Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 305/ШШ2025/00341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *** овогтой ***-ын ***-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний удирдах газрын үсчин гэрэл, зургийн тасагт үйлчлэгчээр 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан. Тэтгэврээ тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын байцаагч тус газарт ажилласан байдал хөдөлмөрийн дэвтэрт чинь тамга дарж бичигдсэн боловч ажлаас чөлөөлсөн 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тушаалынхаа дугаарыг гүйцэт бичээгүй зөрчилтэй байх тул шүүхэд ханд гэлээ. Үсчний газар ажилласан 9 сарын хугацаанд аймгийн архивд ажилд томилсон тушаал, 1990 оны 01 сарын 25-ны өдөр надад тус газраас 300 төгрөгийн тэтгэмж олгосон даргын тушаал хадгалагдаж байгааг хавсаргав. Хамт ажиллаж байсан үсчид одоо ч хэвээрээ үсээ засаад аймагт ажиллаж байгаа ахмадууд гэвэл уг газрыг хувьчилж аваад одооч ажиллуулдаг, салбарын эрхлэгч ***, үсчин ***, *** нар “***” ХХК дээр үс засаад ажиллаж байна. Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хорооны дэргэдэх барилгын үйлдвэрлэлийн "Алдар" хоршооллын нягтлан бодогчоор 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ны өдрийг дуустал нягтлан бодогчоор ажиллаж байсан. Нийгмийн даатгалын байцаагчаас уг 1993 оны 10 дугаар сарын 01-ны ажлаас чөлөөлсөн тушаалын тамга бүдэг дарагдсан тул шүүхээр тогтоолго гэж хэлсэн. Уг Алдар хоршооллын намайг ажилд томилсон 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тушаал, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 1991, 1992 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, "Алдар" хоршооллын зардлаар нягтлан бодогчийн 90 хоногийн курс төгссөн дипломыг хавсаргав. Монгол Банкны *** эдийн засагч "Алдар" хоршооллыг хариуцан төлбөр тооцоог хянадаг байсан одоо аймагт амьдарч байна. Хүсэлтийг үндэслэн дээр дурдсан ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:

-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 328 дугаартай “Ажилд авах тухай” тушаалын архивын хуулбар,

-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаалын архивын хуулбар,

-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 178 дугаартай тушаалын архивын хуулбар,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 277 дугаартай тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай тодорхойлолт,

-Гэрэл зураг,

-Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хорооны дэргэдэх барилгын үйлдвэрлэлийн “Алдар” хоршооллын даргын 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай тушаалын эх хувь,

-***-ийн ХАА-н нягтлан бодогчийн үнэмлэх,

-***-ийн 250801 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газраас ***-ын ***-т олгосон 253863 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ийн хүсэлтийн зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын үсчин гэрэл, зургийн тасагт үйлчлэгчээр, 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хорооны дэргэдэх барилгын үйлдвэрлэлийн “Алдар” хоршоололд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч *** нь шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж, түүнийг шүүхээр тогтоолгох  нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой байх бөгөөд ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажлаас чөлөөлсөн шийдвэр байхгүйн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн байна.

2.1 Хүсэлт гаргагч ***-ын *** нь 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын үсчин гэрэл, зургийн тасагт үйлчлэгчээр, 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хорооны дэрэгэдэх барилгын үйлдвэрлэлийн “Алдар” хоршоололд нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь:

-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 328 дугаартай ***-ийг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үсчин гэрэл зургийн тасгийн сахиул, үйлчлэгчээр түр ажиллуулсан “Ажилд авах тухай” тушаалын архивын хуулбар,

-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19 дугаартай 10 жилийн дунд сургууль төгсөж, манайд хуваарилагдан ирээд үйлчлэгчээр ажиллаж байгаа ***-т буцалтгүй тэтгэмж 300 төгрөг олгосон “Тэтгэмж олгох тухай” тушаалын архивын хуулбар,

-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 178 дугаартай тушаалын архивын хуулбар,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 277 дугаартай тус аймгийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дэргэдэх барилгын  үйлдвэрлэлийн Алдар хоршооны баримт шилжиж ирээгүй тул ***-ын ***-т холбогдох лавлагааг олгох боломжгүй байна гэх тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай ДЭ70033006 регистрийн дугаартай ***-ын ***-ийн ажиллаж байсан Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн дэргэдэх үйлдвэр үйлчилгээний “Алдар хоршоо” нь 1991 онд НДШ бүтэн төлсөн, 1992 онд 1, 4 улиралд НДШ төлсөн болно гэх тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хорооны дэргэдэх барилгын үйлдвэрлэлийн “Алдар” хоршооллын даргын 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай өөрийн хөрөнгөөр суралцаж ня-бо-гийн курс төгсөж ирсэн ***-гийг ня-бо-гоор тус тус авч ажиллуулсан тушаалын эх хувь,

-БНМАУ, Хөдөө аж ахуйн яамны бригад фермийн дарга нарыг бэлтгэх давтан сургах курсээс 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Шаравын Мөнхцэцэгт олгосон ХАА-н нягтлан бодогчийн 36/90 дугаартай үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газраас ***-ын ***-т олгосон 253863 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 328 дугаар тушаалаар 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний үсчин, гэрэл зургийн тасагт үйлчлэгчээр авч ажиллуулсан, Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тушаалаар мөн өдрөөс үсчин гэрэл зургийн тасгийн үйлчлэгчээс өөр газар ажиллах болсон тул чөлөөлж, аймгийн Алдар хоршооны мэдэлд шилжүүлсэн, 6-7 дугаар хуудсанд ГАА-ийн ХЗЭ-ийн хорооны дэргэдэх барилгын үйлдвэрлэлийн “алдар” хоршоололын даргын 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар тушаалаар мөн өдрөөс нягтлан бодогчоор авч ажиллуулсан, ГАА-ийн ХЗЭ-ийн хорооны дэргэдэх барилгын үйлдвэрлэлийн “Алдар” хоршоололын даргын 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот тушаалаар нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн бичилтүүд хийгдэж, тамга дарж баталгаажуулсан байгаагаар болон ***-ийн 250801 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрэл зураг зэргээр тус тус тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч *** нь 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн дэргэдэх барилгын үйлдвэрлэлийн “Алдар” хоршоололд нягтлан бодогчоор ажиллаж байсан гэж тайлбарлаж хүсэлтээ гаргасан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд ***-т олгосон 250801 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн иргэн даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцсон тухай тэмдэглэлд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нөхөн тооцсон бичилт хийгдсэн байх тул уг хугацааг шүүх давхардуулан тогтоох үндэслэлгүй байх тул 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Иймд *** овогтой ***-ын ***-ийг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын үсчин гэрэл, зургийн тасагт үйлчлэгчээр, 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хорооны дэрэгэдэх барилгын үйлдвэрлэлийн “Алдар” хоршоололд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *** овогтой ***-ын ***-ийг 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын үсчин гэрэл, зургийн тасагт үйлчлэгчээр, 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хорооны дэрэгэдэх барилгын үйлдвэрлэлийн “Алдар” хоршоололд нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОДБАЯР