Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Урангуа,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

            Шүүгдэгч: О.Мөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Мт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805000200103 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, О.М, ...., 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...., ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт, .... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоо ...., урьд ял шийтгэлгүй,  ....тоот регистртэй,

Шүүгдэгч О.Мнь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслэн цэцэрлэгийн 5 дугаар давхрын сургалтын танхимд иргэн А.Оын эзэмшлийн виза картыг нууцаар хулгайлан картнаас 800.000 төгрөгийг уншуулан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч А.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслэн цэцэрлэгийн 5 давхарт байх Христын шашны сургалтын танхимд хичээл заагаад байж байтал М орж ирээд багшаа гуйх юм байна, танд мессеж очсон уу гэхээр нь үгүй ирээгүй яасан юу юм гэсэн чинь та надаа 10.000 төгрөг зээлээч гэхээр нь би за байж бай би энд хүнд хичээл зааж байна гээд анги руу орсон чинь араас дагаж орж ирээд суугаад байхаар нь би өөрийн Хаан банкны картаа өгөөд нууц кодоо бичиж өгөөд явуулсан....Тэгээд 17 цаг 35 минутын үед надад мессеж ирэхээр нь хартал миний хаан банкнаас 800.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн....М надаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн байгаа надад 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой 12 цагийн үед М 560.00 төгрөг өгөөд үлдэгдэл 260.000 төгрөгийг оны дараа 1 сард өгнө гээд салаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Яллагдагчаар О.Мийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хувьд эхлээд багшаас картыг нь гуйж 10.000 төгрөг авчихаад буцаагаад О багшид картыг нь өгөөд, хичээл зааж байх хооронд нь картаа өөрийн гар утасныхаа хавтаст хийхийг нь хараад гар утсаа ширээн дээр тавихыг нь хүлээж байгаад картыг нь хулгайлж авч гарсан. Тэгээд картыг нь аваад хэсэг хугацааны дараа 800.000 төгрөг уншуулан авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 12-15, 21-22/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч О.Мнь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслэн цэцэрлэгийн 5 дугаар давхрын сургалтын танхимд иргэн А.Оын эзэмшлийн виза картыг нууцаар хулгайлан түүний данснаас 800.000 төгрөгийг авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Оын: “...2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслэн цэцэрлэгийн 5 давхарт байх Христын шашны сургалтын танхимд хичээл заагаад байж байтал М орж ирээд багшаа гуйх юм байна танд мессеж очсон уу гэхээр нь үгүй ирээгүй яасан юу юм гэсэн чинь та надаа 10.000 төгрөг зээлээч гэхээр нь би за байж бай би энд хүнд хичээл зааж байна гээд анги руу орсон чинь араас дагаж орж ирээд суугаад байхаар нь би өөрийн Хаан банкны картаа өгөөд нууц кодоо бичиж өгөөд явуулсан....Тэгээд 17 цаг 35 минутын үед надад мессеж ирэхээр нь хартал миний хаан банкнаас 800.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн... М надаас мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 6/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Мнь хохирогч А.Оын эзэмшлийн виза картыг нууцаар хулгайлан түүний данснаас 800.000 төгрөгийг уншуулан авч 800.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын мөнгөө хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч О.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.Мийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч О.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч О.Мт ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Мнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Мийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мийг 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мнь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР