| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2109 00168 1262 |
| Дугаар | 2024/ДШМ/308 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ДШМ/308
Б.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Чимэдцэеэ,
хохирогч “ТЛС” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Э,
нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1188 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “ТЛС” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Эын гаргасан давж заалдах гомдлоор Б.Гт холбогдох 2109 00168 1262 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ийн Г, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 7.160.400 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ял биелэгдсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ял биелэгдсэн;
Б.Г нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТЛС” ХХК-д менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “...” ХХК-ийн хуурамч нэхэмжлэх, захиалгын хуудас ашиглаж 7250 ам.доллар, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “...” ХХК-ийн хуурамч нэхэмжлэх ашиглаж 15.200 ам.долларыг тус тус Турк улсын “...” банкны ... гэх хүний 7200 1000 160287 дугаарын данс руу шилжүүлсэн, мөн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “...” ХХК-ийн нэхэмжлэхийг хуурамчаар үйлдэн, тус компанийн Голомт банкны 1415139723 дугаарын данс руу 14.742.000 төгрөгийг шилжүүлэн авч, бодит байдлыг нуун, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, “ТЛС” ХХК-д нийт 78.769.400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ийн Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс нийт 33.769.400 төгрөгийг гаргуулж, хохирогч “ТЛС” ХХК-д олгож, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч “ТЛС” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г нь “Таймен Ложистик Сервес” ХХК-д ажиллаж байхдаа 78.769.400 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар улсын яллагч 2 жилийн хорих ял оногдуулахаар санал гаргасныг тус шүүхээс 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хохирогчийн зүгээс ял хөнгөдсөн гэж үзэж хорих ялаар солих хүсэлтийг гаргаж байна.
Шүүгдэгч Б.Г өмнө нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 231 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 7.160.000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 252 дугаар шийтгэх тогтоолоор 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан бөгөөд амьдралынхаа эх үүсвэрийг болгож, бусдыг залилж эд хөрөнгийн хохирол учруулж, давтан гэмт хэрэг үйлдэж байгааг нь харгалзан үзнэ үү. Иймд шүүгдэгч Б.Гт оногдуулсан торгох ялыг дахин хянаж, хорих ял оногдуулж өгнө үү.” гэв.
Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор н.Сарантуяа анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Миний бие шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид торгуулийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод нийцсэн байна. Хэрэв шүүгдэгчид хорих ял оногдуулбал үлдсэн хохирол төлбөрийг төлөх нөхцөл бүрдэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Гыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТЛС” ХХК-д менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Индекс Глобал Карго” ХХК-ийн хуурамч нэхэмжлэх, захиалгын хуудас ашиглаж 7250 ам.доллар, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Юнайтед Анжел” ХХК-ийн хуурамч нэхэмжлэх ашиглаж 15.200 ам.долларыг тус тус Турк улсын “АК Ваnk” банкны Halil Ibrahim akar гэх хүний 7200 1000 160287 дугаарын данс руу шилжүүлсэн, мөн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “Ашид Профит трейд” ХХК-ийн нэхэмжлэхийг хуурамчаар үйлдэн, тус компанийн Голомт банкны 1415139723 дугаарын данс руу 14.742.000 төгрөгийг шилжүүлэн авч, бодит байдлыг нуун, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, “ТЛС” ХХК-д нийт 78.769.400 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Гыг “үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс нийт 33.769.400 төгрөгийг гаргуулж, хохирогч “ТЛС” ХХК-д олгож” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч нь өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн буюу хуурамч бичиг баримт ашигласан гэх гэмт хэргийн шинж хангагдаж байна. ...” гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсаны дагуу хэргийг шийдвэрлэсэн гэсэн нь ойлгомжгүй болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцдэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал...” зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэж дүгнэн торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, шүүгдэгч Б.Г нь “ТЛС” ХХК-д менежерээр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Индекс Глобал Карго” ХХК-ийн хуурамч нэхэмжлэх, захиалгын хуудас ашиглаж 7250 ам.доллар, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Юнайтед Анжел” ХХК-ийн хуурамч нэхэмжлэх ашиглаж 15.200 ам.долларыг тус тус Турк улсын “АК Ваnk” банкны Halil Ibrahim akar гэх хүний 7200 1000 160287 дугаарын данс руу шилжүүлсэн, мөн 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “Ашид Профит трейд” ХХК-ийн нэхэмжлэхийг хуурамчаар үйлдэн, тус компанийн Голомт банкны 1415139723 дугаарын данс руу 14.742.000 төгрөгийг шилжүүлэн авч “ТЛС” ХХК-д нийт 78.769.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, /хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй/ хор уршгийг харгалзахгүйгээр 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан “Шударга ёсны зарчим”-д нийцээгүй байх тул энэ талаарх хохирогчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.
Иймд хохирогч “ТЛС” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Эын гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Гын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1188 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ