| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2025/0019/з |
| Дугаар | 119/ШШ2025/0034 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 119/ШШ2025/0034
Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би “**” ХМБ-ын Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “201.322.000 төгрөгийн хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч “**” ХМБ нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулж 201.322.000 (хоёр зуун нэг сая гурван зуун хорин хоёр мянган) төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байсан.
Ажиллагааны явцад хэргийн оролцогчид эвлэрч, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээнд заасан нөхцөл болзлоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулж өгнө үү. /Эвлэрлийн гэрээг эх хувиар нь хавсаргав/ гэжээ.
Хэргийн оролцогчдоос 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-ндээ...
...Нэхэмжлэгч:
1. Нэхэмжлэлийн шаардлага болох 201.322.000 (хоёр зуун нэг сая гурван зуун хорин хоёр мянга)-н төгрөгөөс татгалзаж, шинээр эзэмшүүлсэн 800 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ авах ажлыг өөрөө хариуцах;
2. Цаашид дээрх нэхэмжлэлийн шаардлага болон газартай холбоотой ямар нэгэн гомдол, санал гаргахгүй болохоо илэрхийлж;
Хариуцагч:
1. Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн нутаг дэвсгэрт “**” ХК-ийн зүүн талд 800 м.кв газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргах;
2. Шийдвэрийн дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг үүрэг болгох;
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг үндэслэн дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1. Харилцан тохиролцсон нөхцөл:
1.1. Нэхэмжлэгч ** нь нэхэмжлэлийн шаардлага болох 201.322.000 (хоёр зуун нэг сая гурван зуун хорин хоёр мянга)-н төгрөгөөс татгалзаж, цаашид дээрх нэхэмжлэлийн шаардлага болон газартай холбоотой ямар нэгэн гомдол, санал гаргахгүй;
1.2. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн нутаг дэвсгэрт “**” ХК-ийн зүүн талд 800 м.кв газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргах;
1.3. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай шинээр эзэмшүүлсэн 800 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ авах;
2.Улсын тэмдэгтийн хураамж:
2.1 Улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой асуудлыг нэхэмжлэгч буюу “**” ХМБ бүрэн хариуцахаар тохиролцов.
3. Бусад
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов” талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нар нь “...нэхэмжлэгч ** нь нэхэмжлэлийн шаардлага болох 201.322.000 (хоёр зуун нэг сая гурван зуун хорин хоёр мянга)-н төгрөгөөс татгалзаж цаашид дээрх нэхэмжлэлийн шаардлага болон газартай холбоотой ямар нэгэн гомдол, санал гаргахгүй”, “хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн нутаг дэвсгэрт “**” ХК-ийн зүүн талд 800 м.кв газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргах”, “Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай шинээр эзэмшүүлсэн 800 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ авах”, “улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой асуудлыг нэхэмжлэгч буюу “**” ХМБ бүрэн хариуцах”-аар эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлон нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах замаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг өөрөө хариуцахаар “Эвлэрлийн гэрээ”-ндээ тусгайлан заасан тул энэ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нарын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “нэхэмжлэгч ** нь нэхэмжлэлийн шаардлага болох 201.322.000 (хоёр зуун нэг сая гурван зуун хорин хоёр мянга)-н төгрөгөөс татгалзаж цаашид дээрх нэхэмжлэлийн шаардлага болон газартай холбоотой ямар нэгэн гомдол, санал гаргахгүй”, “хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сум ** багийн нутаг дэвсгэрт “**” ХК-ийн зүүн талд 800 м.кв газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргах”, “Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай шинээр эзэмшүүлсэн 800 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ авах”, “улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой асуудлыг нэхэмжлэгч буюу ** ХМБ бүрэн хариуцах”-аар байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ