Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 119/ШШ2025/0029

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн шүүгч Б.Болормаа, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн ** овогтой ** /РД:**/,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **,

            Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга /**/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн **,

Хариуцагч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /дарга **/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн **, Газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын иргэн ** миний эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт буюу надад 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч **, ** /цахим/, иргэдийн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан  “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын иргэн ** миний эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт буюу надад 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

2. Дээрх нэхэмжлэлийг тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 119/ШШ2025/0002 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2025/0125 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

3. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** байрлах зуслангийн зориулалт бүхий газрыг 2016 оноос эхлэн эзэмшиж байгаа гэж маргаж байгаа бөгөөд эзэмших эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтээ 2023 оны  6 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт удаа дараа бичгээр гаргаж, өргөдлийн хариуг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 660 дугаар албан бичгээр өгсөн.

4. Нэхэмжлэгч ** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1. Манай анх авсан жижиг цагаан бичиг гээгдсэн тул би Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үнэн учраа хэлж асуухад бусад материалаа бүрдүүлээд өг гэсэн. Ингээд би 2023.06.19-ний өдөр “**” ХХК-аар кадастрын зураг хийлгэсэн. Дараа нь би Баян-Өндөр сумын Засаг даргад өргөдөл, хүсэлтээ өгсөн. Миний энэ хүсэлт дээр “Газрын даамалд. Судалж, санал танилцуулах, 2024 оны төлөвлөгөөнд тусгах. ** 2023.06.26” гэсэн цохолт хийсэн байдаг. Гэтэл газрын даамал ** миний хүсэлтийг Газрын тухай хуульд заасны дагуу хүсэлт хүлээн авсан огноо, цаг минутаар нь бүртгэлд оруулалгүй орхигдуулсан байсан. Газрын даамал ** надад “танай газар ** гэдэг хүний газартай давхацсан байна, энэ хүнтэйгээ өөрөө уулзаж, хоорондоо тохиролцож учраа ол” гэж хэлсэн. Би ** ыг хайж олоод уулзахад “миний газар эзэмших эрх шүүхийн шийдвэрээр цуцлагдсан, одоо надад энэ газрын асуудал хамаагүй“ гэсэн.

4.2. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даамал нар нь газар эзэмших эрхийн яг адилхан цагаан бичигтэй байсан 3 айлаас манай 2 хөршийнд газрын гэрчилгээ шинэчлэн гаргаж өгсөн. Иймээс манай 649,7 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий, бусдад эзэмшүүлэхийг хориглосон газар биш гэж би үзэж байна. Гэтэл газрын даамал ** элдэв төрлийн хууль бус шалтаг шалтгаан хэлж, миний хүсэлтийг хуулийн дагуу бүртгэж, зохих ёсоор шийдвэрлэж өгөөгүй.

4.3. Миний газрын асуудал шийдвэрлэгдээгүй учир би 2024.07.29-ний өдөр газрын албанд дахин өргөдөл гаргасан. Миний өргөдөлд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024.08.23-ны өдрийн 562 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг албан тоотод миний 2016 оноос хойш эзэмшиж байгаа боловч, өнөөг хүртэл газар эзэмших шинэчлэгдсэн гэрчилгээ гаргуулж, улмаар эзэмшлийн газраа хууль ёсоор ашиглаж чадахгүй байгаа асуудлыг, өргөдөл гаргасан огноо буюу 2024.07.29-ны өдөр л би газар эзэмших хүсэлт гаргасан мэт үндэслэлгүй хариу өгсөн. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар миний 2023.06.21-ний өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийг зохих ёсоор бүртгэлжүүлээгүй эс үйлдэхүйгээ Монгол улсын Засгийн газрын 2024.04.03-ны өдрийн 136 дугаар тогтоол болон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 заалттай тус тус холбон тайлбарлаж надад газар эзэмших эрх үүссэн гэж үзэх хууль эрх зүйн үндэслэлгүй гэсэн нь бодит нөхцөл байдлаас хол зөрүүтэй, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй.

4.4. Би дээрх хариуг эс зөвшөөрч, өөрийн өмнө нь эзэмшиж, газар дээрээ байшин барьсан, одоогоор миний эзэмшилд байгаа газартаа эзэмших эрхийн гэрчилгээ авах тухай 2024.08.27-ны өдөр газрын албанд бас дахин өргөдөл гаргасан. Гэтэл миний өргөдлийн хариуд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024.09.12-ны өдрийн 660 тоот албан бичгээр өмнөх хариуг давтан хуулбарлаж өгсөн.

4.5. Газрын даамал ** нь Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй хэрнээ, газар эзэмших гэрчилгээ гаргуулахыг хүссэн миний олон удаагийн хүсэлтэд 2025 оны төлөвлөгөөнд тусгах тухай үндэслэлгүй хариу өгч, миний хүсэлтийг өнөөг хүртэл шийдвэрлэж өгөөгүй, би газар эзэмших эрхийн бичиг гэрчилгээ авч чадаагүй хэвээр байна.

4.6. Ийнхүү манай зуслангийн 2 талын хөршүүдийн газар эзэмших гэрчилгээг гаргаж өгсөн мөртлөө нэгэн зэрэг газар эзэмших цагаан бичиг авсан 3 айлын дунд байрлалтай миний газрыг бусадтай давхацсан, эсхүл 2024, 2025 оны төлөвлөгөөнд тусгах гэх нэрийдлээр, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй, миний удаа дараагийн хүсэлт, бүрдүүлсэн бичиг баримтын дагуу манай эзэмшиж байгаа 649,7 м. кв газрыг надад олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжилж өгөхгүй байгаа хариуцагч Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

4.7. **т 2016 онд газар эзэмших эрх олгох зорилготой “цагаан хуудас” Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас олгож байсныг, мөн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшихээр өгсөн хүсэлтийг тухай үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулиар шийдвэрлэхгүй орхигдуулж 2024 оны хуулиар шийдвэрлэж байгаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоож, **ийн  барилга, байгууламж барьсан газарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу гаргаж өгөхийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга нарт даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэв.

5. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.16 дахь заалтын дагуу сумын Засаг дарга иргэдэд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу газар олгодог. Баян-Өндөр сумын иргэн ** нь 2023 оны 06 дугаар сарын 26-ний өдөр тус сумын Засаг даргад газар эзэмших тухай өргөдлийг ирүүлж, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой эсэх талаар судлан шийдвэрлүүлэх тухай цохолтыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Баян-Өндөр сум хариуцсан газрын даамал **д өргөдлийг шилжүүлсэн. Газрын даамал тухайн газрыг судалж Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган танилцуулж батлагдсаны дагуу Сумын Засаг даргын захирамж гарч иргэдэд газрыг олгодог.

Иймд манай зүгээс хуулийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажилласан бөгөөд тухайн **ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах тухай саналыг иргэнд хүргүүлсэн болно” гэжээ.

6. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт иргэн **ийн 2016 оны өргөдөл архивт бүртгэгдээгүй, бичигдсэн зүйл, тэмдэглэгдсэн зүйл байхгүй байгаа. Тэгэхээр анхнаасаа ** нь зөвшөөрөлгүйгээр тухайн газар дээр барилга байгууламж дур мэдэн бариад 2023 онд л өргөдлөө өгсөн гэдэг зүйл харагдаж байгаа. 2023 оноос Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод газар олголтыг цахимаар шийдэж эхэлсэн” гэв.

 7. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирсэн, явсан бичгийн бүртгэлд бүртгэгдсэн иргэн **ийн өргөдлийг хүлээн авч, хариу өгсөн талаарх мэдээлэл:

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан өргөдлийг ирсэн бичгийн 214 бүртгэн, хүлээн авч 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуг кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн ** утсаар өгсөн.2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг ирсэн бичгийн 715 бүртгэн, хүлээн авч 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр газрын даамал ** амаар хариуг өгсөн. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргасан өргөдлийг ирсэн бичгийн 1056 бүртгэн, өргөдлийг хүлээн авч 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 562 дугаар албан бичгээр хариуг өгсөн.2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан өргөдлийг ирсэн бичгийн 1228 бүртгэн, өргөдлийг хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 660 дугаар албан бичгээр хариуг тус тус өгсөн байна.

Орхон аймгийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/559 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын ** багийн нутаг дахь ** байрлах 3 га газрыг иргэн **ад зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд иргэн **ийн зуслангийн зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан газартай байршлын хувьд давхцалтай байсан.Улмаар иргэн ** нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй тул Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/532 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 31 дүгээр зүйлийн 31.2-д “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.” гэж заасан байдаг.

Иргэн **ийн давхацсан гэх газрыг Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/532 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн тул иргэн **ийн гаргасан 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өргөдөлд 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 562 дугаар албан бичгээр хариуг өгсөн бөгөөд тус хариунд 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгч холбогдох баримтыг бүрдүүлж өгөх талаар иргэнд хариуг өгсөн. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах;” гэж заасны дагуу улсын хэмжээнд “Шинээр газар эзэмших хүсэлт”-ийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс /egazar.gov.mn/ цахим системээр хүлээн авч хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд: “Би анх 2016 онд ** багийн ** зуслангийн газар эзэмшихээр 2 хажуу хөршийнхөө хамтаар 3 айлын газрын цагаан бичиг газрын албанаас авсан” гэх боловч хүсэлт гаргаж байгаа газрыг тухайн иргэнд эзэмшүүлэхээр олгосон зөвшөөрөл болон холбогдох баримт бичгийг нотолсон ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д 3Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”. 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн тул тус газарт эзэмших эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн мөн хариунд нь дурдаж өгсөн.

Иймд иргэн ** нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2-ийг зөрчсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

8. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн **ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дээрх тайлбартай холбогдуулан дараах тайлбарыг өгч байна. 2016 онд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болоод Баян-Өндөр сумаас ямарваа нэгэн хэлбэрээр нотлох баримтын хүрээнд иргэн **т олгогдсон цагаан хуудасны бүртгэл, тэмдэглэл, холбогдох жижүүрийн зураг гэсэн баримтууд шүүх хуралдааны явцад шинжлүүлэхэд огт гарч ирээгүй. Тухайлбал Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь дээрх “цагаан хуудас” гэдэг баримтыг олгож ч байгаагүй, олгодог ч үгүй. Түүнчлэн иргэн **ийн 2023 онд гаргасан газар эзэмшихийг хүссэн хүсэлт нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан эзэмшиж, ашиглахаар хүсэлт гаргасан газрын байршил нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газрын байршилтай ямарваа нэгэн хэлбэрээр давхцаагүй байх гэсэн шаардлагад нийцэхгүй байсан учраас тухайн үеийн газрын даамал ** бусдын эзэмшил газартай давхцаж байгаа учраас газрыг эзэмшүүлэх боломжгүй, танайхыг төлөвлөгөөнд оруулах боломжгүй гэсэн байдлаар амаар хариу өгсөн гэж нотлох баримтад дурдсан байгаа. Мөн түүнчлэн иргэн тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дээрх байдлаар тусгагдаагүй учраас иргэн **ийг 2024 оны төлөвлөгөөг 2023 оны сүүлээр тухайн шатны иргэдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, тухайн төлөвлөгөөг хэрэгжүүлдэг. Энэ үндэслэлээр иргэн **ийн хүсэлт 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд батлагдаагүй байдаг юм. Мөн  иргэн **ийн хөрш гэгдэх **ий эзэмших эрх нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан боловч хэлж байгаа шиг ямарваа нэгэн байдлаар Засаг даргын захирамж гарч албажаагүй байгаа. Нөгөө хөрш болох иргэний мэдээлэл нь бүр 2021 онд хүсэлтээ өгөөд 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр захирамжлагдсан байгаа. Иргэн ** нь Газрын тухай хууль тогтоомжид заасан “эзэмших эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшсэн” гэж үзэхээр байгаа. Яагаад гэхээр дур мэдэн газар ашиглаж байсан. Тухайн газрыг албан ёсоор олгосон нотлох баримтууд ерөөсөө дурдагдахгүй байгаа. Тийм учраас иргэн **ийн нэхэмжлэлийг манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэв.

9. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх тайлбараа дэмжиж байна” гэв.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай нэхэмжлэгч талаас “** надад 2016 онд газар эзэмших эрх олгох зорилготой “цагаан хуудас” Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас олгож байсныг илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн шаардлагаасаа татгалзаж байна.

 **ийн хувьд бол 2016 оны 5 сарын эхээр иргэн **, ** нарын хамт маргаан бүхий газарт газар эзэмшихийг хүсэж Баян-Өндөр суманд өргөдөл гаргасан байдаг.  Өргөдөл гаргасны дагуу буюу тухайн гурван иргэнд цагаан хуудас гэдэг юмыг олгосон. Энэ цагаан хуудас гэдэг юмыг хоёрдугаар хавтаст хэргийн 20 дугаар хуудсан дээр Баян-Өндөр сумын засаг даргаас албан бичиг ирүүлсэн байгаа. Энэ тоот дээр “цагаан хуудас гэдэг бол газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичиг биш бөгөөд иргэдээс ирүүлсэн газрын өргөдлийн бүртгэл, зохион байгуулалтын зорилгоор тухайн үед холбогдох албан хаагчийн зүгээс гаргасан дотоод шинж чанартай тэмдэглэл юм” гэчихсэн. Тэгэхээр энэ нь өнөөдөр иргэдэд өгч байгаа төрийн үйлчилгээ маань өөрөө  итгэлийг алдсан, тухайн хүний газар эзэмших эрхийг баталгаажуулсан биш мөртөө “цагаан хуудас” гэдэг юмыг олгочихсон. Тэрний дагуу яасан бэ гэхээр иргэд юу гэж ойлгох вэ гэхээр цагаан хуудас авчихсан юм чинь би одоо энэ газар дээрээ байшин барилга барина,  энэ газар одоо миний ийм эзэмшлийн газар гэдэг ойлголтыг төрийн байгууллагаас буюу албан хаагчдаас өгсөн байна. “Цагаан хуудас” гэдэг энэ зүйл маань өөрөө  ямарваа нэгэн хууль, журам, Засгийн газрын болоод бусад газрын тогтоол, шийдвэр байдаггүй юм байна. “Цагаан хуудас”-ыг бол олгосон ба гээж үрэгдүүлж байгаа нь **ийн хувьд буруутай мэт боловч олгож байгаа хүн болгонд олгож байгаа цагаан хуудсыг бүртгэлжүүлж баримтжуулж байх ёстой төрийн байгууллага 2016 онд өгсөн өргөдлийг бүртгээгүй байдаг. 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дээр “өргөдөл гаргах”,  “өргөдөл” гэж юу юм бэ? гэдгийг 4.5 дээр нь тодорхой дурдчихсан байдаг. Уг хуулийн 6.1 дээр  иргэдийн эдлэх эрхийг зохицуулсан. Мөн хуульд “өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж үндэслэлтэй шийдвэрлэх” гээд  хуульчилчихсан. Тэгтэл  2023 оны 6 дугаар сарын 21-нд өгсөн өргөдөл дээр  тухайн үед засаг даргаар ажиллаж байсан ** “судалж танилцуул, 2024 оны төлөвлөгөөнд тусга” гээд цохолт хийчихсэн байдаг. 2024 оны төлөвлөгөөнд тусга гэдэг чинь 2023 оныхоо төлөвлөгөөндөө оруулаад 2024 онд батлагдах ийм боломжтой байсан. Гэтэл тухайн үед ** буюу  Баян-Өндөр сумын газрын даамлаар ажиллаж байсан албан хаагч аваарт орсон ийм юм уу эсвэл эрүүл мэндийн шалтгаантай асуудал гарсан. Энэ шалтгааны улмаас  тухайн өргөдлийг шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан байдаг. Саяын дурдаад байгаа  хуулийн 7.4-т хуульд заасан хугацаанд нь шийдвэрлэх, 7.6-д нь “үндэслэл бүхий хариу өгөх” гээд албан тушаалтнуудын үүргийг нь заачихсан. Мөн 16.1-д иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг 30 хоногт шийднэ, хэрвээ маргаантай асуудал байвал дахин 30 хоногоор сунгаж болно” гээд заачихсан. Ингээд хугацаа сунгасан бол тухайн иргэнд мэдэгдэх үүргийг албан тушаалтанд өгчихсөн. Мөн 17 дугаар зүйл дээр нь гаргасан тэр гомдлынх нь хариунд иргэд гомдол гаргах эрхийг хуульчилчихсан. Гэтэл ерөөсөө 2023 оны 6 дугаар сард гаргасан өргөдөл дээр энэ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль дээр заасан үйлдэл ерөөсөө огт явагдаагүй,  хариу мэдэгдээгүй.  Хариуг мэдэгдэх нь 2024 оны 3 дугаар сард мэдэгдсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Дахиж ** очиж хүсэлт гаргасан, гэтэл тухайн үед давхцал байсан гэж яриад байгаа байхгүй юу. **ын газартай давхцал байсан гэдэг энэ хавтаст хэрэг дотор ганц ч баримт байхгүй. Баримт нь байгаа гэж яриад байна би дутуу харсан байж магадгүй, гэхдээ миний авсан миний одоо бүрдүүлсэн энэ судалж байгаа материал дотор **ын газартай давхацсан гэсэн баримт байхгүй. 

Нэхэмжлэгчийн “2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшихээр өгсөн хүсэлтийг тухай үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулиар шийдвэрлэхгүй орхигдуулж 2024 оны хуулиар шийдвэрлэж байгаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоож, **ийн  барилга, байгууламж барьсан газарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу гаргаж өгөхийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга нарт даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

11. Иргэдийн төлөөлөгч ** дүгнэлтдээ: “Энэ хүний газар эзэмших эрхийн гэрчилгээг 2026 онд гаргах юм шиг байна. Газрын алба, захиргааны хооронд уялдаа холбоо муу байна гэж үзэж байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч **аас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт  холбогдуулан “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын иргэн ** миний эзэмшиж, ашиглаж байгаа газрыг эзэмших эрх олгуулах асуудлыг сумын Засаг даргад зохих ёсоор уламжлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шаардагдах захиргааны акт буюу надад 649,7 м.кв газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг хариуцагч Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас энэ өдрийн шүүх хуралдаанд “**т 2016 онд газар эзэмших эрх олгох зорилготой “цагаан хуудас”-ыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас олгож байсныг, мөн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшихээр өгсөн хүсэлтийг тухай үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулиар шийдвэрлэхгүй орхигдуулж 2024 оны хуулиар шийдвэрлэж байгаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоож, **ийн  барилга, байгууламж барьсан газарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу гаргаж өгөхийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга нарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ч “**т 2016 онд газар эзэмших эрх олгох зорилготой “цагаан хуудас” Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас олгож байсныг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаасаа татгалзав.   

3.Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ....эрхтэй/, 66 дугаар зүйлийн 66.1 /Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно/ дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. Тодруулбал, шүүхэд маргаан үүсгэх, хариуцагч сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах замаар маргааныг өөрийн хүсэлтээр дуусгавар болгох эрхийг зөвхөн нэхэмжлэгч эдлэх бөгөөд үүнд хариуцагч, гуравдагч этгээд нарын үүссэн байсан маргааны талаарх  хүсэл зориг үл хамаарна.

4.Тиймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсгүүдэд зааснаар “**т 2016 онд газар эзэмших эрх олгох зорилготой “цагаан хуудас” Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас олгож байсныг илт хууль бус болохыг тогтоолгох” хэсгээс татгалзсан  нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, үлдсэн шаардлагын хүрээнд маргааныг ердийн журмаар шийдвэрлэв.

5.Нэхэмжлэлийн “2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшихээр өгсөн хүсэлтийг тухай үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулиар шийдвэрлэхгүй орхигдуулж 2024 оны хуулиар шийдвэрлэж байгаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоож, **ийн  барилга, байгууламж барьсан газарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу гаргаж өгөхийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга нарт даалгах” шаардлагын тухайд:

6.Нэхэмжлэгч ** нь 2016 оны 5 дугаар сард Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газар эзэмших хүсэлт гаргасан ба  захиргааны байгууллагаас “цагаан хуудас” өгсөн гэх боловч энэ талаар өөрөө нотлоогүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **ийн “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2016 онд байгуулагдаагүй байсан, мөн манайхаас “цагаан хуудас” гэх зүйлийг олгож ч байгаагүй,  олгодоггүй” гэх тайлбар, мөн шүүхийн журмаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2016-2024 оны хүн, хуулийн этгээдээс гаргасан “Өргөдөл, гомдлын бүртгэл”-үүдэд үзлэгийн ажиллагаа явуулсан боловч энэ талаарх баримт цуглаагүй /байхгүй/ зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч **ийг 2016 онд “газар эзэмших хүсэлтээ зохих газарт гаргасан” гэж  дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

7.Харин нэхэмжлэгч нь анх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Газрын асуудал хариуцсан мэргэжилтэнд  “Баян-Өндөр сумын ** багийн ** гэх газарт байрлах зуслангийн зориулалттай газарт 0.7 га газар эзэмших хүсэлт” гаргасан байна. /1 дэх хх-ийн 84 дүгээр тал/

8.Түүнчлэн 2024 оны 02 дугаар сарын 06, мөн оны 06 дугаар сарын 03,  07 дугаар сарын 29, 08 дугаар сарын 27-ны өдөрүүдэд  эрхийн маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан гаргасныг  “шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг тухай бүрд нь өгч байжээ. /1 дэх хх-ийн 47-61 тал/

9.Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар маргаан бүхий захиргааны үйл ажиллагааны биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

9.1.Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/559 дугаартай захирамжаар иргэн **ад тус сумын ** багийн ** байрлах 2 га газар эзэмших эрхийг зуслангийн зориулалтаар олгосон бол 

9.2.Мөн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/532 дугаартай захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

9.3.Харин нэхэмжлэгч ** нь тухайн газрыг эзэмших хүсэлтээ 2016 оноос эхэлж гаргасан гэж тайлбарлаж байгаа ч түүнийгээ нотолж чадаагүй, харин анх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүсэлт гаргасан нь нотлогдсон.

9.4.Эзэмших эрхийн маргаан бүхий газар дээр ** хашаа, байшин барьсан, хариуцагчаас хоёр талын хөршүүдэд нь газар эзэмших эрх олгосон шийдвэрийг 2023 онд гаргасан гэх үйл баримтууд нь нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмших эрх үүссэнийг нотлохгүйгээс гадна Газрын тухай хууль болон холбогдох журмаар түүнд тухайн газрыг эзэмших давуу эрхийг олгосон, хариуцагчид энэ талаар шийдвэр гаргах үүрэг үүссэн болох нь тогтоогдсонгүй. 

10.Нөгөө талаар, **ийн 2016 онд гаргасан гэх газар эзэмших хүсэлтийг хангах үндэслэл хариуцагчид байхгүй байсан болох нь тухайн газрыг **ад эзмшүүлсэн Засаг даргын шийдвэр гарсан байсантай холбоотой байна.

11.Харин нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас 2016 оны үед газрын асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын хувийн зохион байгуулалтын хүрээнд иргэд, хуулийн этгээдээс газрын харилцааны талаар гаргасан хүсэлтийг хүлээж авсан болохыг баримтжуулж бүртгэлийн хуудас олгож байсан болох нь тогтоогдоогүй боловч тогтоогдсон тохиолдолд Засаг даргад тухайн хүсэлтийг заавал хангасан шийдвэр гаргахыг үүрэгжүүлсэн баримт биш байна.

12.Тиймээс нэхэмжлэгч талын “цагаан хуудас”-ыг нотлох баримтаар заан мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн агуулгаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол хариуцагч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчихөөр байсан байх тул тухайн үндэслэлээр хариуцагчийг буруутгах  үндэслэлгүй.  

13. **ад Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** байрлах зуслангийн зориулалттай газарт 0.7 га газрыг эзэмших эрх олгосон Засаг даргын 2014 оны А/559 дугаар шийдвэр 2024 оны А/532 дугаар захирамжаар хүчингүй болсон, улмаар тухайн газрыг эзэмшүүлэхээр Баян-Өндөр сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдан батлагдсанаар нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмших хүсэлт гаргах эрх хуульд зааснаар нээгдсэн байна. 

14.Хариуцагч нарын төлөөлөгч нараас “Монгол Улсын Засгийн газраас Орхон аймгийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг  “хашаатай айл өрхийн судалгаанд хамрагдсан иргэдэд газар эзэмшүүлэх тухай шийдвэр, тогтоол гаргах” гэх үндэслэлээр түдгэлзсэн байдалтай байна. Газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан газрыг Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлөөр эзэмшүүлэх шийдвэрийг холбогдох Засаг дарга гаргах учиртай бөгөөд тус сумын 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан газраас нэг ч нэгж талбарын газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг өнөөдрийг хүртэлх хугацаанд Засгийн газраас олгоогүй байна. Уг нь **ийн маргаж буй газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгуулж батлуулсан ч гэсэн энэ шалтгааны улмаас Засаг даргаас түүнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй, зөвшөөрөл ирвэл шийдвэр гаргах боломжтой” хэмээх агуулгаар тайлбар гарган мэтгэлцлээ. 

15.Монгол Улсын хэмжээнд газрын харилцааны талаарх нэгдсэн бодлого, төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газар гаргах бөгөөд түүний хэрэгжилтийг хангах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хувьд үүрэг болно.

16.Хэдийгээр хариуцагч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг “хүлээн зөвшөөрөхгүй” байр сууринаас нэхэмжлэгчтэй мэтгэлцэж байгаа ч бодит байдалд түүний хүсэлтийг хангах шийдвэр гаргах бэлтгэл ажиллагааг хууль, холбогдох журамд заасны дагуу гүйцэтгэж байгаа, нэхэмжлэгч ч энэ талаар мэдэж байгаа зэрэг нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шууд дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

17.Нэгэнт захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах ажиллагааг гүйцэтгэж байгаа, уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах ажиллагааны урьдач нөхцөлд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар тухайн жилийн “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө” нь тус Улсын Засгийн газрын шийдвэрээр зөвшөөрөгдсөн байхыг шаардсан байх тул шүүх захиргааны байгууллагын энэхүү дараалал руу халдан **ийн хүсэлтэд дурдсан газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасан шийдвэр гаргах үндэслэлгүй.

18.Тодруулбал, шүүх **т газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул захиргааны байгууллага уг газрын маргааныг өөрөө шийдвэрлэж, дахин шинэ акт гаргах замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байна.

19.Иймд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

20.Хэрвээ шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гараагүй тохиолдолд захиргааны акт хүчингүй болохыг дурдаж, нэхэмжлэгч ** нь зохих журмын дагуу газар эзэмших хүсэлтээ захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлах газарт газар эзэмшүүлэх асуудлыг захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэлээ.

            21.Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгч **ны “Энэ хүний газар эзэмших эрхийн гэрчилгээг 2026 онд гаргах юм шиг байна. Газрын алба, захиргааны хооронд уялдаа холбоо муу байна гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтуудыг баримтлан **ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга /**/, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /дарга **/-т тус тус холбогдуулан гаргасан “2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшихээр өгсөн хүсэлтийг тухай үед мөрдөгдөж байсан Газрын тухай хуулиар шийдвэрлэхгүй орхигдуулж 2024 оны хуулиар шийдвэрлэж байгаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үйлдэл нь илт хууль бус болохыг тогтоож, **ийн  барилга, байгууламж барьсан газарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу гаргаж өгөхийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга нарт даалгах” нэхэмжлэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  “**т 2016 онд газар эзэмших эрх олгох зорилготой “цагаан хуудас” Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас олгож байсныг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаасаа татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын санхүүгээс  тус тус 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.САРАНГЭРЭЛ

                       ШҮҮГЧИД                              Б.БОЛОРМАА

                                                                                          Б.БАТЧИМЭГ