Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2016/01317

 

Г.Энхтөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 489 дүгээр шийдвэр,        

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Г.Энхтөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргад холбогдох,

Ажилласан хугацааны цалин 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймгийн Давст суманд 2014 ооны 6 дугаар сарын 05-ны өдөр Аваргын гараа нэртэй Бөхийн клуб нээгдсэн ба улмаар миний бие нь тус сумын Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/76 дугаар захирамжийн дагуу тус клубын дасгалжуулагч, арга зүйч багшаар ажиллах болсон. Ажилд авах тушаалдаа цалингийн талаар дурдаагүй ба сарын 500 000 төгрөгөөр цалинжуулахаар амаар тохиролцсон. Би 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 сар гаруй ажилласан ба ажиллаж байх хугацаандаа ямар ч цалин аваагүй тул арга буюу ажлаас гарсан. Засаг даргаас цалингаа асуухад “Төсөв мөнгө байхгүй байна, төсөв мөнгө шийдэгдэхээр өгнө” гэдэг.Иймд Увс аймгийн Давст сумын Засаг даргаас Аваргын гараа бөхийн клубийн дасгалжуулагч, арга зүйч багшаар 4 сар ажилласан хугацааны цалин 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 дугаар сард Увс нуур дэвжээний бөхийн галын тэргүүн Д.Дорлигжавын санаачилга, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэмжлэгээр тус суманд Аваргын гараа бөхийн дэвжээг нээж Г.Энхтөрд уг дэвжээг хариуцуулан орон тооны бус дасгалжуулагч багшаар томилсон ба тухайн үед ямар нэгэн гэрээ байгуулж цалин хөлс тохироогүй. Эцэг, эх, суралцагч, тамирчдаасаа төлбөр авч цалин хөлсөө зохицуулах, улмаар бөхийн спортыг хөгжүүлэх чиглэлээр аймаг сумын Засаг даргын хөтөлбөр, бодлогод тусгагдсаны дагуу 2015-2016 оны төсөвт орон тоог баталж, өөрийг чинь авч ажиллуулна гэдэг чиглэл өгсөн. 2014 оны 7-8 дугаар сард сурагчид амарсан үеэр ажиллаагүй, 9-10 дугаар сард хааяа нэг ажилласан. Тухайн үед Г.Энхтөрийн ажилласан цагийг бүртгээгүй, тэгээд ч өөрөө орлого бүрдүүлж ажиллах ёстой. Сумын Засаг даргын 2014.6.05-ны өдрийн А/76 тоот захирамж нь дэвжээ нээх тухай захирамж байсан.Иймд Г.Энхтөрд ямар нэгэн цалин хөлс олгох ёсгүй гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газраас 2 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхтөрд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхтөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газраас 46 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхтөрд олгож шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар магадлалаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Энхтөрийн Аваргын гараа бөхийн клубын дасгалжуулагч, арга зүйч багшаар 4 сар ажилласан хугацааны цалин 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг дарга Ж.Батсүхийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг Төрийн сангийн Увс салбарын 150000941 дугаартай данснаас гаргаж, Увс аймгийн Давст сумын Засаг даргад буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч намайг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Увс аймгийн Давст суманд 2014.6.05-ны өдөр Аваргын гараа нэртэй Бөхийн клуб нээгдсэн ба улмаар миний бие нь тус сумын засаг даргын 2014.6.05-ны өдрийн А/76 дугаар захирамжийн дагуу тус клубын дасгалжуулагч, арга зүйч багшаар ажиллах болсон. Ингэж ажиллуулахдаа тушаал дээрээ цалингийн талаар дурдаагүй ба сарын 500 000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулахаар амаар тохиролцсон....2014 онд Увс аймгийн бүх сумуудад бөхийн клуб нээгдсэн ба сумаас клубын дасгалжуулагч багш нарыг сум орон нутгаас нь 500 000 төгрөгөөр цалинжуулаад явж байна. Одоо ч эдгээр хүмүүс нь ажлаа хийгээд цалингаа аваад ажиллаж байгаа. Гэтэл ганцхан Давст сумын Засаг дарга миний цалин өгөхгүйгээр намайг залхаан цээрлүүлж байгааг ойлгохгүй байна. Давст сумын Засаг дарга Ж.Батсүх нь миний ажилласан хугацааны 4 сарын цалин өгөхгүй байгаа шалтгаан өөр шалтгаан байгаа гэж ойлгож байна. Давст сумын Засаг дарга Ж.Батсүх ардчилсан нам бөгөөд миний бие нь Давст сумын Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн ардчилал, залуучуудын холбооны дэд даргаар ажилладаг учир намайг үзэл бодлоор минь ялгаварлан гадуурхаж миний ажилласан хугацааны цалинг өгөхгүй байна. Миний бие нь хүний хөдөлмөрийг мөлждөг боолын нийгэмд амьдраагүй, хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан нийгэмд амьдарч байна.Иймд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 06 тоот магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Энхтөр нь Увс аймгийн Давст сумын “Аваргын гараа” бөхийн клубын дасгалжуулагч, арга зүйч багшийн цалин 2 000 000 төгрөг шаардаж, сумын Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Увс аймгийн Давст сумын Засаг дарга нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А\76 дугаар захирамжаар сумын Засаг даргын дэргэд “Аваргын гараа” нэртэй бөхийн клубыг нээж ажиллуулан, Г.Энхтөрийг клубын дасгалжуулагч, арга зүйч багшаар томилж, Соёлын төвийн спорт заал, тоног төхөөрөмжийг түүнд хариуцуулан өгөхийг Соёлын төвийн эрхлэгч, Тамгын газрын няравт даалгаж, клубыг удирдлага, арга зүйгээр хангахыг Засаг даргын орлогчид үүрэг болгожээ \хх-ийн 4 дүгээр тал\.

Харин уг захирамжид Г.Энхтөртэй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх, түүнд цалин хөлс олгох эсэх талаар заагаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2., 3.1.3.-т зааснаар “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг,  “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан  ажиллаж байгаа иргэнийг,  “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан  хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог тус тус хэлдэг байна.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болох нь, мөн нэхэмжлэгч сарын 500 000 төгрөгийн цалин, эсхүл хөлс авах эрхтэй байсан зэрэг нь  баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Талуудыг хөдөлмөрийн эрх зүйн харилцааны оролцогчид гэж үзсэн тохиолдолд ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан, шилжүүлсэнтэй холбоотой асуудлаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн  буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2014 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын цалинг хоёр жилийн дараа буюу 2016 оны 6 дугаар сард нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн эсэх талаар ямар нэг баримт үгүй байна.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх тухай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2006 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН