Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2025/0569

 

    

                                          
                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* овогт Б*******ын Н*******, РД:*******, 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Б*******,
Хариуцагч: Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.У******* нарын хоорондын “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Б.Н******* миний нэрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговрыг нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэнээр нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай маргааныг хянан хэлэлцэв. 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Маргааны үйл баримтын талаар: 
1.1. Нэхэмжлэгчээс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст холбогдуулан “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Б.Н******* миний нэрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговрыг нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэнээр нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл: 
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “1. Миний аав Б*******ын Б******* нь 1939 оны 01 дүгээр сарын 24-нд улс төрийн хилс хэргээр баривчлагдаж, улмаар Х аймгийн шүүхийн 1939 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 119-р тогтоолоор 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Аав маань хорих ялыг биечлэн эдэлж байгаад БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1947 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Хоригдлуудад өршөөл үзүүлэх тухай” 60 дугаар тогтоолоор суллагдсан. Аавд холбогдох хэргийг шалгаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолоор уг хэрэгт холбогдолгүй хэмээн цагаатгасан. Энэ тухай Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын төв архивын 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/2617 тоот лавлагаанд тодорхой бичигдсэн байдаг.
2. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдаж “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг”-ийн нөхөх олговор олгоно гэсний дагуу миний бие Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс дээр очиж зөвлөгөө авсан ба “та ийм ийм баримт бичгүүдийг бүрдүүлээд ирвэл таны нэрийг нөхөх олговор авах иргэдийн жагсаалтад оруулж, нийтэд мэдээлнэ” гэж хэлсэн.
3. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос өгсөн зөвлөгөөний дагуу шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлээд очиход “аавыг улс төрийн хилс хэргээр таслан шийтгэсэн тогтоол” байхгүй гэдэг үндэслэлээр миний нэрийг нөхөх олговор авах эрхтэй иргэдийн жагсаалтад оруулж, нийтэд мэдээлэх боломжгүй байна” гэж хэлсэн. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25/7379 тоот “Архивын лавлагаа”, мөн архивын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05/640 тоот “Архивын тодорхойлолт”-оор “аавыг таслан шийтгэсэн тогтоол” байхгүй байна гэж тодорхойлж өгсөөр байхад, таслан шийтгэсэн тогтоол байхгүй бол болохгүй гээд баримтуудыг маань хүлээж аваагүй буцааж байсан. Арга буюу 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тухайн үеийн Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Ст хаяглаж өргөдөл бичсэн боловч, өргөдлийг цохолтоор хүлээж авсан Н.М мэргэжилтэн мөн л “таслан шийтгэл тогтоол” л хэрэгтэй байна гэж хэлээд баримт бичгүүдийг маань хүлээж аваагүй. Х аймгийн архиваас асууж тодруулахад мөн л ийм тогтоол байхгүй байна гэж хэлсэн.
4. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нөхөх олговор авах иргэн эхлээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст баримт бичгээ бүрдүүлж өгөх талаар заагаагүй байдаг. Гэвч уг нөхөх олговрыг авах бүх л иргэд шууд шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр эхлээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст баримт бичгээ бүрдүүлэн өгч шалгуулдаг, тус комиссоос нөхөх олговор авах иргэдийн нэрсийг нийтэд зарласнаас хойш 30 хоногийн дараа иргэд шүүхэд нэхэмжлэл гаргадаг практик нь нэгэнт тогтчихсон байдаг байна. Үүний дагуу л миний бие анх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хандсан болно.
5. Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 9-д 9.Энэ журмын “Гурав”-т заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана” гэж заасны гол агуулга нь нөхөх олговрын талаар өөр нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байгаа эсэхийг тодруулах, тэднийг мэдээллээр хангах зорилготой, иргэдэд туслах шинжтэй, зохион байгуулалтын арга хэмжээ байна. Гэтэл хариуцагч миний биеийг нөхөх олговрыг авах нэхэмжлэлийн баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн байхыг шаардаж, ийнхүү бүрэн бүрдүүлсний дараа нөхөх олговрын нэхэмжлэл гаргах этгээдээр нийтэд мэдээлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж болно хэмээн, нэг үгээр хэлбэл Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж, иргэн миний нөхөх олговрын нэхэмжлэл гаргах эрхийг маань хязгаарлаж, хохироосон байна. 
6. Миний ээж Ядамын Мөнхсуурь 2003 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан бөгөөд нөхөх олговрыг авах эрхтэй хоёр л хүн байгаагийн нэг нь би, нөгөө нь манай ах Б.Б юм. Миний бие ээжийн нас барсны бүртгэлийн лавлагаа, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ах Б.Бтэйгээ нөхөх олговроор мөнгө олгогдсон тохиолдолд түүнийг хэрхэн хувааж авах талаараа хэлцэл байгуулж, нотариатаар баталгаажуулсан баримтуудаа бүрдүүлээд өгсөн ба ах бид хоёр нөхөх олговор авах эрхтэй этгээд мөн бөгөөд нөхөх олговрын талаар маргаан гаргах өөр хүн байхгүй нь тодорхой байсан.
7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 39 дүгээр зарлигаар баталсан “Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дүрэм”-ийн 2-т “Улсын комиссын зорилт нь тэтгэмж, тусламж, нөхөх олговор олгуулах, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн хэлмэгдсэн иргэнд хууль тогтоомжийн дагуу сурталчлахад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулахад оршино”, дүрмийн Хоёрын 10-ын а-д Улсын комисс нь а/“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг сурталчлах, хэрэгжүүлэхэд хяналт тавьж, зохион байгуулж ажиллах” үүрэг хүлээхээр заасан. Гэтэл Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь хуулийг хэрэгжүүлж, надад зөвлөж, туслахын оронд олох боломжгүй баримт (аавын таслан шийтгэсэн тогтоол)-ыг авч ирэхийг шаардаж, тэр баримт байхгүй бол болохгүй гэдэг үндэслэлээр миний нэрийг нийтэд мэдээлэхээс татгалзсан нь илэрхий хууль бус үйлдэл байжээ.
8. Хариуцагч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэхэмжлэгч Б.Н******* миний нэрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн жагсаалтад оруулж нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэсэнд хамаарах илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Тодруулбал, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нөхөх олговор авах иргэн шууд шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байхад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь иргэдэд зөвлөн туслахын оронд иргэн ба шүүх хоёрын дундуур орж иргэдийн баримт бичгийн бүрдлийг нэг бүрчлэн шалгах, буцаах, бүрэн бүрдүүлэхийг шаардах, та нөхөх олговрын нэхэмжлэлээ гаргах боломжгүй, архивт байхгүй баримт шаардах зэргээр өөрт хуулиар олгогдоогүй, эрх зүйн үндэслэлгүй, биелүүлэх боломжгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна.
9. Хариуцагчийн илт хууль бус үйл ажиллагааны улмаас миний бие Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12.3-т “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, байна” гэсэн хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлж, нөхөх олговрын нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гаргаж чадалгүйгээр эрх маань зөрчигдсөн. Хэрэв захиргааны хэргийн шүүхээс хариуцагчийн дээрх үйлдэл буюу захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоосноор миний бие иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нөхөх олговроо авч, зөрчигдсөн эрх маань сэргэх боломж бүрдэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж заасан тул энэхүү нэхэмжлэл маань хангагдсанаар хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн нь нотлогдож шүүхээс нэхэмжлэл гаргах хугацааг маань сэргээх боломж бүрдэх юм.
Иймд хариуцагч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэхэмжлэгч Б.Н******* миний нэрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэнээр нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай аав ид залуу насандаа буюу 25-33 нас хүртлээ шоронд байсан. Ингэх хугацаандаа маш их тамлуулдаг байсан. Жадлуулсан сорив бие дээр нь маш их байдаг байсан, хуруу нь мултарчихсан, шоронд их тамлуулсан гэж ярьдаг байсан. Шоронд байхдаа өвчин авсан юм шиг байсан. Намайг дөнгөж 16 нас хүрч байхад аав маань их удаан хэвтэрт байж байгаад өөд болсон. Миний хувьд тухайн үедээ хүүхэд байсан учир нарийн зүйлийг мэддэггүй байсан. Манай ээжийн найз хотын шүүхийн шүүгч н.Ц гэх хүн байсан. н.Ц эгч манайд ирээд хоригдож байсан тухайгаа ярьж байхад нь би хальт сонсож байсан. Турж эцээд хөл дээрээ тогтож чадахаа байсан гэсэн. Хүний эрээн булчин шилбэ рүүгээ уначихдаг юм байна гээд аав тухайн үедээ ярьж байсан. Хөлдүү нойл дотор байсан дутуу мөлжсөн яс байсныг аваад зулгааж байсан гэж ярьж байсан. Үүнээс болж би давхар хохироод аавгүй өссөн. Энэ асуудлаар бичиг баримтаа хөөцөлдөөд явж байхад надад маш хүнд байдаг. Манай аавтай хамт хоригдож байсан н.Д гэдэг сэтгүүлчтэй уулзаж байсан. Ингэхэд надад бид нар маш их зовж байсан гэсэн. Ном дээр нь аавын нэр хоёр орсон байдаг. н.Д гуай надад номоо өгч байсан” гэв. 
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн аав Б*******ын Б нь 1913 онд одоогийн Х аймагт төрсөн. 1939 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаад, улмаар Х аймгийн шүүхийн 1939 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор 8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Энэ тогтоол олдохгүй байгаа нь энэ маргааны эх үүсвэр болоод байгаа юм. Энэ тогтоол нь 1990 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны лавлагаа дээр бичигдсэн байдаг. Мөн цагаатгах үнэмлэх дээр нь дурдагдаад байдаг. Нэхэмжлэгчийн аав Б.Б*******ыг Бүгд Найрамдах Монгол Ард улсын бага хурлын тэргүүлэгчдийн 1947 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хоригдлуудад өршөөл үзүүлэх тухай 60 дугаар тогтоолоор сулласан. Бүгд Найрамдах Монгол Ард улсын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолоор өмнө нь ял шийтгүүлсэн хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй байсан байна гэж үзээд цагаатгасан шийдвэрийг гаргасан. Энэ тухай Нийгмийн аюулаас хамгаалах байгууллагын төв архивын 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/2617 тоот лавлагаанд тодорхой бичигдсэн баримтууд хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч Б.Н*******ийн хувьд хуульд заасан эрхээ эдлэх зорилгоор нөхөх олговрын нэхэмжлэл авах, нөхөх олговор авах баримт бичгийг бүрдүүлж цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст хандсан байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуулиар хэрвээ хилс хэрэгтэй холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн, хэлмэгдэж нас барсан бол түүний эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдүүдэд нь 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгоно, хэрвээ хэлмэгдэгч цаазаар авхуулах ялаар шийтгүүлсэн бол 80,000,000 төгрөгийн нөхөх олговор олгоно гэсэн хуулийн зохицуулалт батлагдсан. Үүний дагуу цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст хандаж, комиссоос зөвлөсний дагуу шаардлагатай баримт бичгийг бүрдүүлээд 2018 онд хандсан байдаг. Комиссын зүгээс баримт бичгүүдийг хүлээж аваад, Б.Б*******ыг улс төрийн хилс хэргээр таслан шийтгэсэн тогтоол байхгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н******* болон түүний ах Б.Б******* нарын нэрийг нийтэд мэдээлэхээс татгалзсан. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн лавлагаагаа, мөн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн архивын тодорхойлолтоор таслан шийтгэсэн тогтоол байхгүй байна гэдэг зүйлийг нэхэмжлэгч тухайн үедээ тодорхойлж өгсөн байдаг. Энэ баримтуудаа хариуцагч байгууллагад гаргаж өгсөн. Гэтэл таслан шийтгэх тогтоол байхгүй байна гэдэг үндэслэлийг хэлээд буцаагаад байсан. 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга буюу Улсын Их хурлын дэд дарга Я.С гэдэг хүнд хаяглаж өргөдөл бичиж байсан. Өргөдлийн дагуу мөн адил таслан шийтгэх тогтоол байхгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн нэрийг сонинд нийтэд зарлахаас татгалзсан үйлдлийг хариуцагчийн зүгээс гаргасан байгаа. 
Ингэж явсаар хуулийнх нь дагуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлээ гаргах хуулийн хугацааг хууль тогтоогчид тавьсан байсан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос шаардаж байгаа баримт бичиг үнэхээр олдохгүй байсан тул хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж чадаагүй, хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлээд нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан нөхөн олговроо авах эрх нь одоо хүртэл зөрчигдөж байгаа. Хариуцагчийг яагаад буруутгаад байна вэ гэхээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд иргэд эхлээд Цагаатгах ажиллагааг удирдан зохион байгуулах комисст баримт бичгүүдийг бүрдүүлж өгнө гэсэн зохицуулалт хуульд байхгүй. Гэтэл иргэд яагаад комиссоор дамжуулж дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргаад байна вэ гэхээр 1998 онд батлагдсан Засгийн газрын 21 дүгээр тогтоолоор иргэд шаардлагатай баримт бичгээ бүрдүүлээд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст бүрдүүлж өгнө, комисс нь тухай бүрт нийтэд мэдээлнэ гэдэг журамтай. Энэ журмын дагуу нэхэмжлэгчийн зүгээс цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст хандаж нийтэд нэрээ зарлуулъя, нөхөн олговор авах иргэдийн жагсаалтад өөрийгөө оруулъя гэдэг үндэслэлээр хандсан байгаа. Хариуцагчийн зүгээс зөвхөн таслан шийтгэх тогтоол байхгүй гэдэг үндэслэлээр татгалзсан. Бусад бүх баримтуудаа бүрэн бүрдүүлээд өгчихсөн асуудал байгаа. 1930-иад онд тогтоолтой, тогтоолгүй дууддаг байсан, энийг бид бүхэн сайн мэдэж байгаа. Заавал таслан шийтгэх тогтоол нь байхгүй байна гээд Архивын байгууллага, Тагнуулын ерөнхий газар тодорхойлж өгөөд байхад тийм баримтаа олж ирэхгүй бол таны нэрийг нийтэд мэдээлэхгүй гэдэг энэ үндэслэлээр хандсан нь нэг талаас хариуцагчийн буруутай үйл ажиллагаа, нөгөө талаас энэ баримттай, баримтгүй хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэрийг нийтэд мэдээлээд явсан тохиолдолд нөхөх олговрыг олгох эсэхийг нь шүүх шийдэх асуудал байгаад байгаа юм. 
Гэтэл хариуцагчийн зүгээс энэ баримт байхгүй бол болохгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийг хохироож, нэхэмжлэгчийн нэрийг нийтэд мэдээлэхгүй татгалзсан үйлдлийг гаргасан байгаа юм. Иргэдийн нэрсийг яагаад нийтэд мэдээлээд байна вэ гэдгийн хууль зүйн үр дагаврыг судлаад үзэхээр хэд, хэдэн хүмүүс өөр шүүхэд зэрэг нэхэмжлэл гаргаад, өмнө нь 1,000,000 төгрөгийн, 500,000 м*******н төгрөгийн нөхөн олговор олгож байх үед хоёр хүүхэд нь хоёр өөр шүүх нэхэмжлэл гаргаад тус бүрдээ нөхөн олговор аваад явдаг тийм асуудал практик дээр гараад байсан учраас нэгдсэн журмаар баримт бичгээ бүрдүүлж комисс дээрээ өгдөг байя, нийтэд мэдээлээд, шүүхээрээ шийдвэрлэдэг байя гэсэн журам тогтоосон байсан. Энэ журмынх нь дагуу нөхөн олговрыг авах эрхтэй хүн нэхэмжлэгчийн ах Б.Б******* гэх хүн байсан. Ахтайгаа 40,000,000 төгрөгийг ямар байдлаар хувааж авах вэ гэдэг хэлцлээ байгуулаад комисст өгсөн байдаг. Энэ нөхцөл байдлыг хариуцагч харгалзаж үзээгүй, байхгүй байсан баримтаа нэхэж байгаад нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гарах хугацааг нь хэтрүүлээд нэхэмжлэгч хуульд заасан нөхөн олговрыг авч чадахгүй хохирч явж байгаа. Яагаад Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.7-д заасан үндэслэл бий болгоод байна гэхээр нэгдүгээрт, биелүүлэх боломжгүй зүйлийг нэхэмжлэгчээс нэхсэн. Таслан шийдвэрлэх тогтоол нь байхгүй байна гэдгийг төрийн байгууллага тодорхойлж өгөөд байхад заавал олж ир гэдэг зүйлийг нэхэмжлэгчээс шаардсан. Татгалзсантай холбоотой энэ шийдвэр нь бодит байдал дээр биелүүлэх боломжгүй шийдвэр байсан гэж үзэж байна. Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг асуудал байгаа. Хуульд иргэд шууд шүүхэд нэхэмжлэл гаргаад явах зохицуулалт байгаад байдаг, гэтэл дунд нь баримт бичгийн бүрдлийг шалгаж, хангуулах гэдэг хүрээнд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс орж ирээд байгаа юм. Энэ байгууллага ямар эрх хэмжээтэй байх талаар асуудал байгаа. 
... Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд ажиллаад, таны ийм баримтууд чинь байхгүй байна, тэгэхээр нөхөх олговроо авах эрхгүй байна, тийм учраас таны нэрийг нийтэд мэдээлэх боломжгүй байна гэдэг үндэслэлээр хандаж байгаа нь өөрийнхөө чиг үүрэгт үл хамаарах асуудлаар ажилласан байна гэдэг нь харагдаад байгаа юм. Нөхөх олговор авах эрхтэй хүн хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр, төрсөн хүүхэд, үрчилж авсан хүүхэд нь мөн юм уу гэдгийг нь шалгаад, өөр маргаан гарах нөхцөл байдаггүй байгаа бол шүүхэд нэхэмжлэлээ гаргаад асуудлаа шийдвэрлүүл гэдэг байдлаар зөвлөж, туслаад явах ёстой байтал олдох боломжгүй баримтыг нэхэмжлэгчээр нэхэж байгаа нь хариуцагч өөрийнхөө чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулсан гэж харагдаж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2002 оны 39 дүгээр зарлигаар баталсан комиссын дүрмээр хуулийн биелэлтийг зохион байгуулаад, иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх чиг үүрэгтэй байгууллага юм. Хариуцагчийн хариу тайлбараас харахад нэхэмжлэгчийг комисст хэзээ, яаж хандсан талаар тодорхой дурдаж хариу тайлбар дээрээ бичсэн байсан. ... Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлчихсэн зүйлүүд байгаа. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг сэргээж, хамгаалж болно гэсэн зохицуулалт байгаа. Хэрэв хариуцагчийн буруутай үйл ажиллагаа шүүхээр тогтоогдвол нэхэмжлэгчийн хувьд нөхөх олговроо ахтайгаа хамт авах боломж бүрдэх учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

           Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Цагаатгалын Улсын комисс нь төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаанаар гэмт хэрэгт хууль бусаар холбогдуулж хилсээр шийтгэгдсэн хэлмэгдэгчдийн асуудлыг судалж шийдвэрлүүлэх, тэдэнд хууль тогтоомжийн дагуу нөхөх олговор олгуулах, хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээх, хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг таниулах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллага юм. Мөн тус комисс нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хэлмэгдэгч мөн болохыг тогтоосон цагаатгах эрх бүхий байгууллагуудын “Цагаатгах тогтоол”-д үндэслэн “Хэлмэгчдийн мэдээллийн нэгдсэн сан”-д хэлмэгдэгчээр бүртгэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн дагуу нөхөх олговрыг шүүхийн шийдвэрийг үндэслэн зохих этгээдэд олгодог. Түүнчлэн дээрх хуулийн 12 дугаар зүйл болон Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолд хэлмэгдэгчдийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээдийн бүрдүүлэх баримт бичгийг тодорхой зааж өгсөн бөгөөд Улсын комисс нь тухайн хууль тогтоомжид нийцсэн баримт бичгийн хүлээн авч, холбогдох хууль, журамд заасны дагуу нэхэмжлэгчийг нийтэд зарладаг болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийг бичгээр гаргах бөгөөд түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан зүйлээс гадна дараахь зүйлийг тусгана” гээд 12.1.1 дэх заалтад “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон эрх бүхий байгууллагын шийдвэр, түүний дугаар, огноо” гэж, Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийн 4-ийн а-д “мөн хуулийн 8.1, 8.3 заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн тухайн хүнд холбогдох хэсгийн хуулбар /Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивын албанаас олгоно/” гэж нөхөх олговрыг нэхэмжлэхэд бүрдүүлэх баримт бичгийг тус тус заасан. Мөн 2018 оны нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар цаазаар авах ял шийтгүүлсэн болон хорих ял шийтгүүлсэн хэлмэгдэгч, түүний эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд олгогдохоор зохицуулагдсан байдаг. Нэхэмжлэгч Б.Н******* нь хуулийн хэрэгжилтийн хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улсын комисст хандан мэдээлэл зөвлөгөө авсан байх боловч Б.Б*******ыг цагаатгасан Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 22 дугаар тогтоолын 2 дугаар хуудасны 2 дугаарт “... Б*******ын Б******* 1939 онд баривчлагдсан...”, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 05/7379 дугаар лавлагаагаар “... Б*******ын Б*******ыг 1938 оны 01 дүгээр сарын 24-нд улс төрийн хэрэгт баривчлан байцааж байсан боловч таслан шийтгэсэн тогтоол байхгүй” гэсэн баримтууд байсан тул хуулийн шаардлага хангасан үзэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар зөвхөн биечлэн хорих ял эдэлсэн /эсхүл цаазаар авсан/ хэлмэгдэгч, түүний гэр бүлд нөхөх олговор олгохоор хуульчилсан байдаг тул нэхэмжлэлд дурдсанчлан Б.Б*******ын эдэлсэн гэх 8 жилийн хорих ялыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд дор дурдсан хүмүүс хамаарна”, 5.1.1 дэх заалтад “шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн дор дурдсан зүйл ангид заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь шүүхийн журмаар тогтоогдсон” гээд в/-д “1934 оны “Шүүх цаазын бичиг”-ийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйл, БНМАУ-ын Ардын СнЗ-ийн 1938 онд 1 дүгээр бүлэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт” гэж зааснаар улс төрийн хилс хэргээр хорих ял эдэлсэн гэж үзэхэд учир дутагдалтай гэж үзсэн.
Учир нь Б.Н*******ийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өгсөн баримтад: хуучнаар БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын төв архивын 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/2617 дугаартай лавлагаанд “... Б.Б******* нь 1939 оны 01 дүгээр сарын 24-нд улс төрийн хэрэгт баривчлагдан, 1939 оны 9 дүгээр сарын 5-нд эрүүгийн 119 дүгээр тогтоолоор 8 жил хорих ял шийтгүүлж хоригдож байгаад...суллагдсан.., мөн БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1947 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар хурлаас гарсан тогтоолд ... хоригдох ялыг биечлэн эдэлж, зөвөөр засарч хүмүүжсэн ...хоригдлуудын ялыг өршөөл үзүүлэх тухай” гээд 55 дугаарт “Баян-Өлгий аймаг, Алтанцөгц сумын харьяат Б*******ын Б*******” гэж бичигдсэн байсан боловч дээр дурдсанчлан Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 22 дугаар тогтоолын 2 дугаар хуудасны 2 дугаарт “... Б*******ын Б******* 1939 онд баривчлагдсан...”, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 05/7379 дугаар лавлагаагаар “... Б*******ын Б*******ыг 1938 оны 01 дүгээр сарын 24-нд улс төрийн хэрэгт баривчлан байцааж байсан боловч таслан шийтгэсэн тогтоол байхгүй” гэх зөрүүтэй баримтуудыг харьцуулбал нэг хүний ял шийтгэл, баривчлагдсан он зэрэг нь өөр өөр байдлаар тодорхойлсон байсан болно.
Энэхүү нөхцөл байдлаас үүдэн тус комиссоос хэлмэгдэгчийн ял шийтгэлийн байдлыг тодруулах зорилгоор Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивт тус тус хандан БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын төв архивын 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/2617 дугаартай лавлагааг болон уг лавлагаанд гараар зассан хэсгийг тодруулж авах, уг лавлагааны үндэслэл болсон 1939 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн эрүүгийн хэргийн 119 дүгээр тогтоол, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1947 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоол, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолыг авахаар албан бичиг хүргүүлэхэд Б.Б*******ын нэр 1947 оны 60 дугаар, 1958 оны 22 дугаар тогтоол тус тус бичигдсэн бол 1939 оны 119 дүгээр тогтоолд нэр нь байхгүй байсан буюу өөр иргэнд холбогдох өөр хэргийн талаар дурдагдсан байсан. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтын дагуу тухайн иргэн нөхөх олговор авах шаардлагыг хангаагүй учир нийтэд зарлан мэдээлээгүйгээс гадна, тус байгууллага хуульд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Н*******ийн нэхэмжлэлээр улс төрийн хилс хэрэгт холбогдсон иргэдийн нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөөд байгаа тохиолдлуудын тухай яриад сууж байна. Хамгийн гол нь бид нар тухайн иргэний эрхийг хэрхэн яаж сэргээж болох вэ гэдэг дээр шийдэл хайгаад байгаа юм. Энэ тал дээр манайхаас татгалзсан зүйл байхгүй. Бид хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т хамаарахаар тогтоогдох баримт нь байгаа тохиолдолд ямар ч төрлийн шүүх дээр тухайн иргэн манайхаас ирж зөвлөгөө авсан энэ бүх үйл баримтуудаа хэлээд, батлаад байж байгаа. Хуулийн 9 дүгээр зүйлд улс төрийн хилс хэрэг хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчигдсөнөөс үүдсэн энэ хохирлыг хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөн олговор хэлбэрээр нөхөн төлнө гэсэн заалт байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 12-д нэмэлт өөрчлөлт болох 13.2 гэсэн заалтад хэрхэн, яаж хамруулж байж энэ хүний эрхийг сэргээлгэх вэ гэдэг дээр манай зүгээс эрүүгийн 119 дүгээр баримтыг хайгаад байгаа. 
Урьдчилсан байдлаар танд ямар нэгэн дүгнэлт хэлээгүй, хамаагүй этгээд гэдэг байдлаар оролцохгүй байгаа. 2018 онд ирэхэд ийм баримтуудаа буцсан. Үүний хойноос яваад байхад дахиад ийм баримтууд гарч ирнэ гэдэг байдлаар өнөөдрийн тайлбаруудаа хийсэн гэдгийг шүүх бүрэлдэхүүн ойлгож байгаа байх” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Б.Н*******ээс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст холбогдуулан “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Б.Н******* миний нэрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэнээр нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ:
- 2018 онд хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулаад хүсэлт баримтаа гаргаж өгсөн байхад миний аавыг ял шийтгэсэн тогтоол олдоогүй гэсэн үндэслэлээр бүртгэлд оруулж нийтэд мэдээлэхээс татгалзсан нь биелүүлэх боломжгүй, 
- Өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн нь илт хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан. 
2. Шүүх нэхэмжлэгчээс тодруулсан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

3. Маргааны үйл баримтын тухайд, 
3.1. Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 166 тоот албан бичигт “...Б.Н******* нь манай байгууллагад 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэлмэгдэгч Б.Б*******ын нөхөх олговрыг нэхэмжлэхээр урьдчилсан бүртгэлд бүртгүүлсэн, ... нэхэмжлэлийн бүрдүүлбэр материалын зөвлөмж авсан, ... бүрдүүлбэр хангасан гэж үзэх боломжгүй” гэжээ.
3.2. Үүний дараа Б.Н******* нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр  Үндэсний төв архиваас 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн өөрт холбогдох лавлагааг, 14-ний өдөр Улсын бүртгэлийн төв архиваас өөрийн аав, ээжийн нас барсны болон өөрийн төрсний бүртгэлийг лавлагааг, Сүхб******* дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын оршин суудаг талаарх тодорхойлолтыг тус тус авчээ.
3.3. Мөн тэрээр өөрийн ах Б.Бтэй “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрт олгох нөхөх олговрыг тэнцүү хуваах талаарх хэлцэл”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэж нотариатаар баталгаажуулсан байна.
3.4. БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын төв архивын 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/2617 тоот лавлагаанд “... Б.Б******* нь 1939 оны 01 дүгээр сарын 24-нд улс төрийн хэрэгт баривчлагдан, 1939 оны 09 дүгээр сарын 5-нд эрүүгийн 119 дүгээр тогтоолоор 8 жил хоригдох ял шийтгүүлж хоригдож байгаад 1947 оны 10 дугаар сарын 24-нд Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 60 дугаар тогтоолоор суллагдсан бөгөөд түүний хэргийг дахин хянаж үзээд 1958 оны 01 дүгээр сарын 7-нд Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах комиссын 22 дугаар тогтоолоор уг хэрэгт нь холбогдолгүй болгон цагаатгасан байна” гэжээ. 

4. Б.Н*******ээс дээрх баримтууд болон 
4.1. Тагнуулын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05/7379 тоот 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05/7379 тоот албан бичигт “... Б*******ын Б******* нь ... баригдахын өмнө Цагаандун хэмээх газар сууж байсан. Б.Б*******ыг 198 оны 01 дүгээр сарын 24-нд улс төрийн хэрэгт баривчлан байцааж байсан боловч таслан шийтгэсэн тогтоол байхгүй байна. Хэргийг хянаад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолоор цагаатгажээ”, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05/640 тоот албан бичигт “Б*******ын Б*******ыг шийтгэсэн Х аймгийн шүүхийн 1939 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дүгээр тогтоол тус архивт байхгүй болно” гэсэн архивын лавлагаанууд,
4.2. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “... 2. Б*******ын Б*******. 1939 онд баригдсан /Одоо Мандал дахь модны рамын газар механик/ М.Б.Х. Арх.№10588. нарын хэргийн шалгалтад байсан учир дутагдалтай зүйлүүдийг тус комиссын даалгавар ёсоор шалгах хэлтсээс шалгаж гүйцэтгэсний дүнд эд нарын хэрэг нь зохиомол бөгөөд хилс болох нь илэрч батлагдсан байх тул хувьсгалын эсэргүү хэргээс холбогдолгүй болгон цагаатгасугай” гэсэн 22 дугаартай тогтоол, 
4.3. “Б******* овогтой Б******* нь 1939 онд улс төрийн гэмт хэрэгт шийтгэгдсэнийг шалгаж үзээд 1958 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолоор холбогдолгүй болгон цагаатгав” гэсэн БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1957 оны 01 дүгээр сар гэсэн огноотой үнэмлэх гэсэн баримтуудыг дахин бүрдүүлж хариуцагч байгууллагад хандсан гэж тайлбарласан. 
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх үйл баримттай маргаагүй, харин “Б.Б******* нь хоригдсон гэдгийг таслан шийтгэсэн тогтоолыг авч байж баталгаажуулах үндэслэл үүснэ. Нийтэд мэдээлэх боломжгүй” гэх агуулга бүхий тайлбар гаргасан. 

6. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-т хуулийн зорилтыг “Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, ... хяналт тавина” гэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 39 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дүрэм”-ийн 2-т “Улсын комиссын зорилт нь ... хэлмэгдсэн иргэнд хууль тогтоомжийн дагуу тэтгэмж, тусламж, нөхөх олговор олгуулах, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн сурталчлахад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулахад оршино” гэж заажээ. 
7. Хууль болон дүрмийн дээрх зохицуулалтуудын дагуу хариуцагч Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь нөхөх олговор олгохтой холбоотой харилцааны тухайд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдэд нөхөх олговор олгуулах ажлыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хуулиар хүлээсэн байх ба энэхүү чиг үүрэг нь иргэдээс шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтуудыг бүрдүүлсэн эсэхэд зөвлөгөө өгөх, нөхөх олговор авах нэхэмжлэл гаргах эрх бүхий өөр этгээд байгаа эсэхийг тодруулах зорилгоор нийтэд мэдээлэх зэрэг байдлаар хэрэгжиж, улмаар хэлмэгдүүлэлтийн үр дагаварыг “арилгах”-д чиглэх учиртай байна. 
8. Маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг нэгтгэн үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчид бүрдүүлэх материалын зөвлөгөө өгөхдөө хуулиар шаардаагүйн зэрэгцээ нэхэмжлэгчийн хувьд бүрдүүлэх боломжгүй баримтыг заавал бүрдүүлэх шаардлагатай мэтээр тайлбарлаж, нэхэмжлэгчийг “нөхөх олговрын нэхэмжлэл бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт”-д бүртгээгүй, нийтэд мэдээлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан “... иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан” эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, 
8.1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Нэхэмжлэлийг бичгээр гаргах бөгөөд түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан зүйлээс гадна дараахь зүйлийг тусгана:”, 12.1.1-т “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон эрх бүхий байгууллагын шийдвэр, түүний дугаар, огноо”, 12.1.2-т “энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан бүх этгээдийн овог, нэр, оршин суугаа хаяг”, 12.1.3-т “.энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4-д заасан этгээдүүд нөхөх олговрыг ямар хэмжээгээр хуваан авах талаар” гэж зааснаас үзвэл, нөхөх олговор авах нэхэмжлэл гаргахаар бэлдэж байгаа иргэн нь хэлмэгдүүлсэн буюу ял шийтгэгдсэн шийдвэрийг Улсын комисст хүргүүлэх, нэхэмжлэлдээ дурьдах үүрэг хүлээгээгүй байна. 
8.2. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-ын “ГУРАВ” Нөхөх олговрыг нэхэмжлэхэд бүрдүүлэх баримт бичиг хэсэгт “4.“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 10.1-т заасан этгээд нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлд дараахь баримт бичгийг хавсаргасан байвал зохино. Үүнд: 
а/мөн хуулийн 8.1/... хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр/, 8.3/... нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа халагдсан, эд хөрөнгөө хураалгасан/-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн тухайн хүнд холбогдох хэсгийн хуулбар /Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивын албанаас олгоно/; 
б/мөн хуулийн 8.4 заалтад холбогдох шийдвэрийн хуулбар /шийдвэр гаргасан байгууллага олгоно/; 
в/улс төрийн хилс хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа этгээдийг цагаатгасан, эсвэл хэлмэгдсэнд тооцсон тухай мэдэгдсэн лавлагаа /Улсын аюулгүй байдлыг хангах газрын архивын албанаас олгоно/; 
г/мөн хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4-т  заасан этгээд мөн болохыг магадлах үндэслэл болох “Ам бүлийн тодорхойлолт” /Үндэсний архивын газраас олгоно/; 
д/нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн гэдгийг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр буюу нотариатаар гэрчлүүлсэн “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ” гэж, “ДӨРӨВ” Нөхөх олговор олгох хэсгийн 9-д “Энэ журмын “Гурав”-т  заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг ... сонинд сар бүр зарлана” гэж зааснаас үзвэл, хариуцагч нь иргэний бүрдүүлсэн материалыг бүртгэж, сонинд нийтлэхээс бус нэхэмжлэгч Б.Н*******ээс өөрийн аав Б.Б*******ын хорих ял шийтгүүлж, хоригдсон болохыг нотлох шийтгэх тогтоолыг шаардах үндэслэлгүй байсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэх үндэслэлтэй.
8.3. Түүнчлэн нэхэмжлэгчийн аав Б.Б*******ыг цагаатгасан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1958 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар тогтоолд ял шийтгэсэн тогтоолын талаар дурьдаагүй, төрийн архивын байгууллагуудаас Улсын комисс болон шүүхэд ирүүлсэн удаа дараагийн лавлагаануудаар уг шийтгэх тогтоолыг олох боломжгүй, архивт хадгалагдаж үлдээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэгчээс хамаарахгүй, биелүүлэх боломжгүй баримтыг шаардсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-т заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй захиргааны илт хууль бус акт гаргасан” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

9. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны актыг “нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэнээр нийтэд мэдээлэхээс татгалзсан үйлдэл” хэмээн тодорхойлсон боловч хариуцагч захиргааны байгууллагаас амаар болон бичгээр ямар нэг акт гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны актын илрэх хэлбэрийг өөрчилж тайлбарлах нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрэхгүй.
10. Харин хуульд заагаагүй үндэслэлийг нэрлэж, хууль тогтоомжоор хүлээсэн “... нэхэмжлэл гаргахаар материал бүрдүүлсэн иргэний нэрсийн жагсаалт”-д бүртгээгүй, нийтэд мэдээлээгүй эс үйлдэхүй гаргасан байх энэхүү эс үйлдэхүй өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж, мэтгэлцэж байгаагаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй Монгол Улсын дээд Шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын 2003 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 417/192 дугаартай захирамж, тушаал нь “талаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нөхөх олговрыг авахаар гаргасан нэхэмжлэл, түүнийг шийдвэрлэсэн, нөхөх олговрыг олгосон тухай улсын хэмжээний Нэгдсэн бүртгэл, судалгаа гүйцэт хөтлөгдөөгүй, энэ талаар эрх бүхий байгууллагууд харилцан мэдээлэл солилцдоггүй байсан нь хэд хэдэн нэхэмжлэгч, өөр өөр шүүхэд нэхэмжлэл гаргаж нөхөх олговрыг давхардуулан авах нөхцөлийг бүрдүүлж байгаа”-г таслан зогсооход чиглэсэн дотоод зохион байгуулалтын шинжтэй шийдвэр байх ба уг захирамж, тушаалаар нөхөх олговор авах иргэдийн нэрсийн жагсаалт бүрдүүлж, бүртгэлжүүлэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагааны талаар Улсын комисст ямар нэг үүрэг ногдуулаагүй, материалын бүрдүүлбэрт дүн шинжилгээ хийх эрхийг олгоогүй байх тул Засгийн газрын тогтоолоор тогтоосон журмыг хэрэгжүүлэхээс татгалзах эрхийг хариуцагчид олгохгүй юм. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 24.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н*******ээс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Б.Н*******ийн нэрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасны дагуу нөхөх олговрыг нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгээгүй, нийтэд мэдээлээгүй эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоосугай. 
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ц.МӨНХЗУЛ