Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/353

 

 

 

 

 

 

                                                                        

2024              3              21                                        2024/ДШМ/353

 

                                                      

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уийн өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Ганзориг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Т.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 2303004070370 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сайнхувьт овгийн Б.Б, 1998 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, “Жонон Болд” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр баг, Буриад 3 дугаар гудамжны 326 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ГИ98031313/,

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, “Хүннү Молл” худалдааны төвийн урд замд 2023 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг 10 минутын үед “Тоёота приус-20” загварын 91-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч Ө.Быг мөргөж автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны арга хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сайнхувьт овгийн Б.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгчээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ут оршуулгын зардалд 25,500,000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч Б.Бээс нийт 110,261,956 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ут олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдэээж шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Т.Ганзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын инженер техникийн шинжилгээний газрын Авто техникийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2758 дугаартай дүгнэлтээр “...Амь хохирогч явган зорчигч нь ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч зам тээврийн осол гарах олон шалтгааны НДГ нөхцөл болсон байна. ...” гэсэн дүгнэлт /1хх 148-159/ болон бусад баримтаар хохирогч дунд зэргийн согтолттой, явган хүний гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарч байсан болох нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгуй орхигдуулсан байна.

Б.Бийн үйлдсэн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа шууд эмнэлгийн тусламж, туслалцаа үзүүлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн.

Б.Бийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлбөр дээр маргадаггүй бөгөөд шүүхээс тогтоосон хэмжээнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлдэг тул нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорихоос өөр төрлййн ялыг сонгон оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Үнэхээр их гэмшиж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаж, хорих ангиас заавал тэмдэг дарагдаж байж баталгаажсан гэж үзэх боломжтой гэж үзэж байна. Иймэрхүү нөхцөл байдлуудаас үүдэн анхан шатны шүүхээс гомдлуудыг хүлээж аваагүй тохиолдлууд байдаг учир хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн зам тээврийн осол болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн. Шүүгдэгч хэдийгээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон боловч ослын улмаас хүний амь нас хохирсон. Анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн боловч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул хор уршиг арилах боломжгүй. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, Б.Бд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Б.Б нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын гудамж, “Хүннү Молл” худалдааны төвийн урд замд 2023 оны 6 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг 10 минутын үед “Тоёота приус-20” загварын 91-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” Гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч Ө.Быг мөргөж автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны арга хэмжээ тогтоосон актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Уийн “...Би ганцаараа хоёр бага насны хүүхэд тэжээх хүнгүй, маш хүнд байдалтай үлдлээ. Маш их гомдолтой байна. Хурдтай явж байсан байх, хурд багатай явж байсан бол мөргүүлээд амьд үлдэх боломжтой байсан байх гэж бодож байна...” /1хх 27-29/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Ууганбатын “...Уг ослын талаар мэдэх зүйл байхгүй. Осол болсны дараа манай дүү Билгүүнсүмбэрэл над руу утсаар залгаж хэлсэн. “Тоёота приус-20” загварын 91-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг боловч Билгүүнсүмбэрэлийн өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл тул надад гомдол санал нэхэмжлэх байхгүй. Учирсан хохирлыг Билгүүнсүмбэрэл өөрөө хариуцна... “ /1хх 32, 35/,

Б.Бийн яллагдагчаар “...Миний унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн гар талын ойрын гэрэл асахгүй гэж дүгнэлтэд тусгагдсан байна. Өмнөх орой нь машины гэрэлийг харахад хэвийн ажиллаж байсан. Ослын дараа гэрэлд доргилт өгч асахгүй болсон байх. Маш их харамсаж байна. ...” /1хх 169/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Ө.Бын цогцост гавлын том нүх, зулай дагз ясны хугарал, суман заадасны салалт, их тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлөгийн чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, цус хуралт, баруун уушигны няцрал, цус хуралт, баруун зүүн, уушигны авчилт, цээжний хөндийд цус хуралдалт, элэгний язрал, урагдал, уушигны угийн цус хуралт, өвчүү яс, зүүн эгэм, яс, сээрний 7, 8-р нугалмын их бие, баруун зүүн шаант тахилзуур ясны хугарал, цус хуралт, хүзүү, уруул, зүүн бугалга, баруун шилбэнд шарх, зүүн хацар, хүзүү, баруун шуу, зүүн эгэм, мөр зүүн бугалга, зүүн чамархай хуйх зүүн мөр, зүүн тохой, баруун, зүүн шууны зулгаралт, хүзүү, баруун мөр, баруун бугалга, баруун зүүн шуу, сарвуу, цээж, зүүн шилбэний цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Авто ослын улмаас мөргөгдөх, дайрагдах механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд авто ослын үед үүссэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархи цээж, хэвлий, нуруу, доод мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 2.4 промилли спиртийн зүйл илэрсэн. Энэ нь согсолтын дунд зэргийн үзүүлэлт болно. ...” 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 1651 дугаартай /1хх 42-54/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 20/эр 71/12" гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй...” 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2769 дугаартай /1хх 62-63/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн майканд 45х50мм талбайд шинээр хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн халцралт, Хөх өнгийн майканд 25х20мм талбайд шинээр хатуу гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн зулгаралт, Хар хөх өнгийн өмдөнд 12х9мм хэмжээтэй шинээр хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гогодолт, Хөх өнгийн майканд 170мм, 120мм, 490мм, хөх эрээн өнгийн дотоожинд 300мм, 300мм хэмжээтэй шинээр хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтүүд байна. /Хувцасыг тайлах зорилгоор хайчаар үүссэн байх боломжтой/ Хар өнгийн саравчтай малгай гэмтэлгүй байна...” 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2419 дугаартай /1хх 65-70/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн хавтас хэргийн материалд “Тоёота приүс 20” загварын 91-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл гэмтэлтэй, стандарт шаардлага хангахгүй байгаа нь зам тээврийн осолд нөлөөлж болох олон шалтгааны нэг нөхцөл болох үндэслэлтэй байна. Зам тээврийн ослын сэргээн тогтоох шинжилгээний явцад жолооч тухай нөхцөлд хурдыг тохируулж яваагүй байх үндэслэлтэй байна. Хавтас хэрэгт авагдсан материалд шинжилгээ хийхэд жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, тохиромжтой хурдыг сонгож яваагүй байх үндэслэлтэй байна. Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг хэрэглэж, зөрчсөн эсэхийг тогтоох асуулт нь шинжлэх ухааны арга хэрэгсэл ашиглахгүй, эрх зүйн мэдлэггүй авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй. Амь хохирогчийг аль талаас дайрсан эсэх, биед үүссэн гэмтлийн асуулт нь шүүх анагаах ухааны асуулт тул хариулах боломжгүй. Амь хохирогч явган зорчигч нь ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлд явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч зам тээврийн осол гарах олон шалтгааны нэг нөхцөл болсон байна...” 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2758 дугаартай /1хх 148-159/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазрын “... “Тоёота приус-20” загварын 91-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0cd асахгүй, хол дээрээ 2000сd, Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5200сd, хол дээрээ 2300сd байгаа нь баруун зүүн гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн гар талын ойрын гэрэл асахгүй байна. ...Дээрхи гэмтлүүд нь хэзээ яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй...” 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 39588185 дугаартай /1хх 82-89/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-4, 16-17/, осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6, 18, 7-9, 19-20/, жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-12, 13-14/, техникийн тодорхойлолт /1хх 112/, хохирлын баримтууд /1хх 192-249/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Б нь ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчин “Тоёота приус-20” загварын 91-24 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа явган зорчигч Ө.Быг мөргөж хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх гэм хор, хор уршгийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгч Б.Бээс нийт 110,261,956 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ут олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Тухайлбал, тухайн гэмт хэрэг 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Шүүх шинжилгээний тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж, мөн Улсын дээд шүүхийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоол, аргачлалыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

Хэдийгээр Улсын дээд шүүхийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоол, аргачлал батлагдахаас өмнө тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн боловч анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих зүйл, заалтыг баримтлан хохирогчид учирсан хохирол, хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Т.Ганзориг нь “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр дээр маргадаггүй, хохирлоо нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлдэг тул хорихоос өөр төрлййн ялыг сонгон оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хүнд биш ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул түүний гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Т.Ганзоригийн “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Т.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                        С.БОЛОРТУЯА

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ