Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 54

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Р.Машлай (томилолтоор),

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав (ҮД:0350),

хохирогчийн өмгөөлөгч М.Энхжаргал (ҮД:0368), Ж.Батбаяр (ҮД:1886),

хохирогч Ж.Буянтогтох,

шүүгдэгч Ж.Санждорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хөтчин овогт Жадамбын Санждоржид Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707002470077 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1947 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 80 дугаар байрны 51 тоотод байнгын бус оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ИЮ47073013 дугаартай, Хөтчин овогт Жадамбын Санждорж нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 05-ны орой 19-өөс 20 цагийн орчимд Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон нутгийн засмал зам дээр 07-75 УБР улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”,

мөн дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж замын эсрэг урсгалд явж байсан З.Сугарын жолоодон явсан 52-75 БРА улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас 07-75 УБР улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Ж.Буянтогтохын эрүүл мэндэд хүнд хохирол, 52-75 БРА улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооч З.Сугар, зорчигч З.Пүрэв, Б.Ээдрээ, С.Идэрчулуу, Э.Нармандах (3 сартай нярай хүүхэд), мөн өөрийн биед тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Санждорж нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Хөхөөгийн гэрт очиж “вакум цонхны резин солиод өг” гэж гуйгаад Б.Хөхөө, түүний эхнэр Ж.Буянтогтох, зээ охин Анар нарыг машинаараа гэртээ авч очин цонхны резинээ солиулаад дараа нь 1 шил 0.5 литрийн архи Б.Хөхөөтэй хамт ууж дуусгаад Б.Хөхөө түүнийг “та хүргээд өгөх үү” гэхэд “тэгье” гээд орой 19-өөс 20 цагийн үед өөрийн эзэмшлийн 07-75 УБР улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон нутгийн засмал зам дээр явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”,

мөн дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин замын эсрэг урсгалд явж байсан З.Сугарын жолоодон явсан 52-75 БРА улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас 07-75 УБР улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Ж.Буянтогтохын эрүүл мэндэд хүнд хохирол, 52-75 БРА улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооч З.Сугар, зорчигч З.Пүрэв, Б.Ээдрээ, С.Идэрчулуу, Э.Нармандах (3 сартай нярай хүүхэд), мөн өөрийн биед тус тус хөнгөн хохирол учруулсан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Санждоржийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр вакум цонхныхоо резинийг солиулах гэж Хөхөөг авахаар очсон. Тэгтэл Буянтогтох зээтэйгээ хамт ирсэн. Хөхөөгөөр цонхоо хийлгэчихээд нэг шил архи хувааж уусан. Тэгээд би “ах нь уучихсан болохоор та хоёр такси бариад явчих” гээд мөнгө өгсөн. Тэгсэн хажуугаас Хөхөө “за гайгүй байлгүй дээ” гэсэн. Тэгэхээр нь нээрээ ч гайгүй байлгүй гээд машинаа унаад явсан. Явж байгаад машинтай мөргөлдөж Буянтогтохын биед гэмтэл учруулсан. Би буруугаа ойлгож байгаа. Хохирогч Ээдрээд нийт 6.000.000 төгрөг төлсөн. Хохирогч Буянтогтоход 1.000.000 төгрөг өгсөн. Урд нь Буянтогтохын нөхөрт бяруу авна гээд 400.000 төгрөг өгсөн байсан. Түүн дээрээ 610.000 төгрөг нэмж өгөөд нийт 1.000.000 төгрөг өгсөн. Хоёр талын хохирлыг бүрэн төлсөн гэж ойлгож байсан. Өчигдөр дахин хохирол нэхэмжилж байгаа талаар мэдсэн. Хэдэн төгрөг нэхэмжилснийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Буянтогтохын өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Санждорж ах манайд манай нөхрийг авах гээд ирсэн. Би зээгээ дагуулаад хамт явсан. Вакум цонх янзалж байхад нь би байгаагүй. Гаднаас орж ирэхэд архи уусан байсан. Манай нөхөр Санждорж ахыг “хүргээд өг” гэхэд “хүргээд өгье” гэж хэлээд хүргэж өгөхөөр явж байсан. Миний биеийн байдал муу байна. Байнга ухаан алдаж унан, даралт өндөр, байнга эмнэлгээр явж байна. Хөхөөд 400.000 төгрөг өгсөн гэсэн. Би өгч байхыг хараагүй. Надад эмчилгээний зардалд 600.000 төгрөг өгсөн. Одоо эмчилгээний зардалд 6.148.628 төгрөг нэхэмжилж байна. Налайхын мэдрэлийн эмчийн хяналтад байгаа. Цаашид нэг жил эмнэлгээр явах шаардлагатай гэсэн. Группэд орох талаар яригдаж байгаа” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Буянтогтохын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... тэгээд Санждорж гуай машинаа жолоодоод манай нөхөр зээ хүүгээ аваад жолоочийн хажуугийн суудал дээр, би арын суудлын дунд хэсэгт суугаад явсан. Тэгээд машин гордокийн урд талын төв засмал зам руу ороод баруун гар тийшээ эргээд явж байхдаа нэг машины толь шүргээд гарах үед нь “Санждорж ах аа буумаар байна” гэхэд тоохгүй цаашаа явж байгаад өөдөөс эсрэг урсгалд  ирж яваа машинтай өөдөөс нь очоод мөргөлдсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ээдрээгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “... Налайх дүүргийн 5 дугаар хороо гордокийн урд талын засмал зам дээр явж байхад гэнэт өөдөөс урсгал сөрөөд нэг машин хүрч ирэнгүүтээ миний сууж явсан машины өөдөөс ирээд мөргөсөн. Манай машиныг манай эхнэр Сугар жолоодон явсан ба машин өөдөөс гарч ирэнгүүт нь хурдаа хасаад бараг зогсох гэж байхад нөгөө машин шууд ирээд мөргөсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч З.Сугарын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... Налайх дүүргийн 5 дугаар хороо МТ колонкийн хойд талын засмал дээр явж байтал өөдөөс нэг машин дайвалзаад гэрэл нь тусаад яваад байсан ба гэнэт манай урсгалд ороод өөдөөс хүрээд ирсэн, тэгэхээр нь би хурдаа багасгаад тормозлоход нөгөө машин өөдөөс ирээд яг манай машиныг мөргөсөн. Манай машин хойш жаахан ухраад зогссон ба нөгөө машин бас арагшаа ухраад зогссон. Тэгээд би хүүхдээ автал хүүхэд амьсгалж чадахгүй байгаад байсан ба би түргэн дуудаад ирэхгүй болохоор нь замын машинд суугаад эмнэлэг орсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч З.Сугарын 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “... Миний хүү Нармандах осол болох үед 3 сартай байсан. Тийм болохоор би хүүгээ төлөөлөөд санал хүсэлт хэлэх болно. Нөхөр бид 2 машинд явсан Идэрчулуун, Пүрэв нарын эмчилгээний зардлыг төлсөн. Ингээд хавтас хэрэгт гаргаж өгсөн баримтад тусгагдсан зардлуудыг нөхөр бид 2 бүрэн хүлээж авсан. Одоо машинаа засварын газарт өгсөн байгаа боловч бид нарын тооцоолсноор илүү зардал гараад байгаа. Иймд засварын мөнгө болох 2.000.000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна. Одоогоор төлбөр нэхэмжлэх баримт байхгүй байгаа. Хүү бид 2-ын хувьд өөр санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч З.Пүрэвийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... дүү Сугар машиныг жолоодоод Налайх дүүргийн 5-р хороо МТ колонкийн хойд талын засмал дээр явж байтал өөдөөс нэг машин дайвалзаад гэрэл нь тусаад яваад байсан ба гэнэт манай урсгалд ороод өөдөөс хүрээд ирсэн, тэгээд манай дүү Сугар хурдаа багасгаад тоормозлоход нөгөө машин өөдөөс ирээд яг манай машиныг ирээд мөргөсөн ба манай машин хойш жаахан ухраад зогссон ба нөгөө машин бас арагшаа ухраад зогссон. Тэгээд Нармандах амьсгалахгүй байна гээд түргэн дуудъя гээд ирэхгүй болохоор нь Нармандах, Сугар бид гурав замын машинд суугаад эмнэлэг дээр түрүүлээд ирсэн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч С.Идэрчулууны 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “... дүү Сугар машиныг жолоодоод Налайх дүүргийн 5-р хороо МТ колонкийн хойд талын засмал дээр явж байтал өөдөөс нэг машин дайвалзаад гэрэл нь тусаад яваад байсан ба гэнэт манай урсгалд ороод өөдөөс хүрээд ирсэн, тэгээд манай дүү Сугар хурдаа багасгаад тоормозлоход нөгөө машин өөдөөс ирээд манай машиныг мөргөсөн ба манай машин хойшоо жаахан ухраад зогссон ба нөгөө машин бас арагшаа ухраад зогссон. Тэгээд Нармандах амьсгалахгүй байна гээд түргэн дуудъя гээд ирэхгүй болохоор нь Нармандах, Сугар, Пүрэв гурав замын машинд суугаад эмнэлэг рүү түрүүлээд явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Хөхөөгийн 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “... Буцахаас өмнө Санждорж бид хоёр 1 шил 0.5 литрийн Цагаан нэртэй архийг хувааж уусан юм. Явахаар болоод байж байтал Санждорж “хүргэж өгнө” гэхээр нь “үгүй ээ, бид гурав эндээс машин хөлслөөд явья” гэхэд “гайгүй ээ, хүргэж өгнө” гээд явсан. Би яг жолоочийн дэргэд зээ охиноо тэврээд суусан, эхнэр жолоочийн ар талд сууж явсан юм. Гордокийн колонк руу Санждорж урсгал сөрөөд ортол өмнөөс ирж явсан машинтайгаа мөргөлдсөн юм. Тухайн үед шоконд ороод хэсэг манарсан. Зарим үйл явдлыг сайн санахгүй байгаа. Эхнэр яаж машинаас гарсныг мэдэхгүй. Нэг мэдсэн түргэний машин ирээд эхнэр бид нар цугтаа явсан. Тухайн үед толгой хагараад цус гарсан, өөр гэмтэл учраагүй ээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээч Б.Ламчиний 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №10189 тоот:

2. Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Санждорж 70/н эр” гэж хаягласан цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 1.0 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээч Б.Ламчиний 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №10191 тоот:

2. Шинжилгээнд ирүүлсэн “З.Сугар” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. гэх дүгнэлт /хх-ийн 40 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №504 тоот:

1. З.Сугарын биед тархи доргилт, зүүн хөх, хэвлийд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №503 тоот:

1. Б.Ээдрээгийн биед тархи доргилт гэмтэл

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №505 тоот:

1. Э.Нармандахын биед тархи доргилт гэмтэл

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №506 тоот:

1. С.Идэрчулууны биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 49 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №507 тоот:

1. З.Пүрэвийн биед тархи доргилт, цээжний зүүн дээд хэсэгт цус хуралт гэмтэл

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Эмнэлгийн бичгээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/536 тоот:

1. Ж.Буянтогтохын биед дух ясны зүүн талаас зүүн гайморовын хөндийн урд хана хоншоор яс, суурь яс руу үргэлжилсэн нийлмэл ил хугарал, тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун талын чамархай духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны дэлбэнгийн эдийн гүн дэх цус харвалт, зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, толгойн хуйх, урууланд шарх гэмтэл

2. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар тал/,

Техникийн шинжээч, цагдаагийн дэслэгч Т.Арсланбаатарын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №20 тоот:

1. 07-75 УБР улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Санждоржийн цуснаас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан ШШҮХ-ийн шинжээч эмчийн 10189 дугаартай дүгнэлтээр 1.0 промилли спирт илэрч согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”,

мөн дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг жолооч нь дээрх дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 52-75 БРА улсын дугаартай “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийн жолооч З.Сугар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. Хэргийн материалтай танилцахад жолооч З.Сугар нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан байх үндэслэлтэй байна. Жолооч Ж.Санждорж нь зогсоох арга хэмжээ авсан гэх үндэслэлгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 82 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Ж.Санждоржийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... Дулаалга хийж дуусаад би нэг шил 0.5 литрийн архи аваад Хөхөө бид 2 хувааж уусан. Тэгээд орой 20 цагийн үед нөгөө хэдийгээ хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн 07-75 УБР улсын дугаартай Ниссан марч маркийн машинаа жолоодоод Ар жанчивлангийн ойролцоо байх Хөхөөгийн гэр лүү явсан. Тэгээд төв зам дээр гарч ирээд шатахуун авах гээд баруун гар тийшээ буюу Улаанбаатар хот чиг рүү явж байгаад эсрэг урсгалдаа орж өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9 дүгээр тал/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “52-75 БРА улсын дугаартай, “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн нийт шууд зардлын дүн 2.318.500” гэсэн хавсралт /хх-ийн 76-77 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 79-70 дугаар тал/,

            Ж.Санждоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98 дугаар тал/,

            Ж.Санждоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар тал/,

Хохирогч нараас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 120-150 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ж.Санждоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Санждорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, иргэний нэхэмжлэгч З.Сугар, С.Идэрчулуун, З.Пүрэв, Б.Ээдрээ нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Ж.Санждорж, хохирогч Ж.Буянтогтох нар харилцан тохиролцож хохирогчоос эмчилгээ болон бусад зардалд баримтаар нэхэмжилсэн 6.778.932 төгрөгийг шүүгдэгч 4 сарын дотор буюу 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртлэх хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд ял шийтгэл оногдуулж,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч З.Сугар, З.Пүрэв, Б.Ээдрээ, С.Идэрчулуу нар “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн, хохирогч Ж.Буянтогтох цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Санждоржийн “В” ангиллын 197055 дугаартай жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

“Жадамбын Санждорж”-ийн нэр дээрхи 07-75 УБР улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгслийн №1195734 дугаартай гэрчилгээг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Санждоржид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж иргэний нэхэмжлэгч З.Сугар, С.Идэрчулуун, З.Пүрэв, Б.Ээдрээ нарыг хавтаст хэрэгтэй танилцуулахад “... санал хүсэлт байхгүй, би өөрөө шүүх хуралд суухгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 156-159 дүгээр тал/ тус тус гаргасан байх тул тэднийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөтчин овогт Жадамбын Санждоржийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Жадамбын Санждоржийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай. 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Санждоржоос нөхөн төлөхөө илэрхийлсэн 6.778.932 (зургаан сая долоон зуун далан найман мянга есөн зуун гучин хоёр) төгрөгийг 4 сарын дотор буюу 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртлэх хугацаанд гаргуулан хохирогч Ж.Буянтогтоход олгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Санждоржийн “В” ангиллын 197055 дугаартай жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

“Жадамбын Санждорж”-ийн нэр дээрхи 07-75 УБР улсын дугаартай “Ниссан марч” маркийн тээврийн хэрэгслийн №1195734 дугаартай гэрчилгээг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Санждоржид олгосугай.

5. Шүүгдэгч Ж.Санждорж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч З.Сугар, З.Пүрэв, Б.Ээдрээ, С.Идэрчулуу нар “цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн, хохирогч Ж.Буянтогтох цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Санждоржид оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг нь эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Ж.Санждоржид мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Санждоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ