| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0536/З |
| Дугаар | 128/ШШ2025/0575 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0575
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Э*******” ХХК, РД:*******, захирал Г.Г*******,
итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, Г.Ү*******
Хариуцагч: Сангийн яам,
итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х*******, Г.М*******,
Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар,
итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ч.М,
Г.Х*******,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 тоот, Монгол улсын Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207 тоот, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 6,420,000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*******, Г.Ү*******, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х*******, Г.М*******, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 тоот мэдэгдлээр “... танай тендер дараах шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-т заасны дагуу татгалзаж байна” гэж “Э*******” ХХК-д мэдэгдсэн,
1.2. “Э*******” ХХК -иас гаргасан гомдолд Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207 дугаар албан бичгээр “...захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна...” гэсэн хариуг өгсөн,
1.3. Сангийн яамнаас Төрийн худалдан авах ажиллагааны газарт 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот албан бичигт “...6,420,000.00 төгрөгийн тендерийн баталгааг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын дансанд төвлөрүүлж, ажлын 3 өдрийн дотор хариу мэдэгдэнэ үү” гэсэн,
1.4. “Э*******” ХХК-иас 2025 оны 06 дугаар сарын 24-ны өдөр “Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 тоот Мэдэгдлийг хүчингүй болгуулах, Монгол улсын Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207 тоот Гомдол хянасан тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, Монгол улсын Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 6,420,000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “Э*******” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“Э******* ХХК нь Цагдаагийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан "ХI.4.2.1 Цагдаагийн ерөнхий газар, харъяа байгууллагуудын их засвар /улсын хэмжээнд/ У" №ЦЕГ/20 дугаартай тендер шалгаруулалтын Багц-3 Цагдаагийн “” зуслангийн засвар тендер шалгаруулалтад оролцсон болно. Тус тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 26.1-т Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 11.00 цагт гэж тодорхойлсон бөгөөд манай компани тендерийн баримт бичгийг шаардлага хангуулан хугацаанд нь хүргүүлсэн, мөн тухайн тендерт оролцогч нараас хамгийн бага үнэ буюу 1,092,903,542 төгрөгийг санал болгосон юм.
Харин Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 тоот Мэдэгдэлд ".... танай ирүүлсэн тендер дараах шаардлагыг хангаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1.3-т заасны дагуу татгалзаж байна" гээд "ТШЗ-ны 19.1-д Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага:” шаардана. ТШЗ-ны 19.2-д Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: а) тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг тус тус ирүүлнэ" гэсэн шаардлагыг зөрчиж Хэрэгжүүлэхээр 2025 оны эрх авсан "Спорт заал /"Стандарт" тендерийн гэрээний мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй/ гэх үндэслэлийг тодорхойлсон байна. Тендер нээсэн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэлд дурьдсан "Спорт заалны "Стандарт" тендерт шалгарсан болон гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэгдсэн бөгөөд Д аймгийн Ч сумын засаг даргын 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 1/148 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл нь мөн өдөр ирсэн байдаг. Гэтэл Төрийн худалдан авах ажиллагаа нь тендер нээх үед “Э*******” ХХК-ийн мэдээгүй байсан, мэдэх боломжгүй мэдээллийг ирүүлээгүй гэх үндэслэлээр шаардлага хангаагүй гэж татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана" гэж заасан ба Сангийн сайдын 2023 оны А/255 тушаалаар баталсан "Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар"-ын 4.2-т "Оролцогчийг ерөнхий шаардлага хангах эсэхийг магадлах баримт бичиг, мэдээллийн хүрээг хуулийн 26.2-т заасан тул оролцогч ерөнхий шаардлагыг хангахгүй гэж үзэх бодитой үндэслэл байгаагаас бусад тохиолдолд тухайн баримт бичиг, мэдээллээс өөр эх үүсвэрээс баримт шаардах, тодруулах ажиллагаа явуулахгүй" заасныг зөрчиж, тендер нээх үед оролцогчийн мэдэх боломжгүй, мэдээгүй байсан хэрэгжүүлэх эрх авсан гэрээний мэдээлэл ирүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
Мөн хуулийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д "Захиалагч оролцогчийн хэрэгжүүлж байгаа гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно" гэж хуульчилсан байтал Цагдаагийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан "Х1.4.2.1 Цагдаагийн ерөнхий газар, харъяа байгууллагуудын их засвар Пулсын хэмжээнд/ У" №ЦЕГ/20 дугаартай тендер шалгаруулалтын Багц-3 Цагдаагийн зуслангийн засвар тендерийн ТШЗ-ны 19.1, 19.2-т "... хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээлэл" гэдэгт тендер нээснээс хойш гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл авсан үйл баримтыг оруулах боломжгүй бөгөөд энэ нь хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан байх нөхцлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах эрх олгож байгаа нь тухайн тендерт шалгарсан ажлыг хэрэгжүүлж буй гэж үзэх боломжгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн маш олон зүйл хэсэгт заасан үндэслэлээр цуцлагдаж болдог шийдвэр юм. Д аймгийн Ч сумын засаг даргын 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 1/148 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэлд “... энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор худалдан авах гэрээг баталгаажуулж ирүүлнэ үү" гэж тодорхойлсон байгаа нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын мэдэгдэл гаргах үед ч Э******* ХХК-ийг гэрээг байгуулсан, тендерийн баримт бичигт зааснаар хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэлийн явцын талаах мэдээллийг ирүүлээгүй гэж үзэх цаг хугацааны боломжгүй юм.
... Монгол улсын Сангийн яам нь Э******* ХХК-иас гаргасан гомдлыг хууль тогтоомжийн дагуу хянаж, шийдвэрлээгүй бөгөөд оролцогчоос ирүүлэх боломжгүй, өөрсдөө мэдээгүй байсан мэдээллийг ирүүлээгүй гэж тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т "Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван әдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно" гэж зааснаар Э******* ХХК-ийг Д аймгийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулсан, ажлыг хэрэгжүүлэх эрх авсан тухайгаа 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн тендерт мэдээлэл илгээх боломжтой байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ы өдрийн А-1/2519 тоот мэдэгдэл, Монгол улсын сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207 тоот Гомдол хянасан тухай мэдэгдэл, Монгол улсын Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 TOOT Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, тендерийн баталгааны 6,420,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Тус тендер 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11:00 цагт нээгдсэн бөгөөд 1,092,903,542 төгрөгийн санал өгсөн. Тухайн тендерт 10 оролцогч оролцсоноос “Э*******” ХХК-ийн тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг хүлээн авч үндэслэлгүй гэж Сангийн яаманд гомдол гаргасан. Тендерийг хүлээн авахаас татгалзсан мэдэгдэл болох Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 мэдэгдэлд гомдол гаргасан учир нь, ТШЗ-ын 19.1.4-т “хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага” гэж заасан шаардлагыг ирүүлээгүй буюу “спорт заалны тендерт шалгарсан тухай, үүнтэй холбоотой хийж байгаа ажлынхаа талаар мэдээллийг ирүүлээгүй” гэсэн. Шалгаруулаагүй тухай тайлбартаа “хэрэгжүүлэхээр 2025 онд эрх авсан спорт заал стандарт тендерийн гэрээний мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй” гэж дурдаж тус үндэслэлээр “Э*******” ХХК-ийн тендерийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрэгжүүлэхээр эрх авсан, мэдээллийг нь ирүүлээгүй гэж үзээд байгаа тендерийн мэдээлэл 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/148 дугаартай Д аймгийн Ч сумын Засаг даргын албан тоотоор гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл ирсэн. Шалгарсан гэж үзэж байгаа тендерийнхээ гэрээний тухай мэдээллийг ирүүлээгүй гээд байгаа нь тендер нээснээс хойш гурав хоногийн дараа манайд ирсэн.
Дөрөв хоногийн дараа буюу 04 дүгээр сарын 29-ний өдөр tender.gov.mn сайтад нийтлэгдсэн. “Э*******” ХХК 04 дүгээр сарын 25-ны өдөр нээж байгаа тендерт энэ тухай мэдээллийг ирүүлээгүй байна гэж тендер хүлээн авахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаар тайлбарлаж хуульд заасны дагуу Сангийн яаманд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан. Тухайн гомдлыг Сангийн яам хянаад захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. Төрийн худалдан авах ажиллагааны газар нь ТШЗ-ын 19.1-д заасан хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг ирүүлээгүй байгаа нь тендерээс татгалзах үндэслэл болж байгаа нь захиалагчийн шийдвэр зөв байна гэж Сангийн яам үзсэн. Үүнийг зөв гэж үзэх боломжгүй.
Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагт нээж байгаа тендерт оролцогч компани 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ байгуулах эрх авсан тухай мэдээллийг өгөх боломжит хугацаа байхгүй. Ийм байхад тухайн мэдээллийг ирүүлээгүй гэж үзэж байгаа нь хууль бус юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана.” гэж заасан. 15 өдрийн дотор үзээд тендерт оролцогч “Э*******” ХХК-ийн мэдээгүй байсан мэдээллийг нэхээд, нэхэж байгаа үндэслэлээрээ тендерээс татгалзаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль бус юм.
Сангийн сайдын 2023 оны 255 дугаартай тушаалаар баталсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал зааврын дагуу Тендерийн үнэлгээний хороо ажилладаг. Ингэхдээ оролцогчийн ерөнхий шаардлага хангах эсэхийг магадлах баримт бичиг мэдээллийн хүрээг хуулийн 26.2-т заасан тул оролцогч ерөнхий шаардлагыг хангахгүй гэж үзэх бодитой үндэслэл байгаагаас бусад тохиолдолд тухайн баримт бичиг мэдээллээс өөр эх үүсвэрээс баримт шаардах, тодруулах ажиллагаа явуулахгүй гэж заасан. Гэтэл 04 дүгээр сарын 29-ний өдрийн мэдэгдлийн ул мөрөөр шалгаад байгаа юм уу, хэзээ tender.gov.mn сайтаас мэдээлэл аваад байгаа нь тодорхойгүй, “04 дүгээр сарын 29-ний өдөр та нар шалгарчихсан байна, шалгарсан тухайгаа ирүүлээгүй байна. 04 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлэх ёстой байсан” гэдэг. 04 дүгээр сарын 29-ний өдөр tender.gov.mn сайтад орсон гэдгийг захиалагч ч, Сангийн яамнаас ч хэлдэг.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Захиалагч оролцогчийн хэрэгжүүлж байгаа гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно.” гэж заасан. Уг үндэслэл нь энэ юм. Гэтэл хуульд “гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл ирүүлэх” гэж байгаа. Зөвхөн гэрээ байгуулах эрх олгоод байгаа мэдэгдлийг гэрээ байгуулсан гэж үзээд байгаа юм уу. “Хэрэгжүүлж байгаа тендерийн талаар мэдээлэл ирүүлээгүй” гэдэг боловч хэрэгжүүлж эхлээгүй, хэрэгжүүлэх эсэхээ ч мэдээгүй байхад нь “Хэрэгжүүлж байгаа тендерээ та нар ирүүлээгүй, хэрэгжүүлэх эрх авснаа мэдэгдээгүй байна” гэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуульд ч гэрээ байгуулсанд тооцох талаарх зохицуулалт байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд мөн байдаг.
Ч сумын Засаг даргаас ирүүлсэн мэдэгдэлд “энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын зургаагаас доошгүй хоногийн дараа 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор худалдан авах гэрээг баталгаажуулж ирүүлнэ” гэж тусгасан. 04 дүгээр сарын 25-ны өдрийн тендер нээх үед гэрээ байгуулах байтугай Сангийн яам гомдол хянаад хариу өгч байгаа үед бид нар гэрээгээ байгуулах асуудал яригдаад байж байсан. Захиалагчийн гаргасан шийдвэр болон Сангийн яамны гомдол хянаж байгаа шийдвэр хоёулаа ижил үндэслэлээр буюу “04 дүгээр сарын 25-ны өдөр 04 дүгээр сарын 29-ний өдрийн мэдээллийг ирүүлээгүй байна” гэж хүлээн авахаас татгалзсан.
Хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь үндэслэлгүй байна гэж байгаа хэдий ч бид нэхэмжлэлийнхээ шаардлагад энэ шийдвэрүүдийг хүчингүй болгож, 6,420,000 төгрөгийг буцааж өгөхийг шаардаж байгаа. Үндэслэлгүйгээр тендерийг хүлээн авахаас татгалзчихаад, тендерийн баталгааг үндэслэлгүйгээр улсын орлого болгоод байна. Энэ нь нэхэмжлэгч компанийн тендерээ шударгаар үнэлүүлэх, түүнтэй холбоотой гомдол гаргаж, шийдвэрлүүлэх хууль ёсны эрх ашгийг хохироож байна. Захиалагчийн үндэслэлгүй шийдвэрийг Сангийн яам зөвтгөж шийдвэр гаргаад, тус шийдвэрээ үндэслээд тендерийн баталгааны 6,420,000 төгрөгийг улсын орлого болгох тухай Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3844 дугаартай Худалдаа хөгжлийн банканд хандсан албан бичгээр 6,420,000 төгрөгийг улсын орлого болгосон. Тус албан бичиг, мэдэгдлүүд захиргааны акт мөн эсэх асуудал яригдана.
...Төрийн худалдан авах ажиллагааны газрын тендер шалгаруулалтаас татгалзаж байгаа үндэслэл нь болбол үндэслэлгүй байна. Тендерийн баримт бичгийн 19.1-т “хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх эрх авсан” гэж заасан. Монгол хэлний тайлбар тольд “хэрэгжүүлнэ” гэдгийг бодож төлөвлөсөн зүйлийг ажил хэрэг болгох гэж тайлбарласан. Тендерийн баримт бичигт тендерт оролцогч нь оролцсон тендерээ, шалгарч магадгүй тендерийнхээ мэдээллийг ирүүлэхээр шаардаагүй. Ажиллах хүчний давхцалын талаар ярьж байна. 19.1-т “тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын гучаас дээш хувь нь одоо хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан” гэж заасан. Иймд хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх эрх авсан ажлын тухайд инженер техникийн ажилтан давхцаж байгаа эсэхийг харахаас биш оролцсон байгаа тендерийн ажиллах хүч нь 30-аас дээш хувь давхацсан эсэх шаардлага байхгүй.
2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нээсэн тендерт нэгэнт оролцсон л бол мэдээлэх үүрэгтэй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Цаг хугацааны хувьд 5 оролцогчоос үнээрээ 4-т орсон, манайх шалгарч магадгүй гэдэг байдлаар хэлэх боломжгүй. Мөн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс тендер нээснээс хойш бид мэдээлэх эрх байхгүй. Цахим систем рүү орж болохгүй, бичиг цаас явуулаад ч хүлээж авах боломжгүй нөхцөл байдалд мэдээллийг ирүүлээгүй гэдэг шаардлага тавиад, уг шаардлагаараа лавлаж шалгалгүйгээр татгалзаад байгаа нь үндэслэлгүй. Оролцсон тендерийн тухайд 30-аас дээш хувь нь давхацсан гэдгийг хийсвэрээр таамаглаж татгалзаад байгаа.
Д аймгийн тендерийг цахимаар шалгаж байгаа бол хэн, хэн давхацсаныг яагаад цааш нь лавлаж шалгаагүй вэ? Хуулийн 15.2-т заасан үндэслэлээр цахимаар бид шалгах эрхтэй, тэр эрхийнхээ дагуу шалгасан гэж тайлбарладаг. Гэтэл журамд ерөнхий шаардлагыг хангаагүй бол нээлттэй мэдээллээр шалгалт хийх гэдэг зохицуулалт байдаг. Татгалзахын тулд ямар нэг үндэслэл хайсан мэт харагдаад байгаа. “Ё” ХХК, “О” ХХК нараас мөн 19.1, 19.2-т заасан үндэслэлээр татгалзсан. Гэхдээ 2024 оны ажил. 2024 онд хэрэгжүүлж байгаа буюу хэрэгжүүлэх эрх авсан гэрээ байгуулсан ажлаа мэдээлээгүй байх, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдээгүй байгаа мэдээллээ мэдэгдэх хоёрын хооронд ойлголтын зөрүү байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газрын тендерийг хүлээн авахаас татгалзаад байгаа 19.1, 19.2-т заасан шаардлагыг нэхэмжлэгч компани хангаагүй, мэдээллийг ирүүлээгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн Сангийн яам гомдлыг хянахдаа тухайн байгууллагын гаргасан гомдол үндэслэлтэй эсэх, Тендерийн үнэлгээний хороо хуулийн дагуу зөв зүйтэй ажилласан эсэх, тендерийг зөв зүйтэй хянасан эсэх, дүрэм журмаа дагаж мөрдсөн эсэхийг Сангийн яам үндэслэлтэй шалгаагүй. Хэрэв үндэслэлтэй шалгасан бол магадгүй татгалзаад байгаа тайлбарыг илүү дэлгэрэнгүй болгоод, хууль зүйн үндэслэлтэй, зөв болгож ирүүлж болно. Төрийн худалдан авах ажиллагааны газраас татгалзаад байгаа үндэслэлээ хууль зүйн үндэслэлтэйгээр ирүүлэх ёстой. Зүгээр 19.1, 19.2-г бариад цаг хугацааны ямар ч боломжгүй мэдээллийг ирүүлээгүй, ирүүлэх үүрэгтэй байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, Э.Б нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/37 дугаар тушаалаар ХІ.4.2.1 Цагдаагийн ерөнхий газар, харьяа байгууллагуудын их засвар /Улсын хэмжээнд/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан.
Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулж 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тендерийг зарлаж, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тендерийн нээлтийг хийхэд нийт 10 тендерт оролцогч ... тендер ирүүлсэн.
Үнэлгээний хороо хуралдаж "П” ХХК, "З” ХХК, "О" ХХК, "Ч" ХХК, "Р” ХХК, “У" ХХК, "М" ХХК, "Э*******" ХХК, "Ё" ХХК-уудын ирүүлсэн тендерээс хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн тус тус татгалзаж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр "Э" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн.
Сангийн яаманд тендерт оролцогч "Э*******" ХХК-иас гомдол гаргаж 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 02/4609 дүгээр албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлж, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207 дугаар гомдол хянасан тухай албан бичгээр дээрх тендер шалгаруулалт 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нээх үед "Э*******" ХХК Д аймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ДО дугаартай "Спорт заал /Стандарт/" ажлын тендер шалгаруулалтад оролцож шалгарсан тухай мэдээлэл 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэгдсэн байх бөгөөд тус төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явцын талаарх мэдээлэл ирүүлээгүй байх тул шаардлагад нийцээгүй гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна гэж мэдэгдсэний дагуу захиалагч буюу Цагдаагийн ерөнхий газарт 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн.
"Э*******” ХХК Д аймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ДО дугаартай “Спорт заал /Стандарт/" ажлын тендер шалгаруулалтад оролцсон талаар мэдээллийг тус тендер ирүүлээгүй.
Сангийн яамнаас 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ХІ.4.2.1 “Цагдаагийн ерөнхий газар, харьяа байгууллагуудын их засвар /Улсын хэмжээнд/" тендер шалгаруулалтын 3 дугаар багцад оролцсон "Э*******” ХХК, “Ё" ХХК, “П” ХХК-уудын тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичиг ирүүлсний дагуу тус компаниудын тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг холбогдох банкнуудад хүргүүлсэн.
... Иймд дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
3.2. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тухайн тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн. Мэдэгдлийг нэхэмжлэгч компанид 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн. Тухайн мэдэгдэлд дурдсанаар “хэрэгжүүлэхээр 2025 онд эрх авсан “Спорт заал стандарт” тендерийн гэрээний мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй” гэж тухайн компаниас татгалзсан. “Спорт заал стандарт” тендерийн нээлт 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 10:00 цагаас нээсэн. Тодруулбал, энэ тендерийн нээлтээс өмнө нээгдсэн. Үнэлгээний хороо хуралдаад олонхын шийдвэрээр тендерийн нээлт хийхээс өмнө нээсэн “Спорт заал стандарт” тендерийн гэрээний мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй гэж татгалзсан” гэв.
3.3. Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Цаг хугацааны дарааллаар нь авч үзвэл, 2025 оны 02 дугаар сард үнэлгээний хороо байгуулагдсан. 04 дүгээр сарын 02-ны өдөр тендерийг зарласан. 04 дүгээр сарын 25-ны өдөр тендерийн нээлтийг хийсэн. Гэтэл нэхэмжлэгч тал 04 дүгээр сарын 17-ны өдөр “Спорт заал стандарт” тендерт оролцсон нь манай тендерийн нээлтээс өмнөх нээлтэд оролцсон болж таарч байгаа юм. Үнэлгээний хороо 05 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай уульд заасны дагуу захиалагч тендер нээсэн даруйд тендерийг хянан үзэх үнэлэх үйл ажиллагаа 15 өдрийн дотор гарна гэж заасны дагуу болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ гэж заасны дагуу үнэлгээний хороо баримт бичгийг нягталж үзсэн. ТШЗ-ын 19.1-д “хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг шаардана”, 19.2-т хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх баримт бичгийг ирүүлнэ гэж тус тус заасан. Энэ нөхцөлд нээлтээс өмнө баримт бичгээ ирүүлэх эсхүл мэдэгдэх боломж байсан. Тендерийн нээлтээ хийгээд үнэлгээний хороо хяналт шалгалтаа хийж байх явцад мэдээгүй байх магадлал цаг хугацааны дарааллын хувьд боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн оролцсон 2 тендерт хоёуланд нь нийтийн эрх ашиг яригдаж байгаа. Нэхэмжлэгч тендерийн бичиг баримтын ажиллах хүчиндээ Н.Оыг давхацсан талаар одоо харж байж мэдэж байна. Гэтэл тендер шалгаруулах төсөл нь хөнгөн хуумгай хандаж болдог зүйл биш. Аль алинд нийтийн ашиг сонирхол байгаа. Бидний хувьд хөнгөн хуумгай хандсан зүйл байхгүй. Цахим системээр шүүж хараад ажиллах хүчнийх нь 30 хувь давхацвал яах вэ гэдэг байдлаар үнэлгээгээ хийсэн. 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 дугаартай тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичиг Сангийн яамных. Тендерийн үнэлгээний хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газраас гараагүй. Ийм байхад нэхэмжлэлийн ямар эрх ашиг, хэрхэн, яаж сэргэх вэ. Тендерийн баталгаа нь нэгэнт улсын орлогод татагдчихсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Тендерийн баримт бичгийг шалгах явцад манайд санал болгосон 3 хүний л мэдээллийг шалгана. Гэтэл 3 хүний 30 хувь гэдэг нь их тоо гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй байх. Нөгөө талаас хүний нөөцөө дахиад давхцуулж өгсөн. Хоёр төсөл арга хэмжээний хугацаа хоорондоо ойролцоо.” гэв.
3.4. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, Ш.Х******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“...2. Тус яамны 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад:
Сангийн яам захиалагчаас ирүүлсэн материал, мэдээлэлд үндэслэн хянан үзэж тендерт оролцогчийн гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам"-ын 7 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргагчийн тендерийн баталгааг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот албан бичгээр улсын орлого болгох тухай шийдвэр гаргасан болно. Дээрх журамд заасан зохицуулалт нь тендерт оролцогчийг худалдан авах ажиллагааг үндэслэлгүй удаашруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилгоор ил тод байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэслэлгүй гомдол гаргасан тохиолдолд тендерийн баталгааны 20.0 сая төгрөг хүртэлх үнийн дүнг улсын орлого болгодог журам юм.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар дүгнэлтэд "... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалтад "тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.", 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно." хэмээн заасан нь Үндсэн хууль зөрчөөгүй” гэж дүгнэсэн байдаг.
Түүнчлэн Сангийн яам гэрээ байгуулах эрх олгох тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш бөгөөд Сангийн яамны дээрх шийдвэрүүд үндэслэлтэй бөгөөд хууль ёсных тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 14 дүгээр зүйлийн 14.6.3 дахь заалтын дагуу Сангийн яам гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгодог.
Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан ЦЕГ/20 дугаартай "Цагдаагийн ерөнхий газар, харьяа байгууллагуудын их засвар /Улсын хэмжээнд/"-ын ажлын гондор шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 10.1 д "Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх шаардлага: Шаардана. а) Тендерт санал болгосон инженер техникийн ажилтнуудын 30-аас дээш хувь нь одоо хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан дуусаагүй ажилд давхацсан тохиолдолд татгалзана" гэж, мөн ТШЗ 19.2-т "Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а) Тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг тус тус ирүүлнэ" гэж тус тус заасан байсан.
Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт "Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй" гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим системээс "Э*******" ХХК-ийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээллийг хянан үзэхэд дээрх тендер шалгаруулалт нээх үед тус компани Д аймгийн Ч сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ДО дугаартай "Спорт заал /Стандарт/" ажлын тендер шалгаруулалтад мөн материал илгээж оролцсон байх бөгөөд энэ тухай мэдээллийг тендерт огт тусгаагүй, мэдээлээгүй байдаг.
Иймд тус яам "Э*******" ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А- 25/629 тоот гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэж, захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгосон. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.5. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзсэн. Учир нь Сангийн яамны гомдол хянасан тухай албан бичиг хууль зүйн үндэслэлтэй. Захиалагчийн тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.2-т хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээллийг шаардсан. Мөн түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “цахим системээр дамжуулан шалгах боломжтой түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэх оролцогчоос шаардахгүй” гэж заасны дагуу tender.gov.mn сайтад худалдан авах ажиллагааны цахим системийн “системийн оролцогчийн жагсаалт” хэсгээс нэхэмжлэгч компанийн шалгарсан, шалгараагүй бүх мэдээллүүдийг хянаж үзэх боломжтой. Ингэхэд нэхэмжлэгч компани нь Д аймгаас зарласан тендер шалгаруулалтад оролцсон байх бөгөөд энэ талаарх мэдээллийг тендерт огт ирүүлээгүй байсан учраас гомдол үндэслэлгүй, захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Гомдол бүхэлдээ үндэслэлгүй учраас тендерийн баталгааг улсын орлого болгосон.” гэв.
3.6. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч талаас тайлбарлаж байгаа хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эхэлсэн гэрээний мэдээллийг зэрэг санал болгосон давхцал байгаа эсэхийг шалгах гэж шаарддаг. Маргаан бүхий Д аймгийн тендер 1,070,000,000 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, Төрийн худалдаа ажиллагааны газрын зарласан тендер 1 тэрбум 284 сая төгрөгийн өртөгтэй тендерүүд бөгөөд хоёулаа ажлын тендер. Хэрэв аль нэг нь барааны тендер эсхүл ажлын тендер байсан бол тухайн хэрэгжүүлж байгаа мэдээлэл, тоног төхөөрөмж, хүний нөөц давхацсан эсэх мэдээллийг шаардах шаардлагагүй байсан байх. Сангийн яаманд гаргасан гомдол, шүүхэд гаргасан нэхэмжлэлд ч тэр тендерт санал болгосон хүний нөөц, тоног төхөөрөмж давхцаж байгаа эсэхэд нэхэмжлэгч талаас тайлбар ирүүлээгүй байгаа. Сангийн яамны зүгээс захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь тийм агуулгатай. Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа “Үнэлгээний хорооны журамд заасан. Нэмж үзэх ёсгүй зүйлийг үзсэн” гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой...” гэж заасны дагуу захиалагч нь холбогдох мэдээллийг цахим системээс татаж авах бүрэн эрхтэй. Тэрнийхээ дагуу Д аймгийн холбогдох тендерт оролцсон талаар цахим системээс үзсэн. Тухайн мэдээлэл одоо ч цахим системд бүртгэлтэй байгаа. Мөн тендер шалгаруулалтын баримт бичигт гэрээ байгуулсан мэдүүлэл ирүүл гэж заагаагүй. Хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээллээ ирүүл. Энэ нь тендер шалгаруулалтын баримт бичгийн 35 дугаар зүйлд заасан давхацсан эсэх мэдээллийг хянаж үзэх зорилгоор захиалагч нь шаардсан гэдэг байдлаар баримт бичгээ боловсруулаад баталсан. Захиалагчаас ирүүлсэн холбогдох материалтай танилцахад ямар нэг байдлаар тендер шалгаруулалтын баримт бичгийн заалттай ч юм уу маргасан зүйл нээлтээс өмнө байгаагүй. Мөн нэхэмжлэлдээ “үндэслэлгүйгээр тендер хүлээж авахаас татгалзсан” гэж дурдсан. Тийм зүйл байхгүй. Нэхэмжлэгч компани тоон гарын үсгээ ашиглаад тендерээ илгээсэн.
Нэгдүгээрт, нэхэмжлэгч талын Сангийн яаманд гаргасан гомдлын тухайд, албан ёсоор хэрэгжүүлж байгаа хэрэгжүүлэх гэрээний эрх авсан гэдэг дээр Д аймгийн тендерийн талаар дурдсан. Тэрнийх нь дагуу үнэлгээний хорооноос захиалагчаас ирүүлсэн баримт материалд үндэслээд Сангийн яам хянаж үзээд шийдвэр гаргасан. Өмнө дурдсан 05 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд ямар үндэслэлээр цахим системээс хянаж үзсэн талаар, тэрнийх нь дагуу захиалагч хянаж үзсэн нь зөв, хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу цахим системээр холбогдох мэдээллийг үзэж байгаа нь зөв талаар дурдсан.
Хоёрдугаарт, Н.Оыг давхцуулж санал болгосон нь сая харагдлаа. Сангийн яаманд гаргасан гомдол, нэхэмжлэлд дурдагдаагүй асуудал шүүх хуралдааны үеэр гарч ирж байгаа учраас нэмэлт тайлбар хэлье. Асуулт, хариултын үеэр “бид хүний нөөц, тоног төхөөрөмж давхцуулаагүй” гэж байсан ч шүүгээд харахад Н.О давхацсан болж таарч байна. 04 дүгээр сарын 24-ний өдөр бид Төрийн худалдан авах ажиллагааны газарт тоон гарын үсэгтэй материалаа цахимаар илгээсэн гэсэн. 04 дүгээр сарын 17-ны өдөр Дын аймгийн тендер хаагдсан. Иймд Н.Оыг 04 дүгээр сарын 17-ны өдөр аль хэдийн санал болгосон. 04 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын тендерт оролцохдоо Н.Оыг санал болгож байхдаа Д аймгийн тендерт санал болгосноо мэдэж байсан болж таарна. Давхцалыг хэрхэн шалгадаг вэ гэхээр, системд хүний нөөц, тоног төхөөрөмжийг заавал системээр санал болгодог болсон. Өнгөрсөн жилийн 09 дүгээр сараас хойш үнэлгээний хорооны нарийн бичиг захиалагч байгууллагуудаас зарлаж байгаа хүний нөөцийн мэдээллийг татаж авч, давхцалуудыг харах боломжтой болсон. Системийн сайжруулалт хийгдсээр байгаа. Дээрх байдлаар үнэлгээний хороо хянаад үзчихсэн байна. Мөн tender.gov.mn сайт, юсер.гом.мн /user.tender.gov.mn/ сайтын аль алинд орсон ч нэхэмжлэгч компани Д аймгийн тендерт хэзээ орсон, хэзээ тендерийн үр дүн гарсан, Төрийн худалдан авах ажиллагааны газрын тендер хэзээ зарлагдсан, хэзээ хүлээж авсан, хэзээ үр дүн гарсан талаарх бүх мэдээллүүдийг хэрэглэгч ямар нэгэн эрхгүйгээр нэвтэрч ороод харах боломжтой. Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэх эрх авсан гэрээний мэдээлэл гэж байгаа болохоос биш гэрээ байгуулсан мэдээлэл ирүүлэхийг шаардаагүй. Үүнийг мушгиж тайлбарлаад “оролцсон тендерүүдийн мэдээлэл ирүүлэхийг шаардаагүй” гэж тайлбарлаад байна. Хэрэгжүүлэх эрх авсан мэдээллүүдийг шаардсаны үндсэн дээр тоног төхөөрөмж болон хүний нөөц давхцаж байгаа эсэхийг аль нэг захиалагч харах гээд байгаа болохоос биш тэр мэдээллүүд хэрвээ систем дээр давхцаад гарч ирсэн бол дахиж тэгж ажил удахгүй байсан байх. Би буруу харсан байж магадгүй 07 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч компаниас шүүхэд хүргүүлсэн хариу хүргүүлэх тухай мэдэгдэлд Төрийн худалдан авах ажиллагааны газрын А-1/2519 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох гэдгээ эс зөвшөөрч байна гэжээ. Өөрөөр хэлбэл захиалагчийн шийдвэртэй маргахгүй байна гэж ойлгогдохоор нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байна. Эдгээр хүчин зүйлүүдийг шүүх харгалзан үзнэ үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Э*******” ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 тоот, Сангийн яамны 2025 оны 05 сарын 30-ны өприйн 02/5207, 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот мэдэгдлүүдийг хүчингүй болгох, улсын орлого болгосон 6,420,000.00 төгрөгийн тендерийн баталгааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн үндэслэлээ “... гэрээ байгуулах эрх олгосон тухай баримт Д аймгаас бидэнд ирээгүй байсан, тендер нээсний дараа бидэнд ирсэн байхад тендерт оролцох үед бидэнд мэдэгдээгүй байсан баримтыг үндэслэж манай тендерээс татгалзсан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэв. Үүнд:
3. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр XI.4.2.1 “Цагдаагийн ерөнхий газар, харъяа байгууллагуудын их засвар У”ын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЦЕГ/20 тоот тендер шалгаруулалтыг зарлаж, тус төсөл арга хэмжээний Багц-3 “Цагдаагийн зуслангийн засвар” ажлын тендерийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нээжээ.
4. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 тоот албан бичгээр “ТШЗ-ны 19.1 дэх хэсгийн 4, 19.2 дахь хэсгийн4-т заасан шаардлагыг хангаагүй, 2025 онд хэрэгжүүлэхээр эрх авсан “Спорт заал/стандарт/ тендерийн гэрээний мэдээлэл ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй” гэсэн үндэслэлээр “Э*******” ХХК-ийн тендерээс татгалзсаныг мэдэгдсэн.
5. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан гомдолд Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207 дугаартай албан бичгээр “...Дээрх тендер шалгаруулалт 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нээх үед Д аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газраас зарласан ДО дугаартай “Спорт заал/Стандарт/ ажлын тендер шалгаруулалтад оролцож шалгарсан тухай мэдээлэл 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэгдсэн байх бөгөөд тус төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явцын талаарх мэдээлэл ирүүлээгүй байх тул шаардлагад нийцээгүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэсэн хариуг өгчээ.
6. Улмаар мөн яамны 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.7 дахь хэсэг, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 5.13-т заасныг үндэслэн гомдол гаргагчийн тендер шалгаруулалтад хүргүүлсэн Худалдаа хөгжлийн банкны 42 дугаартай 6,420,000.00/Зургаан сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн тендерийн баталгааг төрийн сангийн тендерийн баталгааны орлогын MN75 тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 хоногийн дотор хариу мэдэгдэнэ үү” гэж Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байна.
7. Энэхүү 02/5336 тоот шийдвэрийн дагуу тендерийн баталгааг улсын орлого болгосон тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
8. Мөн “Э*******” ХХК нь Д аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газарт 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нээлтээ хийсэн ДО тоот тендер шалгаруулалтад оролцсон, мөн сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/148 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон, энэхүү гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтлэгдсэн тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.
/https://user.tender.gov.mn/mn/bidder/entity/1657039974564/
9. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс ЦЕГ/20 тоот “Цагдаагийн ерөнхий газар, харъяа байгууллагуудын их засвар У” ажилд техникийн ажилтнаар санал болгосон Н.О нь мөн ДО тоот “Спорт заал/Стандарт/” ажилд санал болгосон 10 ажилтныг тоонд багтаж байгаа тухайд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан ба энэхүү давхцсан нөхцөл байдлыг тендер шалгаруулалтад гомдол гаргаснаас хойших цаг хугацаанд худалдан авах ажиллагааны цахим системээр шалгаж илрүүлсэн, шүүх хуралдааны явцад илүү тодорхой болсон тухайд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь тайлбарласан.
10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй”, 15.6-д “Захиалагч оролцогчийн хэрэгжүүлж байгаа гэрээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно:”, 17.2.1-т “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт;”, 17.3-т “Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 26 дугаар зүйлийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заажээ.
11. ЦЕГ/20 тоот тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1 дэх хэсгийн 4-т “..., хэрэгжүүлэх эрх авсан гэрээний шаардлага: Шаардана”, ТШЗ 19.2 дахь хэсгийн 4-т “..., хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд: а) Тендерт оролцогч нь өөрийн болон түншлэлийн гишүүдийн ..., хэрэгжүүлэх эрх авсан ажлын гүйцэтгэлийн явцын талаарх мэдээллийг тус тус ирүүлнэ. Захиалагч ажлын гүйцэтгэлийн явц, ажилтан, машин механизмын талаар мэдээллийг холбогдох байгууллагын мэдээллийн сангаас хянан үзнэ” гэсэн шаардлагыг тавьсан байна.
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй дээрх нөхцөл байдал, хуулийн зохицуулалт, тендерийн баримт бичиг, нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн ЦЕГ/20 тоот тендерт хүргүүлсэн баримтуудаас үзвэл, маргаан бүхий А-1/2519 тоот мэдэгдэл болон Сангийн яамны гомдол хянасан тухай 02/5207 тоот бичиг нь цаг хугацааны хувьд тендерт оролцогчоос гаргаж өгөх боломжгүй мэдээллийг ирүүлээгүй гэх агуулгаар буюу хуульд заагаагүй үндэслэлээр гарсан хууль бус шийдвэрүүд болжээ.
13. Учир нь хуулийн 17.3 дахь заалтуудын дагуу тендерт оролцогч ямар баримт бичгийг бүрдүүлэн тендерт ирүүлэх шаардлагатайг тендерийн баримт бичигтээ тодорхой дурьдах үүрэгтэй бөгөөд 26.6 дахь заалтын дагуу хариуцагч нь тендерийн баримт бичигт заагаагүй баримтыг үндэслэн тендерээс татгалзах эрхгүй байхад хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн үнэлгээний хороо нь ЦЕГ/20 тоот тендерийн баримт бичгээр шаардаагүй баримтыг ирүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.
14. Өөрөөр хэлблэ, ЦЕГ/20 тоот тендерийн баримт бичгийн ТШЗ 19.2 дахь хэсгийн 4 дэх заалтад “... хэрэгжүүлэх эрх авсан гэрээний талаарх мэдээлэл”-ийг ирүүлэхээр тодорхой тусгасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Д аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газраас зарласан “Спорт заал/Стандарт/ ажлын тендерт оролцож байгаа нь тодорхой боловч шалгарах эсэх, гэрээ байгуулах эрх авах эсэх нь тодорхойгүй буюу тендерийн үр дүн гараагүй байсан байснаас тендерийн материал хүргүүлэх үед уг тендерийн талаар мэдээлэл хүргүүлэх боломжгүй байсан байхад хариуцагч нь сүүлд зарлагдсан тендер шалгаруулалтын явцад гарсан өөр тендер шалгаруулалтын үр дүнг үндэслэж тендерээс татгалзаж шийдвэрлэсэн байх нь агуулгын хувьд алдаатай, хууль бус шийдвэр болжээ.
15. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Д аймгийн Ч сумын Засаг даргын тамгын газраас зарласан “Спорт заал/Стандарт/” тендерт оролцохоор тендер хүргүүлсэн боловч уг тендер шалгаруулалтын үр дүн гараагүй байхад тухайн тендерт шалгарах нь тодорхой гэх агуулгаар хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээ гэсэн байдлаар “Цагдаагийн зуслангийн засвар” тендерийн материалд мэдээлэл хүргүүлэх бодит боломжгүйн зэрэгцээ ийм шаардлага/өөртендерт оролцож байгаа талаарх мэдээлэл/-ыг тендерийн баримт бичгээр шаардаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...тухайн ажлыг гүйцэтгэх инженер техникийн ажилтнууд болон техник хэрэгсэл давхцах эсэхийг тодорхойлох зорилгоор ТШЗ 19.1, 19.2 дахь шаардлагуудыг тавьсан, иймээс спорт заалны тендерт оролцсон талаар мэдээлэх ёстой ” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй, харин цаг хугацааны хувьд оролцогчийн оролцсон өмнөх тендер шалгаруулалтын үр дүн тухайн тендерийг нээсний дараа гарсан тохиолдолд хариуцагч нь тендерт оролцогчоос тодруулга авах замаар инженер техникийн ажилтнууд болон техник хэрэгсэл давхцах эсэхэд дүгнэлт хийж шийдвэр гаргах хууль зүйн боломжтой байжээ.
16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “гэрээ байгуулах эрх олгосон талаарх мэдэгдэл цахим системд нийтлэгдсэн тул хуулийн 15.2-т заасан шаардлага хангагдсан” гэх агуулга бүхий тайлбарыг мөн хүлээж авахуйц биш байна.
17. Учир нь хуулийн 15.2-т заасан цахим системээр дамжуулан шалгах боломжтой мэдээлэл нь ажилтны боловсролын байдлын, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн, техник хэрэгслийн зэрэг тодорхой бүртгэлийг хөтлөх эрх бүхий байгууллагуудаас бүртгэн хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн сангийн мэдээлэлд хамаарахаар байх тул тендер нээснээс хойш гарсан захиргааны тодорхой актыг оролцогчид цахим системээр хүргүүлсэн мэдээлэлд хамаарахгүй.
18. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно:”, 14.6.3-т “санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” гэж, 59 дүгээр зүйлийн 59.10-т “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагагомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:” 59.10.1-т “тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах”, 59.10.2-т “зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах”, 59.10.3-т “тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах” гэж заажээ.
19. Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207 дугаартай албан бичиг нь хуулийн дээрх заалтуудын дагуу тендерт оролцогчоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гарсан акт хэдий ч нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд тендерийн баталгааг улсын орлого болгох үр дагавар үүсгэсэн байх тул тухайн тохиолдолд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад тооцогдох ба уг актын үндэслэл болсон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519 тоот албан бичгийг шүүхээс хууль бус гэж дүгнэсний зэрэгцээ маргаан бүхий актууд нь хэрэгжиж дуусгавар болсон, нэхэмжлэгч нь тухайн тендерийг дахин үнэлэх талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул уг шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж заасны дагуу улсын орлого болгосон тендерийн баталгааг гаргуулах үндэслэлтэй байна.
20. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасан.
21. Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2025 оны А/37 дугаар тушаалаар байгуулагдсан “XI.4.2.1 “Цагдаагийн ерөнхий газар, харъяа байгууллагуудын их засвар/Улсын хэмжээнд/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо нь тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулж татан буугдсан болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан. Иймээс нэхэмжлэгчээс тендерийн үнэлгээний хороог хариуцагчаар тодорхойлолгүй, үр дагаварыг хариуцах захиргааны байгууллагын хариуцагчаар тодорхойлсон нь процессын зөрчил болохгүй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.3, 15 дугаар зүйлийн 15.2, 26 дугаар зүйлийн 26.6, 59 дүгээр зүйлийн 59.10, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А-1/2519, Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/5207, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5336 тоот шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоож, улсын орлого болгосон 6,420,000.00/Зургаан сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөгийг “Э*******” ХХК-д буцаан олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э*******” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ