Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 57

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Ч.Самдан, Д.Шинэхүү нарын өмгөөлөгч Ц.Мөнхтуяа,

хохирогч Ч.Самдан, Д.Шинэхүү,

шүүгдэгч С.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                    

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Сүхбаатарын Цэнд-Аюушт холбогдох эрүүгийн 1707002220003 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Налайх дүүргийн эрчим хүчний харуул хамгаалалт хариуцдаг “ТДЕ” ХХК-ийн гэрээт харуул хамгаалалтын албанд ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх 27 дугаар гудамж, 02 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо мөн дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 8 дугаар гудамж 05 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД92021615 дугаартай, Боржигин овогт Сүхбаатарын Цэнд-Аюуш.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч С.Цэнд-Аюуш нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 15 цаг 30 минутын үед 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын урд зам буюу зүүн аймаг явах төв замд Тэрэлж явах чиглэлд 16-67 УНР улсын дугаартай Т.Марк 2 Б.Идэр жолоочтой 47-14 ХЭА улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг машинд зорчиж явсан иргэн Ч.Самдан, Д.Шинэхүү болон өөрийн машинд зорчиж явсан Б.Энхчимэг нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.Цэнд-Аюушт эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Цэнд-Аюуш нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 15 цаг 30 минутын үед 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын урд талд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй Т.Марк-2 маркийн 16-61 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 47-14 ХЭА улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг машинд зорчиж явсан иргэн Ч.Самдан, Д.Шинэхүү болон өөрийн машинд зорчиж явсан Б.Энхчимэг нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Цэнд-Аюушийн өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр аав Сүхбаатар, ээж Тунгалаг, эхнэр Энхчимэг, охин Мичидмаа, Хонгорзул нарын хамт 17-67УНР улсын дугаартай Марк-2 маркийн машинтай Налайх дүүргээс хүнсний зүйл цуглуулаад, Гялаан мөс гэх газар луу аав, ээжийг хүргэж өгөхөөр явсан. Би зүүн гар тийш эргэхдээ баруун талаас ирсэн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Самдангийн өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 47-17ХА улсын дугаартай Приус 20 маркийн автомашинд 5 хүний хамт, би голын суудалд сууж явсан. Би өмнөх 2 өдөр машин янзлаад унтаагүй учир зүүрмэглэсэн. Гэнэт тормозын муухай дуу гарахаар сэрэхэд өөдөөс марк-2 автомашин дараад ороод ирсэн. Би гараараа тулсан. Тоос бужигнаад машинаас утаа гарч, хүмүүс бууж байсан. Миний зүүн гар янгиж өвдөөд, удалгүй хавдсан. Налайх дүүргийн дуудлагын эмч ирж үзээд эмнэлэг авч явсан. Эмнэлэг дээр очиход араа шүд хугарсан байсан. Тэр өдрөө Улаанбаатар хот орж Гэмтэл Согог Судлалын эмнэлэгт үзүүлж зураг авуулахад гар сарвууны тасагт шууд хэвтүүлсэн. 2 хоногийн дараа хагалгаанд орсон. Эмнэлэгт үзүүлэх бүрт машин хэрэгтэй болж байсан. Хоёр жолооч надтай нэг ч удаа яриагүй, хүнд гэмтэл учруулсан байж нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчтэй уулзахдаа анх царайг нь харсан.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Шинэхүүгийн өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгаас Приус 20 маркийн машин сууж яваад Налайх дүүргийн замд осолд орсон. Миний нуруу хүнд гэмтэж, түргэний машинаар гэмтэлд хүргэгдсэн. 4.910.000 төгрөгийг нэхэмжилснээс, өнөөдрийн байдлаар бэлнээр 720.000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 3.190.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч 5 сарын хугацаатайгаар үлдэгдэл хохирлыг төлөхөөр тохиролцсон. Цаашид үений 3 диск солиулуулах хагалгаанд орно. Хагалгаагаа Очирваань эмнэлэгт хийлгэх гэж байгаад болиод манай ар гэрийнхэн ярилцаад Солонгос Улсад хагалгаанд орохоор болсон.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхчимэгийн өгсөн “2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн нөхрийн эзэмшлийн Т.Марк2 маркийн авто машинд хадам аав, ээж, 2 хүүхдийн хамтаар суугаад “Гялаах мөс” гэх газарт амьдардаг хадам аавын гэрт очих гээд явсан. Тэгээд засмал замаар явсаар Налайх дүүргийн 5 дугаар хороо гордок өнгөрөөд зүүн гар тийшээ эргээд хар замаасаа гарах үед өөдөөс эсрэг урсгалд ирж явсан машин машины баруун талаас мөргөсөн. ...Надад болон миний хүүхдүүдийн хувьд ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 31 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтуяагийн өгсөн “...Налайх дүүргийн городок орох гээд дөхөж явахад би утсаараа хүүтэйгээ мэссэж бичээд явж байхад гэнэт осол болоод нэг мэдсэн чинь машины гадна талд сууж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 33 дугаар тал/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Идэрийн өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот орох гээд өөрийн эзэмшлийн 47-17 ХЭА улсын дугаартай Т.Приус маркийн авто машиндаа Улаанбаатар хот орох гээд явж байхад өөдөөс эсрэг урсгалд явж байсан жижиг суудлын хар өнгийн авто машин гэнэт цувж байсан машинууд дундаас гарч ирээд зүүн гар тийш эргэсэн. Би хурдаа хасаад уг машины хойд талаар орох гэтэл эсрэг урсгалд автомашинууд явж байсан болохоор жолоогоо баруун гар тийшээ дараад хөвөө рүү нь ороход нөгөө машин замаасаа гаралгүй мөргөсөн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 38 дугаар тал/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтулгын өгсөн “...Тэгээд би Цэнхэрмандал өнгөрөөд унтаад өгсөн нэг мэдсэн чинь машин тормосны чихарах чимээ гарангуут сэрэнгүүт түс тас хийгээд осол гарсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 40 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ч.Тунгалагийн өгсөн “...Налайх дүүрэг орж хүнсний зүйл аваад буцаад хүргүүлэх гээд Налайх дүүргийн Городок өнгөрөөд зүүн гар тийш эргэх үед өөдөөс эсрэг урсгалд ирж явсан авто машин авто машины баруун талаас мөргөж зам тээврийн осол гарсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 43 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Сүхбаатарын өгсөн “...Городок өнгөрөөд явж байгаад манайх руу салдаг хэсгээр манай хүү замын зүүн тал руу гарах гээд зүүн тийшээ эргэх үед өөдөөс эсрэг урсгалд ирж явсан авто машин миний сууж явсан машины жолооч талын хаалга руу баруун урд талын хаалганы орчим мөргөсөн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 40 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Э.Бат-Эрдэний өгсөн “...Миний сууж явсан машин дохио өгөөд л эргэсэн. Тэр үед өөдөөс ямар нэг машин ирж байгаа нь харагдаагүй. Шороон зам руу гарах үед түс тас хийгээд л явсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 47 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №08шэ/471 дүгээр дүгнэлт,

/хх-ийн 52 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №12586 дугаар дүгнэлт,

/хх-ийн 54 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №488 дугаар дүгнэлт,

/хх-ийн 56 дугаар тал/

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №19 дүгээр дүгнэлт,

/хх-ийн 93 дугаар тал/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,

/хх-ийн 15 дугаар тал/

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар,

/хх-ийн 112-113 дугаар тал/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар,

/хх-ийн 114 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 131 дүгээр тал/

“Тийсс Монгол” ХХК-ийн тодорхойлолт,

/хх-ийн 138 дугаар тал/

Хохирлын баримт /хх-ийн 140-145, 150-153 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.Цэнд-Аюушт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан С.Цэнд-Аюушийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №935207 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, №00500338 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг тус тус эзэмшигчид нь, шүүгдэгч С.Цэнд-Аюушаас 5.317.180 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Самданд тус тус олгохоор шийдвэрлсэн ба хохирогч Д.Шинэхүү, Ч.Самдан нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч С.Цэнд-Аюуш нь цагдан хоригдсон хоноггүй болгохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Сүхбаатарын Цэнд-Аюушийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Цэнд-Аюушт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Цэнд-Аюушт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.Цэнд-Аюушт мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №935207 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, №00500338 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг тус тус эзэмшигчид нь буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Цэнд-Аюушаас 5,317,180 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Самданд олгосугай.

7. Хохирогч Д.Шинэхүү, Ч.Самдан нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Цэнд-Аюушт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ