Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/354

 

 

 

 

 

 

  2024              3              21                                         2024/ДШМ/354

                                                       

Д.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үын өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/782 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Одгэрэлийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр Д.Гт холбогдох эрүүгийн 2303006350489 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Д.Г, 1973 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, группт байдаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 21-724 тоотод оршин суудаг, /РД:ШД73080674/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил, 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Д.Г нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын гудамж, Яармагийн эмнэлгийн буудлын замд 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд “Тоёота Приус” загварын 91-94 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн, мөн дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 дахь хэсэгт заасан “...Гэрлийн бүрхүүл бохирдсон ...бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Быг мөргөж амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Д.Гийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын ялын хугацаанд өөрийн оршин суух бүртгэлтэй Хан-Уул дүүргээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Д.Гт оногдуулсан шийтгэсэн 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гөөс 132,000,000 /нэг зуун гучин хоёр сая/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үад олгож, Эрүүгийн 2303006350489 дугаартай хэрэгт хураагдан ирүүлсэн Д.Гийн №552582 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж, Эрүүгийн 2303006350489 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү гомдолтой гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Одгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан талаар дурдсан байх боловч зорчих эрхийг хязгаарлах япыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тусгаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлййн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай...” гэж нэмэлт өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Эсэргүүцэлд дурдсанаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж өгнө үү. …” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үын өмгөөлөгч М.Төмөрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Прокурортой ижил саналтай байна. …” гэв.

Шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хэлэх тайлбар байхгүй. . …” гэв.

 

Шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Прокурорын эсэргүүцэлд дурдсанаар нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. …” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Д.Г нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Наадамчдын гудамж, Яармагийн эмнэлгийн буудлын замд 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цаг 50 минутын орчимд “Тоёота Приус” загварын 91-94 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн, мөн дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 дахь хэсэгт заасан “...Гэрлийн бүрхүүл бохирдсон ...бүдэг асдаг болсон” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.Быг мөргөж амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үын “...Осол болсны дараа манай эгч залгаад зам тээврийн осолд орсон талаар хэлсэн. ...Миний дүү Бэхбат зам тээврийн осолд орж нас барсан. Оршуулгийн зардалд 21,304,943 төгрөг гарсан, жолоочоос 8,000,000 төгрөгийг өгсөн. ...” /хх 18/,

 

Д.Гийн яллагдагчаар өгсөн “...Тэгтэл гэнэт миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд салхины шилэнд хүн цохигдож цааш унасан. Урд салхины шилэнд хүн цохигдсоны дараа би тоормос гишгэж тээврийн хэрэгслээ зогсоосон. Би машинаасаа буугаад харахад зам дээр хүн доошоо хараад толгой хэсгээс нь цус гарсан байдалтай байж байсан, ...цагдаа болон эмнэлгййн байгууллагад дуудлага өгсөн...” /хх 140/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Талийгаач Б.Бын цогцост гавлын суурь ясны хоёрлосон хөндлөн хугарал, гавлын орой ясны шугаман хугарал, баруун чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, их тархины хоёр тал бөмбөлөгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуу тархмал цус хуралт хоёр чамархайн булчинд цус хуралт, баруун зулайн хуйханд язарсан шарх, баруун хөхлөг, сэртэнд зөөлөн эдийн няцрал, хамар, ооч, хоёр хацар, баруун шанаа, эрүү, цээж, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Талийгаач нь нас барах үедээ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хүчтэй хүчил, хүчтэй шүлт илрээгүй хэрэглээгүй байна...” 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2460 дугаартай /хх 58-70/,

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазрын “... “Тоёота Приүс 20” загварын 91-94 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь улсын дугаарын гэрэл зүүн тал ажиллахгүй, зүүн урд оврын гэрэл ажиллахгүй, зүүн их гэрэл гадна бүрхүүл паар хагарсан, зүүн урд крило цөмөрч хонхойсон, урд буфер зүүн хэсэг будаг халцарч түгжээ мултарсан, урд салхины шил бяцарч хагарсан, урд шил арчигч зүүн тал нугларсан гэх эвдрэл гэмтлүүдтэй байна. Улсын дугаарын гэрэл зүүн тал ажиллахгүй гэх эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн ослоос өмнө үүссэн байх боломжтой. Зүүн урд оврын гэрэл ажиллахгүй, зүүн их гэрэл гадна бүрхүүл паар хагарсан, зүүн урд крило цөмөрч хонхойсон, урд буфер зүүн хэсэг будаг халцарч түгжээ мултарсан, урд салхины шил бяцарч хагарсан, урд шил арчигч зүүн тал нугларсан гэх эвдрэл гэмтлүүд нь уг ослын үед үүссэн байх болзошгүй гэмтлүүд юм. Тус тээврийн хэрэгслийн ажлын тоормосны ажиллагаа болон эд ангиуд хэвийн байна. Зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн бус байна. Тээврийн хэрэгслийн жолооны механизмын ажиллагаа хэвийн байна. Тус тээврийн хэрэгслийн зүүн талын холын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангаж байна. Бусад гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 999969 дугаартай /хх 110-117/ гэсэн дүгнэлтүүд,

осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч  /хх 4/, дуудлага лавлагааны хуудас /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7, 10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-15/, хохирлын баримтууд /хх 20-45/, мөрдөгчийн магадлагаа /хх 121-122/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гийг тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Быг мөргөж түүний амь нас хохирсон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Д.Гийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Быг мөргөж түүний амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокурор Б.Одгэрэл “...Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тусгаж өгөөгүй. …” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлййн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино. ...” гэж тус тус хуульчилжээ.

            Анхан шатны шүүх нь Д.Гт холбогдох хэргийг хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэхдээ шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хоногийг хорих ялаар тооцохыг тодорхойлох хэсэгт дурдсан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Иймд прокурор Б.Одгэрэлийн “...шийтгэх тогтоолд нэмэлт заалт орууулж өгнө үү. …” гэсэн эсэргүүцлийг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Прокурор Б.Одгэрэлийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА

 

                     ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ