Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2021/00061

 

Л.Хосбаярын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00076/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 451 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Хосбаярын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч Х.Зоригтбаатарт холбогдох

Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 1.642.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Х.Зоригтбаатарын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Хосбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Хосбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Х.Зоригтбаатараас 1.955.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 3 дугаар байрны 162 тоотод миний бие амьдардаг юм. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 05 цаг 16 минутад манай байрны 165 тоот Х.Зоригтбаатарын гэрээс ус алдаж, манай байр бүхэлдээ усанд автсан. Би 165 тоот айлд ороход угаалтуурын ус дамжуулах хоолой нь задарч ус алдсан байсан. Гэрт нь ороход шалаар нь углаашны ул давсан устай байсан. Манайх 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байрандаа засвар хийсэн байсан боловч эдний байрнаас ус алдаж, манай гэр бүлд хохирол учирсан тул хариуцагчаас гэм хорын хохирол нэхэмжилж байна. Засвар хийхээр авсан материал, ажлын хөлс нийт 1.534.600 төгрөг гэж үнэлгээний тайланд дурдсан байгаа тул хариуцагчаас 1.534.600 төгрөг, мөн үнэлгээний хөлс 107.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Х.Зоригтбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ус алдахад би амьдарч байгаагүй. Ус алдсан хохирлын хэмжээ 1.9 сая төгрөг байх боломжгүй. Бидний авсан гэрэл зураг дээр дээд талын тааз, обойд ус хөлөрч норсон байсан. Үнэлгээ гаргахдаа намайг, тухайн үед байранд амьдарч байсан н.Баярмаа, сантехникч н.Батсүхийг байлцуулж үнэлгээ гаргаагүй. Иймд засвар хийсэн бүх хөлсийг гаргуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ус алдсан, хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна. Яг учирсан гэм хорыг үнэлүүлж байгаад төлнө гэсэн байр суурьтай байна. 350.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анх 1.950.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1.642.100 төгрөгийг нэхэмжилж, 308.400 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Хариуцагчийн байрнаас ус алдаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн байранд гэм хор учруулсан байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд болох хариуцагч хариуцлага хүлээх ёстой. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг мөнгөөр төлнө гэж заасны дагуу Х.Зоригбаатараас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг гаргуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Ашид билгүүн ХХК-ийн тайланд байранд ус алдсан зургийг хавсаргаж, шал таазыг солих нь зүйтэй гэж дүгнэсэн байна. Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн зардал 107.500 төгрөгийн хохирол учирсан тул мөн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 451 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Зоригтбаатараас нийт 1.642.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Хосбаярт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Хосбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.158 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Зоригтбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 28.360 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Хосбаярт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Зоригтбаатар давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа худал тайлбар хэлдэг. Үүдний зүүн булангийн обой хууларсан, хана норсон, гал тогооны булангийн хэсэг норсон зэрэг тайлбар нь үнэлгээ гаргуулахад тухайн норсон хэсгийн зураг биш өвлийн цагт цонхон талаасаа цантаж мөөгөнцөртсөн байсан үеийн зураг хавсаргаж үнэлгээ гаргуулсан байна. Мөн үнэлгээ гаргуулахад манай талаас хүн оролцуулаагүй. Хохирлыг барагдуулахын тулд тухайн үед засвар хийлгээд өгье гэхэд ус чийг нь хатсан харах шаардлагагүй гээд 5 сарын дараа үнэлгээний компаниар орж гэрийнхээ бүх засварыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ: 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Хосбаяр хариуцагч Х.Зоригтбаатарт холбогдуулан орон сууцны дээд давхраас ус алдсаны улмаас учирсан хохиролд 1534600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Гэм хорын хохирол гаргуулсан шүүхийн шийдвэрийг хариуцагч Х.Зоригтбаатар давж заалдах гомдол гаргахдаа хохирлын хэмжээг үндэслэлгүй ихээр тогтоосон гэж маргажээ.

Хэргийн үйл баримт болох 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ус алдсан үйл баримтыг талууд маргаагүй, харин үүнээс хэдий хэмжээний хохирол үүссэн талаар болон уг хохирлын хэмжээг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг маргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн зохигчдын эдлэх эрх болон үүргийг шүүх тайлбарлаж өгсөн бөгөөд талууд энэ эрхээ хэрэгжүүлж байжээ.

Тухайлбал нэхэмжлэгч талын хүсэлтээр хохирлын үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон бөгөөд, томилогдсон шинжээч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцүүлэн дүгнэлт гаргаж ирүүлжээ.

Хөндлөнгийн шинжээчийн уг дүгнэлтийн няцаах баримт хэрэгт авагдаагүй тул дүгнэлтийг гол нотолгоо болгон үнэлсэн гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Нэхэмжлэгч шүүхээс томилсон шинжээчийн ажлын хөлсийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлж хохиролд тооцож нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасан хохиролд тооцож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн дээрх зардал нь нэхэмжлэгчийн хувьд хохиролд тооцогдох хэдий ч маргааны үйл баримтаас шууд үүссэн гэм хорын зохицуулалтаар шаардах хохирол биш юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд тодорхойлсноор шинжээчийн ажлын хөлс нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах юм.

Шүүхийн энэхүү зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэхээр хуульд зохицуулсан тул нэхэмжлэгчээр төлүүлсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж түүнд олгох нь хуульд нийцнэ.

Иймд дээрх өөрчлөлтийг шийдвэрт тусгаж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 451 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтыг

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Зоригтбаатараас нийт 1.642.100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Хосбаярт олгож гэснийг

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Х.Зоригтбаатараас нийт 1.534.600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Хосбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхийн зардалд төлсөн 107.500 төгрөгийг хариуцагч Х.Зоригтбаатараас гаргуулж Л.Хосбаярт олгож гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х.Зоригтбаатарын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.223 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА

                                                                                        ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                       О.НАРАНГЭРЭЛ