Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 119/ШШ2025/0031

 

                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                          

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би **ийн Орхон аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч **д холбогдуулан гаргасан “Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0877107 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: **би Орхон аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч ** нь “** нь ачаа, зорчигч хольж тээвэрлэсэн” зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шалгалтаар хянав.

Эрх бүхий албан тушаалтан ** нь иргэн ** нь 2025 оны 06 сарын 19-ний өдөр ** улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэхдээ ачаа хольж ачсан гэх үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч **эд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 0877107 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудаст хуулийн ямар зүйл хэсгээр, хэдэн төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй дарж засварласан, өөр, өөр шийтгэл оногдуулахаар бичсэн байна.

Шийтгэлийн хуудсын олсон, шийдвэрлэх хэсэгт хуулийн зүйл хэсгийг дарж засварласан, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн аль хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй, шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар бичсэн боловч 2 дахь заалтад 25,000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаахыг даалгасан, иргэн ** нь төрийн санд 50,000 төгрөг тушаасан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэсэн хуулийн шаардлагыг эрх бүхий албан тушаалтны шийдвэр нь хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Орхон аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч **гийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0877107 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн **эд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч ** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч ** миний бие 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн **эд ачаа, зорчигч хольж тээвэрлэлт гүйцэтгэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт  торгох шийтгэл оногдуулсан. **эд 0877107 дугаартай шийтгэлийн хуудсаар арга хэмжээ тооцох үед 25.000 нэгжийг 100.000 нэгж гэж буруу бичсэн нь үнэн болно.

Иймд иргэн **эд оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

** нь Орхон аймгийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагч **д  холбогдуулан “Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0877107 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн 27 дугаартай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **гээс прокурорын дүгнэлтийг бүхэлд нь сайн дураар хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, тэр тухайгаа шүүхэд бичгээр ирүүлжээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Хариуцагч ** нь ** ын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан **ийн Автотээврийн төвийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 0877107 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

       ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ