Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/42

 

 

 

 

 

 

      

 

 

      2023            12           15                                       2023/ДШМ/42

 

 

 

Ц.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

 

Прокурор: Э.Болор,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дээд шатны прокурор буюу Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишигийн эсэргүүцлийг үндэслэн, Ц.М холбогдох 2319000530254 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

С овогт Ц.М , *тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас гавьяа шагналгүй, урьд Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн No64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 80,000 /ная/ мянга төгрөгөөр торгох ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн No252 дугаартай шийтгэх тогтоолоор буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Г” ХХК-ийн өмчлөлийн зүйл болох 206 ширхэг панеран модон хэв, 170 ширхэг модон хэвийн түгжээ зэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түр хугацаанд хэрэглээд эргүүлж өгнө гэж хэлж өөртөө шилжүүлэн авч бусдад 7,705,500 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс шүүгдэгч Ц.М холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Ц.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.М оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,



Иргэний хуулийн 497.1, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.М 6.618.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Г” ХХК-д олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

5. Дээд шатны прокурор Ц.Алдархишиг эсэргүүцэлдээ: “5.1. ...Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” ба 90 хоногоос багагүй буюу 3 жил хүртэл хугацаагаар торгох ял биелүүлэх хугацаа болон төлөх хэмжээг хэсэгчлэн тогтоох гэсэн агуулгаар ойлгож хэрэглэх талаар шүүхийн практик тогтсон байна.

5.2. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чанд сахина” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” зохицуулалттай, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн заалтыг зөрчсөнөөс гадна шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ямар үндэслэлээр 500 нэгж буюу 500,000 төгрөгийг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тайлбарлаж бичээгүй байна.

5.3. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг илүү нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзэх үндэслэлтэй юм. Иймд шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

6. Прокурор Э.Болор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурор Ц.Алдархишигийн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишигийн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

 

            1. Анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч Ц.М нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн ажиллаж байсан “Г” ХХК-ны өмчлөлийн зүйл болох 206 ширхэг панеран модон хэв, 170 ширхэг модон хэвийн түгжээ зэргийг түр хэрэглээд өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөртөө шилжүүлэн авч бусдад өгснөөс болж 7,705,500 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан тул шүүгдэгч Ц.М анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

            2. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дорноговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Алдархишигээс эс зөвшөөрч “ ...шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ялыг биелүүлэх доод хугацааг илүү нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзэх үндэслэлтэй тул ... тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн.

 

            3. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч Ц.М үйлдсэн залилах гэмт хэргийн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан хохирогч “Г” ХХК-ийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол,  эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-12/, гэрч З.А /хх28/, С.М /32-33/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх36-39/ зэргээр тогтоогдсон байна.

 

            Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.

 

            4. Шүүгдэгч Ц.М “Г” ХХК-нд ажилладаг нөхцөл байдлаа ашиглан компаний 7,705,500 төгрөгийн эд хөрөнгийг түр хэрэглээд өгнө гэж хуурч авч компанийн үйл ажиллагаанд хэрэглэдэг панеран модон хэв, модон хэвийн түгжээ зэргийг бусдад шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хуурч, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол” гэсэн шинжид нийцсэн байна. 

 

            5. Шүүгдэгч Ц.М холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгч “Г” ХХК-д учруулсан 7,705,500 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүсчээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг прокурор гаргасныг хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн.  

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн,  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

            7. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.М оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

 

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн нь хуульд торгох ялыг хэсэгчлэн төлөх дээд хязгаарын хугацааг тогтоосон гэж ойлгох ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “...90 хоногийн дотор” хэсэгчлэн төлөх хугацааг зааж өгсөн нь  торгох ялыг хэсэгчлэн төлөх хамгийн бага, богино хугацааны хуулийн нарийвчилсан зохицуулалт гэж үзэх юм.

 

            8. Иймээс энэ үндэслэлээр прокуророос гаргасан эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/185 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “... 1 сарын...” гэснийг “3 сарын” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Алдархишигийн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

 

                                              ШҮҮГЧИД                                   Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                                                  А.САЙНТӨГС