| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0021/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Батбаяр,
шинжээч Т.Арсланбаатар,
шүүгдэгч Б.Хишигдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Тольтон овогт Болдбаатарын Хишигдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707003010071 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 40 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг ердийн журамд шилжүүлэн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Даяар хас” ХХК-д сэтгүүлч ажилтай, ам бүл 3, эх, охины хамтаар Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 200 дугаар байр, 21 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УУ91123142 дугаартай, Тольтон овогт Болдбаатарын Хишигдэлгэр.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Хишигдэлгэр нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцийн хажуугийн олон улсын А0101 авто зам дээр өөрийн эзэмшлийн 24-89 УБЧ улсын дугаартай “Субару Импреза” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Г.Баянмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Гантөгсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Баярбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Хишигдэлгэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Хишигдэлгэр нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед Налайх дүүргийн 7 дугаар хороо “МТ” шатахуун түгээх станцын баруун урд талд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй өөрийн эзэмшлийн “Субару Импреза” маркийн 24-89 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1а “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” мөн хавсралтийн 25 дугаар заалтын 7.2 “тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Г.Баянмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Гантөгсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Баярбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хишигдэлгэрийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хотоос гараад Багахангай дүүрэгт найзындаа очсон. Багахангайгаас хот руу буцаад явж байхад 3 хүн замаас дайгдаад суусан. Би ч бензины мөнгөнд нэмэр гэж бодоод суулгасан. Хот руу явах замд Налайхын бөмбөрцөгийн уулзвар дөхөж байхад машин гүйцэд түрүүлэх гэсэн боловч гүйцэд түрүүлж чадаагүй замын хажуу тал руу өнхөрсөн. Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй хүн. Эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг. Одоо үед хүний мөс муудсан цаг. Тиймээс миний шүүх намайг хамгаална гэж бодоод өөрөө цагдаа дуудсан. Найз нөхдөөсөө мөнгө зээлж байгаад гэмтсэн хүүхдүүдийг бүгдийг томографикт харуулсан. Мөн эмнэлэгт үзүүлэх, цагдаад ирж байцаалт өгөхөд нь хүртэл унааны мөнгө цаг тухайд нь өгөөд явж байсан. Эхлээд гэмтлийн эмнэлэгт үзүүлж, томографикт харуулсан. Дараа нь “Гялс” эмнэлэгт дотор эход харуулсан. Шаардлагатай эм тариаг нь авч өгсөн. Дараа нь нөгөө хүүхдүүдтэйгээ холбогдож биеийн байдлыг нь асуухад бүгд зүгээр болсон гэж хэлсэн. Хавирга нь хугарсан Баянмөнхтэй ярихад “би зүгээр болоод заал аваад явж байна, гомдол санал байхгүй” гэж хэлсэн. Өөрийн гэм буруугаа бүрэн ойлгож байна. Би ээж, охинтойгоо хамт амьдардаг. Ээж маань группэд байдаг учраас би гэрийнхээ бүх санхүүг хариуцдаг. Санхүү талыг минь харгалзан үзээд зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...Баярбилэг хамгийн хөнгөн бэртсэн. Хуруу нь шалбарсан. Үзүүлэхэд бүх эрхтэн эрүүл гэж гарсан. Томографик, эход харуулах зэрэг эмчилгээний зардалд нь 700,000 гаран төгрөг төлсөн, Баянмөнхийг толгойны томографикт харуулсан, эход харуулсан, шаардлагатай эм тариаг нь авч өгөөд нийт 600,000 гаран төгрөг төлсөн. Гантөгсийг толгойн томографикт харуулсан, гэмтэлд үзүүлж, 10 дугаар төв дээр хөлийг нь үзүүлж, “Гялс” эмнэлэгт дотор эход харуулж, эмчилгээний зардалд 280,000 төгрөг төлсөн. Дараа нь цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгөхөд нь унааны мөнгө өгсөн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Баянмөнхийн өгсөн: “...Би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Хойд талын суудалд Гантөгс, Баярбилэг нар сууж явсан. Тэгээд Налайх дүүргийн бөмбөрцөгтэй уулзвар орох гээд уруу газар явж байхад жолооч нэг машин гүйцэж түрүүлсэн. Тэгтэл өөдөөс нь машин гараад ирэнгүүт гүйцэж түрүүлсэн машиныхаа урд гарч өөрийн эгнээндээ оронгуут машин нь хоёр тийшээ дайвалзаж байгаад замынхаа зүүн тал руу гарч машин онхолдсон.
...осол гаргасан жолоочоос эмчилгээний төлбөрт 349,200 төгрөг, бэлнээр 300,000 төгрөг өгсөн. Ингээд нийтдээ миний эмчилгээний төлбөрт нийт 649,200 төгрөг төлсөн. Одоо ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14-15 дугаар тал/
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Гантөгсийн өгсөн: “...Тэгээд Налайх дүүргийн хажуугаар явсан орон нутгийн засмар зам дээр явж байхад жолооч урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урд нь гарч өөрийнхөө эгнээнд оронгуутаа жолоогоо зүүн тийшээ дарсан дахиад баруун тийшээ дарангуут машин дайвалзаад ирнэгүүд зүүн тийш жолоогоо дараад тэр чигтээ замынхаа зүүн тал руу орж онхолдсон. Үүнээс болж миний биед гэмтэл учирсан. ...Баримт бол байхгүй. Ойролцоогоор 160,000 төгрөгийн зардал гарсан. Өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17-18 дугаар тал/
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч О.Баярбилэгийн өгсөн: “...Миний баруун талд манай найз Гантөгс, жолоочийн зүүн талын суудал дээр Баянмөнх нар сууж явсан. Тэгээд Налайх дүүргийн бөмбөрцөгтэй уулзвар орохын наахан талд машин замынхаа зүүн тал руу онхолдсон.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №13436 дугаар дүгнэлт,
/хх-ийн 30 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №13434 дүгээр дүгнэлт,
/хх-ийн 32 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №13435 дугаар дүгнэлт,
/хх-ийн 34 дүгээр тал/
Замын цагдаагийн албаны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 137 дугаар:
“1. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.Арсланбаатарын 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №21 дүгээр шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
2. Subaru-impreza маркийн 24-89 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Хишигдэлгэр нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралт замын тэмдэг, тэмдэглэл 7. Хэвтээ тэмдэглэл
25. 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно. /хэргийн газрын үзлэгийн фото зураг дээр 7.1 тэмдэглэлтэй/ Мөн дүрмийн 10. Гүйцэж түрүүлэх 10.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:
а/ “уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 142-143 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 58 дугаар тал/
Баянгол дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт,
/хх-ийн 59 дүгээр тал/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Хишигдэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Хишигдэлгэрт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Хишигдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй ба хохирогч Г.Баянмөнхийн, Б.Гантөгсийн, О.Баярбилэгийн нар нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэнийг, хэрэгт хавсарган ирүүлсэн №1001987 дугаартай жолооны үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тольтон овогт Болдбаатарын Хишигдэлгэрт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хишигдэлгэрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Хишигдэлгэрт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Хишигдэлгэрт мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Хишигдэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт хавсарган ирүүлсэн №1001987 дугаартай жолооны үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Хишигдэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ