| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2025/00179/И |
| Дугаар | 191/ШШ2025/05058 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05058
2025 06 04 191/ШШ2025/05058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух, А.Н /РД: .../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... тоот хаягт байрлах, Э ХХК /РД:.../-д холбогдох,
Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: А.Н нь Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяатай 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23-110 дугаар Хөдөлмөрийн гэрээг байгуулж, 3,000,000 төгрөгийн цалинтай тус байгууллагын Ложистикийн албаны даргын албан тушаалд ажиллахаар гэрээ байгуулсан.
Э ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал н.Бын цалинг бууруулахгүй, мэргэжлээрээ ажиллах, эдийн засгийн тооцоон дээр ажиллаач гэх саналын дагуу бид 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ... дугаар Хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж, нягтлан бодогч-эдийн засагчийн албан тушаалд ажиллахаар болсон.
Хүний нөөцийн албанаас ажилтан албан хаагчид ээлжийн амралтаа хэзээ авах хүсэлтээ 2023 оны эцсээр гаргаж өгөөрэй гэсний дагуу А.Н нь 2024 оны 8 дугаар сард ээлжийн амралт авах тухай хуваариа өгсөн байсан. Улмаар шинээр томилогдсон Логистикийн албаны дарга Гангэрэлд болон өөрийн харьяалагдах Санхүүгийн албанд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс ээлжийн амралтаа авч байгаа тухайгаа мэйлээр илгээсэн. Гангэрэл дарга болон Борлуулалт маркетингийн албаны захирал Жамьяанхорол нараас агуулах нүүх учраас яаралтай хийх тооцооллуудаа гаргаад амар гэсэн учир 4 хоног амралтаа аваад үргэлжлүүлэн ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Гэвч 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хүний нөөцийн албаны дарга Э.У намайг ирж уулзаарай гэсэн. Очиж уулзахад нягтлан бодогч-эдийн засагчийн албан тушаалаас чөлөөлж байгаа, 4 хоног ажилдаа ирээгүй, мөн ажлын байранд тэнцэхгүй байна гэж хэлсэн. Мөн нягтлан бодох бүртгэлтэй холбоотой анхан шатны баримт бичгийг үдэхэд бэлэн болгон Санхүүгийн албанд өгөх, эдийн засгийн тооцооллоо бүгдийг хийж дуусгаад, ажлаа хүлээлгэж өгөөрэй гэсэн. Дутуу ажлуудыг 2024 оны 09 дүгээр сарын сүүл хүртэл ажиллаж хийж дуусгасан. Ажлаас гарах тойрох хуудсыг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зурж өгсөн.
Тушаалаа авах талаар удаа дараа холбогдсон боловч тушаал гаргаагүй байсан. Ингээд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тушаалыг гаргаж өгсөн. Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан байхад ажлаас халсан тушаалыг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн огноотой гаргаж өгсөн. 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан цалинг өгөөгүй.
Хууль зүйн хувьд туршилтын хугацаа дууссан үндэслэлээр ажлаас шууд халсан. Тушаал болон хариуцагчийн хариу тайлбарт ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж тайлбарладаг боловч урамшуулал олгосон байдаг, эдгээр үйл баримт зөрүүтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт заасан ажил хүлээлцэх хугацааг тушаалд заагаагүй, хууль зөрчсөн. Ажлаас халах тушаал гарсны дараа буюу тойрох хуудсыг зурж өгсөн. Цугларсан баримтаар тушаал нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.Нтэй 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ... тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл нь Э ХХК-ийн Логистикийн албаны Нягтлан бодогч-эдийн засагч албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасныг үндэслэн туршилтын гурван сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахаар харилцан тохиролцсон.
А.Н нь туршилтаар ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор гүйцэтгэдэггүй, гүйцэтгэлийн үнэлгээ сул ажиллаж байсан бөгөөд тухайн ажлын байранд тэнцэхгүй болох нь эхний 1 сардаа харагдаж байсан боловч бид гэрээний хугацаандаа ажиллуулж 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгож ажилтанд хамтран ажиллах боломжгүй тухайгаа мэдэгдсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т нийцсэн. Энэ өдрөөс хойш А.Н нь ажилдаа ирээгүй.
Өмнө ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээний харилцаа 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусгавар болж, шинээр 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нягтлан бодогчийн ажилд шинээр туршилтын хугацаагаар томилогдсон учир ээлжийн амралт эдлэх эрх нь 6 сар ажиллаж байж үүснэ. Мөн 3 сарын туршилтын хугацаа дууссан үндэслэлээр тушаалыг 2024 оны 08 дугаар сарын 13-ны огноогоор 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тушаалыг нөхөж гаргаж өгсөн. Ажлаа дур мэдэн хаяж явсан учир 2024 оны 09 дүгээр сарын 20-д хүртэл ажиллаж ажлаа хийж дуусгаж, хүлээлгэж өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч А.Н нь хариуцагч Э ХХК-нд холбогдуулан Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг ээлжийн амралтын хугацаанд ажлаас чөлөөлсөн, тушаал шийдвэрийг гаргаж өгөхгүй хожим 2024.10.25-ны өдөр 2024.08.13-ны өдрийн огноогоор нөхөж гаргаж өгсөн, ажил үүрэгтээ тэнцэхгүй талаар баримтгүй, тушаалд ажил хүлээлцэх хугацааг тусгаагүй гэж, хариуцагч нь ...урьд ажиллаж байсан албан тушаалаас нь чөлөөлж шинэ ажлын байранд туршилтын гурван сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажлын байрандаа тэнцэхгүй байсан учир туршилтын хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тус тус мэтгэлцсэн.
6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбарт үндэслэн дараах дүгнэтийг хийв. Үүнд:
6.1 Нэхэмжлэгч А.Н нь "Э" ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус байгууллагын Логистикийн албаны даргын албан тушаалд ажиллаж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, уг үйл баримтанд зохигч маргаагүй.
6.2 Улмаар талууд харилцан тохиролцож "Э" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн .... тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь хэрэгт авагдсан тушаал, талуудын тайлбараар тогтоогдсон.
6.3 Логистикийн албаны даргын албан тушаалаас чөлөөлж, 3 хоногийн дагаа буюу "Э" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот тушаалаар нэхэмжлэгч А.Нг нягтлан бологч-эдийн засагчийн ажлын байранд томилсон болох нь тушаал болон тайлбараар нотлогдсон.
6.4 Ажил олгогч буюу Э ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг туршилтын гурван сарын хугацаа дууссан үндэслэлээр 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... тушаалаар дуусгавар болгожээ.
Зохигч уг тушаалын үндэслэлд маргасан.
6.5 Нэхэмжлэгч нь уг тушаалыг эс зөвшөөрч гомдлоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гарган шийдвэрлүүлж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж тус тус заасантай нийцжээ.
6.6 Маргаан бүхий "Э" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус баримтлан 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
6.7 Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох үндэслэлийг зохицуулсан ба мөн зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр ажил олгогч тушаал гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана, 83.4 дэх хэсэгт Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно, 83.6 дахь хэсэгт Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй гэж тус тус заасан журмыг баримтлаагүй гэж үзнэ.
Учир нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар 2024.08.13-ны өдрийн тушаалыг 2024.10.25-ны өдөр нөхөн гаргаж ажилтанд мөн өдрөө гардуулсан, бодит байдалд нэхэмжлэгч 2024.09.20-ны өдөр хүртэл ажиллаж дутуу ажлаа хийж гүйцэтгэн 2024 оны 9 дүгээр сард ажлыг хүлээлцэж, тойрох хуудас зурсануг ажилласан хугацаанд цалин хөлс аваагүй үйл баримт тогтоогдож, талууд уг үйл баримтад маргаагүй.
Ажил олгогчийн аливаа шийдвэр хуульд нийцсэн байх, хуульд заасан журмын дагуу үндэслэл бүхий гарах, ажилтны эрхийг хөндсөн тушаал шийдвэрийг ажилтанд зохих журмын дагуу мэдэгдэх, ямар үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа үндэслэл тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай ба маргааны тохиолдолд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан журмын дагуу дуусгавар болгоогүй байна.
Түүнчлэн ажилтныг ажил албан тушаалдаа тэнцэхгүй талаар зохих байгууллагын дүгнэлт гараагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүйг дурдав.
Иймд Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... тушаал хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан журмыг баримтлаагүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Нягтлан бодогч-Эдийн засагч албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг ажлаас чөлөөлөгдөх хугацааны өмнөх 3 сарын дунджаар тооцох нь зүйтэй.
Зохигч талууд нэхэмжлэгчийн цалин хөлсийг 3,000,000 төгрөг болох үйл баримтад маргаагүй, А.Н нь 3,000,000 төгрөгийн цалинтай байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ бусад баримтаар нотлогдсон.
Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас 29,232,544/дундаж цалин 3,000,000 төгрөг, 9сар+16 хоног= 9х3сая=27сая+16х139,534, 2,232,544/ төгрөг гаргуулж шийдвэрлэв.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 604,113 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Нг Э ХХК-ийн Нягтлан бодогч-Эдийн засагч албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29,232,544 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Нд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Нгийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 06 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Э ХХК-нд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 604,113 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА