| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00416/И |
| Дугаар | 305/ШШ2025/00417 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 305/ШШ2025/00417
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
Нэхэмжлэгч: ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *********холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,808,615.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ********* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********* ХХК/цаашид нэхэмжлэгч гэх/ нь 2024/07/26-ний өдөр ********* /цаашид хариуцагч гэх/ Зээлийн гэрээ (№ЗГ-11223130106000220) байгуулж 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлэхээс эрс зайлс хийж 2024-08-25 өдрөөс хойш төлбөрийн хуваарийн дагуу төлбөрөө төлөлгүй 264 хоног хугацаа хэтэрсэн байна. Нэхэмжлэгч тал нь 264 хоногийн хугацаанд 2 удаа бичгээр, өдөр бүр мсж бичих, утсаар мэдэгдэх зэргээр хариуцагч талд хуримтлагдсан өрийг хувааж барагдуулах зэрэг санал тавьсан боловч биелүүлээгүй өдий хүрсэн. Иймд зээлийн гэрээний 5.2 дахь заалтыг үндэслэн манай байгууллага зээлийн гэрээг дангаар цуцалж нэхэмжлэх гаргаж байна. Хариуцагч талаас 2025/05/16-ний өдөр хүртэлх үндсэн зээлийн өр, хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гаргаж байгаа зардал зэрэг нийт: 2,808,615.61 /хоёр сая найман зуун найман мянга зургаан зуун арван таван төгрөг жаран нэгэн мөнгө гаргуулах тухай/ гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ ********* нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлээ бүрэн төлж хаасан тул нэхэмжлэлийг буцаах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч ********* нь зээлийн гэрээний үүрэгт 2,808,615.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн тул ********* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,888 төгрөгийн тал хувь 29,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29,944 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,808,615.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,888 төгрөгийн тал хувь 29,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29,944 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР