Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 305/ШШ2025/00326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.А-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч Д.А нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 09 сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд ***** дүүрэг **** яслид асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1975 оны 05 сарын 16-ны өдөр төрсөн. Одоо 50 настай. Би 1992 оны 06 сарын 17-ноос 1994 оны 09 сарын 03-ны хооронд **** яслид ажиллаж байсан. Орсон тушаал байгаа, гарсан тушаал байхгүй. Иймд 1992 оны 06 сарын 17-ноос 1994 оны 09 сарын 03-ны өдөр хүртэл ****** дүүрэг **** яслид асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-***** яслийн эрхлэгчийн 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаар “Ажлаас чөлөөлж ажилд авах тухай” тушаал,

-мөн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар “Ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

-мөн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17дугаар “Ажилд авч цалинжуулах тухай” тушаал,

-****** дүүргийн ***** яслийн эрхлэгчийн 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар тушаал,

-Д.А-н цалингийн тооцооны карт,

-Д.А-н ***** дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Д.А-н ***** дугаартай хөдөлмөрийн дэвтэр.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Д.А нь 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 09 сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд ***** дүүрэг **** яслид асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3.1. Д.А нь 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** дүүрэг ***** яслид асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь:

-**** яслийн эрхлэгчийн 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаар “...Асрагч А-г асрагч С жирэмсний амралт авсан тул 24-ын ангид асрагчаар түр ажиллуулсугай 1992 оны 6-р сарын 1-нээс эхлэн.” Гэх тушаал,

-мөн цэцэрлэгийн эрхлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар “Тус **** яслийн 24-ын анги нь орон тооны цомхотголд орж байгаа тул доорхи нэр бүхий ажилчдыг 1993 оны 1-р сарын 1-нээс эхлэн бүр мөсөн ажлаас чөлөөлөв... 9. А...” гэх тушаал,

-Д.А-н цалингийн тооцооны картанд **** ясли асрагч гээд 1-3 сарын цалингийн бичилт хийгдсэн,

-Д.А-н ***** дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “1. 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдөр яслид асрагчаар түр авч ажиллуулав. 1992 оны 6-р сарын 17-ны 09 тоот тушаалаар, 2. 1992 оны 12 сарын 25. Түр ажиллаж байгаад орон тооны илүүдлээр ажлаас чөлөөлөгдөв. 1992 оны 12-р сарын 25-ны 25 тоот тушаалаар” гэх бичилт  хийгдэж, тамга тэмдэг дарагдсан зэргээр тогтоогдож байна.

3.2. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр нь нотолгооны ач холбогдлын хувьд шууд, эрх бүхий байгууллагаас гаргасан анхдагч нотлох баримт байх бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөрчил, засвар зэрэг байдлууд тогтоогдоогүй, мөн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тушаал, цалингийн баримт зэрэг бичмэл болон бусад нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэгч Д.А-н ажиллаж байсан байдлыг дээрх байдлаар тогтоосон болно.

4. Иймд Д.А-г 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** дүүрэг **** яслид асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Харин 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр хэрэгт **** яслийн эрхлэгчийн 1993 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 дугаар “А-г үйлчлэгчээр 1993 оны 10 сарын 1-нээс түр авч ажиллуулсугай” гэх тушаал авагдсан боловч тус ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, Хөдөлмөрийн дэвтэрт 1994 оны 09 сарын 03 өдөр өөрийн хүсэлтээр үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх бичилт хийгдэж **** яслийн тамга дарагдсан боловч уг хугацаанд ***** дүүргийн **** яслийн эрхлэгчийн 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар “...сав угаагчаар А-г түр 4-р сарын 01-ний өдрөөс ... томилон ажиллуулсугай” гэх тушаал гарсан зэргээр нотлох баримтууд хоорондоо зөрчилдөж байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д.А-г 1992 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ****** дүүрэг *** яслид асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА