Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/41

 

 

 

 

 

      

 

 

      2023            12           15                                       2023/ДШМ/41

 

 

 

Б.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор: Б.Дашням,

Шүүгдэгч: Б.Г ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Эрдэнэчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Г ийн давж заалдсан гомдлыг үндэслэн, Б.Г холбогдох 2319000000204 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

А овогт Б.Г , *тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Г  нь бусдын өмчлөлийн 40 тонны контейнерыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Ч.Э хуурч 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Ц Хаан банкны 5376231081 дугаартай дансыг ашиглан 3,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан. Мөн Сайншанд сумын 7 дугаар баг Замчин гудамжны 4-7 тоотод байрлах Б.Э өмчлөлийн 40 тонны контейнерыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Д.М хуурч 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Д.Д эзэмшлийн Хаан банкны 5745038248 дугаартай дансыг ашиглан 300,000 төгрөг, Б.Ц Хаан банкны 5376231081 дугаартай дансыг ашиглан 3,400,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Б.Г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Г оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ээс 2.850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Эрдэнэсугарт, 2.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М тус тус олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Э.Э нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч Б.Г  давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Б.Г  би ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2023 оны 03 сараас 09 сар хүртэл Газрын тосны үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байх хугацааны цалинг огт өгөөгүй байгаа. Газрын тосны үйлдвэрээс миний цалинг 2023 оны 11 сарын 20-ны өдрийн дотор олгоно гэсэн. Би хөдөө хаана ажил гарна тэнд очиж ажил хийж амьдралаа залгуулдаг.... Хохирлоо барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. “Айл баян” уурхайд ажилд орохоор өргөдөл өгсөн юм. Тэгээд намайг ажилд авна гэсэн. Цалин мөнгө нь гайгүй 1,900,000 төгрөг гэсэн гар дээрээ 1,600,000 төгрөг авна гэсэн. Тэгээд үйлчлэгчээр ажилд орохоор тэнцсэн. ...Миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Ганцэцэг нь одоогоор 2 хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байгаа. Анхан шатны шүүх хурлаас өмнө хохирогчийн төлбөрийг өөрийн боломжоороо ...барагдуулсан байсан боловч хохирол төлбөр бүрэн төлж барагдуулаагүй байсан. Давж заалдах шатны шүүх хурлаас өмнө хохирогч Э хохирлыг бүрэн төлж барагдуулсан. 3,850,000 төгрөгийг төлсөн. Хохирогч М 2,700,000 төгрөгийг төлөхөөр байснаас 2,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 700,000 төгрөгийн 2024 оны 01 дүгээр сардаа багтааж төлөхөөр хохирогчтой тохиролцсон. Хоёр хүүхдээ тэжээх гээд цалин хөлс боломжийн газар ажилд орох гээд байгаа. Энэ байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг нь дэмжиж байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг өгснөөр Сайншандаас гарах боломжгүй учраас өмнө бас энэ хүн газрын тосонд ажилладаг хүн Сайншандаас гарч ажилладаг байсан. Тийм учраас ажиллах боломжоор хангаж, торгох ялаар сольж өгөөч гэж хүсэж байна. Торгох ялын санал дээр өмгөөлөгчийн зүгээс хэлэхэд 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхээс хүсэж байна” гэв.

7. Прокурор Б.Дашням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хохирол төлбөр төллөө гээд түүний хийсэн үйлдлийг үгүй болгох боломжгүй. ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүнийг нийгэмшүүлэх дахин гэмт хэрэг хийхээс цээрлүүлэх гол үүрэгтэй Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйл болон 6.1 дүгээр зүйлд зааснаар. Одоо “Айл баян” уурхайд орох гэж байгаа боловч хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажилд томилсон тушаал байхгүй байна. Торгох ял нь өөрөө Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бол хөрөнгө цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг оногдуулах ёстой. Тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгч зорчих эрхийг хязгаарлах ялыг дэмжсэн. Эрүүгийн хариуцлага тухайн хүний гэм хэрэг үйлдсэн шинж чанарт тохирсон байх ёстой. ... Өөр хөдөө сум, орон нутагт ажилд орох гэж байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлүүдэд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг түр болон байнга өөрчлөх зохицуулалтыг хэрэглэх боломжтой. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г ийн давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/176 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

1. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч Б.Г  нь бусдын өмчлөлийн 40 тонны контейнерыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Ч.Э хуурч 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Б.Ц ХААН банкны дансаар 3,500,000 төгрөгийг нь шилжүүлэн авсан, мөн Сайншанд сумын 7 дугаар баг, Замчин гудамжны 4-7 тоотод байрлах Б.Э өмчлөлийн 40 тоннын контейнерыг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Д.М хуурч 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Д.Д эзэмшлийн ХААН банкны дансыг ашиглан 300,000 төгрөг, Б.Ц ХААН банкны дансыг ашиглан 3,400,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөгийг Д.М шилжүүлэн авсан тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17,3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

2. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгч Б.Г ээс эс зөвшөөрч “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн байдал болон хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Г ийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь хохирогч Д.М /хх 63-66/, Ч.Э /хх 12-14/, Э.Э /хх 13-14/, нарын болон гэрч П.Э /хх 18/, Б.Цэцэгсүрэн /хх 1920/ нарын мэдүүлгүүд, мөнгө шилжүүлж авсан Б.Ц /хх 80-83/, Д.Д /хх 85-106/ нарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр  тус тус тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.

4. Шүүгдэгч Б.Г ийн өөрт байхгүй, бусдын өмчлөлийн 40 тоннын контейнерыг өөрийн өмчлөлийн зүйл гэж бусдыг хуурч, мөнгөн хөрөнгийг нь шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, эсхүл ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө ...шилжүүлэн авсан бол” гэх шинжид нийцсэн.

5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

6. Харин шүүгдэгч Б.Г  анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа ба үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа байдал, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх хугацаанд хохирогч Ч.Э учруулсан 3,500,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч Д.М учирсан 2,700,000 төгрөгийн хохирлоос 2,000,000 төгрөгийг төлж, үлдэх 700,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар хохирогчтой тохирсон буюу хохирогч нарын хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлыг төлж барагдуулахаар хохирогчтой хугацааны хувьд тохирсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял”-аас сонгож 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэм бурууд нь тохирох буюу шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн,  энэ үндэслэлээр шүүгдэгчээс гаргасан давж заалдсан гомдлыг хангаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/177 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ийг 1,500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилж,

5 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж нэмж, 5, 6, 7, 8 дугаар заалтыг 6, 7, 8, 9 гэж дугаарлан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г ийн давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                  А.САЙНТӨГС