Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 305/ШШ2025/00279

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: П ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Ц.Д-д холбогдох

үндсэн зээл 3,933,000 төгрөг, үндсэн хүү 1,646,940.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,019.48 төгрөг, шимтгэл 44,588 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,773,048.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Д нь манай компанитай 2024 оны 04 сарын 08-ны өдөр өдөр ****** дугаартай “Цахим зээлийн эрх нээх гэрээ” байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ***** зээлийн дансны дугаартай, 543,000.00 /таван зуун дөчин гурван мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ****** банкны тоот дансанд; 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ***** зээлийн дансны дугаартай, 3,390,000.00 /гурван сая гурван зуун ерөн мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ***** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 4 сарын 17-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2024 оны 5 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь :Үндсэн зээл: 543,000.00 /таван зуун дөчин гурван мянган төгрөг/, Шимтгэл: 10,688.00 /арван мянга зургаан зуун наян найман төгрөг/, Үндсэн хүү: 274,743.13 /хоёр зуун далан дөрвөн мянга долоон зуун дөчин гурван төгрөг арван гурван мөнгө /, Нэмэгдүүлсэн хүү: 50,128.57 /тавин мянга нэг зуун хорин найман төгрөг тавин долоон мөнгө /, Нийт: 878,559.70 /найман зуун далан найман мянга таван зуун тавин есөн төгрөг далан мөнгө /, 2. 2024 оны 5 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 3,390,000.00 /гурван сая гурван зуун ерөн мянган төгрөг/, Шимтгэл: 33,900.00 /гучин гурван мянга есөн зуун төгрөг/, Үндсэн хүү: 1,372,197.70 /нэг сая гурван зуун далан хоёр мянга нэг зуун ерөн долоон төгрөг далан мөнгө /, Нэмэгдүүлсэн хүү: 90,890.91 /ерөн мянга найман зуун ерөн төгрөг ерөн нэгэн мөнгө /, Нийт: 4,886,988.61 /дөрвөн сая найман зуун наян зургаан мянга есөн зуун наян найман төгрөг жаран нэгэн мөнгө /. Иймд зээлдэгч Ц.Д-с үндсэн зээлийн төлбөрт 3,933,000.00 /гурван сая есөн зуун гучин гурван мянган төгрөг/төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,646,940.83 /нэг сая зургаан зуун дөчин зургаан мянга есөн зуун дөчин төгрөг наян гурван мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,019.48 /нэг зуун дөчин нэгэн мянга арван есөн төгрөг дөчин найман мөнгө / төгрөг, шимтгэл 44,588.00 /дөчин дөрвөн мянга таван зуун наян найман төгрөг/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 5,773,048.31 /таван сая долоон зуун далан гурван мянга дөчин найман төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ц.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Д би 2024 оны 05 сарын 10 өдөр П ХХК-иас 543,000 төгрөг, 3,390,000 төгрөгийн зээлийг авсан. Хүү болон алданги нийлээд 5,773,048.31 төгрөгийг 2025 оны 08 сарын 01 гэхэд бүрэн төлж дуусгана. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П ХХК нь Ц.Д-д холбогдуулан үндсэн зээл 3,933,000 төгрөг, үндсэн хүү 1,646,940.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,019.48 төгрөг, шимтгэл 44,588 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,773,048.31 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Ц.Д нь ... Хүү болон алданги нийлээд 5,773,048.31 төгрөгийг 2025 оны 08 сарын 01 гэхэд бүрэн төлж дуусгана... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд үндсэн зээл 3,933,000 төгрөг, үндсэн хүү 1,646,940.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,019.48 төгрөг, шимтгэл 44,588 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,773,048.31 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,318.77 төгрөгийн 53,659.38 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 53,659.39 төгрөгийг, хариуцагч Ц.Д-с 53,659.38 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Д-д холбогдох үндсэн зээл 3,933,000 төгрөг, үндсэн хүү 1,646,940.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,019.48 төгрөг, шимтгэл 44,588 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 5,773,048.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Д нь 5,773,048.31 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,318.77 төгрөгийн 53,659.38 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 53,659.39 төгрөгийг, хариуцагч Ц.Д-с 53,659.38 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА