Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 203

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

            Шүүгдэгч: С.Гөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ....т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805002020155 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ...., ...., эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ....од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ....тоот регистртэй,

Шүүгдэгч С.Гнь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ....од иргэн Б.Цтой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Цыг зодож эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Ц бид хоёр найзууд, урьд нь ямар нэг байдлаар маргалдаж, зодолдож байгаагүй. Тухайн өдөр бид хоёр уулзаад архи уусан. Юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг харсан Ц хутга барьчихсан ална шүү гээд зогсож байсан. Би хутгыг нь салгаж аваад, чи одоо ямар учиртай юм, хутгалсан бол яах байсан юм бэ гээд 2-3 удаа цохьчихоод гараад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж эвлэрсэн” гэв.

Хохирогч Б.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед Г бага зэргийн архи уучихсан байдалтай ирсэн ба бид хоёр архи ууж байхдаа юунаас болж маргалдсаныг сайн санахгүй байна. Би архиа уугаад согтоод тасарчихсан ба шөнө гэртээ сэртэл ганцаараа Г явчихсан, зодуулсан байдалтай байсан. Тэгээд гайхаад босож ирээд хартал гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон, миний үүдэн гурван шүд хугараад сугарчихсан, уруул шүдэнд цохигдсоноос болж язраад цус гарч хатсан, хөндүүртэй, баруун талын цээж хэсэг хөндүүртэй, гэрийн зурагт тавьдаг тавиурны дээд давцан хугарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Шинжээчийн 1058 тоот дүгнэлтэд: “...Б.Цын биед тархи доргилт, гарын шуу, тохойд шалбаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл болно. Шүдний рентген зураг байхгүй, анхны үзлэг шинжилгээ хангалтгүй тул шүдний гэмтлийг хэдийд үүссэн, ямар гэмтэл болохыг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 11/,

Яллагдагчаар С.Гийн өгсөн: “...Би тухай үед нилээн согтсон байсан учир яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна, нэг мэдсэн Ц дунд зэргийн хутга барьчихсан намайг ална шүү гээд зогсож байхаар нь гэнэт ухаан ороод эхлээд миний найз тайвшир гэж хэлээд босож хутгыг нь булааж аваад гал тогооны шүүгээ рүү хийгээд яахаараа хутга барьдаг юм бэ, тэнэг юм уу чи гээд нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохьчихоод гэрээс нь гараад шууд гэр рүүгээ харьж амарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, компьютер томографийн шинжилгээ /хх-н 16/, хохирлын баримтууд /хх-н 17/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22-32, 55/, хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 43/, хохирогчийн хүсэлт /хх-н 50/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч С.Гнь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ....од иргэн Б.Цтой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Цыг зодож эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Цын: “...бид хоёр архи ууж байхдаа юунаас болж маргалдсанаа сайн санахгүй байна. Би архиа уугаад согтоод тасарчихсан ба шөнө гэртээ сэртэл ганцаараа, Г явчихсан, зодуулсан байдалтай байсан. Тэгээд гайхаад босож ирээд хартал гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон, миний үүдэн гурван шүд хугараад сугарчихсан, уруул шүдэнд цохигдсоноос болж язраад цус гарч хатсан, хөндүүртэй, баруун талын цээж хэсэг хөндүүртэй, гэрийн зурагт тавьдаг тавиурны дээд давцан хугарсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, шинжээчийн 1058 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Гнь хохирогч Б.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Цын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, эмчилгээний зардлаа авсан, гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 50/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч С.Гийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч С.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урд удаа дараа зөрчил гаргаж торгуулийн арга хэмжээ авагдсан зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Гт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ....ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гнь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР