Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

            Шүүгдэгч: М.Н өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ...д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805003790126 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ..., 1963 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ..., 55 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн техникч мэргэжилтэй, “..., ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ... тоот регистртэй,

Шүүгдэгч М.Ннь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар ...од байрлах гэртээ өөрийн эхнэр Г.Пг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гутлаар цохиогүй, таавчигаар цохисон, гутлаа өмссөн байсан. Би найзтайгаа архи уугаад гэртээ харьсан юм. Тэгээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь ажил дээрээ очихоор гарах гэхэд гаргахгүй урдаас нүүр, ам самардаад байхаар нь би боль гээд цохисон. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Г.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 58-69 тоотод байх гэртээ байж байтал манай нөхөр Н Хайлаастад байдаг буудал руу явна гэж хэлээд гарах гэхээр нь боль гэж хэлээд зогсоогоод хоорондоо маргалдаж байтал Н миний толгой, зүүн талын гар руу гутлаараа цохиод байсан. Тэгээд байхаар нь би цагдаа дуудсан... Миний зүүн талын гар хөхөрч хавдсан....Нд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..... 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байтал нөхөр Н орой 20 цагийн орчимд архи уучихсан ирсэн.... Н тэр өдөр өмсөж байсан гутлаараа толгой руу хэд хэдэн удаа цохисон, заамдаж цээжнээс базсан, зүүн гарнаас татаж базсан. Миний зүүн чихний ар хэсэгт хөхөрсөн, зүүн шуу болон бугалга, зүүн хөх хөхөрсөн байсан....уг гэмтлийг Н надад учруулсан. Н үүнээс өмнө хэрүүл маргаан болох үед намайг зодож байсан боловч би нэг ч удаа цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 15, 17/,

Шинжээчийн 1096 тоот дүгнэлтэд: “...Г.Пгийн биед зүүн чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, бугалга, зүүн хөхний хэсэгт цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Яллагдагчаар М.Нын өгсөн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж эхнэр Пүрэвсүрэнг зодож гэмтэл учруулсандаа гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-н 10-11/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.Ннь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр согтуугаар ...од байрлах гэртээ өөрийн эхнэр Г.Птэй гэрээсээ гарч явна гэснээс маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Пгийн: “...манай нөхөр Н Хайлаастад байдаг буудал руу явна гэж хэлээд гарах гэхээр нь боль гэж хэлээд зогсоогоод хоорондоо маргалдаж байтал Н миний толгой, зүүн талын гар руу гутлаараа цохиод байсан....Н тэр өдөр өмсөж байсан гутлаараа толгой руу хэд хэдэн удаа цохисон, заамдаж цээжнээс базсан, зүүн гарнаас татаж базсан. Миний зүүн чихний ар хэсэгт хөхөрсөн, зүүн шуу болон бугалга, зүүн хөх хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15, 17/, шинжээчийн 1096 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь өөрийн эхнэр болох гэр бүлийн баталгаатай Г.Пг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Ннь эхнэр Г.Пг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Пгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.Нын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч М.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй зэргийг харгалзан улсын яллагчаас оногдуулсан ялыг багасгаж торгуулын ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 1 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Нт шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ннь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ...ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ныг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Нд шүүхээс оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР