Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00397

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***** аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй

М ХХК-ийн захирал Г.Б-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: М ХХК-ийн өмчлөгч, захирал Г.Б-г эрэн сурвалжлуулах тухай.

 

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: **** регистрийн дугаартай М ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн татвар төлөгчөөр бүртгэгдсэн. М ХХК нь одоог хүртэл татварын албанд газрын төлбөр 4,771,200 төгрөг, АТБӨЯХАТ 250,356 төгрөг, АБТ 10,500 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй. Одоогийн байдлаар нийт 5,032,056 төгрөгийг нэхэмжлэх шаардлагатай болоод байна. Үүнийг нэхэмжлэхийн тулд хариуцагч тал М ХХК-ийн хаягийг тодорхой болгох шаардлагатай байх тул эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. Иймд М ХХК-ийн өмчлөгч, захирал Г.Б-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Монголын татварын албаны Татвар төлөгчийн гэрчилгээ,

-М ХХК-ийн өрийн судалгаа,

-М ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч ***** аймгийн **** газрын хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М ХХК-ийн захирал Г.Б-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ***** аймгийн ***** газар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ ... **** регистрийн дугаартай М ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн татвар төлөгчөөр бүртгэгдсэн. М ХХК нь одоог хүртэл татварын албанд газрын төлбөр 4,771,200 төгрөг, АТБӨЯХАТ 250,356 төгрөг, АБТ 10,500 төгрөгийн өр төлбөрийг төлөөгүй. Одоогийн байдлаар нийт 5,032,056 төгрөгийг нэхэмжлэх шаардлагатай болоод байна. Үүнийг нэхэмжлэхийн тулд хариуцагч тал М ХХК-ийн хаягийг тодорхой болгох шаардлагатай байх тул эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. Иймд М ХХК-ийн өмчлөгч, захирал Г.Б-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү … гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана... гэж, 14.4 дэх хэсэгт ...Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно... гэж заажээ.

4. Нэхэмжлэгч ***** аймгийн ***** газар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М ХХК-ийн захирал Г.Б-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргах эрхтэй болох нь Монголын татварын албаны Татвар төлөгчийн гэрчилгээ, М ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлд үүсгэн байгуулагч 1, үүсгэн байгуулагчдын жагсаалт: Г.Б, хөрөнгийн төрөл өөрийгөө санхүүжүүлдэг, хөрөнгө оруулсан хувь 100 гэж бүртгэгдсэн, М ХХК-ийн өрийн судалгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч **** аймгийн **** газар нь Г.Б-н байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авч лавлаж сурагласан боловч байгаа газрыг тодруулж чадаагүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа явдал нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд М ХХК-ийн захирал Г.Б-г Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

/ М ХХК-ийн захирал Г.Б, хаяг: **** аймаг, РД: ****** болно./

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд М ХХК-ийн захирал Г.Б-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар Г.Б-г эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосон тохиолдолд энэ тухай нэхэмжлэгч **** аймгийн **** газарт мэдэгдэхийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА