2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/05125

 

 

 

 

    2025              06             13                                       192/ШШ2025/05125

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *****-ад холбогдох

 

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: **** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ******* тоот захирамжаар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн 32 дугаар хороо, Туул гудамж-12, 10в тоот хаягт байрлах 683 м.кв газрыг эзэмших болсон билээ. Гэтэл ******* нь кадастрын хэмжилтээс давуулан миний эзэмшлийн газар руу оруулан хашаагаа татаж, машин техник байршуулсан бөгөөд түүнд удаа дараа шаардлага тавьсан ч газрыг минь чөлөөлөөгүй. Ийнхүү ******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр газар албадан чөлөөлүүлэх тухай гомдлыг ******* дүүргийн Засаг даргад гомдол гаргахад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 20/1505 хариу мэдэгдлээр “...Газрын тухай хуулийн 57.3 дахь хэсгийг зөрчин хашаа сунгасан байх тул газар чөлөөлүүлэх тухай хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн болно” гэх хариуг ирүүлсэн. Гэсэн хэдий ч хариуцагч одоог хүртэл газрыг чөлөөлөөгүй байна. Иймд *******гийн газрын давхацсан хэсгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү. Нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн ******* дүүргийн 32 дугаар хороо, Туулын гудамж-12, 10в тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүхий 683 м.кв талбайтай газрын хойд хэсгээр 9.64 метр, урд хэсгээр 8.98 метр нийт 333 м.кв давхцалтай байна. Иймд хариуцагч *******ын манай эзэмшлийн газар болох нийт 333 метр газарт давхцуулан хашаа барьсан байх тул тус 333 м.кв газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү. Шинжээчийн дүгнэлт болон газрын албанаас ирүүлсэн албан шаардлагуудаар газар нь давхцалтай байгаа болох нь тогтоогдож байдаг. Ийм учраас хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр над дээр гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний нэр дээр байгаа уг газар иргэн *******гийн газар эзэмшихээс өмнө уг хашаа өнөөдрийн байгаа байдлаараа байж ашиглагдаж, миний эзэмшилд байсан. Дэлгэрэнгүй нэмэлт тайлбарыг шүүх хурал дээр гаргаж өгнө гэжээ.  

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл болон тодруулсан шаардлага/ХХ 1-2, 35 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 3 тал/, итгэмжлэл/ХХ 5 тал/, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зураг/ХХ 5-6 тал/, нэгж талбарын хил заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэж өгсөн тухай акт/хх 8 тал/, ******* дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 20/1505, 20/1504 дугаартай албан бичгүүдийн хуулбар/ХХ 9, 14 тал/, 20222 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20/2209 дугаартай албан бичгийн хуулбар/ХХ 10 тал/, “Хүрэл лэнд нэйшнл” ХХК-ийн Геодезийн хэмжилт хийсэн дүгнэлт/ХХ 11-13/, Нийслэлийн ******* дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны иргэн *******ад 2023 оны 10 дүгээр сарын 08-ны өдрийн 20/1504 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг/ХХ 14 тал/, гэрэл зургийн үзүүлэлт/ХХ 37 тал/ зэргийг

 

Хариуцагч талаас: Иргэний үнэмлэхийн лавлагаа/ХХ16 тал/, хариу тайлбар/ХХ 21 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0072 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ/ХХ 26 тал/, итгэмжлэл/ХХ 27, 38, 162 тал/ зэргийг

 

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийслэлийн ******* дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас Дүүргийн Засаг даргын 2014 оны А/214 дүгээр захирамжийн Ц.Нацагдорж, 2020 оны А/240 дүгээр захирамжийн ******* нарт холбогдох хэсгийг хувийн хэрэгт авагдсан баримтууд/ХХ 54-85 тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18/939 дугаар албан бичиг, хавсралтууд болох *******ад холбогдох хэсгийн хувийн хэрэгт авагдсан 000099994 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн № 01116-2020/07250 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, бүртгэл-хяналтын картын маягт, үйлчилгээний бүртгэлийн хуудас, Д.Заяадбадрахын гаргасан өргөдөл, Ц.Нацагдоржийн гаргасан өргөдөл, ******* дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 5/828 дугаартай албан бичиг, шилжүүлгийн баримт, 000520484 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, бүртгэл, шилжүүлгийн баримт, кадастрын зураг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн № 20 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны гэрээ, ******* дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/214 дугаартай Газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамж, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ/ХХ 95-122 тал/,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “Топсүрвэй” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 25/011 дугаартай шинжээчийн дүгнэлт, хуулийн этгээдийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ/ХХ 144-158 тал/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ад холбогдуулан  Нийслэлийн ******* дүүргийн 32 дугаар хороо, Туулын 12 дугаар гудамжны 10в тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 683 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай, эзэмших эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж эзэмшлийн талбайгаас 333 м.кв талбай бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр тодруулсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлж, хэрэгт авагдсан хариу тайлбар болон бусад нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч тал ******* дүүргийн 32 дугаар хороо, Туулын 12 дугаар гудамжны 10в тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын улсын бүртгэлийн ******* дугаартай, 683 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газрыг ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ******* тоот захирамжаар дугаартай иргэний газар эзэмших гэрчилгээний дагуу 15 жилийн хугацаатай эзэмшдэг.

Гэтэл хариуцагч ******* нь кадастрын хэмжилтээс давуулан нэхэмжлэгчийн эзэмшлийн газар руу оруулан хашаагаа татаж, машин техник, контейнер зэргийг байршуулсан, нэхэмжлэгчийн эзэмшил газрын хойд хэсгээр 9.64 метр, урд хэсгээр 8.98 метр нийт 336,39 м.кв талбайг машин техник, 3 ширхэг 20 тоннийн контейнер, хашаа хаалга зэргийг байршуулсан тул хамт чөлөөлүүлэх үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь *******г уг газрыг эзэмшихээс өмнө уг хашаа өнөөдрийн байгаа байдлаараа байж ашиглагдаж, миний эзэмшилд байсан тул зөвшөөрөхгүй, эрхээ өөр этгээдэд шилжүүлсэн гэж маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий маргаан бүхий газрыг ******* дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот захирамжаар дугаартай иргэний газар эзэмших гэрчилгээний дагуу 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу эзэмшилд авсан.

Хариуцагч ******* нь Нийслэлийн ******* дүүргийн 32 дугаар хороо, Туулын 12 дугаар гудамжны 11б тоот хаягт байршилтай, нэгж талбарын 1801603164 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-2201015766 дугаартай, 700 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газрын эзэмшигчээр ******* дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/240 тоот захирамжаар 000099994 дугаартай иргэний газар эзэмших гэрчилгээний дагуу 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу эзэмшилд авсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу өөр этгээдэд эрх шилжээгүй болох нь тогтоогдохын зэрэгцээ нэхэмжлэгчийн газар дээр хариуцагчийн эзэмшлийн 1 тал хашааны тал, блокон хашаа, гүйдэг хаалга, машин техник, 3 ширхэг 20 тонн контейнер зэргийг байрлуулан эзэмшиж ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогддог./хх 4, 31 тал/

Зохигчдын маргаж буй эзэмшлийн газрууд газрын кадастрын зургаас зөрүүтэй байдлаар хашаалсан байдалтай нэхэмжлэгчийн газраас зарим хэсгийг хариуцагч тал эзэмшиж байгаа боловч эрх бүхий байгууллагаас уг газруудыг кадастр давхардуулан болон нэгж талбарыг давхцуулан олгоогүй болох нь тогтоогддог.

Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагаас ирүүлсэн кадастрын муж тогтоосон зураглал, талуудын гаргасан тайлбар, “Хүрэл лэнд нэйшнл” ХХК-ийн Геодезийн хэмжилт хийсэн дүгнэлт, шинжээч “Топсүрвэй” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 25/011 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулж үзэхэд хариуцагч *******ын эзэмшлийн нэгж талбарын 1801603164 дугаар бүхий 700 м.кв талбайтай газарт давхар олголт хийгдээгүй, нэхэмжлэгчийн газрын хойд болон зүүн талаараа хашаалаагүй байдалтай, хойд хэсгээрээ 9,64, урд хэсгээрээ 8,98 м.кв талбайд хариуцагч тал хашаалсан давхцалтай, хариуцагчийн хашаалсан газар 1300,48 м.кв талбайтай, өөрийн нэр дээр олгогдсон 700 м.кв газраас илүү хэмжээгээр хашаалж, нэхэмжлэгч *******гийн талбай руу давсан байдалтай, нэхэмжлэгчийн 336,39 м.кв талбайг давж хашаалсан болох нь тогтоогджээ.

Иймд уг газрыг нэхэмжлэгч зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, цаашлаад захиран зарцуулж чадахгүй байгаа гэх үйл баримт тогтоогдсон, “Топсүрвэй” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын хил зааг руу хариуцагчийн хашаалсан 336.39 м.кв талбай бүхий газар орсон болох нь тогтоогдож, уг газар дээр хашаа, хаалга, машин техник, 3 ширхэг 20 тоннийн контейнер зэргийг байршуулсан гэх тул уг газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, энэ заалт нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахаар заасан тул бусдын эзэмшлийн газарт эрх бүхий байгууллага буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч хашаалсан байдалтай байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагч ******* үндэслэлгүйгээр бусдын газрыг эзэмшсэн гэж үзэхээр байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар газрыг тус хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглохоор заасан.

 Иймд нэхэмжлэгч ******* нь уг газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож, уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж чадахгүй байгаа болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-т зааснаар *******гийн өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн 32 дугаар хороо, Туулын 12 дугаар гудамжны 10в тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 683 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газраас хариуцагч *******ын эзэмшилд буй 336.39 м.кв талбай бүхий газрыг түүний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, газар дээр байгаа гэх 3 ширхэг контейнер, нэг тал хашааны тал, блокон хашаа, гүйдэг хаалга зэргийг чөлөөлөхийг хариуцагч *******ад даалган шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

                                                                                                                        

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******гийн эзэмшлийн Нийслэлийн ******* дүүргийн 32 дугаар хороо, Туулын 12 дугаар гудамжны 10в тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, 683 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газрын 336.39 м.кв талбай бүхий газрыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, газар дээр байгаа гэх 3 ширхэг 20 тоннийн контейнер, нэг тал хашааны тал, блокон хашаа, гүйдэг хаалга зэргийг чөлөөлөхийг хариуцагч *******ад даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шийдвэрийг гардан авах болон хүргүүлэх ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  *****