Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 499

 

Ц.Н, А.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаар магадлалтай, Ц.Н, А.А нарт холбогдох 1709013610412 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, “Эм Эл И Эн Жи” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, 1998 оны 4 дүгээр сарын 22-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Их Монгол овогт Ц.Н,

2.Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй, “Эм Эл И Эн Жи” ХХК-д талбайн инженер ажилтай, ял шийтгэлгүй, Урианхай овогт А.А нар нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Н, А.А нарыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 болон 3, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 болон 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ц.Н, А.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нгийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нар нь гэм хорын хохиролд 8.600.000 төгрөг, 13.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Н, А.А нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан 647 тоот магадлал нь хууль зүйн үндэслэл муутай болсон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан байх бөгөөд Ц.Н, А.А нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, үүнтэй холбогдон гарсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад шүүгдэгч нарыг тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь шүүгдэгч нар гэм буруу дээр маргаагүй, Ц.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас анхан шатны шүүх тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнссэн нь буруу биш. Ц.Н нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл удаа дараа эрүүл мэндийн улмаас ажлаа эрхлээгүй мэс засалд орж байгаа хэдий ч хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээс өмнө гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн байна.

Иймд 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 647 тоот магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 311 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Н, А.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “Эм Эл И Эн Жи” ХХК-ийн захирал Ц.Н, тус компанид талбайн инженер А.А нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Эм Эл И Эн Жи” ХХК-ийн барьж байсан барилгын 10 давхраас Я.Н нь унаж, амь насаа алдсан гэж дүгнэн, шүүгдэгч Ц.Н, А.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Н, А.А нарыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ц.Н, А.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н нь гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Шүүгдэгч Ц.Н, А.А нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, үүнтэй холбогдон гарсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад шүүгдэгч нарыг тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Н, А.А нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Н, А.А нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэж ялласан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч нарыг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, мөн гэм хорын хохирол бүрэн арилаагүй байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, улмаар тогтоох хэсгийн 5 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нг гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүх Ц.Н, А.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад тэднийг Эрүүгийн хуульд заасан ямар хэрэгт ял оногдуулахгүйгээр тэнсэж буйгаа бичээгүй байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангэрэл “Хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гэм хорын хохирол нөхөн төлөгдсөн” гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хэвээр үлдээх санал гаргасан боловч хохирол нөхөн төлөгдсөнийг баталсан буюу энэ талаар нотлох баримтын шаардлага хангасан баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд, түүний дотор 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн H-2017-03 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтийг дурдаж бичсэн байна.

Тус шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “ "Эм Эл и Эн Жи” ХХК нь хувийн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг Я.Нд олгосон боловч өндрийн хамгаалалтын бүсийг холбох, бэхлэх хэрэгсэл /олс, тросс/ ашиглах техникийн нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй нь "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм "БНбД 12-03-04-ийн Хавсралт-7 /K.7.Зураг төслийн шийдэлд ажиллагчдыг өндрөөс унахаас урьдчилан сэргийлж дараах зүйлүүдийг тусгана: хамгаалалтын бүсийг бэхлэх арга ба газрыг зааж өгөх/-ийг хэрэгжүүлээгүй байна.” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолд бичигдсэн нотлох баримтуудыг бүхэлд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж дүгнэсэн боловч шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан "Эм Эл и Эн Жи” ХХК нь хувийн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг Я.Нд олгосон боловч өндрийн хамгаалалтын бүсийг холбох, бэхлэх хэрэгсэл /олс, тросс/ ашиглах техникийн нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй” гэсэн дүгнэлт нь 1 дүгээр хавтасны 142 дугаар хуудсанд авагдсан осол болохын өмнөх ажлын байрны угсралтын үйл явцыг харуулсан фото зургийн үзүүлбэрт талийгаач Я.Нгийн осолдсон ажлын байран дээр өндрийн хамгаалалтын бүсийг бэхлэх тороос дүрслэгдсэн байгаатай нийцэж байгаа эсэх, аль нотлох баримт нь хэргийн бодит байдалд нийцсэн, эсхүл эрүүгийн хэрэгт нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт эргэлзээ бүхий болжээ.

Түүнээс гадна шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт "Эм Эл и Эн Жи" ХХК нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэж заасны дагуу амь хохирогч Я.Нд ажлын хувцас, хувийн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл /каск малгай, өндрийн хамгаалалтын бүс, бээлий, ажлын багаж, техник хэрэгсэл/ олгосон байна. Харин Я.Н нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна”, 18.2.5-д “ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх” гэж заасныг зөрчиж өндрийн хамгаалах бүсийг зориулалтын дагуу хэрэглээгүй, мөн хуулийн 18.2.3-т “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах” гэж заасны дагуу өндрийн хамгаалалтын бүсийг холбох хэрэгсэл /олс, тросс/ ашиглах талаар арга хэмжээ аваагүй байна.” гэснээс гадна осол гарах үед амь хохирогч Я.Нтай хамт ажиллаж байсан нэр бүхий гэрчүүд дээрх дүгнэлтийн хэсэгтэй ижил агуулга бүхий дараахь мэдүүлгийг өгсөн нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигджээ. Үүнд:

Гэрч Б.Бын өгсөн “…Н барилгын зүүн талд ганцаараа шавар цутгалтын бэхэлгээгээ авч байсан. Харин А, Э, Б нар барилгын баруун хойд хэсэгт надтай хамт ажлаа хийж байсан, ... барилга ягир угсрагдаад өндрийн бүсний тороос заавал ч үгүй хийгддэг, ягираас унжсан тросноос хийгээгүй байж таараад байгаа, уг нь бэхэлгээний дэгээгээ хийсэн бол унахгүй байсан, Б.Э ах талийгаач Я.Нг хамгаалалтын элэгний бүсгүй хамгаалалтын хэрэгсэлгүй гарах гэж байхад нь дүү Б.Бын хамгаалалтын хэрэгслийг нь аваачиж өгөөд бүсийг нь бүслүүлж гаргасан..." гэсэн мэдүүлэг /хх-17, 169/, 

Гэрч Б.Эын өгсөн “...би талийгаач Я.Нг араас нь очиж харахад агаарын хамгаалалтын дэгээгүй зогсож байхад нь би дэгээгээ аваа гээд талийгаач Я.Нгийн өөрт нь бүсэнд нь зүүж өгөөд тэгээд ажлаа хий гэж хэлсэн, тэгээд ойролцоогоор 20-30 минутын дараа эргэж талийгаачийн ажиллаж байсан газар очоод үзэхэд талийгаач байхгүй байсан, тухайн үед талийгаач талбай дээр юм үзэж байгаад оройтчихлоо гэж ярьж байсан, Я.Нд хамгаалалтын дэгээг би өөрөө бүсэнд нь зүүж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-18, 167/, 

Гэрч Б.Бын өгсөн “...талийгаач Я.Нд миний ах Б.Э миний бүсэнд байсан хамгаалалтын хэрэгслийг авч бэхэлгээгээ хий гээд талийгаачийн бүсэнд нь зүүж өгөөд талийгаач өөрөө техникийн давхарын пум хуулахаар гадна хана руу гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-19, 168/, 

Гэрч Д.Аийн өгсөн “...талийгаач Я.Н өндрийн бүсний дэгээгээ аваарын тороосноос бэхэлж явсан бол талийгаач унахгүй байх байсан. Учир нь талийгаач Я.Н хувийн хамгаалах хэрэгсэл буюу өндрийн бүсээ зүүсэн боловч техникийн давхарын ягирнаас унжсан троссноос дэгээгээ дэгээдээгүйн улмаас осол гарсан, Я.Н нь ажиллаж байх явцдаа хувийн хамгаалах хэрэгслээ дутуу өмсөж, хэрэглэж байснаас захиалагч талын ХАБ-ын инженер надаас удаа дараа сануулга авч байсан, эхэлж амаар сануулга өгч, мөн дахин зөрчил гаргасны улмаас каск өмссөн боловч бүчээ зүүгээгүй ажиллаж байхад нь 5000 төгрөгөөр торгосон, дараа нь өндөрт ажиллаж байхдаа өндрийн бүсээ зүүсэн боловч бүснийхээ дэгээг аваарын тросноос бэхлээгүй байхад нь 50.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан...” гэсэн мэдүүлэг /хх-25/, 

Гэрч Б.Лийн өгсөн “...ажил дээр байх хугацаандаа Я.Н нь хамгаалалтын бүсээ бэлгэдлийн юм шиг бүслээд ашигладаггүй, байнга шахуулж шаардуулж байдаг…” /хх-27, 164/ гэсэн мэдүүлэг зэргийг дурдаж болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаас харахад талийгаач Я.Нгийн осолдсон ажлын байран дээр өндрийн хамгаалалтын бүсийг бэхлэх тороос байгаагүй талаарх шинжээчийн дүгнэлт, энэ талаар шинжээч Г.Гантөмөрийн өгсөн /хх-65/ мэдүүлэг болон түүний эсрэг агуулга бүхий бусад нотлох баримтуудын аль нь үнэн зөв, хэргийн бодит байдалд нийцсэн талаар үндэслэл бүхий эргэлзээ бий болсон байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудын харьцуулан судалж, аль нэгийг нь няцааж үгүйсгэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, уг осол гарах үндсэн шалтгаан нь ажил олгогч, эсхүл ажилтны илтэд буруутай үйл ажиллагаанаас болсон эсэх, шүүгдэгч Ц.Н, А.А нар нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн ямар үүргээ биелүүлээгүйн улмаас осол гарсан, шүүгдэгч нарын буруутай эс үйлдэхүй нь амь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байх тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагад нийцээгүй буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасны дагуу шаардлагатай гэж үзвэл ажил олгогч байгууллагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хариуцагчаар тогтоохоос гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 36 сарын цалинтай тэнцэх мөнгийг шүүгдэгч Ц.Н, А.А нар шууд хариуцан төлөх үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Хяналтын шатны шүүх нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүйгээс гадна энэ удаа анхан шатны шүүхийн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөх боломжгүй байх тул шүүгдэгч Ц.Н, А.А нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 647 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар шүүгдэгч Ц.Н, А.А нарын өмгөөлөгч Т.Урангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН