Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 693

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.М, О.Б нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.М, О.Б нарын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,  хариуцагч Б.М, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Тус компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

Компанийн үйл ажиллагааны 2010 оноос 2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, Татварын улсын байцаагч нар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 220017260 дугаар актыг үйлдсэн. 

Уг актын тогтоох хэсэгт “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д дараах үйлдэл эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол... татварын улсын байцаагч татварын нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. 74.3-т энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна..., гэснийг үндэслэн “Г*******” ХХК-иас 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бичигдсэн 11054813 дугаар бүхий падаанаар 86.981.819,10 төгрөгийн, “Н*******” ХХК-иас 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бичигдсэн 12458865 дугаар бүхий падаанаар 70.909.090,00 төгрөгийн нийт 157.890.909,10 төгрөгийн бараа, материал авснаар нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авах хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг санаатай бууруулсан” гэжээ. 

Ийнхүү актын тогтоох хэсэгт 15.789.090.90 төгрөгийн нөхөн татвар, 4,736,727.30 төгрөгийн торгууль, 6.456.159.30 төгрөгийн алданги, нийт 26.981.977.50 төгрөгийн төлбөр ногдуулсан.

“Т*******” ХХК нь дараах үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн 220017260 дугаар актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Манай компани нь барилгын угсралт, засвар, засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлүүдэд заасан үүргийнхээ дагуу үүргээ биелүүлж тайлагнасан. 

Бусдаас худалдаж авсан бараа, материалын нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэж үзэн бусдын буруутай үйл ажиллагааны хариуцлагыг манай компанид ногдуулж байгааг хууль зөрчсөн, татвар төлөгчийг дарамталсан үйлдэл гэж үзэж байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу олон улсын стандартад нийцсэн, санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэн Татварын ерөнхий хуулийн 18.1.3-д заасны дагуу анхан шатны нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж санхүү болон татварын тайланг гаргасан. Худалдагч буюу борлуулагч тал болох “Г*******” ХХК, “Н*******” ХХК зэрэг компани нь хууль зөрчсөн үйлдэл хийж байгаа эсэхийг манай компани мэдэх, шалгах боломжгүй.

Манай компани бусдаас бараа, материал худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлогдож байгаа болно. 

Нэмэгдсэн өртгийн албан татварыг хэн төсөвт төлөлгүй завшсан, хяналт муу тавьсан эсэх нь бидний эрх ашигт сөргөөр нөлөөлж Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн үйлдлийг үгүйсгэх ёсгүй. Бидний худалдан авсан бараа нь нийслэлийн өмч хөрөнгө болоод нийтийн хэрэглээнд ашиглагдаж байгаа. 

Иймд дээр дурьдсан хууль зүйн үндэслэлүүдийг хянан үзэж Захиргааны хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн татварын улсын байцаагчийн 220017260 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.М, О.Б нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Шалгалт хийсэн байцаагчид Цагдаагийн ерөнхий газар, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаар албан бичиг, Татварын ерөнхий газрын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 дугаар албан бичгийн дагуу хэсэгчилсэн хяналт, шалгалт хийж, “Г*******” ХХК-иас 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 11054813 дугаартай, 86.981.816,00 төгрөгийн дүнтэй хий бичилттэй падаан, 54******* дугаар регистрийн дугаартай “Нилай нефьт” ХХК-иас 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12458865 дугаартай 70.909.090,91 төгрөгийн дүнтэй хий бичилттэй падаан, нийт 157.890.909,09 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтад тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил илрүүлсэн болно” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “” ХХК-ийн “...Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.М, О.Б нарын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөх байцаах газар 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 9д/2933 дугаар албан бичгээр “...нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь татвар төлөгчийн 55******* дугаартай “Г*******” ХХК, татвар төлөгчийн 54******* дугаартай “Н*******” ХХК-иас  худалдан авалт хийсэн мэтээр татварын тайлан гаргасан эсэх асуудалд хэсэгчилсэн шалгалт хийж холбогдох акт дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах...” талаар Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалтын удирдлагын газарт мэдэгдсэн байна. 

Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, О.Б нар нь “” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7/1277 дугаар албан бичгийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг хийж, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 дугаар актаар 55******* регистрийн дугаартай “Г*******” ХХК-иас 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын 11054813 дугаар падаанаар 86.981.816,00 төгрөг, мөн 54******* регистрийн дугаартай “Н*******” ХХК-тай бизнесийн үйл ажиллагаа эрхлээгүй атлаа 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12458865 дугаар падаанаар 70.909.090,910 төгрөг нийт 157.890.909,09 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалтад тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтыг үндэслэн 15.789.090,90 төгрөгийн нөхөн татвар, 4.736.727,27 төгрөгийн торгууль, 6.456.727,27 төгрөгийн алданги ногдуулан, нийт 26.981.977,45 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ. 

Уг актыг нэхэмжлэгч эс зөвшөөрч Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг тус газрын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.5, 7.6, 7.7 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 дугаар актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

Аж, ахуйн нэгж байгууллага нь санхүүгийн тайлан болон нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “Үнэн зөв байх” гэж заасны дагуу “” ХХК нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргаснаа нотлох ёстой. 

Гэтэл “” ХХК нь “Г*******” ХХК, “Н*******” ХХК-иудаас нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнийг төлж, барилгын материалыг худалдан авсан гэж тайлбарлах ба кассын орлого, зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримтуудад “Н*******” ХХК-тай холбоотой бэлэн мөнгөний орлогын ордер нь баримтын дугааргүй, бэлэн мөнгө хүлээн авсан ерөнхий нягтлан бодогч, мөнгө тушаагчийн гарын үсэггүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хэмжих нэгж, тоо, хэмжээ, нэгжийн үнэ, бүгд үнэ байхгүй, “Г*******” ХХК-тай холбоотой бэлэн мөнгөний орлогын баримт нь дугааргүй дарга, нягтлан бодогч, мөнгө тушаагчийн гарын үсэггүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хэмжих нэгж, тоо, хэмжээ, нэгжийн үнэ, бүгд үнэ байхгүй, бараа материалын зарлагын баримт нь байгууллагын болон худалдан авагчийн регистрийн дугааргүй, хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авагч, шалгасан нягтлан бодогчийн гарын үсэггүй байгаа зэрэг нь анхан шатны баримтын бүрдэл дутуу, хүчин төгөлдөр баримт гэж үзэх үндэслэлгүй байх тул худалдан авалт хийсэн гэдгийг нотолж чадахгүй байна. 

Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...дотроо олон лангуутай нэг дэлгүүрээс бараа материалаа бөөндөж аваад ачуулаад барилга дээр очиж нийлүүлж үйл ажиллагаагаа явуулдаг” гэх зэрэг тайлбараас “” ХХК нь санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа үнэн зөв баримтад үндэслэн гаргасан гэж үзэх боломжгүй хэмээн шүүх үзлээ.  

“Газар доор ертөнц” ХХК, “Нилай нефьт” ХХК-иуд захирал З.Т*******ыг 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дахин байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар баримтаар нотлогдож байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж заасны дагуу уг хуурамч буюу хий бичилттэй падааныг үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх үндэслэлгүй юм. 

Иймд “” ХХК-ийн Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, О.Б нарт холбогдуулан гаргасан “...Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.М, О.Б нарын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ; Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасны дагуу татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүнд хүлээлгэж байгаа хариуцлага болох торгууль, алданги нь захиргааны шийтгэл байна. 

Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны татварын улсын байцаагч нарын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 дугаар актаар 157.890.909,09 төгрөгийн зөрчилд 15.789.090,9 төгрөгийн нөхөн татвар, 4.736.727,3 төгрөгийн торгууль, 6.456.159,3 төгрөгийн алданги, нийт 26.981.977,45 төгрөгийн төлбөр тогтоосноос 4.736.727,3 төгрөгийн торгууль, 6.456.159,3 төгрөгийн алданги, нийт 11.192.886,6 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тус тус заасныг баримтлан “ТЭД” ХХК-ийн гаргасан “...Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Б.М, О.Б нарын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, О.Б нарын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 220017260 дугаар актаар тогтоосон 4.736.727,3 төгрөгийн торгууль, 6.456.159,3 төгрөгийн алданги, нийт 11.192.886,6 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулсугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.САЙХАНТУЯА