Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/245

 

 

Н.Б, Н.И, Н.Г, Ж.У,

Х.Б, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Алтансолонго,

шүүгдэгч Н.Б, Н.И нарын өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Б.Гантөмөр, Д.Хуягбаатар,

шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг,

хохирогч Ө.Бийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ө.Бийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдол болон дээд шатны прокурор Э.Бадралын бичсэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр Н.Б, Н.И, Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарт холбогдох 2136 00137 0090 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн Н-ийн Б, 19... оны ... дүгээр сарын ..-ны өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ганцаараа, ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

2. Д овгийн Н-ийн И, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ...н хамт ... аймгийн ... сум, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

3. Д овгийн Н-ийн Г, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Увс аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, хүнсний технологич, тогооч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

4. Т овгийн Ж-ийн У, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, хүнсний барааны технологич мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ... хамт ... аймгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

5. С овгийн Х-ийн Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Ховд аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ... хамт ... аймгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

6. Б овгийн Б-ын Г, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Ховд аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... аймаг дахь ... ажилтай, ам бүл ... хамт ... аймгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

Шүүгдэгч Н.Б нь ... ажиллаж байхдаа шүүгдэгч Н.Гийн ...аар дамжуулан ... тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр .... аймгийн ... ... даргаар ажиллаж байсан Н.И-тай гэрээ шууд байгуулах аргаар байгуулж, улмаар уг ... эхний санхүүжилт болох 13.067.479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Н.Гийн эзэмшлийн ... дансаар, хоёр дахь санхүүжилт болох 3.631.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн компанийн дансаар дамжуулан авч, тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16.698.479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан,

2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд ... буюу албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Ц-ыг “... сургуульд суралцсан гэх баримт бичиг бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон. Улмаар Б.Ц-оор дамжуулан нийт 1.700.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн ... дугаартай дансаар авч, Б.Л, Э.Д, Б.Д, Б.Э, Б.Ж нарыг “...” авто сургуульд, П.Т, Б.Б, М.Э, Э.Б, Г.О, О.Х нарыг “...” авто сургуульд тус тус суралцсан гэх бичиг баримт бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн Б.Ц-оор дамжуулан Б.Г, Б.Э, Б.З, Э.Д нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн ... дугаартай дансаар дамжуулан авч, нийт 2.200.000 төгрөгийн ашиг олж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

... дугаартай тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн “...” загварын ... улсын дугаартай автомашиныг Б.А-д 23.500.000 төгрөгөөр худалдаалж, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.С-ын нэр дээр шилжүүлэн битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.Б-тэй урьдын таарамжгүй харилцааны улмаас ... аймгийн .... сумын ... тоотод 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, мөн ... дүүргийн ... дугаар хорооны “...” хотхоны ... тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, мөн ... дүүргийн ... дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодож, хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт,

шүүгдэгч Н.И нь ... ажиллаж байхдаа ... аймгийн замын сангийн хөрөнгөөр “...” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Н.Бтай бүлэглэн шүүгдэгч Н.Гийн эзэмшлийн “...” ХХК-аар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаартай “...” тушаалаар уг пүүг хүлээн авах комисст шүүгдэгч Н.Быг гишүүнээр томилж тендер сонгон шалгаруулалтад оролцож, ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16.698.479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Н.Г нь шүүгдэгч Н.Б, Н.И нартай бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан “...” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, орон нутгийн төсөвт 16.698.479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Бд өөрийн эзэмшлийн “...” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг олгож, улмаар “...” ХХК-ийн дансанд эхний санхүүжилт болох 13.067.479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, хоёр дахь санхүүжилт болох 3.631.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжиж орж ирснийг шүүгдэгч Н.И, Н.Б нарт бэлнээр болон дансаар шилжүүлж, уг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэмт хэрэгт,

шүүгдэгч Ж.У нь гэрч П.Т, Б.Б, М.Э, Э.Б, Г.О, О.Х нарыг “...” авто сургуульд суралцсан гэж edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж, шүүгдэгч Н.Бын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан тухайн хүмүүст “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт,

шүүгдэгч Х.Б нь гэрч Б.Ц-ыг “...” авто сургуульд суралцсан гэж epolice.qov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж, шүүгдэгч Н.Бын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан Б.Ц-д “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Г нь ... аймгийн ... даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах”, 52.1.8-д заасан “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчин төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эдлэх ёстой бүрэн эрхийг эдэлж, ... аймгийн замын сангийн хөрөнгөөр “...” тендерийн ажлын хүрээнд ... аймгийн ... дарга Н.Ид 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай зөвлөмж хүргүүлж, албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймгийн прокурорын газраас: Н.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар,

Н.Игийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан ... аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ын Г-г цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Ховд аймгийн Прокурорын газраас Д овогт Н-ийн Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Д овогт Н-ийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг” бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д овогт Н-ийн Иг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан ажлын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг” бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д овогт Н-ийн Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Т овогт Ж-ийн Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч С овогт Х-ийн Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 /долоон мянга/ нэгж буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Н.Иг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянган/ нэгж 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ж.Уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7000 /долоон мянга/ нэгж буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 10300/ арван мянга гурван зуун/ нэгж буюу 10.300.000 /арван сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 84 хоногийг тооцон 1260 нэгж буюу 1.260.000 төгрөгийн торгох ялыг тус тус эдэлсэнд тооцон шүүгдэгч Н.Бын биечлэн эдлэх ялыг 9040 нэгж буюу 9.040.000 /есөн сая дөчин мянга/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Н.Игийн цагдан хоригдсон 84 хоногийг торгох ялаар тооцон биечлэн эдлэх ялыг 4740 /дөрвөн мянга долоон зуун дөч/ нэгж буюу 4.740.000 /дөрвөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 9.040.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Н.Ид оногдуулсан 4.740.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Н.Гт оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Ж.Уд оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Х.Бд оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Баас 10.082.483 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 8.7 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

шүүгдэгч Н.Г, Ж.У, Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5 (тав) ширхэг Сиди дискийг хэргийн хамт хадгалж, Б.Ж, Б.Ц, О.Х, Э.Д нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тээврийн Цагдаагийн газар хүргүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Н.И, Н.Г, Ж.У, Х.Б нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Э.Бадрал бичсэн эсэргүүцэлдээ: “1. Шүүхээс шүүгдэгч Б.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ түүний гэм буруугүй болох нь хэрэгт авагдсан бичгийн ямар баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар дурдаагүй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ггийн гэм буруутайг нотолсон прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэрч Б.Т-ийн “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлд “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх” гэж бий тэгэхээр энэ асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага маань Сангийн яам байгаа юм. Ингээд энэ зүйлийн 52.1.2-д “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах” гэж заасан тул зөвхөн Сангийн яам нь зөвлөмж тайлбарыг өгдөг юм. Ингэхээр Ховд аймгийн Орон сумын нутгийн өмчийн газрын дарга Б.Г нь зөвлөмж өгөх эрх бүхий субъект биш юм. Энэ албан бичгийг харахад Б.Г нь онцгой нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж бичсэн нь мөн буруу энэ хүн энэ бичгийг гаргахдаа ядаж аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэрийг үндэслэл болгох байсан. Орон нутгийн өмчийн газрын дарга нь Онцгой нөхцөл байдлыг тодорхойлох хүн биш. Тухайн аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан бичгийг үндэслэж худалдан авалт хийх боломжгүй. Захиалагч ямар нэгэн зүйл худалдаж авахдаа урилгаа тавиад тодорхой хугацааны дараа сонирхсон этгээдээс саналаа авдаг. Энэ тохиолдолд харьцуулалтын арга нь 7 хоног, нээлттэй тендерт 30 хоног байдаг. Гэрээ шууд байгуулах дээр тухайн хоногууд байхгүй болдог. Түүнээс биш худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг журмаараа л байгуулах ёстой.” гэх мэдүүлэг /4хх 54-55/

Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга Б.Ггээс Ховд аймгийн авто тээврийн төвийн дарга Н.Ид хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай “Зөвлөмж” зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг бичгийн ямар баримтуудаар үгүйсгэсэн талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгаагүй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор баталсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам”-ын 2.2-д “Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий нөхцөл бүрэн тогтоогдсон, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгнө.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-д “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана”, мөн зүйлийн 2.5-д “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах талын баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тусгана” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх журам болон хуулийн холбогдох заалтуудыг нэг мөр хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүйн улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

2. Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь мөн үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Н.Б нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Кинг тауэр” хотхоны 121-209 тоотын гадна 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Ө.Бийг “хүүхдүүдээ байрнаас гарга, байрнаас гар” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.

Мөн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сум, 12-11 тоотод таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодсон. Мөн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Кинг тауэр” хотхоны 121-209 тоотын гадна “гэртээ оруулахгүй” гэх шалтгаанаар зодсон.

Түүнчлэн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн “Мэлхий хад” гэх амралтын газарт урьд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

хохирогч Ө.Бийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Энхбаатарын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7574 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх 23-24/,

хохирогч Ө.Бийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Криминалистикийн Шинжилгээний тасгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Т-ны “Ө.Бийн биед зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /7хх 195-196/,

хохирогч Ө.Бийн “...би байрны хүлээлгийн танхимаас зугтаад гэр рүүгээ орох гээд лифт рүү орох үед намайг Н.Б заамдаж аваад савж унагаагаад дахиад зодож эхэлсэн. Ө.Бямбабаяр эгч тухайн үед гар утсаараа хийсэн бичлэг байгаа ба би Сидинд буулгаад аваад ирсэн байгаа, уг бичлэг нь намайг Н.Б лифтний үүдэнд зодож эхэлснээс бичиж эхлээд гэр рүү дайрч ороод гарах хүртэл нь хийгдсэн байгаа. ...Тэр өдрийн оройдоо би үр хүүхдүүдээ бодоод хоёулаа цагдаагийн байгууллагад ажилладаг юм чинь гээд гэр рүүгээ хүүхдүүд рүүгээ яараад шүүх эмнэлэгт үзүүлэлгүй явчихсан юм. Тэгээд маргаашнаас нь ажилдаа иртэл бие өвдөөд байхаар нь шүүх эмнэлэгт дараа үзүүлж байсан юм.” гэсэн мэдүүлэг /7хх 89-93/,

хохирогч Ө.Бээс хавтаст хэрэгт тусгуулахаар гарган өгсөн Сиди бичлэгийг хэрэгт тусгасан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /7хх 95-100/,

Ө.Б-аас хавтаст хэрэгт тусгуулахаар гарган өгсөн Сиди бичлэгийг хэрэгт бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх 101-109/,

гэрч Э.Б-ын “...Уг өдөр би найзтайгаа хөдөө явж ирээд “Кинг тауэр” 121 дүгээр байранд түрээсээр амьдардаг гэрт нь оруулж өгчхөөд гараад явж байсан. Тэгэхэд тус байрны хүлээлгийн танхимд нэг эмэгтэй, эрэгтэй байсан ба эрэгтэй нь эмэгтэйтээ нь зууралдаж байсан. Тэр зууралдаж байсан эмэгтэй нь цагдаагийн дүрэмт хувцастай байсан. ...нөгөө нэг эмэгтэй нь гар утсаараа тэр хоёр хүний бичлэг хийгээд өөрөө тайлбарлаад зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /7хх 116-117/,

гэрч Б.Б-ын “...Ө.Бийн байрны гадаа ирээд намайг түр гадаа хүлээлгэж байгаад миний гар утсыг аваад бичлэгийг нь тавьж эхлүүлээд орсон ба би машинд нь хүлээж үлдээд удаагүй араас нь орсон.” гэсэн мэдүүлэг /7хх 120-122/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ө.Бийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Ховд аймгийн ... таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл байна гэж үзлээ.

Харин ... хотхоны 121-209 тоотын гадна 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Ө.Бийг “хүүхдүүдээ байрнаас гарга, байрнаас гар” гэж хоорондын эд хөрөнгөтэй маргаанаас үүдэлтэй биед нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.

2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн “Мэлхий хад” гэх амралтын газарт хохирогч Ө.Бтэй урьд үүссэн эд хөрөнгийн маргаантай асуудлаар таарамжгүй харилцааны улмаас маргалдан зууралдах явцдаа зодсон үйлдэл тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Н.Быг гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хохирогч Ө.Бийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэргийн байнга үйлдэх шинж нь үгүйсгэгдэж байх ба шүүгдэгчийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Ө.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийллийн шинж тогтоогдохгүй байна гэж дүгнэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн.

Шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтээс харахад шүүх шүүгдэгч Н.Б-ын хохирогч Ө.Б-ийг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Кинг тауэр” хотхоны 121-209 тоотын гадна “гэртээ оруулахгүй” гэх шалтгаанаар зодсон үйлдлийг орхигдуулсны улмаас хууль зүйн үндэслэл муутай дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “шударгаар ял оногдуулах” зорилтод нийцээгүй байна.

Нөгөө талаасаа гэмт этгээд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон болох нь тогтоогдсон боловч хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдоогүй бол түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилдэг.

Харин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох үедээ хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тохирох зүйлийн хүндрүүлэх шинжээр зүйлчилдэг.

Гэмт этгээд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 3 ба түүнээс дээш удаа гэмтэл учруулахгүйгээр зодсон, мөн хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болон мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн тохирох зүйлийн хүндрүүлэх шинжээр давхар зүйлчилдэг хууль хэрэглээний практик нэгэнтэй тогтсон билээ.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б нь хохирогчийн биед 4 удаа халдаж, 1 удаа халдахдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд бодитой дүгнэлт хийж чадаагүйн улмаас хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтад тулгуурлалгүйгээр хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийсэн гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” хэмээн хуульчилсныг дурдах нь зүйтэй.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор З.Алтансолонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг 2 үндэслэлээр бичсэн. Шүүгдэгч Б.Гг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх Б.Гг цагаатгаж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Мөн прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан зүйлчлэлийг анхан шатны шүүхээс өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд өөрчилсөн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан зүйлчлэл үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Хохирогч Ө.Бийн өмгөөлөгч Х.Баатарбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Н.Б нь манай үйлчлүүлэгч хохирогч Ө.Бийг гэр бүлийн хамааралтай байх үедээ 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэн Ө.Бийн биед нь халдаж зодсон, улмаар 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр биед нь халдан хүчирхийлэл үйлдэж зодох явцдаа хөнгөн гэмтэл санаатай учруулсан байдаг бөгөөд прокурорын зүгээс дээрх Н.Бын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргүүд гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэн Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Ховд аймгийн анхан шатны шүүх Н.Б нарт холбогдох эрүүгийн 2036001370090 тоот хэргийн хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд Н.Быг хохирогч Ө.Бийг гэр бүлийн харилцаатай байхдаа удаа дараа хүчирхийлсэн байна, улмаар биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн эрүүгийн хариуцлага оноосон.

Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн оруулж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлсэн үндэслэлээ “...шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлж байна. Нэг гэмт хэргийн үндсэн шинжийг нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй.” гэж тайлбарласан.

Хэргийн оролцогчдоос Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/214 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Н.Бын хохирогч Ө.Бтэй холбоотой хэсгийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлсэн байна гэж үзэн тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн байдаг.

Улмаар уг тоот эрүүгийн хэргийг Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн аваад Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус дүүргийн эрүүгийн хэргийн шүүх Н.Б нарт холбогдох хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд Н.Бын хохирогч Ө.Бтэй холбоотой үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хохирогч Ө.Бийн өмгөөлөгчийн хувьд 2023 оны 11 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/163 тоот шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.10 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Ө.Бийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ... суманд, 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Кинг Тауэр” хотхонд, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн “...” гэх газар тус тус гэр бүлийн хамааралтай байхдаа хүчирхийлж биед нь халдаж зодсон нь хэрэгт авагдсан 7 дугаар хавтаст хэргийн 14-16, 23-24, 29-30, 89-93, 95-100, 101-109, 116-117, 120-122, 141-145, 155-157, 157-158, 163-164, 169, 172-174, 176-178, 186-189, 191-193, 195-196, 206, 212, 213 дугаар талуудад авагдсан нотлох баримтууд болон яллах дүгнэлтэнд дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байдаг.

Хохирогч Ө.Б нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “....” хотхоны 121-209 тоотод шүүгдэгч Н.Бд хүчирхийлүүлж зодуулах явцдаа хөнгөн гэмтэл авсан мөн дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг.

Налайх дүүргийн анхан шатны шүүх дээрх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Бын 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогчийн биед халдан хүчирхийлж зодсон асуудлыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийллийн шинж тогтоогдохгүй гэсэн ганцхан үндэслэлээр прокурорын дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт дээр дурдсан нотлох баримтуудыг үгүйсгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 2.5, 39.6 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.8 дахь хэсгүүдийг зөрчсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Анхан шатны шүүх Н.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэлийн шинж тогтоогдохгүй гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар шүүгдэгч Н.Быг 3 удаагийн үйлдлээр хохирогч Ө.Бийн биед нь халдаж зодон бие махбодийн хүчирхийлэл үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн шийдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн уг хэргийн зүйлчлэлийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр шийдвэрлэх хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр 2023/ДШМ/08 тоот магадлал гаргасан.

Дээрх тоот магадлал хүчин төгөлдөр байх хугацаанд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхээр хянагдан тогтоогдсон Н.Бын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 хэсэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэсэн заалтыг зөрчиж байна гэж өмгөөлөгчийн зүгээс мөн үзэж байна.

Иймд дээрх анхан шатны шүүхийн Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиудыг зөрчсөн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/163 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Б, Н.И нарын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 25 дугаар талд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийн талаар хууль зүйн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан. 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж дүгнэсэн. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дээрх нөхцөл байдал дээр мэтгэлцэж оролцсон. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг бусад баримтаар нотлогдож байх ёстой. Гэтэл 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн үйлдлийн тухай хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгийн асуудлаас үүдэн маргаан үүссэн тухай үйл баримт тогтоогдсон. Мөн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүссэн. Үүнийг анхан шатны шүүхээс байнга үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж дүгнэсэн талаараа шийтгэх тогтоолд дурдсан. Шүүгдэгчийн зүгээс тээврийн хэрэгслийг зарж борлуулсан үйл баримт дээр маргадаггүй. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд тухайн эд хөрөнгийн хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан буюу тодорхой субъектийг зааж өгсөн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид тээврийн хэрэгслийг хадгалуулсан. Дээрх байдлаар миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Шүүгдэгч Н.И Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу олон нийтэд зар түгээсэн баримт хэрэгт авагдсан. Ингээд Б.Гд хүсэлт гаргасны үндсэн дээр шууд худалдан авахыг зөвлөсөн зөвлөмж гарсан. Үүний дагуу 16.000.000 төгрөгийн худалдан авалтыг хийсэн. Ингээд шууд худалдан авалт хийх боломж байсан эсэх талаар хуулийн зохицуулалтыг харах үндэслэл бий болсон. 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын босго үнийг шинэчлэн батлах тухай тогтоолд зааснаар 10.000.000 төгрөгөөс доош үнийн дүнтэй бараа, материалыг шууд худалдан авах эрх нээлттэй байсан. 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 124 дугаартай Босго үнийг шинэчлэн батлах тухай тогтоолоор дээрх үнийг дүнг 20.000.000 төгрөг болгож өөрчилсөн. Үүнээс дүгнэхэд Н.Ид ч тэр худалдан авах боломж байсан гэж үзэхээр байна. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Б.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч О.Санчирбалтай санал нэгтэй байна. Прокурорын зүгээс ямар баримтад үндэслэн миний үйлчлүүлэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж байгаагаа эсэргүүцэлдээ тодорхой дурдсан бол ач холбогдолтой байлаа. Миний үйлчлүүлэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдгийг эргэлзээгүйгээр тогтоох баримт хэрэгт байхгүй. Н.Баас Ө.Бийг түлхэж унагаад өшиглөсөн талаар мэдүүлсэн боловч Ө.Бийн толгойн тус газар хөнгөн гэмтэл тогтоогдсон. Хохирогч нь Н.Бын дүү н.С-тай маргалдаж зодолдсон тухайгаа мэдүүлсэн байдаг. Иймээс миний үйлчлүүлэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хүйсээр ялгаварлах байдлаар, далд хэлбэрээр үйлдэгддэг, гэрчгүй гээд зөвхөн хохирогчийн мэдүүлгээр шийдвэрлэж болохгүй. Шүүгдэгч хохирогч нар нь хамт амьдарч байгаагүй. Харин дундаасаа хүүхэдтэй болсон нь үнэн гэдгээ хэлдэг.” гэв.

Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч Д.Хуягбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга гэх шинж үгүйсгэгдсэн гэж үзэж прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Х.Б-гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол миний үйлчлүүлэгчтэй холбогдолгүй учир хэлэх тайлбаргүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүх Н.Б, Н.И, Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарт холбогдох хэргийн үйл баримт, зүйлчлэлд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр Б.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Ховд аймгийн прокурорын газраас Б.Гг Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах”, 52.1.8-д заасан “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчин төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эдлэх ёстой бүрэн эрхийг эдэлж, Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн ажлын хүрээнд Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.Ид 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаартай зөвлөмж хүргүүлж, албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хэргийн үйл баримттай холбоотой яллах дүгнэлтэд тусгагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э /4хх 41/, гэрч П.Ц /1хх 32-36/, гэрч Б.Т /4хх 54-55/, гэрч Э.Г /4хх 64-65/ нарын мэдүүлгүүд, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалын тодорхойлолт /4хх 126-132/, Ховд аймгийн авто тээврийн төвийн дарга Н.Ид хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай зөвлөмж /3хх 23/ зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд энэ талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь хэргийн бодит байдал, хэрэгт холбогдсон Б.Ггийн үйлдэл, санаа зорилго, сэдэлттэй нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд прокурор Э.Бадралын бичсэн эсэргүүцлийн “Б.Гг үндэслэлгүй цагаатгасан” гэх хэсгийг хүлээн авч, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан прокурор Э.Бадралын бичсэн эсэргүүцлийн зарим хэсэг болон хохирогч Ө.Бийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Б, Н.И, Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/163 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Б, Н.И, Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ