Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/244

 

 

Б.Чт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Сайнхүүгийн бичсэн 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 3 дугаартай эсэргүүцлээр Б.Чт холбогдох 2206 05836 3252 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн Б-ийн Ч, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр .... аймагт төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... оюутан, ам бүл ... хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../;

Өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хорго” хотхоны 16 дугаар байрны гадна хохирогч Б.Отай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар модоор толгой хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г овгийн Б-ийн Ч-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ч-ийг 6 сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгййн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, оршин байх газраасаа зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Сайнхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана. ...” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Б.Чт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. ...” гэж заасан байхад уг зүйл хэсэгт байхгүй хугацаа буюу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, оршин байх газраасаа зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн байна.

Гэтэл өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан ялаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар чөлөөлсөн бөгөөд дээрх албадлагын арга хэмжээг ямар хугацаагаар хэрэгжүүлэх нь тодорхойгүй, энэ талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагуудыг хангаагүй байна гэж дүгнэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөн өөрчлөх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон эсэргүүцэл бичсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Чт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Чийг “2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хорго” хотхоны 16 дугаар байрны гадна хохирогч Б.Отай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар модоор толгой хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд өсвөр насны шүүгдэгч Б.Чийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгййн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, оршин байх газраасаа зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй”, 1.2 дахь заалтад “өсвөр насны” гэж заасан атал өсвөр насны шүүгдэгч Б.Чийг өмгөөлөгч авах эрхээр хангалгүй, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулж, өсвөр насны шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол ...нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан байхад анхан шатны шүүхээс энэ зүйл хэсэгт байхгүй 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан тохиолдолд түүнийг хэрэгжүүлэх хугацааг зааж, зөрчсөн бол мөн хуулийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Чт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, оршин байх газраасаа зорчин явахдаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн боловч түүнийг хэрэгжүүлэх хугацааг заалгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд прокурор Ц.Сайнхүүгийн “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөн өөрчлөх...” талаар бичсэн эсэргүүцлийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ                                                      С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                      Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ