Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 114/ШШ2025/0039

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: С овогт Э /РД: /,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мнд  холбогдох  
Гомдлын шаардлага: “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мнгийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн индексийн 114/20*******036/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд:  Гомдол гаргагч С.Э, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ө.Г, хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мн, гэрч Н.Ц*******ш, Ч.Ү*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мнгийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:
2.1.    Орхон сумын Засаг даргын Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан гаргасан 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай “шинээр атар газар хагалж байна гэх мэдээлэл ирсэн тул хяналтын улсын байцаагч ажиллуулах тухай” хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мн нь С.Эын эзэмшил газарт хяналт шалгалт хийжээ. 
2.2.    Байгаль орчны эрх бхий мэргэжлийн байгууллага “*******” ХХК-ийн 2025 оны 07 дугаар срын 18-ны өдрийн *******1 дүгээр шинжээчийн дүгнэлт гарч, тариалалт хийх зөвшөөрөлтэй талбайгаас 11228 м.кв илүү гарган хагалсан болохыг тогтоожээ. 
2.3.    Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мн нь дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар С.Эыг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг тэрээр эс зөвшөөрч  шүүхэд гомдол гаргасан байна. 
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1.    Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэлдээ: “С.Э надад Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаар “Газар шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамжаар Дархан-Уул аймгийн  гэх газарт 30000  м.кв газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлсэн. Миний бие 2011-2020 он хүртэл хүнсний ногоо тариалсан ба 2020 онд тус тариалангийн газраа нэмэгдүүлэх хүсэлтээ ёумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад аман байдлаар илэрхийлж байсан. Үүний дагуу 2020 онд тус газрыг хагалж, уг хагалсан байдлаар газрын хэмжээгээ нэмэгдүүлэхээр хүсэлт гаргаж, 2021 онд дээрх газрын хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар Сумын Засаг даргын А/29 дүгээр захирамж гарсан. Гэтэл 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр атар газар хагалсан гэх гомдлын дагуу зөрчил шалгана гээд Дархан-Уул аймгийн газрын байцаагч, Орхон сумын газрын даамал, хэсгийн төлөөлөгч, Хөдөө аж ахуйн мэргэжилтэн нар ирж шалгалт явуулсан. Миний бие тухайн үед атар газар хагалаагүй талаар хэлсэн. Гэтэл улсын байцаагч нь шинжээч томилж, тухайн газарт үзлэг хэмжилт хийнэ гэж хэлсэн. Үүний дагуу 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *******1 дүгээр шинжээчийн дүгнэлт гарсан ба 39708 м.кв газраас хэтэрсэн 11228 м.кв нэмэгдсэн ба 2019 онд тус газрыг хагалж хүнсний ногоо тариалсан гэх дүгнэлт гаргасан байсан. Тус газрыг 2020 онд хагалсан, Газрын даамалд газраа хэмжүүлэхээр хүсэлт гаргахад хэмжиж өгөх  талаар хариу хэлсэн, Газрын даамалаас “кадастр хийсэн байгаа, та захирамжаа өөрчлүүлэх хүсэлтээ өгөөрэй, нийт газрын хэмжээ 39708 м.кв болсон байна” гэж хэлсний дагуу тус хэмжээгээр өргөдлөө бичиж, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон сумын Засаг даргад өгсөн, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Орхон сумын Засаг даргын захирамж гарч, талбайн хэмжээ 39708 м.кв болж өөрчлөгдсөн, шинэ гэрээ гэрчилгээ 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон, 2025 онд шинээр атар газар үүсгэн хагалаагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлт болон Сансрын зураглалаар нотлогдож байгаа. Намайг 2019 онд зөвшөөрөлгүй газар хагалсан, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн сумын Засаг даргын захирамж гарсны дараа буюу 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Сансрын зургаар газраа нэмж хагалсан байна гэж улсын байцаагч тайлбарласан. Тариалангийн бүсэд 4 сард газар хагалах ямар ч боломжгүй буюу хөрс бүрэн гэсээгүй байдаг. Миний бие тухайн үеийн кадастрын ажилтны алдаанаас болж буруутгагдаж байгаа бөгөөд албан тушаалтны гаргасан кадастрын хэмжилтэнд би итгэсэн. Газрын даамалын буруутай үйл ажиллагаанаас болж намайг зөрчил гаргасан гэж үзэж, байгаль орчинд учруулсан хохиролд 5,168,765 төгрөг, шинжээчийн зардалд 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулж, 2020 онд хагалсан газрыг 2025 онд нэмж хагалсан мэтээр үзэж байгаа нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. 
    Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй байхаар хуульд заасан байхад 2020 онд хагалсан газрыг 2025 онд нэмж хагалсан мэтээр үзэж торгох шийтгэл оногдуулсан нь хуулиар олгосон эрхээ хэтрүүлж, хуулийг буруу тайлбарлаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна. 
Иймд Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мнгийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 
3.2.    Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаар “Газар шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамжаар С.Эд Дархан-Уул аймгийн Орхон сумын  гэх байршилд 30.000 м.кв газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.  
2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.Э нь дээрх газрын гэрээ гэрчилгээг шинэчлүүлэх тухай хүсэлт, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр  талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай хүсэлт ирүүлснийг судлан үзэж, Орхон сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/29 дүгээр “Талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” захирамжаар 5 жилийн хугацаатай, эзэмшил талбайн хэмжээг нэмэгдүүлэн 39708 м.кв болгон өөрчилж, газар эзэмшүүлэн гэрээ хийж, гэрчилгээ олгосон байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тариалангийн талбай шинээр үүсгэж, атар газар хагалж тариалалт хийсэн, тариалангийн талбай нэмж хагалахаар зурвас татсан” гэх зөрчлүүдэд хяналтын улсын байцаагч ажиллуулж өгөх тухай хүсэлтийн дагуу миний бие 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр тус суманд газар дээр нь очиж ажилласан. 
Тус хяналт шалгалтаар иргэн С.Эын ******* нэгж талбарын дугаартай, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг, Битүүгийн тохой гэх газарт байршилтай тариалангийн газарт үзлэг хийхэд торон хашаа татсан, тариалалт хийсэн нөхцөл байдалтай байсан бөгөөд газар эзэмшигч С.Эыг байлцуулан тариалангийн талбайд хяналт хэмжилт хийхэд нийт 50950 м.кв газрыг хагалж тариалалт хийсэн, эзэмшил газраасаа 11242 м.кв газрыг илүү гарган тариалалт хийсэн нь тогтоогдсон. 
Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалт, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 1 дэх заалтуудыг зөрчсөн зөрчил гаргасан нь хяналтын хэмжилтээр нотлогдож байна. 
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дэх зүйлийн 2 дахь хэсэгт “хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэсэн нь уг үйлдлийг зөрчил гаргасан гэж үзэж үндэслэлтэй. 
Учир нь иргэн С.Э нь 2020 онд газрын гэрээ, гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт өгөхөд өмнө олгосон 3 га газраас илүү газар ашиглаж байгаа болохыг газрын даамал газар дээр нь тодруулан хэмжилт хийж, ашиглалт явуулж буй талбайгаар нь талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 39708 м.кв  газрыг Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэн нэмж, 39708 м.кв болгон олгож, мэдээллийн санд бүртгэн баталгаажуулсан. 
Иргэн С.Эын ******* нэгж талбарын дугаартай эзэмшлийн газрыг 2019, 2021, 2022 оны сансарын зурагтай давхцуулан хяналт хийж үзэхэд: 2019 оны 7 сарын зурагт эзэмшил газраа хагалсан байдалтай, 2021 оны 4 сарын зурагт тухайн газраа өнжөөсөн байдалтай, 2022 оны 3 сарын зурагт эзэмшил газраасаа илүү гаргаж тариалалт хийсэн болох нь харагдаж байна. Иймд С.Э нь эзэмшил гарзраасаа илүү гаргаж тариалалт хийж, талбайн хэмжээг нэмэгдүүлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл юм. 
Иргэн С.Э нь өөрийн эзэмшлийн газраас илүү гаргаж 11242 м.кв  газрыг хагалж тариалалт хийсэн нь холбогдох хуулийн заалтыг зөрчиж байна. 2020 онд тус газрыг анх хагалсан гэх боловч хамгийн сүүлд тариалалт хийсэн жил 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хагалж тариалалт хийсэн нь өөрөө Зөрчлийн  тухай хуулийн зөрчлийн бүрэлдэхүүнтэй шинэ зөрчил гэж үзэж Зөрчлийн тухай хулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй, эрх бүхий байгуулллагын шийтгэл хуульд нийцсэн болно. 
Иймд С.Эын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн С.Эын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мнгийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 
1.    Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаар “Газар шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамжаар С.Эд Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг, Битүүгийн тохой гэх газарт 30.000  м.кв газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд, тус сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/29 дүгээр “Талбайн хэмжээг өөрчилж, газар эзэмшүүлэх тухай” захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж, 39708 м.кв газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.
2.    Орхон сумын Засаг даргаас Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр “Шинээр атар газар хагалж байна гэх мэдээлэл ирсэн тул хяналтын улсын байцаагч ажиллуулах тухай” хүсэлт гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мн нь С.Эын эзэмшил газарт хяналт шалгалт хийжээ.
3.     Улмаар Байгаль орчны эрх бхий мэргэжлийн байгууллага “*******” ХХК-аар шинжилгээ хийлгүүлсэн байх бөгөөд тус компанийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *******1 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Иргэн С.Э нь Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр багийн нутаг Орхон голын “Битүүгийн тохой” нэртэй газар ******* нэгж талбарын дугаартай 39708 м.кв буюу 3.97 га талбайд тариалалт хийх зөвшөөрөлтэй боловч тус талбайгаас 11228 м.кв буюу 1.12 га талбай урагшаа илүү гарган хагалсан байна. Тус газрыг сансрын зурагаас харахад 2019 оны 07 дугаар сард хагалж, 2022 онд тариалалт хийсэн байна. 2. Иргэн С.Эын газар хагалсны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тооцоход эвдрэлд өртсөн /хагалсан/ 1.12 га талбайд тооцоолоход эдэлбэр газарт 3.100.000 төгрөг, хөрсөн бүрхэвчид 635,053 төгрөг, ургамлан нөмрөгт 1.443.712 төгрөг, нийт 5.168.765 төгрөгийн хохирол учруулсан. 4. Эвдрэлд орсон /хагалсан/ 1.12 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийхэд 18.200.000  төгрөг  шаардлагатай болно. Нөхөн сэргээлт хийх зардал нь байгаль орчинд учруулсан хохирлын дүнд хамаарахгүй болно.” гэжээ. 
4.    Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мн нь дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар С.Эд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 300 нэгж буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 
5.    Гомдол гаргагч С.Эаас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “... шинжээчийн дүгнэлтэд 2019 онд илүү хагалсан гэж тогтоосон..., газраа хагалсан  байгаа хэмжээгээр нь авахаар 2021 онд хүсэлт гаргаж,  газрын даамалаар хэмжүүлэхэд хагалсан газартайгаа нийт газрын хэмжээ 39708 м.кв болсон байна гэж хэлсний дагуу тус хэмжээгээр өргөдлөө бичиж өгсөн..., газрыг хэмжиж кадастрын зургийг гаргаж өгсөн газрын даамалын буруутай үйл ажиллагаанаас болж намайг зөрчил гаргасан гэж үзэж байна..., 2021 онд уг хэмжилт хийсэн хэжээгээр надад эзэмшүүлсэн...,  2025 онд шинээр атар газар хагалаагүй болох нь шинжээчийн дүгнэлт болон Сансрын зурагаар нотлогдож байгаа.., 2019 онд газар нэмж хагалсан зөрчилд 2025 онд шийтгэл ногдуулж байгаа нь “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн”  байхад шийтгэл оногдуулсан нь хуулиар олгосон эрхээ хэтрүүлж, хуулийг буруу тайлбарлаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн...” гэж, хариуцагчаас гомдлын шаардлагыг эс зөвшөөрч “... 2020 онд газрын гэрээ, гэрчилгээгээ шинэчлүүлэх хүсэлт өгөхөд өмнө олгосон 3 га газраас илүү газар ашиглаж байгаа болохыг тогтоож, 39708 м.кв болгон нэмэгдүүлж олгосон..., 2022 оны 3 сарын зурагт эзэмшил газраасаа илүү гаргаж тариалалт хийсэн болох нь харагдаж байна..., 2020 онд тус газрыг анх хагалсан гэх боловч хамгийн сүүлд тариалалт хийсэн жил 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хагалж тариалалт хийсэн нь өөрөө Зөрчлийн  тухай хуулийн зөрчлийн бүрэлдэхүүнтэй шинэ зөрчил гэж үзсэн...” гэж тус тус маргадаг. 
6.    Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.40-д “Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...,  8.1, ...-т заасан зөрчил;”, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл “Газрын тухай хууль зөрчих”, 5-д “Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус зааснаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мн нь газар эзэмшигч нь газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж байгаа, тариалангийн газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, газрын хэмжээгээ дур мэдэн нэмэгдүүлсэн байдлаар ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих эрхтэй бөгөөд, хуульд заасан журмыг зөрчсөн бол торгох шийтгэлийг оногдуулах эрхтэй байна. 
7.    С.Э нь Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаар “Газар шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамжаар Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг, Битүүгийн тохой гэх газарт 30.000 м.кв газрыг төмс, хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшиж байсан бөгөөд уг газрын хэмжээгээ дур мэдэн нэмэгдүүлж, илүү 11228 м.кв талбай бүхий газрыг эрх бүхий этгээдийн зөшөөрөлгүйгээр хагалж, шинээр тариалангийн талбай бий болгосон зөрчил буюу Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдож байх боловч, уг зөрчлийг 2019 онд үйлдсэн болох нь гомдол гаргагчийн “... эзэмшиж байсан газраа 2019 онд нэмж хагалсан, тэрнээс хойш шинээр газар хагалаагүй...” гэх тайлбар, гэрч Н.Ц*******шийн “... С.Э нь 2020 онд газрын хэмжээгээ нэмэгдүүлж хагалсан байсан..., тэрнээс хойш нэмж хагалаагүй...” гэх мэдүүлэг болон 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *******1 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд, үүнээс хойш буюу 2024 болон 2025 онд шинээр тариалангийн талбай бий болгосон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
8.    Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан зөрчил нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр “...шинээр тариалангийн талбай бий болгосон ...” үйл баримтыг ойлгох бөгөөд “шинээр” гэдэгт өмнө нь тариалангийн газар бус атар газар байсныг хагалж, шинэ тариалангийн талбай бий болгох ойлголт бөгөөд энэхүү маргааны хувьд анх 2019 онд хагалж тариалангийн талбай болгосон газарт 2025 онд тариалалт хийсэн нь “2025 онд шинээр тариалангийн талбай бий” болгосон гэх үйл баримтад хамааралгүй юм.
9.    Гэтэл 2025 онд атар газрыг шинээр хагалж буюу шинээр тариалангийн талбай бий болгосон зөрчил тогтоогдохгүй байхад Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан зөрчлийг үйлдсэн байна гэж үзэж шийтгэл ногдуулсан байх бөгөөд хариуцагчаас “... С.Э нь газрыг 2020 онд илүү гаргаж хагалсан гэх боловч хамгийн сүүлд тариалалт хийсэн жил 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хагалж тариалалт хийсэн нь өөрөө Зөрчлийн тухай хуулийн зөрчлийн бүрэлдэхүүнтэй шинэ зөрчил гэж үзсэн...” гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна гэж  шүүх дүгнэлээ.
10.    Хэдийгээр С.Э нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг 2019 онд үйлдсэн болох тогтоогдож байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл “Хөөн хэлэлцэх хугацаа”, 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:”, 1.1 дэх заалтад “энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;” гэж тус тус зааснаар 2019 онд үйлдсэн зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
11.    Энэ талаар гомдол гаргагчийн гомдлын шаардлагын үндэслэлд дурдсан “...  2019 онд газар нэмж хагалсан зөрчилд 2025 онд шийтгэл ногдуулж байгаа нь “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” байхад шийтгэл оногдуулсан буюу хуулиар олгосон эрхээ хэтрүүлж, хуулийг буруу тайлбарлаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн...” гэх тайлбар үндэслэлтэй байх бөгөөд С.Э нь уг зөрчлийг 2019 онд үйлдсэн болох нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн *******1 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад 2025 онд ийнхүү зөрчлийн хэрэг үүсгэж, 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл 1 дэх хэсэг болон мөн зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна. 
12.    Гомдол гаргагч нь хэдийгээр 2019 онд “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон” зөрчил үйлдсэн боловч, уг зөрчлийг дахин үйлдээгүйгээс гадна, газраа нэмж хагалсан /2019 онд/ байдлаар нь газрын хэмжээгээ нэмэгдүүлэн эзэмших хүсэлтээ 2021 онд Орхон сумын Засаг даргад гаргаж, уг хүсэлтийн дагуу захиргааны байгууллагаас тус газарт хэмжилт хийж, газрын хэмжээг “39708 м.кв талбай”  гэж тогтоож, үүнийхээ дагуу кадастрын зураглал үйлдэж, уг тогтоосон хэмжээгээр буюу 39708 м.кв газрын хэмжээгээр С.Эд эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2021 оны А/29 дүгээр захирамж гарсан байна.
13.    Захиргааны байгууллага нь маргаан бүхий газрын кадастрын хэмжилтийг хийж, кадастрын зургийг үйлдсэн байх бөгөөд уг газрын хэмжилттэй холбогдуулан гэрч Ч.Ү******* мэдүүлэхдээ “ ... 2021 оны 03 сард хагалсан газраар нь гар Жи Пи Эс /GPS/-ээр хэмжилт хийсэн, ... цастай байсан учраас хэмжилтэд алдаа гарсан байж болзошгүй, ... гар Жи Пи Эс-ээр хэмжихэд зөрүү гарах тохиолдол байдаг, ... 39708 м.кв байна гэдэг хэмжээг би гаргаж өгсөн, ... кадастрын зургийг би хийсэн” гэх бөгөөд захиргааны байгууллагаас хэмжилт хийхдээ зөрүү гаргаж, газрын хэмжээг буруу тогтоосонд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм. 
14.    Захиргааны хэргийн шүүх нь хэргийн оролцогчийн маргаж байгаа маргааны хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх бөгөөд энэхүү маргаан нь “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон” зөрчилтэй холбоотой тул газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан болон эзэмшүүлсэн газрын хэмжээтэй холбоотойгоор дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.
    Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мнгийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.    Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.40 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Ө.Мнгийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай. 
2.    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.АРИУНБОЛОР