Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 213/МА2021/016

 

Д.Бийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч  В.Цэцэнбилэг, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2021/00303 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч Д.Бийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эий давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн  өмгөөлөгч С.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Иргэн Дорж овогтой Б нь 1971 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. Одоо 50 настай 1 хүүхэдтэй сургуульд сураагүй. 1986 онд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд илгээлтээр гарсан. Иймд Д.Бийн Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад 1986 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтэй байгаа. Би бага наснаасаа буурал ээжтэйгээ өссөн, буурал ээжтэйгээ хамт мал маллаж, үнээ саадаг байсан. Буурал ээж минь бурхан болсны дараа малаа бог мал болгоод насаараа мал маллаж байна. Би сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бүрд ургийн овогт Д.Бийн 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Д.Э миний бие төрсөн эгч болох Д.Бийн тэтгэврийг тогтоолгохоор 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцон 1985-1989 онуудад Заг сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоолгохоор танай байгууллагад хандсан. Гэвч 6 дугаар сарын 03-ны өдөр шүүх хурлын тов гарч, Д.Бийг өөрийн биеэр хуралд оролцуул гэсэн. Ингээд Д.Б өөрийн биеэр хуралд оролцсон боловч тус онуудад ажилласан хугацааны жил огт өгөөгүй.

1. Архиваас гарсан баримтыг овог байхгүй гэж үзсэн.

2. Д.Б нь бага наснаасаа мал малласан бөгөөд одоог хүртэл малчнаар ажиллаж байна.

3. Мөн Д.Э миний нэрийг шүүхээс тогтоосон баримт дээр Д.Энх-Орших гэж тэмдэглэсэн байна.

4. Тус шийдвэрийг 221 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бидэнд хүлээлгэж өгсөн.

Иймд бид маш их гомдолтой байгаа тул тус хэргийг давж заалдах хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авч тус материалыг эргэн харж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хүсэлт гаргагчийн төлөөлөгч Д.Эий давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлээр  хязгаарлалгүй,  хэргийг бүхэлд  нь хянахад:

Хүсэлт гаргагч  Д.Б нь  1986 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Заг сумын “Давшилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох  хүсэлт гаргасныг  анхан шатны шүүх үйл баримтыг нотлох, нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй үндэслэлээр хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хүсэлтийн шаардлагад үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан, Д.Э гарын үсгээ зурсан 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр шүүгч иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай  захирамж гаргаж шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хийж, хэргийг шийдвэрлэсэн нь  хүсэлт гаргагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа нотлох, нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөх  хуулийн боломжит хугацаа  өнгөрсөн байх бөгөөд энэ хугацаанд  ажиллаж байсан байдлыг нь нотлох,  бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу хүсэлт гаргагч болон төлөөлөгч хүсэлтийн шаардлагаа шүүхэд нотолж чадаагүйгээс түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийдвэр  хуулийн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  76 дугаар зүйлийн 76.1-д заасан бэлтгэл ажиллагааг явуулахдаа  76.1.1-д заасан зохицуулалтуудаас “ хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн” гэсэн зохицуулалтыг шүүгч иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамждаа зааж хэрэглэсэн нь хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “... шүүгч хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу энэ хугацаа дуусаж байгаа тохиолдолд  “энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан” гэх зохицуулалтыг  сонгон хэрэглэх байсныг анхаараагүй байгаа хэдий ч энэ нь  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд нөлөөгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2021/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “анхан шатны шүүхэд нотлох баримтаа гарган өгч, гэрчийн мэдүүлэг өгүүлсэн тул нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах”-ыг хүссэн  гомдол, тайлбарыг хангах боломжгүй буюу гэрчийн мэдүүлэг дангаараа шууд нотлох баримт болохгүй бөгөөд хэрэгт  нэхэмжлэлийн шаардлагыг нотлох бичмэл нотлох баримт авагдаагүй байна.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах  гомдол үндэслэлгүй байх  тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200 төгрөгийг хуульд заасны дагуу  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 131/ШШ2021/00303 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Бийн төлөөлөгч Д.Эий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэниpй хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч Д.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хүсэлт гаргагч, төлөөлөгч түүний өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

В.ЦЭЦЭНБИЛЭГ