Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/14

 

2024/ДШМ/14

 

 

 

Я.Бнд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүгч Т.Д, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор: Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А                    

Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Оийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 2024/ШЗ/154 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Я.Бд холбогдох 2412000000024 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 00-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Н баг, Б хорооллын 0-00 тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Яийн Б / РД0000000/

 

Шүүгдэгч Я.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн үед А аймгийн Х сумын Н багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Өын хашааны гадна талд хохирогч Ө.Үтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхи, хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 А аймгийн Прокурорын газраас Я.Бд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/154 дугаартай шүүгчийн захирамжаар: А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Яийн Б /РД:АЙ72041119/-д холбогдох 2312000000231 дугаартай эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Я.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлан шийдвэрлэжээ.

 

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүх хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт " энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасан. Шүүгдэгч Я.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар шүүдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг тус тус хянахаар заасан байна.

Иймд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь хохирогч Б.Ү нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ гэжээ. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн 2.3-д “энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана...” гэж мөн журмын 2.4-д “..шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно...” гэж тус тус заасан байх тул хохирогч Ө.Үын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, түүнийг хохирогчид танилцуулж хавтаст хэргийн материалд хавсаргах, шаардлагатай бол шинжээч томилохоор журамд нь заасан шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв” гэж дүгнээд Я.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Яллагдагч Я.Б үйлдлийн улмаас хохирогч Ө.Үын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн боловч 600.000 төгрөгийн хохирлын баримтыг мөрдөгчид гаргаж өгч хэрэгт авагдсан байдаг. Дээрх хохирлыг яллагдагч Я.Б нь нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн байхад шүүхээс “... шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх нөхцөл байдал хангагдаагүй” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна. Шүүхээс хохирогч Ө.Ү нь нотлох баримтгүйгээр хохирол нэхэмжилсэн, хохирогч, яллагдагч нар хохирлын хэмжээн дээр харилцан тохиролцоонд хүрээгүй зэрэг нөхцөл байдлыг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаагүй гэж дүгнэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ....” гэж заасны дагуу шүүхээс хэргийг прокурорт буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ. Хэдийгээр “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 2.3-д “энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана...” гэж заасан боловч энэ нь хэрэг бүр дээр заавал хийгдэх ажиллагаа биш, зөвхөн хохирогчийн хүсэлтээр хийгдэх ажиллагаа юм. Хохирогч Ө.Ү нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би сэтгэл санаа гоо сайханд учирсан хохирол болон, эрүүл мэндэд учирсан хохирлоо хамгийн багаар үнэлж нэхэмжилж байгаа. Зарим баримтаа.гаргаж өгч чадаагүй байгаа” гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлэгт “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох” агуулгагүй, хохирогч нь мөрдөгч болон прокурорт сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоох хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул А аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/154 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Я.Бд холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж хохирол төлбөрийг төлнө гэж хэлдэг. Хохирогч Ө.Ү нь учирсан хохиролтой холбоотой маргадаг. Үүнийгээ анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо хүсэлт гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн Б.Өын хашааны гадна талд хохирогч Ө.Үтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь  баруун зовхи, хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн шатанд өмгөөлөгч авч хохирол төлбөрийг төлнө гэж хэлсэн. Я.Б нь мал малладаг, мөн хувийн аж ахуйн нэгжтэй дэлгүүр ажиллуулдаг учраас хохирол төлбөрийг бүрэн төлөх боломжтой гэж үзсэн. Шүүхээс Я.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн талаар баримт байхгүй, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд хохирогчтой эвлэрсэн байхыг шаардах бөгөөд тухайн хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн талаар шүүхэд бичгээр гаргаж өгсөн нөхцөл байдал харагддаг. Хэрвээ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл ердийн журмаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар бусад ажиллагааг сэтгэцэд учирсан хохирлыг нь давхар шалгаад явах бүрэн боломжтой байсныг шүүх сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоох хүсэлт гаргаагүй гэж үзсэнд эсэргүүцэл бичсэн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Аийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа. Миний үйлчлүүлэгч Я.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Мөн прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Я.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/154 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Б 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн үед А аймгийн Х сумын Н багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Өын хашааны гадна талд хохирогч Ө.Үтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зовхи, хацарт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэж, Я.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө  илэрхийлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргаж болно...гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт...яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтийг прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гаргана...гэж, мөн зүйлийн 3 дах хэсэгт...яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн баримтыг хавсаргана...гэж тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад яллагдагч Я.Б...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй тул шийдвэрлэж өгнө үү...гэх хүсэлтийг прокурорын газарт гаргасныг прокурор хүлээн авч түүний хүсэлтийг хангаж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

 

Өөрөөр хэлбэл яллагдагч Я.Б нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн баримт хэрэгт авагдаагүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай бичгээр гаргасан хүсэлт ирүүлээгүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлж буй прокурорын шийдвэр үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тохиолдолд хохирогчийн саналыг авах тухай хуулийн зохицуулалт байхгүй ч хохирогчийн эрх ашгийг хууль ёсны дагуу хамгаалах эрх бүхий этгээд хохирогчийн бие махбод болон сэтгэл санаанд учирсан хохирлыг үнэн зөв, бүрэн бодитой тогтоолгосны дараа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дахь хэсгийн  2.3-д “...Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг  мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар" -ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана...”гэж,  мөн журмын 2.4-д “...шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно...” гэж тус тус заасан байх тул хохирогч Ө.Үын гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоож, түүнийг хохирогчид танилцуулж хавтаст хэргийн материалд хавсаргах, шаардлагатай бол шинжээч томилохоор журамд заасан нь шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024

оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/154 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага бол болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

  1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/154 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.Ц

 

              ШҮҮГЧИД                                           Т.Д

 

                                                                              Н.Э