жолоочын талын цонхыг зоонтгоор цохиж том хүү нөгөө цонхоор нь дуудхад Буд машинаасаа бууж ирэн надтай заамдалцаж аваад зодолдсон. Надтай барцалдаад байж байхдаа би чамаас 11 насаар дүү учир чамайг барнаа гэж орилоод миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би хавсарч унагаагаад дээр нь суухад манай бага хүү зоонтогны ишээр нүүрэн тус газар нь цохиж том хүү машины урд хайрцганд байсан 19-ийн түлхүүрээр нүүрэнд нь цохисон. Тухайн үед автобусны буудал дээр олон хүн байсан ба тэнд байсан 2-3 залуу Будыг айл гэр үймүүлсэн хүүхэн мундсан биш гээд залуучууд өшиглөсөн. Тухайн үед миний 2 хүү ээжийгээ зайл гэх мэтчилэн хэрэлдэж байтал тэнд байсан эмэгтэйчүүд М харааж байсан. Би 2 хүүхдийнхээ хамт машиндаа суугаад хаалгаа хаатал М машины урд гупер, гуперийн гэрэл зэргийг өшиглөж хагалж гэмтээсэн. Буд нь манай эхнэртэй хамт Сэбоцэ ХХК-д ажилладаг байсан ба би Будтай 3 удаа уулзаж гэр бүл битгий үймүүлээч гэж гуйж байсан. Би очих болгондоо 2 хүүхэдтэйгээ хамт очдог байсан. Буд нь тухайн үед 3 хүүхэдтэй эхнэрээсээ салаад удаагүй байсан ба эхнэр А нь над дээр 10-аад удаа ирж уулзаж байсан юм гэжээ. /хх-ийн 25/          

          Хохирогч  З.Б  мөрдөн  шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 7 дугаар сарын сүүлээр эхнэр М хамт М өмнөх нөхрийн гэрлүү М түрүүвчийг авахаар Баянзүрх дүүрэг Батлан хамгаалах их сургуулийн хажууханд байрлах байранд нь очсон. М гэрлүүгээ түрүүвчээ авахаар орсон. Би гадаа нь машиндаа сууж байсан юм. 15 орчим минутын дараа М гарч ирээд миний хажуугаар зөрөөд явсан. Би араас нь нэг явах гэснээ болиод түр зогсож байтал М өмнөх нөхөр болох Т гарч ирээд С машинаараа дагасан. Анх гэрлүүгээ орохдоо М  чи зайтай байж байгаарай Төгөлдөр гарч ирээд дагана шүү би гараад шууд буудал дээр очоод микронд суугаад нэг буудал буугаад уулзий гэж хэлсэн юм. Тэгээд би алсаас дагаад явж байтал  МТ шатахуун түгээх станцын зогсоол дээр машинаа байрлуултал Төгөлдөр нь машинтайгаа миний өмнүүр хөндлөн зогсохоор нь буцаад ухарч зугтаагаад 16-н буудал дээр очиж зогсоход миний араас хөөж ирээд намайг машинаасаа буугаад ир гэхээр нь би бууж очоогүй. Гэтэл Т нь машинаасаа данхрад авч гарч ирээд миний машины цонхыг хагалчихаар нь би бууж очтол миний толгойн зүүн талд данхраадаар нэг удаа цохиж, нурууны гол хэсэгт дахин нэг удаа данхраадаар цохиод авсан. Тэгээд барьж байсан данхраадаа том хүүдээ өгөөд намайг багалзуурдан машинд шахсан. Тухайн үед автобусны буудал дээр байсан 2 эмэгтэй Т надаас салгаж цааш холдуулсан. Тэр үед М ирээд намайг зодуулсаныг хараад Т уурлаад машиных нь шилийг гараараа цохиж цуулсан. Мөн явах гэхэд нь замыг нь хааж хэвтээд урд гупер лүү нь өшиглөж байсан гэжээ.  /хх-н 13-20/

          Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 30-ний өдөр 14.00 цагийн үеэс эхлээд эхнэрийн хамтран амьдрагч Б маргалдсан. Тухайн үед автобусны буудал дээр олон хүн байсан ба манай эхнэр М хүмүүст хандаад миний шинэ нөхрийг миний хуучин нөхөр 2 хүүхдийнхээ хамт зодоод байна цагдаа дууд гээд орилоод байсан. Миний машинд  440.000 төгрөгний хохирол учирсан гэжээ.  / хх-н 21-26/   

          Гэрч П.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний бие 2017 оны  дугаар сарын 30-ны өдөр 20.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Б байрны өөрийн  хуучин гэртээ түрүүвчээ авахаар хамтран амьдрагч Б хамт ирсэн. Б машинтайгаа Б Ө тойрог дээр байдаг бензин клонкын үүдэнд үлдээд би ганцаараа гэрлүүгээ орсон. Намайг гэрээс гарах гэтэл Т чи тэрэнтэйгээ хамт ирсэн үү, алнаа гээд 2 хүүхдээ дагуулаад хутга аваад гарсан. Намайг зам дээр алхаж байтал араас дагаад байсан. Тэгээд D машиныг харангуутаа ардаас нь машинаараа хөөсөн. Тэр үед би намайг хүлээлгүй шууд зугтаарай гэтэл гүйцээд ирлээ би юу ч гэсэн уулзаадхий гээд утсаа салгасан. Би алхсаар байгаад -ийн буудал дээр ирэх үед автобусны буудал дээр бужигнаан болж байсан. Тэнд байсан хүмүүс энэ том биетэй залуу энэ залууг данхраадаар цохиод алах гэж байхад нь бид нар болиуллаа цагдаа дуудчихсан байгаа гэсэн. Намайг очиход Б толгой хэсэгтээ цохиулсан байдалтай хувцас нь цус болчихсон  хоолой нь улаан ором болчихсон байж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Т хэл амаараа доромжилсон. Намайг дайрах үед Т машин руугаа орж суусан бөгөөд би ардаас нь очоод машиных нь шилийг цууртал 2 удаа хүчтэй цохисон. Тэгээд Т яваад өгсөн. Би Т гар хүрээгүй гэжээ. /хх-н 30-32/

         Насанд хүрээгүй гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай ээж М манай машинд гоо сайхныхаа хэрэгсэлээ орхисон байснаа авахаар ирсэн. Тэгээд манайд ирчихээд утсаар ярьж байгаад гараад явсан. Аав дүү бид 3 араас нь дагаж гараад автобусны буудал хүргэж өгөх гэтэл гадаа бороо орж байсан ба ээж автобусны буудал руу алхаж байсан. Манай машины араас нэг машин дагаад байсан. Тэгснээ гэнэт алга болчихсон. Бид нар  колонкын хажууд иртэл араас дагаж  байсан машин зогсож байсан. Тэр машин манай ээжийг ирж авдаг байсан залуугийн машин байсныг таниад ард нь очоод зогстол нөгөө машин хөдөлсөн. Гэтэл аав ардаас нь дагаад 16-ын буудал дээр очсон. Тэгээд аав дүү бид 3 машинаасаа буугаад машиных нь хажууд очтол манай ээжтэй суусан эрэгтэй машинаасаа бууж ирээд манай аавтай заамдалцаад манай аавын нүүрлүү 2-3 удаа цохиод авсан. Аав мөн тэр хүнийг 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би машиндаа ороод жолоочийн хажуугийн сандалын доороос нэг цагаан саарал өнгийн түлхүүр багж аваад тэр ахын нуруу руу 2 удаа дараалуулаад цохисон. Нөгөө ах манай аавтай заамдалцаж байгаад унатал манай дүү барьж байсан эвхдэг зоонтгоороо нүүр лүү нь цохисон. Тэгж байтал ээж ирээд миний шинэ нөхрийг зодлоо гээд орилоод байхаар нь аав, дүү бид 3 машиндаа суугаад явчихсан. Манай ээжтэй хамт ажилладаг ээжийг гэрт хүргэж өгч байсан Б би өмнө нь харж байсан гэжээ. / хх-н 34-35/

         Шинжилгээ хийлгэх  шинжээч томилох  мөрдөгчийн тогтоол /хх-н 37/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9826 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

            1.Э.Т биед тархи доргилт, хүзүү, цээжинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  /хх-ийн 38/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 9778 тоот шинжилгээ/  Дүгнэлтэд:

            1.З.Б биед тархи доргилт, дух, зүүн бугалга, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Тархи доргилт, дух, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 39/

З.Б сээр нуруу, толгойн КТГ-д харуулсанбаримт / хх-н 40-41/

      Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт/хх-н 42-43/

          З.Б  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 110-111/

          Э.Т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 112-113/

     З.Б  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44-48/,

      Э.Т  эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 49-52/

    З.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 55/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 58-65/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-н 54/

    Э.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 67 / ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: /хх-н 66/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 69/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 70/, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-н 71/ зэрэг болно.          

          Э.Т нь  З.Б  2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагаас хойш утсаар маргалдаж байсан бөгөөд тэр өдөр салсан эхнэр П.М, хоёр хүүхдийн хамтаар салхинд гараад ирсэн, түүний машинд н.М өөрийн гоо сайханы хэрэгслээ орхисон орой гэрт нь авахаар болоод З.Б гадаа автобусны буудал дээр байж бай би ороод аваад гараад ирье гэж ороод салсан нэхэр Э.Т маргалдаж гэрээс гараад автобусны буудал руу явахад нь араас нь Э.Т хоёр хүүхдийн хамт  дагаж явж байгаад З.Б машинааар араас нь дагаж байгааг мэдээд хажууд нь очоод зогсох үед З.Б машинаа хөдөлгөөд 16-гийн автобусны буудал руу явахад араас нь дагаж очоод машиныг хааж зогсоогоод машинаасаа бууж хоорондоо маргалдан улмаар харилцан зодолдож бие биенийхээ биед хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай тогтоогдож байна. Э.Т эхнэр н.B гэр бүлтэй байхдаа өөр хүнтэй холбогдож гэрээсээ явсан бөгөөд энэ үеэс эхлэн З.Будтай байр түрээслэн хамтран амьдарч байсан. Э.Т, З.D нарын хооронд гэр бүлийн асуудлаас болж байнгын маргаантай болж өнөөдөр хүртэл уг маргаан арилаагүй үргэлжилж байснаас хоорондоо зодолдсон нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, тэдний дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        З.Б Э.Т зодуулсанаас  харуулахад гарсан 120.000 төгрөгийг нэхэмжилж байгааг Э.Т гаргуулж төлүүлэх нь зүйтэй. Өөрөөр эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтээгүй тул ямар нэгэн зардал гараагүй гэсэн болно.

        Э.Т машиныг түүний салсан эхнэр н.М эвдсэн тул түүний хохирлыг З.Б гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.   

      З.Б нь би Э.Т зодоогүй харин намайг хоёр хүүхдийнхээ хамт зодсон гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Т.А… манай  суусан эрэгтэй машинаасаа бууж ирээд манай аавтай заамдалцаад манай  нүүрлүү 2-3 удаа цохиод авсан. мөн тэр хүнийг 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би машиндаа ороод жолоочийн хажуугийн сандалын доороос нэг цагаан саарал өнгийн түлхүүр багж аваад тэр ахын нуруу руу 2 удаа дараалуулаад цохисон. Нөгөө ах манай  заамдалцаж байгаад унатал манай дүү барьж байсан эвхдэг зоонтгоороо нүүр лүү нь цохисон. Тэгж байтал ирээд миний шинэ нөхрийг зодлоо гээд орилоод байхаар нь аав, дүү бид 3 машиндаа суугаад явчихсан гэсэн мэдүүлгээр харилцан зодолдож, үүний улмаас Э.Т биед тархи доргилт, хүзүү, цээжинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт,  /хх-ийн 38/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Э.Т нь З.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байх тул шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тухайн зүйл хэсэгт заасан торгох  ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Иймд Э.Т, З.Б нарыг тус бүр  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.     

        З.Б, Э.Т нар нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.   

        Шүүх шүүгдэгч нарт  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Д  овогт З Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн, Ц овогт Э Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн,  гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар З.Б  500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Т  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 /дөрвөн  зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  З.Буд, Э.Т нар  нь торгох ялыг 1 /нэг/ сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан З.Б, Э.Т нар нь  торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. З.Б, Э.Т нар   нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Б, Э.Т нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, З.Б нь бусдад төлөх төлбөргүй   болохыг тус тус дурьдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар байрны   тоотод   оршин суух Э.Т 120.000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн  дугаар хорооны Сэлбийн  тоотод   оршин суудаг З.Б олгосугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж З.Б, Э.Т нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН