Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2020/1183/И |
Дугаар | 213/МА2021/00017 |
Огноо | 2021-07-27 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 213/МА2021/00017
А.Бийн нэхэмжлэлтэй
Д.Од холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2021/00234 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч А.Б
Хариуцагч Д.Од холбогдох
Автомашинд хохирол учруулснаас үүссэн гэм хорын хохирол 5.886.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.
Нэхэмжлэгч А.Бээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А.Б би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн ТОҮОТА PRIUS 20 маркийн 0375 БНА улсын дугаартай автомашинаар Баянхонгор аймгийн төвд байрлах гэр рүүгээ явах замд нөгөө машинаас Д.О гэх залуу орж ирж миний машинд хамт сууж явсан. Д.О гэдэг залуу миний машиныг бариад 50км яваад урьд явж байгаа машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийж байгаад жолоо алдаж машиныг маань унагааж машины гадна болон дотор талд нэлээдгүй гэмтэл учирсан. Тухайн үед Д.О миний буруу би машинд чинь учруулсан бүх хохирлоо төлнө гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөөгүй юм. Өвөрхангай аймгийн төв рүү орж аймгийн Цагдаагийн газар нь очиж тухайн мэдээлэл болон гомдлын талаар авто замын цагдаа Батцэрэн гэх хүнд хэлтэл Д.Од хандаж энэ хүний машинд нь учруулсан хохирлоо барагдуулаарай гээд бид нарыг явуулсан.
Ингээд миний бие Баянхонгор аймагт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирээд, ирсэн өдрөөс хойш Д.Огоос машинд учруулсан хохирлоо төлөхийг удаа дараа шаардсан болов ч одоог хүртэл миний хохирол гомдлыг барагдуулахгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Д.Огоос нийт 5.886.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Огоос шүүхэд гаргасан тайлбартаа:
2020 оны 10 дугаар сард А.Бтэй хамт Баянхонгор аймаг явж байсан юм. А.Б нь жаахан үүрэглээд, ядраад байна гээд байсан ба миний дүү машин бариад жаахан яваадхаач ээ гэж надаас гуйсан. Би машиныг нь жолоодож яваад замын хажуу руу ойчсон юм. Хүн гэмтэж бэртээгүй машины салхины шил, урд копуд, 1 толь, борооны хаалт зэрэг нь эвдэрсэн байсан. Харин машиныг босгохдоо хүмүүс хүчтэй түлхэж хаалгыг нь бага зэрэг цөмөлсөн байсан. А.Бийн машин 03-75БНА бол салхины шил, копут, борооны хаалт, хаалга эвдрэлтэй байсан. Өөрөөр хэлбэл А.Б өөрийн машинаа хөлөөр нь явж аймагруу орж ирсэн. Буцаад үнэлгээ хийлгэхээр Өвөрхангай аймаг явсан. Буцаад аймагт ирсэн юм. Тийм машин кришик, шатун, кузов эвдэрсэн байх боломжгүй юм. Тийм эвдрэлтэй бол унасан газраасаа ч хөдлөхгүй юм. Үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Учир нь өөр машины үнэлгээ юм. А.Бийн машины эвдрэлийг засах сэлбэгийн зах зээлийн ханш 1.200.000 төгрөгөнд бүрэн багтана.
Нэхэмжлэгч А.Б анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Тухайн өдөр машин унасны дараа миний бие сандраад өөрийн охин Уранчимэгрүү утсаар ярьж машинаа хүнээр унуулж яваад унагачихлаа одоо яах уу гэхэд охин маань хүн амьтнаас асууя гээд хэлсэн. Иргээд надруу яриад харъяалах газрын замын цагдаад үзүүл гэсэн. Тухайн үед машинд салхины шил хагарсан, копут цөмөрсөн, борооны хаалт урд хаалтууд эвдэрсэн, зүүн хойд, зүүн урд хаалганууд цөмөрсөн, зүүн толь хагарсан, дээд бардаак цөмөрсөн, баруун хойд талын хаалганы дээд талын рам цөмөрсөн гэх зэрэг үнэлгээнд заагдсан гэмтлүүд машинд учирсан байсан. Харин машины мотор машин унаснаас хойш дугараад яваад байсан. Ингээд миний бие автомашиндаа учирсан гэмтэлд үнэлгээ гаргуулсан. Үнэлгээчин эдгээр гэмтлүүдийг өөрийн нүдээр харж үзээд үнэлгээ гаргасан. Үнэлгээ гаргасны дараа Д.О үнэлгээг харсан, замын цагдаагийн дэргэд хүртэл үнэлээг хүлээн зөвшөөрч 2 хувааж төлнө гэж байсан. Д.О хүлээн зөвшөөрсөн болохоор Өвөрхангай аймгийн замын цагдаа Батцэрэн нь Од арга хэмжээ авалгүйгээр түүнийг надад учруулсан хохирлыг бүрэн төлөөрэй гээд түүнд итгээд явуулсан. Гэтэл Д.О нь Баянхонгор аймагт ирэнгүүтээ надаас зугтаад сураг чимээгүй алга болсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Үнэлгээний зарим хэсгийг буюу кузов бүрэн солих, шатуун солих, ажлын хөлс зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Осол гаргасан гэм буруугаа ойлгож байна. Өвөрхангай аймагт үнэлгээ гаргахад Д.О нь биечлэн очоогүй. Нэхэмжлэгч өөрөө яваад үнэлгээ гаргуулсан байсан. Машиныг манай нөхөр өөрөө барьж явъя гэж гуйгаагүй гэсэн. Нэхэмжлэгч өөрөө нойр хүрээд ядраад байна гэж машинаа бариулчихаад эцэст нь ийм зүйл болсонд гомдолтой байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Огоос бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол 4.286.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.126 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Огоос улсын тэмдэгтийн хураамжид 83.526 төгрөг гаргуулж А.Бт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Шүүх А.Бийн нэхэмжлэлийг хамгаалж, түүний өөр машин дээр үнэлгээ хийлгэж сүүлд нь өөрийн машины дугаараар засч өөрчлүүлсэн үнэлгээг үндэс болгож шийдэж Д.О буюу манай нөхрөөс 4.286.000 төгрөг гаргуулж шийдсэнд гомдолтой байна.
А.Б нь өөрөө спиртны харшил хөдлөөд байна, машин бариад яваад өгөөч гэж гуйж машинаа бариулчихаад, тэр үед цагдаа даатгал дуудья гэхэд эсэргүүцэж дуудлага өгүүлээгүй шууд Баянхонгор руу ирсэн байсан. Өвөрхангайд Д.Ог байлцуулахгүйгээр хийлгэсэн үнэлгээний кузов засварын үнэлгээг 2.500.000 төгрөг гэж үнэлгээнд нь бичсэн байсан ба шүүх үүний 1.250.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Гэвч бодит байдал дээр тэр машины жолооч талын урд дээвэр хэсэгт бага зэрэг хонхойж орсон байснаас өөр гэмтэлгүй юм. Үүнийг 1.250.000 төгрөгөөр засна гэж хаана ч байхгүй өндөр үнэ тогтоосон.
Мөн эд анги солиулах зардал 500.000 төгрөг гэж бичсэн байсан. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь автомашины эд ангийг худалдаж авсан газар нь өөрөө үнэгүй сольж өгдөг жишиг хөдөө, хотгүй тогтсон байгаа болно. Өмнө гаргах зардал 750.000 төгрөг гэж бичигдсэн байсан. Автомашины өнгө будаг гарахад автомашиныхаа банкны тагны өнгийг өгч үнэгүй төлбөргүй өнгөө гаргуулж, будагаа худалдаж авдаг. Мотор задлаж засварлах гэж бичсэн хэсэгт 350.000 төгрөг гэж бичсэн байсан. Энэ машин унасаныхаа дараа босгож Өвөрхангай аймгаас Баянхонгор, Баянхонгор аймгаас Өвөрхангай, ахин Өвөрхангай аймгаас Баянхонгор явж ирсэн энэ 640 гаруй км зам туулсан машинд мотор засварлах шаардлага байгаагүй.
Шүүх шийдвэрлэхдээ Д.Ог хууль бусаар бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж үзээд байгаад гомдолтой байна. Тухайн үед ямар ч хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргаагүй болно. Өөрийнх нь зөвшөөрөл, гуйлтаар машиныг нь барьж явсан, хурд хэтрүүлээгүй, замын хөдөлгөөний тухай хууль, дүрэм зөрчөөгүй. Мөн тэрхүү 03-75 БНА Тоуоta prius автомашин нь Номгон буурал банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй автомашин байсан. Тийм учир энэ асуудалд жинхэнэ нэхэмжлэгч нь Номгон буурал банк бус санхүүгийн байгууллага болох бөгөөд жинхэнэ хариуцах этгээд нь А.Б байх учиртай.
Ийм учир энэ шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Д.Од холбогдуулж автомашинд хохирол учруулснаас үүссэн гэм хорын хохирол 5.886.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх хариуцагч Д.Огоос бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол 4.286.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.Бийн хүсэлтээр Өвөрхангай аймгийн Хөрөнгийн үнэлгээ төслийн ******* ХХК-ийн салбарын үнэлгээчин Д.Оюундарь тухайн автомашины хохирлын үнэлгээг гаргасан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа Өвөрхангай аймагт үнэлгээ гаргахад Д.О нь биечлэн очоогүй. Нэхэмжлэгч өөрөө яваад үнэлгээ гаргуулсан байсан, бид мэдээгүй гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар “…хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилж, үзлэг, таньж олуулах шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийг оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж…” заасан байхад зөвхөн нэхэмжлэгчийн бүрдүүлсэн үнэлгээг үндэслэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох оролцоог хангаагүй байна. Тухайлбал машины үнэлгээг гаргахад хариуцагч Д.Ог оролцуулаагүй, ямар машинд үнэлгээг хийсэн нь тодорхойгүй сүүлд нь машины улсын дугаарыг андуурсан байна гэж залруулсан тухай бичиг ирүүлсэн зэргээс дүгнэлт хийхэд шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч А.Бийн Өвөрхангай аймагт хийлгэсэн үнэлгээг хариуцагч Д.О нь хүлээн зөвшөөрөхгүй, энэ үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж байгаа нөхцөлд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачлагаар шинжээч томилж нэхэмжлэгч, хариуцагч талд танилцуулан тухайн эвдэрсэн машинд учирсан хохирлын үнэлгээг гаргуулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ. Мөн тухайн засвар хийсэн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь хэний эзэмшилд болон өмчлөлд байгааг тогтоож шийдэрлэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болно.
Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Д.Огоос давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.526 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Д.Од олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2021/00234 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Д.Огоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.526 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Д.Од олгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Б.БОЛОР-ЭРДЭНЭ