Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/324

 

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүн,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Соёмбо,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Л.Соёмбын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ад холбогдох 2202 00537 0056 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ын А, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... суралцдаг, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

Шүүгдэгч Б.А нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэхэд Г.А гэгчтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 35а байрны 1503 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 137.7 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг 01 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа саарал өнгийн гялгар ууттай 90 грамм жинтэй өвс ургамал /цэвэр жин 81.4 грамм/, улбар шар өнгийн ууттай 75 грамм өвс ургамал /цэвэр жин 56.3 грамм/, хар өнгийн тав тогтож бохирлогдсон 3 ширхэг тугалган цаасыг устгах, АҮ2414906 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ад урьд шүүгчийн захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Л.Соёмбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.” гэжээ. Гэтэл тус шүүхээс Б.Ад ял оногдуулахдаа түүний үйлдсэн хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг үл харгалзсан буюу үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийлгүйгээр хорих ялыг сонгож хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд оногдуулсан ял нь тохироогүй гэж үзэж байна. Учир нь Б.А нь хэдий гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн ч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлсний улмаас буюу Амартүвшин гэгчийн гэрт нь үлдээсэн “өвс” гэгчийг нь гаргаж хаяагүйгээс гэмт хэрэгтэн болно гэж огт төсөөлж мэдээгүй, найзынхаа “түр үлдээе” гэсэн зүйлийг нь гаргаж хаяж чадаагүй, болгоомжгүй үйлдлийнхээ улмаас гэмт хэрэгт холбогдсон бөгөөд улмаар тухайн үйлдлийнхээ хэр хэмжээнд тохироогүй, хүндэдсэн ял шийтгүүлж байгаа нь туйлын харамсалтай байна.

Б.Агийн үйлдлийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиг байхгүй, тэрээр хэнийг ч энэ үйлдэлдээ татан оролцуулаагүй нь энэ хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ багатай үйлдсэн гэж дүгнэх боломжтой бөгөөд гэмт хэргийн ангиллын хувьд “хөнгөн” төрлийн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлджээ. Хувийн байдлын тухайд ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг, бага наснаасаа урлаг, спортод дуртай, тэмцээн уралдаанд үргэлж оролцож, тэргүүлж, нийгмийн идэвхтэй амьдардаг. Одоо Соёл урлагийн их сургуульд суралцдаг, 3 дугаар курсын оюутан бөгөөд зөв хандлагатай, зөв хүмүүжилтэй, тиймдээ ч амжилттай, нэр хүндтэй суралцаж, өөрийн уран бүтээлийг гаргаж зорилго тэмүүлэлтэй амьдардаг, хүнд итгэмтгий, тусархуу зан чанартай болохыг түүний сургуулийн тодорхойлолтод ч тодорхойлсон байна. Тэрээр ийнхүү суралцах хугацаандаа “Дэ монэдд” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээний 2 жилийн хугацаанд 10 уран бүтээл, 1 цомог, 1 амьд тоглолт хийх ёстой бөгөөд ажиллах газар нь Сүхбаатар дүүрэгт байрладаг болохыг холбогдох гэрээнүүдээс харж болно. Манай үйлчлүүлэгч Б.А нь болсон үйл явдлын талаар өөрийн мэдэх бүхнээ үнэн зөвөөр, шударгаар мэдүүлсээр ирсэн, гэм буруу дээрээ маргаагүй, анх удаа хэрэгт холбогдсон. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд Б.Ад оногдуулсан хорих ял нь түүний үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохироогүй, хүнлэг бус, хүндэдсэн ял шийтгэл оногдуулсан гэж дүгнэж байна.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж, мөн зүйлийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчлан тогтоож өгчээ.

Миний үйлчлүүлэгч Б.Агийн хувьд үйлдсэн хэргийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж одоог хүртэл харамсаж явдаг хүүхэд байгаа. Мөн түүний хувийн байдлыг сайн харж өгөөч гэсэн гуйлтыг хэлэх гээд байгаа юм. Учир нь эхийн хамт бага насаа өнгөрөөсөн одоо ч гэсэн эхтэй хамт амьдардаг. Одоо 4 дүгээр курсын оюутан хүүхэд байгаа. Цагдан хорьсноор энэ хүүхдийн ирээдүй болсон сурч боловсрох эрх нь хаагдмал байдалтай болчихоод байгаа. Үүнд нь анхаарч өгөөч гэж хүсэх байна. Миний хувьд хувийн байдлыг нь харгалзаж оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчилж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ хар бараан, муухай хэрэгт орооцолдсноос хойш 1 жил 6 сарын хугацааг өнгөрүүлж, энэ хугацаанд хэргийн талаар бодитой мэдүүлж, өөрийн гэм бурууг хүлээж, бие махбод, сэтгэл санааны хувьд үргэлж дарамттай, түгшүүртэй цаг хугацааг өнгөрүүлсээр байна. Миний дараах 3 хувийн байдлыг харгалзаж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Нэгдүгээрт, 2022 оны 8, 9 дүгээр сараас хойш би хар тамхи, өвс гэх мэт зүйлтэй дахин орооцолдоогүй. Хар тамхитай тэмцэх газарт удаа дараа очиж хар тамхины шинжилгээ өгч илрээгүй гэсэн хариуг авсан. Хоёрдугаарт, миний бие сэтгэл санааны хүнд байдлаа даван туулахын тулд үргэлж өөрийгөө завгүй байлгаж, сурч боловсорч, хийж бүтээж, мөн өөрийн хөгжмийн анхны цомог болох “Хүн” гэдэг зохиолыг дуусгасан. Энэ уран бүтээлийг 2024 оны эхээр хийхээр төлөвлөж байсан. Энэ цомгийн 2 дахь дуун дээр хар тамхи, мансууруулах бодисын хор нөлөө Монгол Улсын аюулгүй байдалд муугаар нөлөөлөх талаар орчин үеийн залууст мессеж хүргэхийг оролдсон байгаа. Өөрийн уран бүтээлээр дамжуулж орчин үеийн залуус, найз нөхөд, ах, дүү нартаа сэрэмжлүүлж, анхааруулж, өөрийн дуу хоолойг хүргэсээр байх болно. Гуравдугаарт, 2024 оны 5 дугаар сард буюу энэ хавар Соёл урлагийн их сургуулийн урлагийн менежментийн ангийн 4 дүгээр курсыг төгсөнө. Миний хувьд боловсрол хамгийн чухал зүйл гэж боддог учраас цаашдаа урлаг судлалын чиглэлээр гадаад улсад магистр хамгаалах хүсэл мөрөөдөлтэй байсан боловч энэ муухай хэрэгт ороолцолдсноос хойш цаашид сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх энэ бүх боломж хаагдаж байгаа учраас би гэмшиж, харамсаад барахгүй нөхцөл байдалтай байна. Та бүхэн миний энэ 3 хувийн байдлыг ойлгож, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх замыг нээж, хорих ялыг тэнсэж хөнгөрүүлж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.” гэв.

Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл, хэмжээний дотор Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн ял оногдуулсан гэж үзэж байна. Учир нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц мөн хуулиар тогтоосон төрөл хэмжээний дотор ял оногдуулах нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал юм. Шүүх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадан арга хэмжээ хэрэглэх тухай зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон эрх хэмжээ учраас заавал хэрэглэх хуулийн заалт биш. Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Агийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Л.Соёмбын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэхэд Г.А гэгчтэй үйлдлээрээ санаатай нэгдэж, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 35а байрны 1503 тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 137.7 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

гэрч А.Х-ны “...Тэр үед машинд Амартүвшин, Атай өөрт нь өвс байгаа гээд үүрч явсан хар өнгийн цүнхнээсээ хар ууттай зүйлийг гаргаж ирж харуулчихаад буцаагаад хийчихсэн ба “танайх руу авч явж болох уу” гэж асуусан. Анхандаа А татгалзсан ч сүүлдээ А-тэй хоорондоо ярьж байгаад зөвшөөрсөн. Тэр ярианд нь бол Б бид хоёр огт оролцоогүй. Баттулга хоёр хоногийн дараа гадаад улс руу явах гэж байсан учраас огтоосоо сонирхоогүй. Ингээд дөрвүүлээ доод дэлгүүрээс нь идэж уух зүйл, хүний 3, 3 шилтэй пиво аваад гэрт нь орсон. Гэрт нь орсны дараа Баттулга бид хоёр ерөнхийдөө пиво уунгаа тоглоом тоглоод хоорондоо юм ярьж суусан. Харин А болохоор Баттулга бид хоёр дээр ирэн очин эсхүл гал тогооны өрөөнд байсан Амартүвшин рүү очих зэргээр орж гарч байсан. Амартүвшин бол гал тогоонд юу хийж байсан талаар мэдэхгүй. Авч орсон өвсөө хэрхэн ямар байдлаар ашигласан талаар нь бол мэдэхгүй. Баттулга бид хоёр огт оролцоогүй. Ингээд шөнийн 04-05 цагийн үед гэртээ харихаар ганцаараа явсан. Гэрт нь Амартүвшин, Баттулга, А нар үлдсэн. Миний дараа Баттулга гэртээ харихаар явсан гэж дараа нь ярьж байсан. ...” /1хх 52-53/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4309 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.А 2022.09.3” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. ...” /1хх 62-63/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4311 дугаартай “...“ХТТГ 90 грамм өвс, 73 грамм өвс 3 ширхэг тугалган цаас, хуйлсан 50 төгрөг” гэж хаягласан шаргал өнгийн цаасан уутанд хар саарал өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, улбар шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас 3 ширхэг, АҮ2414906 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэг зүйлийг хийж ирүүлсэн байна. Хар саарал гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 79.3 грамм, цэвэр жин нь 81.4 грамм, улбар шар гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 74.5 грамм, цэвэр жин нь 56.3 грамм тус тус байна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлээс дээж авч органик уусгагчид уусган 7820А GC system 5977E MSD хийн хроматограф масс спектрометр багажаар шинжилгээ хийхэд “ХТТГ 90 грамм өвс, 73 грамм өвс 3 ширхэг тугалган цаас, хуйлсан 50 төгрөг” гэж хаягласан хар саарал өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, улбар шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, тортог мэт зүйлээр бохирлогдсон тугалган цаас 3 ширхэг, АҮ2414906 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад хамаарна. ...” /1хх 65-66/ гэх дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-13/, Б.Агийн биед үзлэг хийж, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Аг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Л.Соёмбо “...оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэн харгалзах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Б.А нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4309 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.А 2022.09.3” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн” гэх дүгнэлт, хор уршиг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөх, тэнсэн харгалзах ялаар солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Л.Соёмбын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 4 дэх заалтад эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “саарал өнгийн гялгар ууттай 90 грамм жинтэй өвс ургамал /цэвэр жин 81.4 грамм/, улбар шар өнгийн ууттай 75 грамм өвс ургамал /цэвэр жин 56.3 грамм/, хар өнгийн тав тогтож бохирлогдсон 3 ширхэг тугалган цаасыг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж” шийдвэрлэсэн хэдий ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарч байх тул эд мөрийн баримт устгах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Л.Соёмбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Шүүгдэгч Б.А нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 14-ний энэ өдрийг хүртэл 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/45 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

4 дахь заалтын “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа саарал өнгийн гялгар ууттай 90 грамм жинтэй өвс ургамал /цэвэр жин 81.4 грамм/, улбар шар өнгийн ууттай 75 грамм өвс ургамал /цэвэр жин 56.3 грамм/, хар өнгийн тав тогтож бохирлогдсон 3 ширхэг тугалган цаасыг устгах, АҮ2414906 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа саарал өнгийн гялгар ууттай 90 грамм жинтэй өвс ургамал /цэвэр жин 81.4 грамм/, улбар шар өнгийн ууттай 75 грамм өвс ургамал /цэвэр жин 56.3 грамм/, хар өнгийн тав тогтож бохирлогдсон 3 ширхэг тугалган цаасыг устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгаж, АҮ2414906 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгасугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Л.Соёмбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 14-ний энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ