Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар  2024/ДШМ/330

 

 

  2024             3              14                                        2024/ДШМ/330         

                       

Ж.Гад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

яллагдагч Ж.Г, түүний өмгөөлөгч А.Энхтүвшин, Н.Нарантуяа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/138 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр эсэргүүцлээр Ж.Гад холбогдох эрүүгийн 2002003620173 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Г,

Яллагдагч Ж.Г нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Жгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ж.Гын шууд хяналтад үйл ажиллагаа явуулах “Скай профешнл ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Монсовтой 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, өөртөө болон Ж.Гад давуу байдал бий болгосон үйлдэлд “Скай профешнл ложистик” ХХК-ийн үйл ажиллагааг удирдан Д.Жгийн үйлдэлд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон,

мөн Ж.Г нь дээрх гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж “Скай профешнл ложистик” ХХК-ийн үйл ажиллагааны орлого болох 600.000 ам.долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор “Скай профешнл ложистик” ХХК-ийн Голомт банк дахь 1905119094 дугаарын данснаас Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод өөрийн үүсгэн байгуулсан “Ansu trading limited” компанийн “Emirates NBD Bank PJSC” банкны 1900211001022 дугаарын дансанд 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 500.000 ам.доллар, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 100.000 ам.доллар буюу нийт 600.000 ам.долларыг /1.578.924.000 төгрөг/ тус тус шилжүүлж,

дээрх 600.000 ам.долларыг “Ansu trading limited” компанийн данснаасаа мөн өөрийн үүсгэн байгуулсан Монгол Улс дахь “Жи ар ди реалти” ХХК-ийн Голомт банк дахь 1905131268 дугаарын дансанд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэн авч,

улмаар “Жи ар ди реалти” ХХК-ийн Голомт банк дахь 1905131268 дугаарын данснаас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Ё эс би” ХХК-ийн захирал Д.Бгийн Голомт банк дахь 2025109689 дугаарын дансанд шилжүүлж, мөн өдөр Д.Бтай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205011557 дугаартай Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 4 дүгээр хороолол, 6/4 тоот хаягт байрлалтай, 1495 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, 1618/0127 нэгж талбарын дугаартай 305 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг “Жи ар ди реалти” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн авч, мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгч Н.Нарантуяа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргажээ. Энэхүү прокурорын шийдвэрт гаргасан гомдлыг шалган хэрхэн шийдвэрлэсэн талаар Нийслэлийн прокурорын газрын прокурор А.Энхжаргал 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1842 дугаартай тогтоол гаргаж, түүнд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/3800 дугаартай албан бичгээр мэдэгджээ.

Ингээд өмгөөлөгч Н.Нарантуяагийн прокурорын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1842 дугаартай тогтоолд гаргасан гомдлыг шийдвэрлэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар гомдлыг хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн үндэслэлээр гомдлыг хэргийн хамт шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх хэсэгт заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллаагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. …” гэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Тодруулбал шүүх “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн үндэслэлээр гомдлыг хэргийн хамт шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.” гэж, 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчид мэдэгдэнэ.” гэж тус тус хуульчилсан байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчийн гомдол гаргах хуулийн хугацаа дуусаагүй тохиолдолд яллах дүгнэлт үйлдэхгүй, яллах дүгнэлт гаргуулахгүй байх талаар нарийвчлан зохицуулаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ.” гэж хуульчилжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Нийслэлийн прокуророос эрүүгийн 2002003620173 дугаартай хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 284А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийн хувийг Ж.Гад 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргуулсан бөгөөд түүний өмгөөлөгч Н.Нарантуяа Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан. Түүнээс гаргасан гомдлыг Улсын ерөнхий прокурорын газар хүлээн авч хянаад 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхэд шилжүүлэх талаар шийдвэр гаргаж, улмаар прокурор 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ж.Гад холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/138 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Яллагдагч Ж.Гын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, миний бие хэргийн материалтай танилцсан даруйдаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлтээ гаргасан. Үүнтэй холбогдуулан надад албан ёсны хариу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирсний дараа би гомдлоо гаргасан. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч Ж.Гын өмгөөлөгч А.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гомдол гаргагчид гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэл, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор дээд шатны прокурорын газарт гомдол гаргаж болохыг тайлбарлана.” гэж заасан. Энэ талаар анхан шатны шүүгчийн захирамжид тодорхой дурдсан. Уг эрхийг хэрэгжүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл юм. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзана уу” гэв.

Яллагдагч Ж.Г тус шүүх хуралаанд хэлэх тайлбаргүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Ж.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдэд холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 284А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн үндэслэлээр гомдлыг хэргийн хамт шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх хэсэгт заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллаагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол” үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ...” гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

            Хавтаст хэргийн материалд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/3800 дугаар “гомдлын хариу өгөх тухай” албан бичиг /13хх 164/, мөн өдрийн 1842 дугаар прокурорын “гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол /13хх 165-169/-д тус тус “шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй” талаар заажээ.

            Уг шийдвэрийн дагуу яллагдагчийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн Улсын ерөнхий прокурорын газарт гаргасан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23/237 дугаартай хүсэлтэд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4/16 дугаартай албан бичгээр “...эрүүгийн 2002003620173 дугаартай хэргийг хянаад яллах дүгнэлт үйлдэж, хувийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яллагдагч Ж.Гад гардуулан өгчээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг хэргийн хамт шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэхээр хүргүүлэв.” /13хх 181/ гэсэн үндэслэл заан буцаажээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлд хүсэлт, гомдол гаргах журмыг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурорын шийдвэрт энэ хуульд заасан хугацаанд гомдол гаргаж болно.” гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Хүсэлт, гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.” гэж

мөн хуулийн 15.4 дүгээр зүйлд хүсэлт шийдвэрлэх талаар хуульчилсан ба 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.” гэж тус тус заажээ.

2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/3800 дугаар “гомдлын хариу өгөх тухай” албан бичиг /13хх 164/, мөн өдрийн 1842 дугаар прокурорын “гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол /13хх 165-169/-д тус тус “шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргах эрхтэй” гэж зааснаас үзэхэд, гомдол гаргах хугацаа 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болохоор байна.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргах 3 хоног дуусаагүй байхад буюу гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх хугацаа дуусаагүй байхад яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчид гардуулсан, нэгэнт гардуулсны дараа ирсэн хүсэлт, гомдлыг хуульд зааснаар шилжүүлэх ёстой гэж үзсэн нь гомдол гаргах эрхийг нь зөрчсөн гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ.” гэж заажээ.

Дээрх заалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэх агуулгаар тусгагдаагүй бөгөөд яллах дүгнэлт гардуулснаас хойш тухайн хэрэгт ямар нэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, эсхүл тодорхой нэг ажиллагаа хийгдсэн бол хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн байх, тухайлбал оролцогчид хуульд заасан үндэслэлээр эрх эдлүүлэхээр заасан тухайн ажиллагааг зөрчилгүй явуулсны дараа хэрэглэх зохицуулалт гэж ойлгоно.

Харин дээрх заалтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэх нь хууль зөрчсөн үйлдэл болно.

Аливаа процессын хууль нь тухайн хуульд заасан ажиллагаа бүрийг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх шинж чанарыг агуулсан байдаг онцлогтой.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/138 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР