Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/254

 

 

Т.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

хохирогч М.Бын өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Бын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Тд холбогдох 2305 00000 2008 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Т-ын Т, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Орхон аймагт төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” ХХК-д тоног төхөөрөмжийн ажилтан ажилтай, ам бүл ... хамт ... аймгийн ... сумын ... дугаар баг, .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

Т.Т нь 2023 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Говь сауны замын эсрэг талын нийтийн байранд хохирогч М.Бтай “гэртээ харь гэхэд харихгүй байсан” гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохих, хөл хэсэг рүү нь өшиглөх, хавирч унагаах зэргээр биед нь “зүүн гайморын гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн алимын салстад цус харвалт, баруун, зүүн дээд зовхи, дух, дээд уруул, доод уруулын салст, зүүн чихний дэлбэн, баруун шуу, хүзүү, зүүн мөр, хэвлий, нуруунд цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун шуу, тохой, зүүн бугуй, нуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Т-ын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Тыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Тыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар хийхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Тд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.Таас 1.017.081 төгрөг гаргуулж М.Бд олгож, М.Б өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч М.Бын өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчөөр миний бие хэргийг шүүхэд шилжүүлсэний дараа оролцож эхэлсэн. Анхан шатны шүүхээс Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Хэргийн материалтай танилцахад хохирогчийн мэдүүлэгт түүнийг нийтийн байрны гадаа хоёр хүн зодож байсан гэдэг тууштай мэдүүлгийг өгсөн байдаг. Гэтэл тус хэрэгт зөвхөн Т.Тыг яллагдагчаар татсан. Т.Ттай хамт М.М очсон үйл баримт нотлогддог бөгөөд тэд нар бүлэглэн хохирогчийг зодож түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэдэг нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байхад нийтийн байранд байсан, зодуулж байхыг нь хараагүй гэрч нарын мэдүүлгийг үндэслэн ганцхан Т.Тыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч М.Бын хувьд сэтгэл санааны багагүй хохирол амссан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тодорхойлуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс ийнхүү шийдвэрлэсэн нь хохирогчийн хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд оролцохдоо дээрх нөхцөл байдлуудыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, зүйлчлэлийг хүндрүүлж оруулж ирэхийг шүүхийн дүгнэлтийн шатанд гаргасан боловч хүлээн авалгүйгээр шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж үзэж байна.

Тиймээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/05 тоот шийтгэх тогтоолийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудад тулгуурлаж Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч М.Б нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул тухайн үед болсон үйл явдлыг сайн мэддэггүй. Мэдүүлгийн эх сурвалжаа хангалттай зааж чаддаггүй. Хэдийгээр хохирогч М.Б нь анхан шатны шүүх хуралдаанд “би 2 хүнд зодуулсан” гэж мэдүүлсэн боловч гэрч Б.Бурмаа “зөвхөн Т.Ттай зодолдож байсан” гэж мэдүүлсэн. Мөн хохирогч П.О “М.Б, Т.Т нар хоорондоо зодолдож байсан. Харин Мөнх-Очир салгасан” гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, хохирогчийн мэдүүлэг нь гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр үгүйсгэгддэг. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй. Харин гэм буруугийн асуудал шийдвэрлэгдсэний дараа хохирогчийн өмгөөлөгчөөс 60 хоногийн хугацаагаар завсарлага авч, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг төлүүлэх хүсэлтийг гаргасан. Шүүхээс “мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогчийн зүгээс энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Мөн хохирогчийн сэтгэцэд ямар нэгэн гэмтэл, хор уршиг учирсан нөхцөл байдал харагдахгүй байгаа тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах шаардлагагүй” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Бын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Т.Т нь 2023 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Говь сауны замын эсрэг талын нийтийн байранд хохирогч М.Бтай “гэртээ харь гэхэд харихгүй байсан” гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохих, хөл хэсэг рүү нь өшиглөх, хавирч унагаах зэргээр биед нь “зүүн гайморын гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн алимын салстад цус харвалт, баруун, зүүн дээд зовхи, дух, дээд уруул, доод уруулын салст, зүүн чихний дэлбэн, баруун шуу, хүзүү, зүүн мөр, хэвлий, нуруунд цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун шуу, тохой, зүүн бугуй, нуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Бын “...Отгоогийн гэрийг би яг хаана гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэрт нь ороод Отгоотой хоёулахнаа нэг ширхэг том савлагаатай шар айраг хувааж уусан. Уугаад байж байтал Отгоогийн хүргэн дүү нь болон түүний найз гээд залуу ирсэн. Тухайн залуу бас том савалгаатай шар айргаас хоёр савыг барьж орж ирснийг нь бид нар хувааж уусан. Түүнээс хойш би юу болсныг санахгүй тасарчихсан байна. ...Шөнө 02 цагийн үед нэг ухаан ороод архи гайгүй гарсан чинь Отгоогийн байрны гадаа намайг хоёр залуу хоёр талаас өшиглөж байсан. Би утсаа гаргаж ирээд цагдаа руу дуудлага өгсөн чинь тэр хоёр залуу зугтаачихсан. Ийм л зүйл болсон. Отгоогийн гэрт би болон Отгоо, намайг зодсон хоёр залуу бид дөрөв байсан. Өөр хэн нэгэн байгаагүй. ...Энэ хоёр залуугийн яг хэн нь миний биеийн аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисныг би хэлж мэдэхгүй, санахгүй байна. ...” /хх 10-12/,

гэрч П.О-ийн “...Тыг ирэхээс өмнө Б бид хоёр дахиад дэлгүүр орж 2.5 литрийн шар айраг хоёрыг аваад гэртээ орсон. Тэрийг дөрвүүлээ хувааж уугаад сууж байгаад Б, Т хоёр зодолдсон. Тэгээд тэр хоёр зодолдож байгаад гараад явсан байсан. Удалгүй Т орж ирээд “эгчээ та өнөөдөр энд ганцаараа хонож болохгүй, тэр залуу дахиж орж ирээд янз бүр болчихвол яахын, манайд хоноорой” гэхээр нь би төмөр замд байдаг Тынд хоносон. Цаг оройтсон байсан болохоор тэр гуравт “та нар одоо яваа, би амармаар байна” гэхэд Б гарахгүй байсан. Тэгээд Бд манай дүү Т “ахаа та одоо гараарай, эгч амарна гээд байна, гурвуулаа гараад такси бариад явчихъя” гэтэл Б “би явахгүй, энд хононо бацаан минь, чи юу гээд байгаа юм бэ” гээд зодолдоод эхэлсэн. Би салгах гээд дундуур нь ороод салгаж чадаагүй. Гэрт бол Ттай хамт ирсэн залуу Быг зодсон зүйл байхгүй. ...” /хх 14/,

гэрч М.М-ын “...Тэгээд тэр эгч “би ч гэсэн амармаар байна, та гурав одоо хариад амар” гэсэн. Тэгсэн чинь Төгсөө ахыг үгээр идээд байсан ах “хоёулаа хамт хоноё, угаасаа бие биеэ таних юм чинь” гэсэн. Тэгээд Төгсөө ах “эмэгтэй хүнийг ганцааранг нь үлдээсэн нь дээр, таныг хоёр дүү нь таксинд суулгаж өгье” гэсэн. Тэгсэн чинь тэр ах “би согтуу байна шүү дээ, амармаар байна” гээд байсан. Тэгэхээр нь Төгсөө ах “тийм юм байхгүй ээ, гурвуулаа явъя, таныг таксинд суулгаж өгье” гэж дахин хэлсэн. Тэгсэн гэнэт Төгсөө ах нөгөө ахтай цохилцоод босоод ирсэн. Тэгээд зууралдахаар нь би дундуур нь орж салгах гэж оролдсон боловч салаагүй. ...Би Төгсөө ахыг тэврээд холдуулсан чинь нөгөө ах ирээд Төгсөө ахыг нүүр лүү нь цохисон. Тэгэхээр нь Төгсөө ах өөдөөс нь дайраад нэг хоёр цохисон. Тэгээд удалгүй хашхирах чимээнээр нийтийн байрны эзэн гэх нэг эгч гаднаас түлхүүрдээд орж ирээд “юу болоод байгаа юм бэ, та нар эндээс гарцгаа” гэсэн. Тэгээд бид гурав тэндээс гадаа гараад нөгөө Төгсөө ах руу найз охиныг нь муулаад “танай найз охин угаасаа янхан шүү дээ, ийм байсан шүү дээ” гэж хэлээд дайраад байсан. Тэгээд Төгсөө ах тэр ах руу нэг цохих гээд далайсан чинь нөгөө ах газраас чулуу авч өөдөөс нь дайрсан. Төгсөө ах тэр ахыг нэг цохисон. Нөгөө ах хойшоо болохдоо чулуугаа Төгсөө ах руу шидсэн. Тэгээд нөгөө ахыг Төгсөө ах хойноос нь тууж байгаа аятай өшиглөөд явуулж байсан. Бид хоёр тэр ахыг явуулчхаад буцаад нөгөө эгчийнх рүү орсон. Тэгээд Төгсөө ах тэр эгчийг “хурдал хурдал” гээд дагуулаад гэр лүүгээ авч явсан. ...” /хх 19-21/,

гэрч Б.Б-ийн “...шөнийн 02 цагийн хавьцаа хүн хашхирах чимээ гараад би шууд босоод чимээ гарч байгаа айл руу очсон. Очоод хаалгыг нь тогшсон боловч онгойлгоогүй. Дотор нь хүмүүс түжигнэлдээд байсан. Тэгээд өрөөг нь хаалга онгойлго гэж шаардсаар байгаад онгойлгуулаад дотогш ороход түрээслэгч гэх О гурван залуугийн хамт байсан. ...Тэгээд намайг Отай ярилцаж байхад тэдний гэрт нь байсан залуугийн хоёр нь зууралдаад хоорондоо ноцолдоод байсан. Би Од “энэ хүмүүсээ яг одоо явуул, би цагдаа дуудлаа” гэж хэлсэн. Энэ үед тэр хоёр залуу хоорондоо цохилцоод байсан. Нэг залуу нь явахгүй, гарах дургүй байгаа бололтой байсан. Нэг залуу нь явж өгөхгүй архи уусандаа юм уу, яасан юм бүү мэд гарах жаахан дургүй байх шиг байсан. Тэгээд би “цагдаа дуудлаа, та нар одоо явцгаа” гэсэн чинь намайг анх тэдний гэрт ороход зууралдаж байсан хоёр залуу зууралдаад шатаар буугаад гарсан. ...Одоо явъя гээд зууралдаад заамдалцаад байсан нөгөө залуу нь хойшоогоо гэдийгээд унаад байсан. Тэгсэн явъя гэж чирээд татаад байсан залуу дээрээс нь нүүр лүү нь цохиж байгаа харагдсан. ...” /хх 23-25/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12687 дугаартай “М.Бын биед зүүн гайморын гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн алимын салстад цус харвалт, баруун, зүүн дээд, доод зовхи, дух, дээд уруул, доод уруулын салст, зүүн чихний дэлбэн, баруун шуу, хүзүү, зүүн мөр, хэвлий, нуруунд цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун шуу, тохой, зүүн бугуй, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюулгүй гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 27-28/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Т.Тыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Тын хохирогч М.Бтай “гэртээ харь гэхэд харихгүй байсан” гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохих, хөл хэсэг рүү нь өшиглөх, хавирч унагаах зэргээр биед нь “зүүн гайморын гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн алимын салстад цус харвалт, баруун, зүүн дээд зовхи, дух, дээд уруул, доод уруулын салст, зүүн чихний дэлбэн, баруун шуу, хүзүү, зүүн мөр, хэвлий, нуруунд цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун шуу, тохой, зүүн бугуй, нуруунд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Тын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Хохирогч М.Бын өмгөөлөгч Ж.Баяржавхлан “...хохирогчийн мэдүүлэгт түүнийг нийтийн байрны гадаа хоёр хүн зодож байсан гэдэг тууштай мэдүүлгийг өгсөн байдаг. Гэтэл тус хэрэгт зөвхөн Т.Тыг яллагдагчаар татсан. Т.Ттай хамт М.Мөнх-Очир очсон үйл баримт нотлогддог бөгөөд тэд нар бүлэглэн хохирогчийг зодож түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэдэг нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байхад нийтийн байранд байсан, зодуулж байхыг нь хараагүй гэрч нарын мэдүүлгийг үндэслэн ганцхан Т.Тыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...хохирогч М.Бын хувьд сэтгэл санааны багагүй хохирол амссан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тодорхойлуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. ...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б “...намайг ухаан ороход 2 хүн зодож байсан. Шатнаас унаад босоод ирэхэд 2 хүн өшиглөж байсан. Шатнаас 2 хүн түлхэж унагааж байсан. ...” гэж мэдүүлжээ.

Гэтэл тухайн хэрэг учрал болох үед орж ирсэн нийтийн байрны эзэн гэрч Б.Бурмаа “...Тэгээд намайг Отай ярилцаж байхад тэдний гэрт нь байсан залуугийн хоёр нь зууралдаад хоорондоо ноцолдоод байсан. Би Од “энэ хүмүүсээ яг одоо явуул, би цагдаа дуудлаа” гэж хэлсэн. Энэ үед тэр хоёр залуу хоорондоо цохилцоод байсан. Нэг залуу нь явахгүй, гарах дургүй байгаа бололтой байсан. Нэг залуу нь явж өгөхгүй архи уусандаа юм уу, яасан юм бүү мэд гарах жаахан дургүй байх шиг байсан. Тэгээд би “цагдаа дуудлаа, та нар одоо явцгаа” гэсэн чинь намайг анх тэдний гэрт ороход зууралдаж байсан хоёр залуу зууралдаад шатаар буугаад гарсан. ...Одоо явъя гээд зууралдаад заамдалцаад байсан нөгөө залуу нь хойшоогоо гэдийгээд унаад байсан. Тэгсэн явъя гэж чирээд татаад байсан залуу дээрээс нь нүүр лүү нь цохиж байгаа харагдсан. ...” /хх 23-25/ гэж хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэсэн мэдүүлэг өгдөг бөгөөд хавтаст хэрэгт хохирогч М.Бын мэдүүлгээс өөр бүлэглэсэн гэх үйлдлийг нотлосон баримт алга байна.

Түүнчлэн тухайн үед хамт байсан гэрч П.О, М.Мөнх-Очир нар ч энэ талаар тодорхой, тогтвортой мэдүүлэг өгчээ.

Мөн анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тодорхойлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хэдий ч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээргүй байна.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Бын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Бын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

 

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ