Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2

 

“Ай Ай Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бямбадаш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Гомбосүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 500 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 492 дугаар магадлалтай, “Ай Ай Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Ай Ай Эн” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.Бямбадаш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна”, 5.4-д “тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ” гэж заасан байдаг.

“Ай Ай Эн” ХХК нь дээрх хуулийн шаардлагыг хангаж тусгай зөвшөөрөлд заасны дагуу 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 728/Б/1S/26 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эхэлсэн ба 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 730/Б/1S/03 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу Телевиз радиогийн олон сувгийг интернет ашиглан дамжуулах үйлчилгээ явуулах эрхийг албан ёсоор авч, хууль ёсны дагуу Ай пи тв үйлчилгээ эрхэлж, 400.000.000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлж байна.

Гэтэл орон нутагт буюу тус аймагт харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй “Юнивишн” ХХК нь Ай пи тв үйлчилгээгээ эхлүүлж, өөрийн зах зээлд монополь байдлаа ашиглан үнэ төлбөргүй холболт хийж эхэлсний улмаас манай компанийн хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжих боломжгүй болж, дампуурах байдалд ороод байна. “Юнивишн” ХХК-ийн дээрх үйл ажиллагаа нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4, Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 25 дугаар зүйлийн 25.2.9, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг тус тус зөрчсөн.

“Юнивишн” ХХК-ийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул Харилцаа холбооны зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд тус хороо манай гомдлыг хянаж үзээд "Юнивишн" ХХК-д "Хууль бус ажиллагаагаа зогсоох арга хэмжээ авахыг үүрэг болгосон" тухай 2014 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 01/819 тоот мэдэгдлийг “Юнивишн” ХХК-д хүргүүлж, хуулбарыг манай компанид ирүүлсэн.

Уг 01/819 тоот мэдэгдэлд “танай компани Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа нь тусгай зөвшөөрлийн гэрээний 3.1 дэх заалтыг зөрчиж тусгай зөвшөөрлөөр олгосон эрх хэмжээг хэтрүүлсэн, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг зөрчиж тусгай зөвшөөрөлд заасан хамрах хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй зөрчил болно ...Хэрэв дээрх үйлдэл давтагдаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэхийг үүгээр мэдэгдэж байна” гэж дурдсан нь “Юнивишн” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, гаргасан зөрчилд нь тохирсон хариуцлага оногдуулж чадаагүй хэт хөнгөдсөн шийдвэр боллоо гэж үзэх үндэслэл байна.

“Юнивишн” ХХК нь тусгай зөвшөөрөлд заагаагүй хамрах хүрээнд буюу Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа биш харин бидний мэдэж байгаагаар дор хаяж 266 айлд холболт хийж, үйл ажиллагаа нь жигдэрчихсэн байгаа болно. Мөн Дархан-Уул аймагт буюу тусгай зөвшөөрөлд заагаагүй нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн санаатай үйлдэл юм. Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасныг зөрчсөн бол зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан байхад зөвхөн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэж байна гэж мэдэгдэлд заасан нь хуульд нийцээгүй байна.

Уг мэдэгдлийг хүргүүлснээс хойш “Юнивишн” ХХК нь өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулсаар байна. Иймд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4-т “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 14.1.5-д “тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй”, Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.1-д “харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй”, 15.1.4-т “хууль, гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан” бол Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасныг баримтлан Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 дугаартай албан бичгээр гаргасан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, “Юнивишн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Ай Ай Эн” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.Бямбадаш шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...”Юнивишн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа ба эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Харилцаа холбооны зохицуулах хороо нь Дархан-Уул аймгийн Дархан суманд “Ай пи тв”-ийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг “Юнивишн” ХХК болон “Скай Медиа” ХХК-д олгох тухай асуудлыг хуулиар авч хэлэлцэн, аль алинд нь тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.

Ийнхүү Дархан-Уул аймгийн Дархан суманд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан “Юнивишн” ХХК-д хуульд заасан хариуцлага тооцохын оронд хууль зөрчсөн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн тус суманд тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон Харилцаа холбооны зохицуулах хорооны шийдвэр нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасан зөрчлийг гаргасан тул 15 дугаар зүйлийн 15.1-д заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ёстой байтал харин эсрэгээр тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон илт хууль бус шийдвэр гаргалаа.

Иймд Дархан-Уул аймгийн Дархан суманд “Ай пи тв” үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг “Юнивишн” ХХК-д нөхөн олгосон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн илт хууль бус шийдвэр нь тус Дархан суманд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул уг шаардлагыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг үндэслэн хариуцлага тооцох тул уг хуулийн энэхүү заалт нь ямар нэгэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, “Ай Ай Эн” ХХК-ийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл болж чадахгүй гэж тус хороо үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 145 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр”-ийн 5.3.7-д “орон нутагт интернет протоколд суурилсан үйлчилгээг хөгжүүлэх...” гэж заасан байдаг. “Ай Ай Эн” ХХК нь тус хорооноос 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг Дархан-Уул аймгийн Дархан суманд интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээг өөрийн хөрөнгө оруулалтаар хийхээр авсан.

Гэвч тус хорооны 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/142 тоот тушаалаар томилогдсон Дархан-Уул аймагт ажилласан шалгалтын баг “Ай Ай Эн” ХХК-ийг тусгай зөвшөөрөл анх авахдаа бүрдүүлж өгсөн төлөвлөлтийн дагуу бус “Скаймедиа корпорац” ХХК-тай түрээсийн гэрээ хийж бүх тоног төхөөрөмж, дэд бүтэц сүлжээг ашиглан “Дархан Ай пи тв” нэртэйгээр “Скаймедиа корпорац” ХХК-ийн интернетэд суурилсан телевизийн үйлчилгээг хүргэж байгааг илрүүлсэн байна. Хэрвээ энэ үйлдэл нь санаатайгаар буюу ийм үйл ажиллагааг эрхлэх зорилгоор тус хорооноос тусгай зөвшөөрлийг хуулбар хуурамч, буруу бичиг баримт бүрдүүлэн авсан тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасны дагуу хариуцлага хүлээлгэж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээг тус хороо Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авах болно.

“Юнивишн” ХХК-ийн хувьд 2011 оноос эхлэн Улаанбаатар хотод Ай пи тв, өндөр хурдны интернет, суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг. “Юнивишн” ХХК-иас хөдөө орон нутгийн иргэдийн хүсэлтийг үндэслэн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дархан, Эрдэнэт хотуудад үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг бизнес төлөвлөгөөний хамт тус хороонд ирүүлсэн. Тус хороо 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Ай пи телевизийн үйлчилгээний өнөөгийн байдал, тусгай зөвшөөрлийн хэрэгжилтийн явцыг авч хэлэлцээд, тус үйлчилгээ нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг, үнэ тариф нь олон улстай харьцуулахад хямд, зах зээлийн багтаамж бага байгаагаас хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа удаан, монополь үүсээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг үндэслэн Ай пи телевизийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг тодорхой хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэсэн.

Гэвч “Юнивишн” ХХК тус хороонд мэдэгдэлгүйгээр Дархан-Уул аймгийн Дархан суманд гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэн хэрэглэгчдийг холбосон тухай гомдол “Ай Ай Эн” ХХК-иас тус хороонд ирсэн. Тус хороо “Ай Ай Эн” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу “Юнивишн” ХХК-д 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 тоот мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлдээ хэрвээ гомдолд дурдсан үйл ажиллагаа эхэлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрээг болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгааг мэдэгдээд хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй бол тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэхийг сануулсан сануулга өгсөн.

Өөрөөр хэлбэл Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу тус хороо өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд “Юнивишн” ХХК-д тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх нөхцөл бүрдэх талаар сануулга өгч хугацаатай үүрэг даалгавар өгсөн билээ. Иймд “Ай Ай Эн” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан тус хорооны гаргасан шийдвэр нь хууль бус болохыг тогтоох гэсэн нь огт үндэслэлгүй, тус хорооны бүрэн эрхэд халдах гэсэн хууль бус оролдлого гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа:

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар харилцаа холбооны салбарт тусгай зөвшөөрөл олгож, салбарын зохицуулалтыг хийж ажилладаг бие даасан, хараат бус байгууллага юм. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хорооны хуралдаанаар зарим аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт хийх асуудлыг хэлэлцсэн.

Тухайлбал: Телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхэлдэг “Скаймедиа” ХХК болон “Юнивишн” ХХК-иудын үйл ажиллагаа явуулах хамрах хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байсныг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Юнивишн” ХХК-д Дархан-Уул, Орхон аймгуудад,”Скаймедиа” ХХК-д Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад үйлчилгээ хүргэх нэмэлтийг хийсэн. Тус хороо нь дээрх компаниудын удаа дараа ирүүлсэн тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт болон хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийнхээ дагуу дээрх компаниудын хамрах хүрээнд нэмэлт хийсэн бөгөөд хууль зөрчсөн асуудал байхгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд “Юнивишн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Даваадулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Юнивишн” ХХК нь 2011 оноос эхлэн Улаанбаатар хотод Ай пи тв, суурин утас, өндөр хурдны интернетийн гурвалсан үйлчилгээг эрхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд үйл ажиллагаандаа хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллаж байгаа билээ. Бид 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Ай пи тв үйлчилгээг орон нутагт, тэр дундаа Дархан, Орхон аймгуудад хүргэхээр бизнес төлөвлөгөө гарган өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг нэмэгдүүлэх хүсэлтээ Харилцаа, холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн байгаа бөгөөд Дархан-Уул аймагт туршилтын байдлаар цоон тооны өрхийг холбож Ай пи тв, суурин утас, өндөр хурдны интернетийн гурвалсан үйлчилгээ нь стандарт хэмжээнд, тасалдалгүй ажиллаж болох эсэхийг шалгаж туршсан билээ.

Энэ асуудал Харилцаа, холбооны зохицуулах хорооноос манайд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр огноолсон 01/819 тоот албан бичгээр уг туршилтын арга хэмжээг зогсоох талаар үүрэг даалгавар өгч, сануулга өгсөн тул бид туршилтын ажлаа зогсоосон болно. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд “Юнивишн” ХХК-д сануулах арга хэмжээг нэгэнт авсан байхад тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул “Ай Ай Эн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Юнивишн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа:

“Юнивишн” ХХК нь Ай пи тв үйлчилгээг Дархан-Уул, Орхон аймгуудад нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл болон бизнес төлөвлөгөөгөө 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 42 тоот тогтоолоор “Юнивишн” ХХК-ийн эзэмшдэг 670/Б/IPTV02 тоот Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд Дархан-Уул, Орхон аймгуудыг нэмэх шийдвэр гарсан.

Энэхүү шийдвэрийг үндэслэн бид 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороотой Телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулж тусгай зөвшөөрөл авсан. Энэхүү үйл ажиллагаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмын дагуу явагдсан үйл ажиллагаа юм. “Ай Ай Эн” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “Юнивишн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж байгаа нь учир шалтгаангүй үйлдэл бөгөөд хууль зүйн ямарваа нэгэн үндэслэл байхгүй байх тул “Ай Ай Эн” ХХК-ийн нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 500 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтаар ЗХХШТХ-ийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7, 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасныг тус тус баримтлан ““Юнивишн” ХХК-д хуульд заасан хариуцлага хүлээлгэж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож хариуцлага тооцохгүй байгаа Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Юнивишн” ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 670/Б/IPTV02 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дугаар заалтаар Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасныг баримтлан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар тогтоолын 4 дэх хэсэг, уг тогтоолын 4 дүгээр хавсралтын “Юнивишн” ХХК-д Дархан-Уул аймагт эрх олгосныг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 492 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын талаар буюу Харилцаа холбооны зохицуулах хороо “Юнивишн” ХХК-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл олгосон захиргааны акт гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэх шүүхийн дүгнэлтийн талаар: “Ай Ай Эн” ХХК 2010 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 728/Б/1S/26 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа эхэлсэн ба 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 730/Б/1S/03 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу телевиз, радиогийн олон сувгийг интернет ашиглан дамжуулах үйлчилгээ явуулах эрхийг албан ёсоор авч, хууль ёсны дагуу Ай пи тв үйлчилгээ эрхэлж, төсөл хэрэгжүүлж байсан.

Гэтэл орон нутаг буюу Дархан-Уул аймагт харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй “Юнивишн” ХХК нь тус аймагт Ай пи тв үйлчилгээг явуулж эхэлсэн ба өөрийн зах зээлд давуу байдлаа ашиглан үнэ төлбөргүй холболт хийж эхэлсний улмаас манай компанийн хөрөнгө оруулалт, төсөл хэрэгжих боломжгүй болж үйл ажиллагаа зогссон.

Иймд “Юнивишн” ХХК-д “хууль бус ажиллагаагаа зогсоох арга хэмжээ авахыг үүрэг болгосон” сануулах тухай албан тоот илгээх, хэлбэрийн төдий хяналт шалгалт явуулснаас өөр арга хэмжээ аваагүй, зөрчлийг таслан зогсоогоогүй Харилцаа холбооны зохицуулах хорооны эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, зах зээлд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх болон зах зээлд үр ашигтай шударгаар өрсөлдөх эрх ашиг хөндөгдөж байгаа үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан болохоос бус “Юнивишн” ХХК-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл олгосон захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх ялгаж салгаж ойлгохгүйгээр нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“Юнивишн” ХХК-ийн гаргасан зөрчлийг таслан зогсоох, хариуцлага тооцох этгээд нь Харилцаа холбооны зохицуулах хороо тул түүний гаргасан зөрчлийн шинж байдалд нь тохирсон хариуцлага болох тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох буюу захиргааны зохих акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан нь хуульд  нийцсэн шаардлага юм.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “Юнивишн” ХХК нь тусгай зөвшөөрлийн гэрээнд заагаагүй өөр нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан нь ямар хариуцлага ногдуулж болох талаар, зөрчлийн шинж байдлын талаар дүгнэлт хийгээгүй байж “энэ зөрчлийг таслан зогсоож чадаагүй Харилцаа холбооны зохицуулах хорооны хууль бус эс үйлдэхүй байгаа эсэх талаар тус хорооны 2011 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагын 13.1.1, 13.1.5-д заасан шаардлагатай арга хэмжээг зохицуулах хороо авахаар заасан байна”,... Харилцаа холбооны зохицуулах хороо нь зөрчлийн шинж байдлаас шалтгаалан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хугацаатай үүрэг даалгавар өгөх зэрэг арга хэмжээнүүдээс сонгон хэрэглэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал буюу өөрт нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал ба “Юнивишн” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг заавал хүчингүй болгох ёстой гэсэн агуулгаар маргаж буй нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь хэрэг маргаанд бодитой тайлбар өгч чадаагүй, нэг талыг барьсан дүгнэлт болсон.

Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх “Юнивишн” ХХК-ийн гаргасан зөрчилд Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д “харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй”, 15.1.4-т “хууль гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан бол тус хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасан хуулийн зохицуулалт байсаар байтал уг хуулийг хэрэглээгүй, харин хариуцагчийн өөрийнх нь баталсан журмыг хэрэглэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд хууль хэрэглээний алдаа гаргасан.

 2. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар: “Юнивишн” ХХК-ийг Дархан-Уул аймагт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан үйлдэлд хариуцлага тооцуулах тухай маргаан захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байхад Харилцаа холбооны зохицуулах хороо нь тус компанид Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосноор Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллана”, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т “хөрөнгө оруулалт, түүний эргэн төлөгдөх хугацаа өндөртэй үйлчилгээг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтын үр ашгийг хамгаалах зорилгоор тусгай зөвшөөрлийн тоонд хязгаар тогтоох эсхүл олголтыг тодорхой хугацаагаар зогсоож болно”, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах журмын 1.2-т “Харилцаа холбооны зохицуулах хороо... зах зээлд үр ашигтай шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг баримтална” гэж хууль тогтоомжоор хамгаалагдсан нэхэмжлэгчийн зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх, зах зээлээ хамгаалуулах эрхийг нь зөрчсөн.

Өөрөөр хэлбэл “Юнивишн” ХХК-ийн хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоож, хуульд заасан хариуцлага оногдуулахын оронд эсрэгээр шагнал урамшуулал олгож байгаа мэтээр тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, илт нэг талыг барьсан шийдвэр болсонд гомдолтой байна.

3. Сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон талаар:

...Анхан шатны шүүх Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 10.1, 10.2-т заасан зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулахад сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй бөгөөд энэ талаар тус журамд заагаагүй байна гэж уг журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байдаг.

Учир нь журмын 10.1, 10.2 болон 10.2 дахь заалтад иш татсан 3.9 дэх заалтууд нь зөвхөн өргөдөл гаргах, өргөдлийг хүлээн авч үнэлгээ, дүгнэлт гаргах процессыг зохицуулсан байдаг ба 3.9 дэх заалт нь анх удаа тусгай зөвшөөрөл олгох болон тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэгдэл өөрчлөлт оруулах, сонгон шалгаруулалт явуулах болон явуулахгүй бүх тохиолдолд хэрэглэгдэх заалт биш юм. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт явуулах асуудлыг уг журмаар зохицуулдаггүй, харин Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 18 тоот тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журмаар зохицуулдаг.

Уг журмын 1.3 дахь хэсэгт “нэвтрүүлэхээр зорьж буй үйлчилгээ нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардаж байгаа бол өрсөлдүүлэн шалгаруулалтаар олгоно” гэж заасан байдаг ба телевиз радиогийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг талаар хэргийн оролцогчдын хэн аль нь ч маргадаггүй ба энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.            

Хянавал:

Нэхэмжлэгч “Ай Ай Эн” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан суманд “Ай Пи телевиз”-ийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн “Юнивишн” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаанд хуулийн дагуу хариуцлага тооцоогүй төрийн захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас “уг үйлчилгээг эрхэлж, 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төсөл хэрэгжүүлсэн тус компани дампуурах байдалд хүрсэн” гэдэг үндэслэлээр Харилцаа, холбооны зохицуулах хороонд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. Нэхэмжлэгчийн “Харилцаа, холбооны газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 дугаар албан бичгээр гаргасан шийдвэр нь “Юнивишн” ХХК-ийн “гаргасан зөрчилд хэт хөнгөдсөн” тул хуульд заасан хариуцлага тооцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн 670/Б/IPTV/02 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Дархан суманд “телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх эрх”, “интернэтийн үйлчилгээ эрхлэх эрх”-ийн 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 730/Б/IS03, 728/Б/IS56 тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд “Скаймедиа корпораци” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу тоног төхөөрөмж, дэд бүтэц, сүлжээг нь ашиглан уг үйлчилгээг эрхэлж байсныг Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/142 дугаар тушаалаар томилогдсон шалгалтын хэсэг тогтоожээ.

Нэхэмжлэгчийн “Дархан Ай Пи Тв” нэртэй телевизийн сувгаар дээрх үйлчилгээг эрхэлж байсантай зэрэгцэн энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан “Юнивишн” ХХК нь ижил төрлийн үйлчилгээ буюу “Ай Пи телевиз”-ийн үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр Дархан-Уул аймагт эрхэлсэн нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “туршилтын ажил эхлүүлэх тухай” 466 дугаар тушаал, туршилтад хамрагдсан иргэдээс авсан судалгааны материалууд, хэрэглэгчтэй байгуулсан гэрээнүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх сурталчилгааны хуудас, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн хяналтын газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн хяналт, шалгалтын тайлан, албан бичиг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан талаар Харилцаа, холбооны зохицуулах хороонд 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 14/06/07 дугаар албан бичгээр гаргасан нэхэмжлэгч “Ай Ай Эн” ХХК-ийн гомдолд тус Хороо нь “тусгай зөвшөөрөлд заагаагүй хамрах хүрээнд үйл ажиллагаа явуулсан хууль бус үйлдлээ нэн даруй зогсоож, 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор хариу мэдэгдэх, зөрчил давтагдсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдэхийг” 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/819 дугаар албан бичгээр “Юнивишн” ХХК-д мэдэгджээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тохиолдлуудыг заасан, Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зохицуулах хороо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэж заасан ба энэ зүйлийн 15.1.1-д “харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй”, 15.1.4-т “хууль, гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан” гэдэгт “Юнивишн” ХХК-иас явуулсан үйл ажиллагаа хамаарч байхад шүүх уг хуулийг хэрэглээгүй, “оногдуулах хариуцлагыг” сонгох боломжтойгоор зохицуулсан журмын заалтыг хэрэглэсэн нь буруу болсон гэж нэхэмжлэгч хяналтын гомдолдоо дурджээ.

“Юнивишн” ХХК нь Улаанбаатар хотод телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх эрхийн 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 670/Б/IPTV/02 дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “тусгай

зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна” гэсний дагуу уг тусгай зөвшөөрөлд заагдсан үйл ажиллагааг зөвхөн Улаанбаатар хотод эрхлэх ёстой байжээ.

“Юнивишн” ХХК нь уг тусгай зөвшөөрөлд заасан аж ахуйн үйл ажиллагааг Улаанбаатар хотод эрхлэхдээ дээр дурдагдсан хуулийн зөрчлийг гаргаагүй, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Харин мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй эрхлэх аж ахуйн үйл ажиллагааг “тусгай зөвшөөрөлгүйгээр” эрхэлсэн тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4-т заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх талаар эдгээрт тусгайлан заажээ.

Иймээс “тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн” тухайн зөрчил, үүнд ногдуулах хариуцлагыг нарийвчлан заасан дээрх хуулийн зохицуулалтыг хариуцагч хэрэгжүүлээгүй нь буруу боловч нэхэмжлэгч нь “тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ийм шийдвэр гаргахыг даалгах” шаардлага гаргасан учраас шүүхүүд уг шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй болно.

Гэвч тухайн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг нэхэмжлэгчтэй ижил төрлийн үйл ажиллагааг “тусгай зөвшөөрөлгүйгээр” гуравдагч этгээд зэрэгцүүлэн явуулсан, үүнд “хариуцлага” тооцуулахаар гаргасан гомдлыг нь хариуцагч “буруу” шийдвэрлэсэн гэж үзсэн нэхэмжлэгчийг “нэхэмжлэл гаргах эрхгүй, энэ асуудлаар маргах эрхгүй” гэж анхан болон давж заалдах шатны шүүхүүд буруу дүгнэжээ.

Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллана” гэж, бүрэн эрхийн талаар 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “...хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах”, 9.1.6-д “харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл “гомдлыг нь” хуулийн дагуу шийдвэрлээгүй гэж үзсэн хариуцагчийн эс үйлдэхүйд тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Ай Ай Эн” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

Харин нэхэмжлэгчийн “гомдлыг” хариуцагч шийдвэрлэж “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн зөрчлөө зогсоох, зогсоогоогүй тохиолдолд түдгэлзүүлэх үндэслэл болохыг” гуравдагч этгээдэд мэдэгдсэнээс үзвэл хариуцагчийг тухайн асуудлаар шийдвэр гаргаагүй буюу хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шүүхүүд тухайн маргаантай харилцаанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-ийн “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгчийн “зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсанд хариуцлага тооцохын оронд Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулах тусгай

зөвшөөрлийг нөхөн олгосон нь илт хууль бус” тул 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар тогтоолын 4 дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно”, 7.3-т “тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна” гэж заасан, Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо нь “харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх” эрхийн тусгай зөвшөөрлийг олгох байгууллага бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ыг 2013 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолоороо шинэчлэн баталжээ.

Журмын 10.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлийн ангилалд багтаан сүлжээ, үйлчилгээний хамрах хүрээнд нэмэлт оруулах бол техник технологийн шийдэл, хөрөнгө оруулалтын болон сүлжээ, үйлчилгээг өргөтгөх төлөвлөлтийг Зохицуулах хороонд ирүүлэх”, 10.2-т “тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэхүү журмын 3.9-д заасны дагуу хүлээн авч, үнэлгээ дүгнэлт гарган шийдвэрлүүлэх” гэж заасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд  “Юнивишн” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/562, 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/229, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01/437 дугаар албан бичгээр 670/Б/IPTV/02 дугаар тусгай зөвшөөрөлд заасан үйлчилгээг Дархан-Уул, Орхон аймгуудад эрхлэх эрх олгохыг хүссэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын алба ирүүлсэн баримтад нь дээрх журмын дагуу үнэлгээ хийсэн, Хорооны хуралдаанаар хэлэлцээд уг тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд Дархан-Уул,Орхон аймгуудыг нэмжээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 5 дугаар сарын 01, мөн оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар ““Ай Пи телевиз”-ийн үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай” тусгайлан хэлэлцээд “оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа удаан, зах зээлийн багтаамж бага” зэрэг нөхцөл байдлыг харгалзан тодорхой хугацаанд тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосон, дээр дурдсанаар гуравдагч этгээдийн 2013 онд гаргасан хүсэлтийг нь 2014 онд шийдвэрлэсэн зэргээс үзвэл хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 8.1-д “...харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх,...”, 37 дугаар тогтоолоор батлагдсан Журмын 14-т заасан “тусгай зөвшөөрлийн тоонд хязгаар тогтоох эсхүл олголтыг тодорхой хугацаанд зогсоох үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн энэ гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “нэг нутаг дэвсгэрт  үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэж заасныг Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчиж “Юнивишн”, ”Скаймедиа корпораци” компаниудын эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг өргөтгөсөн гэж нэхэмжлэгч гомдолдоо дурджээ.

Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд “сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хамрах хүрээг нэмэгдүүлсэн шийдвэр нь” нэгэнт өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшсэн нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийг хангуулахаар” гаргасан хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 500 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 492 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.14, 15 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ““Юнивишн” ХХК-д хуульд заасан хариуцлага тооцоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх 670/Б/IPTV02 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ