Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/325

 

 

Х.З, Ц.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батзориг,

цагаатгагдсан этгээд Х.З, түүний өмгөөлөгч О.Буянтөр, Т.Эрдэнэбат,

цагаатгагдсан этгээд Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Мандхай,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/25 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батзоригийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Х.З, Ц.Б нарт холбогдох 2303 00153 0284 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Х-ийн З, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....../;

2. А овгийн Ц-ийн Б, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, “...” ТББ-ын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Х.З нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5-1-71 дугаартай тушаалаар Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэг “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаанд нийцүүлэн ажиллана”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж, Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Цэц-Урлан” ТББ-ын захирал Ц.Бтай “Ажил, үйлчилгээний гэрээ” байгуулсан буюу өөрийн хийх ёстой ажлыг хэрэгжүүлсэний төлөө “Цэц-Урлан” ТББ-ын захирал Ц.Баас 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хермес” худалдааны төвийн ойролцоо 800.000 төгрөгийг бэлнээр авч хахууль авсан гэмт хэрэгт,

Ц.Б нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийж гүйцэтгэхээр 19.946.500 төгрөгийн үнэ бүхий “Ажил үйлчилгээний гэрээ”-г 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулж, мөн өдөр “Хас Гоёл” ХХК-тай Зорчигчийн вагон депогийн 60 жилийн ойн медаль, медалион, хайрцаг зэргийг хийлгэхээр 13.385.000 төгрөгийн үнэ бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, өөртөө 6.561.500 төгрөгийн ашиг олж, өөрт нь эдийн засгийн давуу байдал бий болгох нөхцөлийг бий болгуулсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа Зорчигчийн вагон депогийн ерөнхий инженерээр буюу нийтийн албан тушаалтан Х.Зд 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хермес” худалдааны төвийн ойролцоо 800.000 төгрөгийг ашиг олсны төлөө бэлнээр өгч хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Х.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Зд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч Х.З, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.З, Ц.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батзориг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. Анхан шатны шүүхээс “Шүүгдэгч Ц.Бын мэдүүлгийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн” гэснийг,

прокуророос шүүгдэгч Х.З, Ц.Б нарын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа шүүгдэгч Ц.Бын мэдүүлгийг үндэслэл болгоогүй ба тухайн тогтоолд Ц.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг тусгагдаагүй.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд Х.З нь “Цэц-Урлан” ТББ-ын тэргүүн Ц.Бт давуу байдал бий болгох зорилгоор 19.946.500 төгрөгийн үнэ бүхий ойн медаль, медалион, тэдгээрийн хайрцаг зэргийг худалдан авахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/359 дугаартай “Журам шинэчлэн батлах тухай” тушаал, “Худалдан авах ажиллагааны журам”-ыг зөрчин “Худалдан авах ажиллагаа, борлуулалтын албан”-д хандаж худалдан авах зөвшөөрөл авахгүйгээр мөнгөн дүнг 9.984.000 төгрөг, 9.962.500 төгрөгөөр хоёр хувааж худалдан авах ажиллагаа явуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “...нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна гэдгийг тогтоож, уг үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн үйлдлийг арга, хэлбэр зэргийг агуулсан талаар тогтоолд дурдсан байна.

Харин прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг тусгаж өгсөн ба яллагдагчийн өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж үзсэн ба гэрчээр өгсөн мэдүүлгийг тусгаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг үндэслэсэн боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үгүйсгээгүй байна.

2. Анхан шатны шүүхээс “гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна. Уг баримтууд нь шүүгдэгч нарыг буруутайд тооцох үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна” гэснийг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд “Хугацаа тоолох” талаар хуульчилсан ба 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан гэмт хэргийг 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Хермес” худалдааны төвийн ойролцоо гэж дүгнэснийг анхан шатны шүүхээс үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь өмгөөлөгчийн хамт яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...Ойн медаль хийлгэхээс өмнө энгэрийн тэмдэг болон медалийн загвар зэргийг надаар хийлгэсэн байсан. Энэ худалдан авалтын талаар Х.З дарга хэлж “хүрч ирээд уулзаач ээ” гэсэн хүсэлт тавьсны дагуу би Зорчигчийн вагон депогийн дарга Юлхарсүрэнгийн өрөөнд очиж уулзсан. Тэгэхэд надад 60 жилийн ойн медаль хийх ажил байна гэж хэлсэн. Үүний дагуу энэ худалдан авалтын талаар мэдсэн. “Хас гоёл” ХХК-тай хамтарч ажиллан 13.000.000 гаран төгрөгөөр хийлгэхээр тохирсон. 6.000.000 гаран төгрөгийн ашиг олсон. Тухайн мөнгийг ахуйн хэрэглээ болон ломбардад тавьсан эд зүйлсээ аваад дуусгасан. 800.000 төгрөгийг төмөр замын 60 жилийн ойн баяр болсны дараа “Хермес” төвийн урд талын машин зам дагуу Х.Зд бэлнээр өгсөн. Өмнө нь мөнгө өгч авч байсан өглөг авлагын асуудал байхгүй. Зүгээр ажил дуусаад тэгээд тодорхой хэмжээний ашиг олсон болохоор баярласнаа илэрхийлж өгсөн...” гэх мэдүүлэг өгсөн ба уг мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар давхар нотлогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Ц.Б, Х.З нарын үүрэн холбооны операторын мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл “2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 41 удаа утсаар холбогдсон” /1хх 183-184/,

“Цэц Урлан” ТББ, Ц.Б нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл “Ц.Б нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цаг 32 минутад 900.000 төгрөг бэлнээр авсан” /1хх 185/ зэрэг нөхцөл байдал тогтоогдсон ба “Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц”-ийн 28 дугаар зүйлд “Энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хахууль авсан, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүхээс Ц.Б, Х.З нарын үүрэн холбооны операторын мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, “Цэц Урлан” ТББ, Ц.Б нарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг няцаасан баримт, хууль зүйн дүгнэлтийн цагаатгах тогтоолд дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэсэн эсэргүүцэл бичих үндэслэлд хамаарч байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/25 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Х.Згийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолыг үндэслэлтэй, прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих ёстой. Гэтэл энэ хэрэгт прокурорын эсэргүүцлийн албан ёсны бланк дээр дээрх эсэргүүцэл бичигдсэн байсныг өмгөөлөгчийн хувьд дурдаж байна. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт прокурор тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримт тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана гэж заасан. Гэтэл манай үйлчлүүлэгч Х.Зд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон нотлох баримт хангалттай байхгүй. Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг болон гар утасны хоорондоо ярилцсан яриа, дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг үндэслэн яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Х.Зг яллагдагчаар татах үндэслэл болоод байгаа мэдүүлэг авсан тэмдэглэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан зарим зүйл заалтыг тайлбарласан. Энэ тогтоолд гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл бий бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна гэж тайлбарласан. Гэтэл үнэн зөв мэдүүлэг өгсөн, бусдад хээл, хахууль өгсөн гэдэг байдлаар мэдүүлэг дууссан. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс үндэслэлгүй мэдүүлэг гэж үзэж байна. Мөн прокурорын эсэргүүцэлд дурдагдсан байсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд гэмт хэрэг гарсан хугацааг тогтоогоогүй байна гэж дурдсан. Гэмт хэрэг хэзээ гарсан гэдэг асуудлыг нотолбол зохих асуудалд хамааруулж заасан. Гэтэл прокурорын эсэргүүцэлд иш татсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлд хугацааг цаг, минут, хоног, сар, жилээр тоолно гэж заасан. Үүнтэй дүйцэж байгаа юм. Энэ заалт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаа байгаа. Хуульд зааснаар гэмт хэрэг гарсан хугацаа гэдэг нь тусдаа ойлголт юм. Хэзээ гэмт хэрэг гарсан гэдгийг хуульд тодорхой нотлохыг зааж өгсөн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг хэзээ гарсан гэдгийг тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, прокурорын татсан тогтоол болон яллах дүгнэлтэд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд дээрх гэмт хэрэг гарсан гэж гэмт хэрэг гарсан хугацааг нарийвчилж тогтоогүй гэж үзэж байна. Тиймээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Х.Згийн өмгөөлөгч О.Буянтөр тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Бын өмгөөлөгч Б.Мандхай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэв Ц.Б өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа бол маршрутаар явуулаад яг энд үйлдэгдсэн гэдгийг шалгах боломжтой байсан. Гэтэл энэ хэрэгт холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Медаль, медалион хийлгэсэн баримтууд хэрэгт авагдсан байгаа. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор Ц.Б, Х.З нар хахууль өгсөн, авсан гэсэн асуудалд ямар ч хамааралгүй нотлох баримтууд хэрэгт авагдаж, энэ хэрэг анхнаасаа буруу шалгагдсан гэж үзэж байгаа. Тийм учраас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд Х.З тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Б тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүх Х.З, Ц.Б нарт холбогдох хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Х.З, Ц.Б нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч нарын 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд утсаар ярьсан, 10 дугаар сарын 30-ны орой бэлэн мөнгө авсан баримтуудаар шүүгдэгчийн мэдүүлэг нотлогдсон ба гэмт хэрэг 10 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд үйлдэгдсэн байна гэж таамаглалд үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна. Гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ. ...” гэж дүгнэсэн атлаа “...Шүүгдэгч Ц.Б нь банкнаас бэлэн мөнгө авсан, утсаар шүүгдэгч Х.Зтой харилцсан нь түүнийг хахууль өгсөн болохыг хөдөлбөргүй нотолсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэм буруутай эсэх нь эргэлзээтэй тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэлээ” гэсэн хоёр өөр агуулга бүхий эргэлзээтэй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүхээс тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэдэг учиртай.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Х.З, Ц.Б нарын хахууль авах, өгөх гэмт хэрэг нь яллагдагч нарын мэдүүлгүүд, хоорондоо гар утсаар ярьсан лавлагаа зэргээр тогтоогдож байх боловч энэ гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болохыг прокуророос хөдөлбөргүй тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” гэж заасныг зөрчсөн байна. Тухайлбал,

Ц.Бын депозит дансны дэлгэрэнгүй хуулга хавсаргагдсан бөгөөд “2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 32 минутанд ATM 763-аас 900.000 төгрөгний зарлага гаргасан байдлыг хамаатуулж гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 10 дугаар сарын 30-наас 31-ний хооронд гэж цаг хугацааг тогтоож байгаа нь учир дутагдалтай болжээ. Учир нь: шүүгдэгч Ц.Бын мэдүүлгээр “800.000 төгрөг 60 жилийн ойн баяр болсны дараа “Хермес” төвийн урд талын машин зам дагуу өгсөн” гэх бөгөөд ойн баяр нь хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр болж өнгөрснийг тогтоож нотлох баримтуудыг баримтат мэдээллийн хүрээнд гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, лавлагаа, тодорхойлолт зэргийг хуульд заасан бусад баримтаар тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд прокурор Ч.Батзоригийн бичсэн эсэргүүцлийн “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/25 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.

Цагаатгагдсан этгээд Х.З, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/25 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Х.З, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ