Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 114/ШШ2025/0037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунболор, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгчөөр Б.Э*******аг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С” ХХК /РД:/,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох  
Нэхэмжлэлийн шаардлага: “...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн индексийн 159/2024/0033/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
1.    Нэхэмжлэгч “С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан “...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж маргасан. 
2.    Хэргийн үйл баримтын тухайд: 
2.1.    Анх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар Алтанбулаг сумын Засаг даргын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж усалгаатай газар тариалан эрхлэх зорилгоор тус сумын га газрыг “С” ХХК-д газар тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсний дотор маргаж буй ,а газрууд багтсан байх бөгөөд 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг олгож, гэрээг байгуулсан байна. 
2.2.    Улмаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар дээрх газар тариалангийн газрын хэмжээ шинэчилсэн кадастрын зураглалаар өөрчлөгдсөн гэх үндэслэлээр дахин газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн ,дугаартай гэрчилгээг тус тус олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ. 
2.3.    “С” ХХК-ийг үр тарианы зориулалттай газрыг 2015 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй гэх үндэслэлээр хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжаар нэгж талбарын *******,******* /*******,*******49/ дугаартай дээрх хоёр газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 
2.4.    Үүнийг эс зөвшөөрч “С” ХХК хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргаж, хариу өгөөгүй тул 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
3.    Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжаар “С” ХХК-ийн эзэмшдэг ******* нэгж талбарын дугаар бүхий 30,5 га газар болон******* нэгж талбарын дугаар бүхий 12, газрыг эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосныг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 
3.1.    “С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн хажууд байрлалтай 30,, газруудыг үр тарианы усалгаатай тариалан зориулалтаар эзэмшдэг. Тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гардан авснаас хойш буюу 2015 оноос хойш тус сумын малчдын болон төрийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан манай компани өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй бөгөөд бидний хууль ёсны дагуу олж авсан эрх зөрчигдсөөр ирсэн.
Учир нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн Засаг даргаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн хажууд байрлалтай 30,, газрыг үр тарианы усалгаатай тариалан зориулалтаар эзэмшүүлэхгүй, малын бэлчээрээр ашиглана гэсэн хариулт өгсөөр өдийг хүрсэн. Түүнчлэн нутгийн малчид манай компанийн эзэмшлийн газарт малаа бэлчээж эхэлснээр бид өөрсдийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах талаар удаа дараа тэдэнд шаардлага тавьж, нутгийн малчидтай удаа дараа ойлголцох гэж оролдсон боловч үр дүнд хүрээгүй, үл ойлголцол үүссэн. Улмаар сумын малчид болон “С” ХХК-ийн хооронд зөрчилдөөн үүсэж манай компанийн ажилчид тус эзэмшлийн газарт очих бүрд нутгийн малчид байнгын зөрчилдөөн үүсгэх болсон. Манай компани өнгөрсөн жил өөрийн эзэмшлийн газар дээр тариалалт хийхээр техник, тоног төхөөрөмжөө авч очсон боловч нутгийн малчид техникийн замыг хааж, мод чулуу шидэн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөл байдал хүртэл үүсэж байсан. 
3.2.    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжаар “... газрыг 2015 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй тул ...” гэх үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “С” ХХК нь тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй нөхцөл шалтгааныг тогтоогоогүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг хэрэгжүүлэлгүй шийдвэрлэсэн байна. 
3.3.    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн хажууд байрлалтай 30,, газрын хууль ёсны эзэмшигч “С” ХХК-аас тайлбар, санал аваагүй, сонсох ажиллагаа огт явуулаагүй шийдвэрлэсэн.
3.4.    Мөн маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэл болгосон бөгөөд нэхэмжлэгчийн хувьд удаа дараа ямар зөрчил гаргасан  нь тодорхойгүй энэ талаар огт мэдэгдэж байгаагүй. 
3.5.    Шинжээчийн дүгнэлтээр газар дээр огт тариалалт хийгээгүй гэх дүгнэлтийг гаргахдаа бодит байдал дээр ямар байгааг очиж үзээгүй төдийгүй нэхэмжлэгчийн хувьд тариалалт хийсэн. Тариалангийн талбай гэдэг шууд тариалалт хийснээр түүнийг ашигласан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн хувьд уринш хийж байсан байдаг. Энэ нь тариалангийн төлөвлөгөө, тариалалтын мэдээ, тариалангийн түүх, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
3.6.    Жил бүр газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэх нь газар олгогч буюу хариуцагчийн үүрэг байхад огт гэрээг дүгнэж байгаагүй. Зөвхөн 2024 онд газар эзэмшүүлэх гэрээг дүгнэхдээ зөрүүтэй дүгнэлтийг гаргасан байдаг. 
Иймд “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 
4.    Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах******* нэгж талбарын дугаартай 12. газар, ******* нэгж талбарын дугаартай 30.5 га газрыг тус тус үр тарианы зориулалтаар Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/******* тоот захирамжийн дагуу 60 жилийн хугацаатай эзэмшсэн.
Анх сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар шийдвэрээр уг газруудыг үр тарианы зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж байсан. Мөн сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ******* дүгээр захирамжаар тус компанийн *******а газрыг шинэчилсэн кадастраар эзэмших эрхийг баталгаажуулсан.
4.1.    Тус “С” ХХК нь 2005 оноос одоог хүртэл Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж уг газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй.
4.2.    Алтан булаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 137 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж, хуулийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгож, уг тогтоолын хэрэгжилтийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнахыг даалгасан. 
4.3.    Үүний дараа 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01-159 дугаартай албан бичгийг “С” ХХК-д хүргүүлж, захиргааны шийдвэр гаргах процессын ажлыг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн. Сонсох ажиллагааг хэрэгжүүлэхдээ тус компанийн төлөөлөгчөөс тодруулга, тайлбарыг авсан. 
4.4.    Газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар тус гэрээг жил бүр дүгнэхээр заасны дагуу Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д зааснаар гэрээг дүгнэх, дүгнүүлэх асуудал нь дан ганц хариуцагчийн үүрэг биш юм. 
4.5.    Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газраа гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны тогтоолоор тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмшиж эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй. Тариалангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Атаршсан газарт гурван жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газар хамаарна”, 20 дугаар зүйлийн 20.2.2-т “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх” гэж тус тус заасны дагуу тариалангийн газрыг атаршуулахыг хориглох бөгөөд газраа хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сумын Засаг даргад мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдэж байсан зүйл байхгүй. 
Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 
5.    Иргэдийн төлөөлөгч Б.Э*******а шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Тариалалтын ажлын бодит нөхцөл байдалтай танилцахгүйгээр иргэдээс ирсэн саналыг үндэслээд захирамж гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Сонсох ажиллагаа зохион байгуулахдаа иргэд болон компанийг оролцуулах ёстой байсан. Удаа дараа албан шаардлага гаргаад байхад газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол гэрээг цуцлах нь зөв. Ер нь тухайн газартаа огт үйл ажиллагаа явуулаагүй гэж харагдахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв. 
ҮНДЭСЛЭХ нь:
1.    “С” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 
2.    Нэхэмжлэгчээс дээрх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... бодит байдал дээр газар дээрээ тариалалт хийхээр уриншилсан байсан, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан, хариуцагчаас шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүй, 2024 онд газар эзэмшүүлэх гэрээг дүгнэхдээ зөрүүтэй дүгнэсэн, нэхэмжлэгч газраа огт бол ашиглаагүй биш, мөн гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...анх газар эзэмших эрх үүссэн 2005 оноос хойш маргаж буй захирамж гарах хүртэлх хугацаанд газраа огт ашиглаагүй, газрыг атаршуулахыг хуулиар хориглодог, сонсох ажиллагааг явуулсан, газар эзэмшүүлэх гэрээг дүгнэх асуудал дан ганц хариуцагчийн үүрэг биш, 2024 онд газар эзэмшүүлэх гэрээг дүгнэхэд бодит газар дээр нь очих боломжгүй байсан тул нэхэмжлэгчийн хэлснээр газрын даамал бичилтийг хийсэн боловч, холбогдох эрх бүхий байгаль орчны байцаагч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул дүгнэлт хэсэгт нэмэлт хэсгийг бичсэн” хэмээн тус тус тайлбарлан маргасан. 
3.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5, 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх учиртай.
4.    Өөрөөр хэлбэл, хэргийн энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх, хариуцагчийн үйл ажиллагаа буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамж хуульд нийцсэн эсэх, донник, царгас цацсан, уриншилсан гэх нөхцөл байдлыг газраа зориулалтын дагуу эзэмшсэн гэж үзэх эсэх, нутгийн иргэд, малчдын эсэргүүцэлтэй тулгарсныг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох эсэх, хариуцагчийн мэдэгдэл хүргүүлснийг сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай юм. 
5.    Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн эсэх тухайд:
5.1.     Анх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дугаар захирамжаар Алтанбулаг сумын Засаг даргын 2004-2008 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж усалгаатай газар тариалан эрхлэх зорилгоор тус сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Хяраанд 367 га газрыг “С” ХХК-д газар тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсний дотор маргаж буй ,а газрууд багтсан байх бөгөөд 2005 оны 08 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээг олгож, гэрээг байгуулжээ. 
5.2.    Улмаар хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар дээрх газар тариалангийн газрын хэмжээ шинэчилсэн кадастрын зураглалаар өөрчлөгдсөн гэх үндэслэлээр дахин газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн , 000316105 дугаар гэрчилгээнүүдийг олгож, газар эзэмшүүлэх гэрээ /нийт газрын хэмжээгээр нэг гэрээ/-г байгуулжээ. 
5.3.    Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  олгоно”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаас олгосон дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдээр “С” ХХК нь нэгж талбарын *******,*******49 дугаартай нийт 42,56 га газрыг газар тариалангийн зориулалтаар 60 жилийн хугацаатайгаар эзэмших эрх хуулийн дагуу үүссэн байна. 
6.    Хариуцагчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх тухайд: 
6.1.    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-т заасныг тус тус үндэслээд тус сумын 3 дугаар багийн хажууд байрлалтай “С” ХХК-ийн үр тарианы зориулалттай газрыг 2015 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй хэмээн үзэж “С” ХХК-ийн эзэмшил 30,5 га, 12, газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. 
6.2.    Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус зааснаар сумын Засаг дарга эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй юм.  
6.3.    Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо түүнийг Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзсэн үндэслэлээ газар эзэмшигч газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгтэй холбон тайлбарлаж байгаа энэ тохиолдолд түүнийг гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн гэж үзэхгүй төдийгүй энэхүү шийдвэрийн Тодорхойлох хэсгийн 3.4-д дурдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар үндэслэлтэй боловч “С” ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй болох нь дараах байдлаар тогтоогдож байх тул хариуцагчийн үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж үзлээ. 
6.4.    Газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол хариуцагч уг эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй бөгөөд нэхэмжлэгчээс газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэдгээ “...донник, царгас цацаж, уриншилсан байдлаас үзвэл газраа зориулалтын дагуу огт эзэмшээгүй зүйл байхгүй” хэмээн тайлбарласан. 
6.5.    Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар “тариалангийн талбай” гэж тариалангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нэгж газрыг ойлгох бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасан зохицуулалтаар тариалангийн зориулалтаар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа элдэншүүлэгт оруулсан нийт талбайг тариалангийн газарт хамааруулж, уг газрыг тариалсан, уриншилсан, өнжөөсөн, атаршсан, тариалангийн талбайн эргэлт-ашиглалтын зурвас, тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас, тариалангийн үйлдвэрлэлтэй холбоотой бусад газар гэж тус тус ангилжээ. 
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д тус тус зааснаар газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбайг тариалсан газарт, чийг хуримтлуулах, хог ургамлаас цэвэрлэх зорилгоор механик болон химийн аргаар боловсруулж өнжөөсөн тариалангийн талбайг уриншсан газарт, хоёр жилийн хугацаанд тариалалт болон уринш хийгээгүй тариалангийн талбайг өнжөөсөн газарт, гурван жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газрыг атаршсан газарт тус тус хамаарахаар хуульчилснаас үзвэл тариалангийн зориулалтаар газар эзэмшигч тариалангийн талбай дээр таримал ургамлыг тарьж ургуулсан бол түүнийг зориулалтын дагуу газраа эзэмшсэн гэж үзэх төдийгүй тухайн газартаа тариалалт хийхгүйгээр уриншсан газрыг шууд зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэхээргүй байна. 
Учир нь дээрх хуулийн зохицуулалтаар чийг хуримтлуулах, хог ургамлаас цэвэрлэх зорилгоор механик болон химийн аргаар боловсруулалт хийж өнжөөсөн тариалангийн талбайг уриншилсан газарт хамааруулахдаа хугацааг тусгаагүй ч үүнийг өнжөөсөн газар, атаршсан газартай харьцуулахад буюу 1 жилийн хугацаанд хамааруулж үзэхээр байх төдийгүй энэ нь тариалалтын ургац, гарцыг нэмэгдүүлэх, хөрсийг хамгаалахтай холбоотой тул үүнийг зориулалтын дагуу газраа эзэмшиж, ашиглаж байгаад хамааруулан үзэх нь зүйтэй юм. 
6.6.    Нэхэмжлэгчээс газраа уриншилж ашигласан хэмээн нотлох баримтаар 2020-2025 онуудын тариалалтын төлөвлөгөөг ирүүлэхдээ маргаж буй газруудад таримлын нэрийг уринш /хими/, улаанбуудай хэмээн тусгасан ч  бодит тариалангийн талбай дээр ямар ч тариалалт хийгдээгүй, гэрч тус компанийн ажилтан Х.М*******гийн тайлбарлаж буйгаар агрономич нарын хөтөлдөг талбайн түүх гэх тэмдэглэлүүд нь огноогүй, хуудасны дугаарууд давхцсан, хэн гэдэг агрономич тэмдэглэсэн болох нь мэдэгдэхгүй, таримлын нэр, сорт тодорхойгүй, 2021 онд уринш, 2022 онд уринш, улаанбуудай тариалсан мэтээр тусгагдсан баримтуудыг үндэслэн хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. 
6.7.    Түүнчлэн “С” ХХК анх маргаж буй газруудыг 2005 оноос хойш эзэмшиж, шинэчилсэн кадастрын зураглалаар өөрчлөлт орсон гэх үндэслэлээр тухайн газрын эзэмших эрхийг 2015 онд дахин баталгаажуулж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий захиргааны акт гаргах хүртэлх 9 жилийн хугацаанд тариалалт хийгээгүй, нэхэмжлэгчийн хэлж буйгаар уринш хийсэн ч энэ нь дээрх хуулийн зохицуулалтаар 9 жилийн хугацаанд үргэлжлэн хийх боломжгүй, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д зааснаар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх үүрэгтэй байхад “С” ХХК хариуцагчид энэ талаарх мэдээг гаргаж өгөөгүй, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 дугаар албан бичгүүдээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хөдөө аж ахуйн тасагт тухайн газарт уринш хийсэн гэх мэдээг хүргүүлснээс өмнөх онуудад ийнхүү мэдээг хүргүүлж байгаагүй, Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын шинжээч нарын дүгнэлт, гэрч Х.М*******гийн донник, царгас цацсан бөгөөд энэ нь хөрсийг ялзмагжуулахад зориулдаг гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийг газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй юм. 
6.8.    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 371 дүгээр магадлалын Хянавал хэсгийн 4-д дурдсан тодруулах ажиллагааг шүүхээс хийж, энэ талаар шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 97, 98 дугаартай “газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт”-д газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж/ашиглаж буй эсэх хэсэгт “тийм”, гэрээний үүргийг биелүүлсэн эсэх талаар гаргасан дүгнэлтэд “биелүүлсэн” гэж бичсэнийг тухайн үед 3 дугаар сард цас их орсон байсан тул нэхэмжлэгч талаас асууж, тэдний хариулснаар газрын даамал бичсэн, харин байгаль орчны байцаагч тухайн газар дээр 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр очиж үзэхэд огт тариалалт хийгдээгүй, атаршсан хэлбэрт байсан учир гэрээний үүргийг биелүүлсэн эсэх талаар гаргасан дүгнэлт хэсэгт “сүүлийн хэдэн жил тариа тариагүй, зориулалтын дагуу ашиглаагүй” хэмээн тусгасан, газрын даамал болон байгаль орчны байцаагч нар ижил байр суурьтай байгаа” хэмээн тайлбарласан. 
Нэхэмжлэгчээс “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй” гэж, хариуцагчаас “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх, дүгнүүлэх нь дан ганц газар эзэмшүүлэгчийн үүрэг биш” гэж тус тус тайлбарлан маргасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээний 3.9-д “холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх”, 4.4-д “газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмшүүлэх гэрээг дүгнэх, дүгнүүлэх нь хэн алиных нь үүрэг, гэрээний талууд уг үүргээ зөрчсөн, ийнхүү 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг анх удаа дүгнэсэн, нэхэмжлэгч маргаан бүхий газруудыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд газар эзэмшүүлэх гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн 97, 98 дугаартай актад зөрүүтэй бичилт хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм. 
6.9.    Тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх тухайд нэхэмжлэгчээс “...нутгийн иргэд, малчдын эсэргүүцэл, зөрчилдөөнөөс шалтгаалж ашиглаж чадаагүй” хэмээн тайлбарласан бөгөөд тухайн маргаж буй газруудын ойр орчимд малчид өвөлждөг, хойд болон зүүн талаар “тариалан” баг болон гүн нүүр байрладаг, урд талаараа ойгоор хүрээлэгдсэн болох нь шүүхээс хийсэн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтэд хавсаргасан агаар сансрын зургаар тогтоогдож байна. 
Хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан “С” ХХК-ийн хариуцагчид хандан 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр гаргасан хүсэлт нь тухайн маргаж буй газартай холбогдуулан тусгайлан хүсэлт гаргаагүй боловч гэрч нарын мэдүүлгээр нутгийн иргэд, малчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан нөхцөл байдал тогтоогдсон ч уг асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад хүсэлт, гомдол, өргөдөл гаргаж шийдвэрлүүлж байгаагүйгээс үзвэл үүнийг дангаар нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйлс буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 
6.10.    Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 01/158, 01/159 дүгээр албан бичгээр “С” ХХК-д “...иймд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаж, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлж ажиллана уу. Дээрх заасан хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөлд ...газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.6, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгохыг үүгээр мэдэгдэж байна” хэмээн мэдэгдлийг хүргүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлийг хөтөлсөн байна. 
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд сонсох ажиллагааны талаар зохицуулсан бөгөөд уг хуулийн зорилго нь захиргааны байгууллага захиргааны акт чиглэж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зорилготой бөгөөд уг тайлбар, саналын агуулга, ач холбогдол, тэдгээрийг аваагүй нь захиргааны гаргасан шийдвэрт нөлөөлөхүйц байх тохиолдолд тухайн актыг хүчингүй болгох үндэслэл болно.
Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл нь гаргаж буй зөрчлөө арилгах талаар, мөн өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл нь нэхэмжлэгчид шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжит хугацааг олгоогүй, хариуцагчаас шүүх хуралдаанд тус компанийн захирлаас тайлбар авсан гэх боловч энэ талаар тусгаагүй зэргээс хариуцагч захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагааг явуулсан гэж үзэхгүй боловч “С” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн энэ тохиолдолд уг үндэслэлээр хариуцагчийн 2024 оны дүгээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй. 
7.    Нэхэмжлэгч “С” ХХК-ийн газар эзэмших эрх хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжийн улмаас зөрчигдөөгүй байна. 
8.    Иргэдийн төлөөлөгчөөс шүүхэд “...Тариалалтын ажлын бодит нөхцөл байдалтай танилцахгүйгээр иргэдээс ирсэн саналыг үндэслээд захирамж гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Сонсох ажиллагаа зохион байгуулахдаа иргэд болон компанийг оролцуулах ёстой байсан. Удаа дараа албан шаардлага гаргаад байхад газраа зориулалтын дагуу ашиглаагүй бол гэрээг цуцлах нь зөв. Ер нь тухайн газартаа огт үйл ажиллагаа явуулаагүй гэж харагдахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан ба дээрх хуульд заасан үндэслэлүүдийн хүрээнд түүний гаргасан дүгнэлтийг хүлээн аваагүй болно. 
Иймд “С” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.    Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад холбогдох “...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 
    

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ө.МӨНХ-ЭРДЭНЭ
                           ШҮҮГЧ                  Э.АЗБАЯР
    ШҮҮГЧ                                Б.АРИУНБОЛОР