Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2021/00062

 

Т.Ууганбаярын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00174/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 574 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Ууганбаярын нэхэмжлэлтэй,

              Хариуцагч Людвиг Пфайффер Хох-Унд Тиефбау ГмбХ & Ко.КГ Монгол улс дахь төлөөний газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, илүү цагаар ажилласан хөлс 3.465.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Ууганбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

2020 оны 10 дугаар сарын 24-ны өдөр тус төлөөний газрын Дархан салбарын удирдлага болох Vladimir Radovanovic, орчуулагч Батболор нар өрөөндөө дуудаж Ажил олгогч талтай хөдөлмөрийн гэрээ болон ажилтны эрхийн талаар ямар нэгэн маргаангүй гэх утга бүхий бичиг баримт дээр гарын үсэг зурахыг шаардсан /Хавсралт/. Тус бичиг дээр гарын үсэг зурахаас татгалзсан. 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халсан тухай Эхнэр Бадамцэцэг бид 2-т /эхнэр Бадамцэцэг барилгын туслахаар 2019.03 сард ажилд орсон/ тус төлөөний газрын Нягтлан, Хүний нөөц Марал-Эрдэнэ мэдэгдсэн. Ажлаас халагдсан тушаалаа авъя гэхэд та 2 одоо явж бай халагдах тушаалыг чинь гаргаж өгнө гэсэн. Түүнээс хойш удаа дараа утсаар ярьж халагдсан тушаалаа авъя ямар үндэслэлээр халсан бэ гэхэд хотоос тушаал ирээгүй байна гэсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нягтлан, хүний нөөц Марал-Эрдэнэ утсаар ярьж халагдах тушаалаа аваарай гэсний дагуу очиход эхнэр Бадамцэцэг мөн Ууганбаяр намайг ажлаас халсан тушаал өгсөн.

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4 /Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 / Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш хоног ажлаа тасалсан, ээлжийн амралт болон чөлөөний хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд/ заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь үндэслэлгүй хууль бус юм. Тунгалаг овогтой Ууганбаяр би Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гарган тэр зөрчил нь тогтоогдож / Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл/ Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан удаа байхгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажил тасалсан гэдэг нь үндэслэлгүй юм. Таныг ажлаас халсан халагдах тушаалыг чинь гаргаж өгнө явж бай гэж хэлчхээд ажил тасалсан гэж тооцож байгаа нь хууль бус үйлдэл юм. Өөр ямар нэгэн шалтгаанаар ажил таслаагүй, ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

2020 оны 10 дугаар сард Т.Ууганбаяр нь ХАБЭА ажилтан Э.Энхболд гэж хүний хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагааг нь дэмжин, зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцож 3 хоног шалтгаангүйгээр ажил тасалсан, 2020 оны 10 сарын 15-нд Т.Ууганбаяр нь 12 хүний хамтаар гаргасан мэдэгдэлд нь гарын үсэг зураад явсан тул удирдлагын зүгээс Т.Ууганбаяртай ганцаарчлан уулзаж юу хүсэж байгааг нь асууж лавлахад санал бодлоо тодорхой хэлэхгүй хүсэлт байхгүй гэж байсан учраас Т.Ууганбаяртай тусгайлан хүсэх хүсэлт болон шийдвэрлүүлэх асуудал байхгүй юм байна гэж ойлгоод тэр талаараа бичиж өгөхийг хүссэн.

Ер нь манай байгууллага ажилтнуудтайгаа аливаа асуудлыг эв эеийн аргаар шийдвэрлэхийг зорьж санаа бодлоо хэлэлцээд харилцан тохиролцох асуудал байвал хамтран шийдвэрлэж хамтын шийдвэр гаргах арга замыг эрэлхийлж санаа бодлыг нь асууж хүлээцтэй хандаж байсан. Гэтэл Т.Ууганбаяр ингэхийг хүсээгүй, ажил хаяж байгаа хүмүүстэй хамтарч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 3 хоног ажлаа тасалж гэрээгээ болон дотоод журмыг зөрсөн. Мөн хамгийн сүүлд 2020 оны 10 дугаар сарын 26-нд барилгын ажилчдыг хариуцсан хэлтсийн даргатай уулзсан. Гэхдээ мөн ойлголцохыг хүсээгүй учраас тэр өдрөө ажлаа хаяж яван бусад ажилчдыг уриалан ажлаа 2020 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд тасалсан. 2020 оны 10 дугаар сарын 28-нд бидний зүгээс учир байдлыг тодруулах үйлдэл хийж түүний утас мессеж явуулж мөн дараа нь утсаар холбогдсон боловч Т.Ууганбаяр ингэхийг хүсээгүй, ажил хаяж байгаа хүмүүстэй хамтарч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 3 хоног ажлаа тасалж гэрээгээ болон дотоод журмыг зөрчсөн. Харин зарим нэг ажилчид буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож амьдрал ахуй, цалин мөнгөө авах нь дээр гэж үзээд 1, 2 хоноод ажилдаа ирж бид учир явдлаа ойлголцож байтал Т.Ууганбаяр ажлын талбайд 2020 оны 10 дугаар сарын 28-нд 2020 оны 9-р сарын цалингаа авахаар ирэхдээ согтуу ирж танхайран ажилчдыг дарамтлан 1 ажилтныг ажилдаа ирлээ гэж зодож бид цагдаагийн байгууллагад хандаж байсан. Тиймээс хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалт, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8-р зүйлийн 8.16.5, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Т.Ууганбаяртай хийсэн хөдөлмөрийн гэрээгээ цуцлах тушаалыг 2020 оны 11-р сарын 02-ны өдөр гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах 4 үндэслэлийг заасан. Энэ нөхцөлийг Т.Ууганбаяр уншиж танилцаад гарын үсэг зурсан байгаа. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны үндсэн цалин хөлсийг ч төлөх боломжгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээгээр Т.Ууганбаярт олгох цалин хөлс нь цагийн 5500 төгрөг байхаар зохицуулагдсан. Мөн Т.Ууганбаяр нь манай компанид ажиллаж байсан хугацаандаа бичгээр болон амаар ямар нэг илүү цаг авах талаар хэзээ ч ярьж, илэрхийлж байгаагүй болно. Үүгээр зогсохгүй гэр бүлийн асуудалтай учир илүү цаг ажиллах маш их сонирхолтойгоо илэрхийлсэн байсан. Мөн Т.Ууганбаяр нь сарын цалингаа банкны дансаар бус гар дээрээ бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасны дагуу бид цалинг олгодог байсан. Мөн тэр ажилласан ажлын цагууддаа тохирсон цалин хөлсийг бүрэн авч байсан билээ. бидний харж байгаагаар Т.Ууганбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан баримтдаа ямар нэг илүү цалин хөлс /3 465 000 төгрөг/ авах нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Тэрээр Т.Ууганбаяр нь Байгууллагын дотоод журмын 8-р зүйлийн 8.16.5-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болох буюу ноцтой зөрчил гаргасанд тооцно гэсэн заалтуудыг мэдсээр байж санаатай ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 574 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Ууганбаярыг урьд эрхэлж байсан Дархан Хотын Бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл ба Насос станц болон 12 сарын зүгшрүүлэлтийн дэмжлэг үзүүлэлт төслийн барилгын туслах ажилтны ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,488,000 төгрөгийг хариуцагч Людвиг Пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол улс дахь төлөөний газраас гаргуулж, нэхэмжлэгч Т.Ууганбаярт олгож, цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч даалгаж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т зааснаар хариуцагч Людвиг Пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол улс дахь төлөөний газраас илүү цаг ажилласны хөлс 1,956,076 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Т.Ууганбаярт олгож, үлдэх 1,508,924 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Ууганбаяр нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 236,255 /166,055+70,200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07-р сарын 09-ний өдрийн 574 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч доорхи давж заалдах гомдлыг гаргаж байна.

Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Т.Ууганбаяр нь тус байгууллагатай 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 12-р сарын 31-ны өдрийг хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээгээр цалин хөлсийг цагаар тооцох буюу 1 цагийн ажлын хөлс 5500 төгрөг байхаар гэрээнд тусгасан байдаг. 04-р сард түүний цалин хөлсийг нэмэгдүүлж 1 цагийн ажлын хөлсийг 6000 төгрөг болгосон байдаг. Тус компани нь ажилчдад хөдөлмөрийн гэрээгээр олгох ёстой цалин хөлсийг нь хөдөлмөрийн хуулинд заасны дагуу тооцон илүү цаг нэмэгдэл хөлсийг тухай бүрд нь олгож ирсэн.

Гэтэл Т.Ууганбаяр нь 2020 оны 10 дугаар сард өөр нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бусдыг аялдан дагаж илүү цагийн хөлс огт авч байгаагүй мэт аашлан /ажиллаж байсан хугацаандаа үндсэн цалингаа авахын зэрэгцээ илүү цаг, нэмэгдэл хөлсөө бүрэн авдаг байснаа тооцож ойлгохгүй/ ХАБЭА - ийн ажилтан Э.Энхболд гэж хүний удирдлагад, түүнтэй хамтарч ажилчдыг уруу татан үймүүлэн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах болсон. 2020 оны 10-р сарын 26-ны өглөө Т.Ууганбаяр нь ажилдаа ирж бүртгүүлчхээд Э.Энхболдын хамтаар компанид хандсан мэдэгдэл гарган 5 хоногийн хугацаанд хариу өгөхийг шаардсан.

Тус байгууллагын удирдлага нь УБ хотод болон өөр улсад байдаг учир шаардлага мэдэгдлийг нь удирдлагадаа уламжилж хариу өгөх шаардлагатай байсан учир энэ тухайгаа ажилчдад хэлж хариу иртэл та нар ажил аа хийж бай удахгүй хариу өгнө гэсэн саналыг тавихад Т.Ууганбаяр нарын хүмүүс хүлээн авахгүйгээр шаардлагын хариу иртэл ажил хийхгүй гээд ажил аа хаяад явсан байдаг Энэ өдрөөс хойш 2 өдөр өнгөрөхөд тэр ажилдаа ирэхгүй байсан учир яагаад ажилдаа ирэхгүй байгааг нь чатаар нь холбогдож монгол ажилтнаар асуулгаж 2 хоног ажил тасалсныг нь хэлүүлэхэд эхнэр нь /хамт ажилладаг байсан/ цалин хөлс нэмэхгүй бол бид ахилдаа очихгүй гэсэн хариуг ирүүлсэн байдаг. Ингээд Т.Ууганбаяр ажилдаа ирэлгүй 5 хоног ажил тасалсан учир хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1,40.1.4 дэх заалт, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8-р зүйлийн 8.16.5, Хөдөлмөрийн гэрээний 5-р зүйлийн 5.1, 5.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн Т.Ууганбаяртай хийсэн хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг 2020 оны 10-р сарын 30-ний өдрөөр дуусгавар болгон гаргуулахаар Улаанбаатар хотын захиралдаа уламжилж , Т.Ууганбаярт энэ тухай мэдэгдэж тухайн өдрөө тойрох хуудсыг нь зуруулж баримт бичгийг нь олгосон. Тушаал хотоос ирдэг гэдгийг тэр мэдэж байсан учраас 2020 оны 10-р сарын 30-ны өдөр гэрээгээ дуусгавар болсон гэдгийг ч ойлгож тойрохоо зурж ажлаа хүлээлгэж өгсөн байдаг юм.

Дээрх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт болох 10-р сарын цагийн бүртгэл, өөрөө 5 хоног ажил аа тасалснаа хүлээн зөвшөөрсөн гарын үсэг бүхий 10-р сард ажилласан цагийн тооцоо, 10-р сард олгосон цалингийн цэс, 2020 оны 10-р сарын 30-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаагаа ойлгон тойрох хуудсаа хүлээн авч ажлаа хүлээлгэн өгөөд гарын үсгээ зурж , нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ хүлээн авсан баримт, цалин хөлс хүлээн авсан өөр ямар нэг тооцоо байхгүй гэсэн өөрийнх нь гарын үсэг бүхий баримт, гэрч Б.Жавхланбаярын Т.Ууганбаяр нь эхнэрийн хамтаар ажилдаа ирэхгүй 10-р сарын 26-ний өдрөөс хойш 2 хоног болсон. Тэднийг яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар /компаниас/ надаар асуулгахад би эхнэр Бадамцэцэг рүү нь чат бичиж ажилдаа ирэх эсэх талаар нь асууж байсан. Цалин нэмэхгүй бол ажилд очихгүй гэсэн агуулгатай хариулт өгч байсан нь одоо утсан дээр байгаа гэсэн мэдүүлэг, гэрчийн утсанд хийлгэсэн үзлэг зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байгаа юм.

Харин нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэлээ нотлох баримтаар хангалттай сайн нотолж чадаагүй бөгөөд одоо ажилладаггүй, тус байгууллагаас өөрсдийн саналын дагуу өргөдлөө өгөөд гарсан 2 хүнийг гэрчээр асуулгасан байдаг. Энэ гэрчүүдийн мэдүүлэг нь адилхан хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан Б.Жавхланбаярын мэдүүлгээс эрс өөр мэдүүлэг байхад шүүх гэрчүүдийн мэдүүлгийг хуульд нийцүүлэн зөв үнэлж чадаагүйгээр ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Харин хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тушаал үндэслэлтэй байсан.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад ... ажилгүй байсан хугацааны цалин хөлс ... гаргуулах гэсэн шаардлага байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нь хальж нэхэмжлээгүй, шаардаагүй цаг хугацааны цалин хөлсөнд 1 956 076 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч тал Т.Ууганбаярын гэрээт хугацаанд ажилласан цагт нь тохирсон цалин, илүү цагийн хөлсийг бүрэн хэмжээгээр олгож байсан бөгөөд үүнийг нотолсон санхүүгийн дэлгэрэнгүй баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Энэ баримтуудаар хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа юм.

Т.Ууганбаяр нь цалингаа банкин дахь дансаараа авах ёстой ч авч байгаагүй, зарим үед цалин буух болоогүй байхад амьдрал ахуйд хэрэг боллоо гэсэн хүсэлт гаргаж урьдчилаад бэлнээр цалингаа авчихдаг үе байдаг байсан. Тухайн үед нь бэлэн мөнгө олгосон баримт үйлдэж гарын үсэг зуруулаад цалинг нь өгдөг байсан. Харин шүүхэд гаргаж өгсөн цалин хөлс дансаар болон бэлнээр олгосон баримтад нэг баримт дутуу өгөгдсөн /санхүүгийн баримт хотоос дутуу ирсэн/ хэдий ч санхүүгийн баримт цалингийн цэс цагийн бүртгэлээр олгосон цалинг тооцон гаргаж болох байсан. Хэрэв ээ ингэж тооцсон бол дутуу өгсөн цалингийн зөрүү гэж гаргахгүй байсан. Дутуу авсан цалингийн зөрүү тооцоо байгаагүй учраас үдэгдэл цалин хөлсний тооцоогүй гэсэн баримт нь хэрэгт байгаа. /нэхэмжлэгч дутуу авсан цалин хөлс гэж нэхэмжлээгүй/

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд хариуцагчаас 15.294.250 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Ковид-19 цар тахал өвчний улмаас улс орон даяар хөл хорио тогтоож /Улаанбаатарт 24 хоног/ Дархан-Уул аймгаас Улаанбаатарт Чингэлтэй дүүргийн шүүхэд хүрэлцэн очих боломжгүй нөхцөл байдал хэд хэдэн удаа гарч байсан . Мөн Дархан Уул аймагт 2020 оны 11-р сар, 12-р сард 0 зогсолт хийж бүх байгууллага аж ахуйн нэгж бүрэн ажиллаагүй, мөн 1 сард хөл хорио тогтож байсан бөгөөд энэ нь хариуцагч байгууллагаас шалтгаалаагүй нийтэд илэрхий мэдэгдсэн нөхцөл байдал бий болсон байхад энэ хугацааны цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд оруулан тооцсон нь хариуцагчийн эрх ашгийг хохироож байна. Энэ талаархи нотлох баримт хэрэгт хэрэгт байгаа болно.

Илүү цагийн болон нэмэгдэл хөлс 3.465.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Т.Ууганбаярт ажиллаж байх хугацаанд олгож байсан илүү цагийн хөлсийг шүүх хурал дээр нотлох баримтад тулгуурлан тооцож 324.000 төгрөг дутуу олгосон байна гэж үзсэн. Энэ нь шүүх хурлын тэмдэглэлээс тодорхой харагдана. Гэтэл шүүх илүү цагийн /дутуу өгсөн/ зөрүү 324.000 төгрөгийг хэрхэн тооцож шийдвэрт тусгасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан ... үлдэх илүү цаг ажлын хөлс 1 956 076 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ... гэж бичсэний яг хэдэн төгрөг нь илүү цагийн дутуу олгосон зөрүү вэ гэдэг нь ойлгомжгүй байна. 

Дашрамд хэлэхэд хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн баримтыг нэхэмжлэгч талаас няцаасан, үгүйсгэсэн нэг ч баримт хэрэгт өгөөгүй гэдгийг дурдах байна. Мөн шүүхийн шийдвэрт Т.Ууганбаярын 2020 оны 10 сарын цагийн бүртгэлийн баримтад нийт ажиллах 27 хоног, ажилласан 24 хоног, тасалсан 5 хоног...10 сард ажилласан өдөр 19 хоног гэсэн бөгөөд ажилласан хоног нь зөрүүтэй, тасалсан 5 хоногийн хугацаа нь тодорхойгүй байна гэжээ. Т.Ууганбаяр нь 10-р сарын цагийн бүртгэлээр 19 хоног ажиллаж 5 хоног тасалсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Харин 24 хоног ажилласан гэдэг нь 24 цагаар 3-4 хоног хонож ажилласан тул 5 хоногийн нэмэгдэл цалин өгч санхүүгийн баримтад ажилласан хоногийг нь 24 хоногоор тооцож олгож байсан байдаг. Цалинг нь нэмэгдүүлж өгснөөрөө буруудахгүй байх. Ажилласан 19 хоног, тасалсан 5 хоног цагийн бүртгэлээс тодорхой харагдаж байхад нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүх ажлаас үндэслэлгүй халагдсан тухай хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн дүгнэж маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Т.Ууганбаяр нь хариуцагч Людвиг Пфайффер Хох-Унд Тиефбау ГмбХ & Ко.КГ Монгол улс дахь төлөөний газарт холбогдуулж ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, илүү цагаар ажилласны хөлс 3.465.000 гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн энэхүү шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргахдаа ... хариуцагч тал гаргасан тушаалынхаа үндэслэлийг нотлохоор шүүхэд гаргасан цагийн бүртгэл, ажилласан цагийн тооцоо, цалингийн зэс зэрэг баримтуудыг үнэлээгүй хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлээгүй шаардаагүй цалин хөлсөнд 1.956.076 төгрөгийг гаргуулсан, илүү цагийн хөлсийг олгож байгаа талаарх хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудыг няцаасан нэг ч баримт нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй байхад илүү цагийг гаргуулж байгаа нь буруу тул нэхэмжлэлийг бүхэд нь хэрэгсэхгүй болгуулах гэжээ.

Давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй байна.

Шүүх хөдөлмөрийн маргааны үндэслэл болсон хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг баримтад тулгуурлан хийжээ.

Харин хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэгч дутуу авсан цалин хөлс нэхэмжлээгүй байхад 324 000 төгрөгийн цалин хөлс дутуу авсан байна гэж дүгнэлт хийгээд гаргуулж шийдвэрлэсэн гэх гомдол нь үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэрийн дүгнэлтийн хэсэгт цалингаас 324 000 дутуу олгогдсон гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч дутуу олгосон цалингийн талаар нэхэмжлэл гаргаагүй харин илүү цагаар ажилласны хөлс гаргуулахыг шаардсан бөгөөд дээрх ойлголт нь хууль зүйн утгаараа зарчмын зөрүүтэй ойлголтууд байгааг анхаараагүй байна.

Иймд дээрх мөнгийг нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнгээс хасаж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 574 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 3 дугаар заалтын

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7,488,000 төгрөгийг хариуцагч Людвиг Пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол улс дахь төлөөний газраас гаргуулж, нэхэмжлэгч Т.Ууганбаярт олгож, цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч даалгаж гэснийг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7.164.000 төгрөгийг хариуцагч Людвиг Пфайффер хох-унд тиефбау гмбх&ко.кг Монгол улс дахь төлөөний газраас гаргуулж, нэхэмжлэгч Т.Ууганбаярт олгож, үлдэх 324.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч даалгаж гэж,

4 дүгээр заалтын

...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 236,255 /166,055+70,200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж гэснийг,

...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 231,071 /160.871+70,200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,071 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 5000 төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргаж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.АМАРСАНАА

                                                                                             ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                                         О.НАРАНГЭРЭЛ