Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/253

 

                                                                                                        А.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч А.Сгийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Сгийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагын гаргасан давж заалдах гомдлоор А.Сд холбогдох 2303 00544 0503 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ө овгийн А-ийн С, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, ... настай, э..., бага боловсролтой, “...” ХХК-д ачигч ажилтай, ам бүл ... хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

А.С нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 7 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 6 дугаар гудамд “Тоуоta Prius” маркийн 24-59 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Мийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ө овгийн А-ийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Сд сануулж, хохирогч Г.Мийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 11.000.000 төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Сгээс гаргуулан хохирогч Г.Мт олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Г.М нь цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардал болон олох ёстой байсан цалин хөлс, орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 110.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгч А.Сгээс гаргуулан “Дохионы хэлмэрч, орчуулагчдын холбоо”-д олгож, энэ шүүх хуралдаанд хэлмэрчээр оролцсон ажиллагааны зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгаж, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардал гэж үзэхгүй тул өмгөөлөгчийн хөлс болох 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.С нь хохирогч Г.Мт 885.932 төгрөгийг төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Сгийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.С нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат, анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгч байсан бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг хүлээн зөвшөөрч, харин сэтгэцэд учирсан хор уршгийг 11.000.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулах хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөөр нөхөн төлүүлэх урьдач нөхцөл нь хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн эмгэгтэй болсон гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх учиртай. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, уг зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” хэмээн хуульчилсан.

Үүнийг үндэслэн гарсан захиргааны хэм хэмжээний акт болох Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаал гарсан бөгөөд түүнд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үйл ажиллагаа, зохицуулалтыг тодорхой журамласан. Тухайн журмын нэгдүгээр хавсралтын 1.2-д “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооход Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нөхцөлийг харгалзан үзнэ.”, 1.3-д “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална.”, 1.4-д “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, ...холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөгө болгоно.”, 2.4-д “Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж болно.”, 2.6-д “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана.” гэх зэргээс үзвэл шинжилгээний байгууллага хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох үүрэгтэй байна.

Хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоосон дүгнэлтийг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөөр нөхөн төлүүлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Дээд шүүхээс 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр баталсан аргачлалыг баримтлах бөгөөд тухайн аргачлалын 2.1-д “Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт ...сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно”, 2.2-д “Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.”, 3.1-д “...дараах зарчмыг баримтлана” 3.1.1-д “...үндэслэл бүхий тогтоох”, 3.1.3-д “...ашиг бий болгохгүй байх”, 3.2-д “Сэтгэцийн эмгэгийн зэргийг ...журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрхэн зохицуулсан талаар үзвэл тус хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” гэж тодорхой хуульчилж өгсөн байна. Үүнээс үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд нь эмгэг учирсан эсэхийг эхлээд шинжилгээний байгууллага дүгнэлт гаргах байдлаар тогтоож, түүнийг хавтаст хэрэгт хавсаргаж, улмаар тухайн баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр шүүх тодорхой аргачлалыг баримтлан мөнгөн дүнгээр нөхөн төлүүлэхээр байна.

Гэвч А.Сд холбогдох эрүүгийн хэргийн материалд хохирогчийн сэтгэцэд эмгэг учирсанг тогтоосон, сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоон гаргасан Шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт огтоос байхгүй. Зөвхөн гэм буруугийн шүүх хуралдаан дээр хохирогчийн зүгээс “11.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэснийг л үндэслэн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хэт өрөөсгөл, хууль зүйн үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрээс харвал “...хохирогчид үүссэн өвчин зовуурь, ажлаа хийж чадахгүй байсан шаналал, орон байраа засаж чадаагүй буюу амьдралын чанар алдагдсан байдал ...зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан 11.000.000 төгрөгөөр тогтоолоо.” гэж сэтгэл санааны хохирол гаргуулж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан бөгөөд хохирогчийн сэтгэцийн эмгэг учирсан гэдгийг тогтоосон баримт байхгүй, 11.000.000 төгрөгийн хэмжээг хэрхэн нотлож байгаа талаарх баримтгүй байхад шүүх сэтгэл санааны гэм хорын хэмжээг 11.000.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу 11.000.000 төгрөг олгож шийдвэрлэсэн. Уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэж заасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сгийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч А.Сд холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.С нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 7 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 6 дугаар гудамд “Тоуоta Prius” маркийн 24-59 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Мийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Мийн “...хашааны хаалга онгойлгоход гудмаар машин ирж байгаа зүйл харагдаагүй. Өмнө нь бороо ороод гудманд ус тогтсон байсан болохоор би арай гайгүй хэсгээр нь гарах гээд явж байхад миний ардаас нэг машин мөргөсөн. Би тэр машины хамар дээр нь хэвтсэн, тэгээд би гараараа тэр машины хамар хэсэгт нь цохиход тэр машин зогссон. Намайг мөргөсөн чигээрээ яваад байсан юм байна лээ, би унахдаа өвдгөөрөө унасан. Тухайн үед маш их өвдөлт өвдөг хэсэгт мэдрэгдэж байсан. Тэгээд харахад жолооч машинаа ухрааж байсан. ...” /хх 15/ гэсэн мэдүүлэг,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 10182 дугаартай “Г.Мийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний хөндлөн урагдал, шаантны хэмт эдийн хаван, өмнөд чагтан холбоос, дотор хажуу холбоосны хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх 36-37/ гэх дүгнэлт,

            Тээврийн цагдаагийн албаны 1134 дугаар мөрдөгчийн “Жолооч А.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. ...” /хх 52/ гэх магадлагаа болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Сг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч А.Сгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Мийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч А.Сгийн өмгөөлөгч М.Цэдэнпунцаг “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд нь эмгэг учирсан эсэхийг эхлээд шинжилгээний байгууллага дүгнэлт гаргах байдлаар тогтоож, түүнийг хавтаст хэрэгт хавсаргаж, улмаар тухайн баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр шүүх тодорхой аргачлалыг баримтлан мөнгөн дүнгээр нөхөн төлүүлэхээр байна.

Гэвч А.Сд холбогдох эрүүгийн хэргийн материалд хохирогчийн сэтгэцэд эмгэг учирсанг тогтоосон, сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоон гаргасан Шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт огтоос байхгүй. ...Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж заасан.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд тус аргачлалын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж хуулийг илүү нарийвчлан тайлбарласан байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн Гуравдугаар зэрэглэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамааруулсан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний дээрх гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөгдөж байсан буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдан 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулжээ.

Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдан 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулиар тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээ хүндэрсэн бөгөөд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдэж байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас харахад шүүгдэгч А.Сд гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан “Хууль буцаан хэрэглэх” хэм хэмжээг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйд нийцнэ.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Сгийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Сгийн өмгөөлөгч М.Цэдэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ