Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2024/ДШМ/326

 

 

Ц.А, Б.Д, Д.М

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

цагаатгагдсан этгээд Ц.А, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, Л.Жавзмаа,

цагаатгагдсан этгээд Б.Д, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,

цагаатгагдсан этгээд Д.М, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/1221 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Халиуны бичсэн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр Ц.А, Б.Д, Д.М нарт холбогдох 2011 01440 0283 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Ц-ын А, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, нягтлан бодох бүртгэлийн бизнесийн удирдлага, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажиллаж байсан, одоо ...ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

2. Ш овгийн Б-ийн Д, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотоод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “...” сайтын эрхлэгч ажилтай, ам бүл ... хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

3. У овгийн Д-ын М, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “....” төрийн бус байгууллагын захирал ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, РД:...../;

Ц.А нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг ... байхдаа,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Аймаг, нийслэлийн, сум дүүргийн Хурал төсөвтэй байх бөгөөд түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн Хурлын нарийн бичгийн дарга захиран зарцуулна” гэж тус тус албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж буюу Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, хэтрүүлэх” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”-ийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэснийг,

Ажлын байрны /Албан тушаал/-ны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт 9-д “Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Хурлын байгууллагын төсөв, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх” гэснийг тус тус зөрчиж,

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор батлагдсан Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 11, 12 дахь хэсгүүдэд тусгагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар иргэд, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай захирамжаар байгуулагдсан “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, баталсан төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл, контент бэлтгэн иргэд, олон нийтэд телевиз, сонин хэвлэл, цахим сүлжээгээр дамжуулан хүргэх, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” гэсэн чиг үүрэг бүхий ажлын хэсгээс “Смхт” НҮТББ-ыг 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хуралдан гүйцэтгэгчээр сонгон шалгаруулахад

“Смхт” НҮТББ-ын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Хамтран ажиллах тухай” албан бичиг, 2020 оны гэж сар, өдрийн тэмдэглэгээ байхгүй “Байгууллагын танилцуулга” гэсэн баримт бичиг, “Дуулиант бүтээлүүд” ТББ-ын “Санал хүргүүлэх” тухай гэсэн албан бичиг зэрэг материалыг бичиг хэргийн ажилтан Б.Ариунжаргалд өгч, ирсэн бичигт бүртгүүлэн, түүгээр “Смхт” НҮТББ болон “Эм Эн Си”, “ТВ5”, “Ю Би Эс” зэрэг телевизүүдэд “ажлын санал тавин үнийн санал ирүүлэхээр хандсан” агуулга бүхий албан бичгийн төслүүдийг бэлтгүүлж гарган гарын үсэг зурж, тус албан бичгүүд нь “Смхт” НҮТББ болон “Дуулиант бүтээлүүд” ТББ-ын 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан албан бичгүүдээс 7 хоногийн өмнө хүргэгдсэн мэтээр огноо, дугаар тавих үүргийг өгч, огноо, дугаарыг тавиулж нөхөн бүрдүүлж, тус баримт, материалуудаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт өгөх зэргээр 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, ажлын туршлагагүй “Смхт” НҮТББ-ыг гүйцэтгэгчээр сонгон шалгарах нөхцлийг зориудаар бүрдүүлж,

улмаар ажлын хэсгээс түүний бүрдүүлж өгсөн баримт, материалд үндэслэн тус хуулийн этгээдийг сонгон шалгаруулсны дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр “Смхт” ТББ-тай 20/03 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулан ямар нэгэн гэрээ дүгнэсэн акт, хийгдсэн ажил, үйлчилгээ байхгүй байхад Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/02 дугаартай 40.000.000 төгрөгийн “Зардал гаргах тухай” тушаал гаргаж, 18.000.000 төгрөгийг “Смхт” НҮТББ-ын Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлж, эдийн засгийн давуу байдал бий болгон, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөвт 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Д нь Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, баталсан төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл, контент бэлтгэн иргэд, олон нийтэд телевиз, сонин хэвлэл, цахим сүлжээгээр дамжуулан хүргэх, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” гэсэн ажлын хүрээнд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийнх нь үйл ажиллагааг нь удирдан явуулдаг “Смхт” НҮТББ-д үнийн санал авахаар хандаж албан бичиг болон ажлын даалгавар хүргүүлээгүй болохыг мэдсээр байж, “Смхт” НҮТББ-ын “Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд” гэж хаягласан 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гэж сар, өдрийг гараар бичиж огноолсон 05 дугаартай “Танай байгууллагаас ирүүлсэн урилгын дагуу ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны товч тайлан мэдээлэл, 2020 оны үйл ажиллагаа, хурлаас гарсан тогтоол шийдвэр, түүний хэрэгжилтийг иргэд олон нийтэд өдөр тутмын 3 сонин, 5 сайт, 3 телевизээр сурталчлан таниулах, шаардлагатай танилцуулга нэвтрүүлэг бэлтгэх, контентыг өөрийн студид чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, хурлын талаар ярилцлага нийтлэлийг бэлтгэн хүргэх боломжтой юм. Танай байгууллагаас ирүүлсэн 2020 оны ажлыг нэг жилийн хугацаанд олон нийтэд хэвлэл, мэдээлэл, телевизээр, сайтаар мэдээлэл түгээх, ИТХ-ын нэвтрүүлэг бэлтгэх ажлыг 40 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх саналыг үүгээр хүргүүлж байна...” гэсэн “Хамтран ажиллах санал хүргүүлэх тухай” албан бичиг болон “Смхт” ТББ-ын “2020 оны” гэж сар, өдөр бичигдээгүй 06 дугаартай “Байгууллагын тухай танилцуулга” гэсэн баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын “Б” байрны мэдүүлэг авах албан өрөөнд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас манайд ирсэн бичиг нь 2 дугаар сарын 04-ний өдөр билүү. Ямар ч байсан 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш ирсэн. Ямар ч байсан Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас бичиг ирсний дараа манай данс руу мөнгө шилжиж орж ирсэн гэдгийг баталгаатай хэлнэ...” гэж,

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Манайх эхэлж байгууллагын танилцуулгаа хүргүүлсэн. Түүний дараа Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас үнийн санал авах бичиг ирэхээр нь тэр дагуу нь би үнийн саналаа хүргүүлсэн. Би эхлээд байгууллагын танилцуулга хүргүүлсэн. Тэгсэн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас үнийн санал авах тухай албан бичиг ирсэн. Тэгэхээр нь манайх үнийн санал хүргүүлсэн...” гэж тус тус зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт,

Д.М нь эрүүгийн 2011014400283 дугаартай Ц.А нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, баталсан төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл, контент бэлтгэн иргэд, олон нийтэд телевиз, сонин хэвлэл, цахим сүлжээгээр дамжуулан хүргэх, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” гэсэн ажлын хүрээнд 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийнх нь үйл ажиллагааг нь удирдан явуулдаг “Дуулиант бүтээлүүд” ТББ-д үнийн санал авахаар хандаж албан бичиг болон ажлын даалгавар хүргүүлээгүй болохыг мэдсээр байж, “Дуулиант бүтээлүүд” ТББ-ын “Чингэлтэй дүүргийн ИТХ-д” гэж хаягласан 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гэж сар, өдрийг гараар бичиж огноолсон, 3 дугаартай “...Манай байгууллага нь Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн урилгын дагуу тус газрын 2020 оны үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг ирүүлсэн албан даалгаврын дагуу 44 сая төгрөгт гүйцэтгэх боломжтойгоо үүгээр илэрхийлж байна...” гэх “Санал хүргүүлэх тухай албан бичиг”-ийг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Ад ямар учраас өгсөн талаараа тайлбарлаж мэдүүлэг өгөхдөө буюу мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын “Б” байрны 107 тоот албан өрөөнд “Манай байгууллагад Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан бичиг ирээд түүнд үндэслээд манайх үнийн санал, бүхий албан бичгийг 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлсэн...” гэж зориуд худал мэдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Д, Д.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Д, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011014400283 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х овогт Ц-ын А, Ш овогт Б-ийн Д, У овогт Д-ын М нарыг цагаатгаж, шүүгдэгч Ц.А, Б.Д, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.А, Б.Д, Д.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд тушаасан 18.000.000 төгрөгийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч “Смт” НҮТББ-д буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч Ц.А, Б.Д, Д.М нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн 2011014400283 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Халиун бичсэн эсэргүүцэлдээ: “1. Анхан шатны шүүхээс “...шүүгдэгч Ц.Аыг буруутгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох объектив болон субьектив талын шинж бүрэн үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн. Тодруулбал гэмт хэргийн объектив талын шинж болох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив талын шинжийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж өөртөө, эсхүл бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй” байхаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байхдаа, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан “Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, баталсан төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээлэл, контент бэлтгэн иргэд, олон нийтэд телевиз, сонин хэвлэл, цахим сүлжээгээр дамжуулан хүргэх, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” ажлын хэсгийг үүсгэн байгуулагдаад 4 хонож байгаа ажлын туршлагагүй “Смхт” НҮТББ-ыг сонгон шалгаруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан дараах идэвхтэй үйлдлүүдийг хийсэн болох нь тогтоогдсон.

Тухайлбал, үнийн санал авах тухай албан бичгийг ажил гүйцэтгэгч хуулийн этгээдүүдэд хүргүүлэх, хариуг авах зэрэг ажил нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн чиг үүрэгт хамаарах асуудал байхад өөрийн шууд удирдлагад ажилладаг бичиг хэргийн ажилтан Б.Ариунжаргалд “Смхт” НҮТББ болон “Эм Эн Си”, “ТВ5”, “Ю Би Эс” зэрэг телевизүүд рүү ажлын саналын урилга бүхий үнийн санал авахаар хандсан албан бичгүүдийг бэлтгүүлж, гарын үсэг зурж баталгаажуулан, тус албан бичгүүдийг өмнө нь хүргүүлсэн мэтээр дугаар, огноог тавиулж нөхөн бүрдүүлсэн.

Улмаар нөхөн бүрдүүлсэн дээрх баримтуудыг “Смхт” НҮТББ-ын “Хамтран ажиллах тухай” албан бичиг болон “Байгууллагын танилцуулга” гэсэн баримт бичиг, “Дуулиант бүтээлүүд” ТББ-ын “Санал хүргүүлэх” гэсэн албан бичиг зэрэг урьдчилан өөрт нь байсан баримт, материалуудын хамт сонгон шалгаруулалтыг явуулахаар томилогдсон ажлын хэсэгт хүргүүлсэн.

Ажлын хэсгээс түүний нөхөн бүрдүүлсэн баримт, материалд үндэслэн “Смхт” НҮТББ-ыг сонгон шалгаруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан даруйд ямар нэгэн гэрээ дүгнэсэн акт, хийгдсэн ажил, үйлчилгээ байхгүй байхад тус хуулийн этгээдэд 18.000.000 төгрөгийг урьдчилж олгох замаар буюу албаны чиг үүргийн хувьд хийх ёсгүй үйлдлийг хийж, давуу байдал бий болгосны улмаас Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөвт эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын 28 дугаар зүйлд “Энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан бөгөөд Ц.А нь “Смхт” НҮТББ-д эдийн ашигтай байдал бий болгох гэсэн санаа, зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болох нь түүний дээрх санаатай хэд хэдэн үйлдлүүдээр болон тогтоогдсон үйл баримтуудаар нотлогдсон байхад анхан шатны шүүхээс гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинж тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Түүнчлэн Ц.Аын үйлдэл нь хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад тэгш шударгаар өрсөлдөн ажил, үйлчилгээг гүйцэтгэх эрхийг шударгаар олж авах бусдын эрх ашгийг хасаж хязгаарласан, түүнчлэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулж, төрийн байгууллага зохих ёсоор ажил үйлчилгээг авч чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн байх тул түүний үйлдлийг албаны эрх ашгийн эсрэг үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архиваас 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11/2928 дугаартай албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаагаар “Смхт” НҮТББ нь 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдсан буюу үүсгэн байгуулагдаад 4 хонож байсан, ямар нэгэн ажлын туршлагагүй хуулийн этгээд бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасан боловч анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Шүүхээс “...Шүүгдэгч Ц.Аын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул энэхүү гэмт хэргээс улбаалж худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэргийг мөн адил үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэж дүгнэжээ.

Б.Д, Д.М нар нь “Санал хүргүүлэх тухай албан бичиг”-ийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Ад ямар учраас өгсөн талаараа тайлбарлаж мэдүүлэг өгөхдөө буюу мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын албан өрөөнд зориуд худал мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үнийн санал авах албан бичгийг “Дуулиант бүтээлүүд” ТББ-д хүргүүлээгүй, Ц.А нөхөж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон байхад Д.М нь дээрх байдлаар ирээгүй албан бичгийг үндэслэж 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн гэж мэдүүлснээс үзэхэд, тэдний үйлдэл “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх төдийгүй худал мэдээлэх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна.

Тодруулбал, хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээлбэл хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Анхан шатны шүүх худал мэдүүлэх гэмт хэргийг авлигын гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тул үүнээс улбаалж зориуд худал мэдүүлэг өгсөн нь гэмт хэрэг биш хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлийг бий болгожээ.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А, Б.Д, Д.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Ц.Шагдар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Э.Халиуны бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс Ц.А, Б.Д, Д.М нарыг цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнд худал мэдүүлэг өгөх, давуу байдал олгох гэх хоёр гэмт хэргийн шинж байгаа. Субьектив санаа зорилго тогтоогдоогүй гэж байна. Сонгон шалгаруулах үйл ажиллагаа Тендерийн тухай хуульд зааснаар бусад байгууллагуудаас үнийн санал ирүүлсний дараа шаардлага хангаж байгаа нөхцөл байдалтай уялдуулж хамгийн бага шаардлага хангасан үнийн саналтай компанийг шалгаруулах ёстой байсан. Гэтэл Ц.А бусад байгууллага руу хүргүүлээгүй албан бичгийг хүргүүлсэн мэтээр боловсруулж ажлын хэсэгт гарган өгч улмаар ажлын хэсэг дээрх нөхцөл байдлыг үнэлэн “Сонгомол” ХХК-ийг шалгаруулсан нь Ц.Аын үйлдлийг нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн компанийг шалгаруулахын тулд бусад компаниас санал авсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж бусад компаниас үнийн санал ирсэн мэтээр ажлын хэсэгт танилцуулсан. Тухайн конвенцид Монгол Улс нэгдэн орсон тул үүнийг дагаж мөрдөх ёстой. Тухайн үйлдлээр нь гэмт хэргийн субьектив санаа зорилгыг тогтоох боломжтой. Давуу байдал олгох гэмт хэргийн хувьд албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гэсэн хоёр шинжийг агуулдаг. Дээрх үйлдэл албаны эрх ашгийн эсрэг үйлдэгдсэн. 18.000.000 төгрөгийг тухайн компанид шилжүүлснээр бусад хуулийн этгээдүүдийн оролцох боломжийг хаасан. Анхан шатны шүүхээс давуу байдал бий болгосон гэж үзээгүй учраас худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл худал мэдүүлэг өгөх нь бие даасан гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл хууль сануулж гарын үсэг зуруулж мэдүүлэг авсан байхад худал мэдүүлэг өгсөн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Үүнийг анхан шатны шүүх хоёр өөр үйлдлийг нэг зүйл заалтаар шийдэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол бүхэлдээ үндэслэлгүй.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Аын өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1221 дугаартай цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй байхад прокурор эсэргүүцэл бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглах, хийх ёстой үйлдлээ хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийж эрх мэдлээ урвуулан ашиглаж эдийн болон эдийн бус байдлыг өөртөө бий болгосон учраас энэ гэмт хэргийн субьект мөн гэж үзсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн шинжгүй гэдгийг мөрдөн байцаалтын шатанд хэлсэн. 2023 оны хамтран ажиллах гэрээ төгс байгуулагдаагүй. Чингэлтэй дүүргийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн А/02 дугаартай 40.000.000 төгрөгийн зардал гаргах тухай тушаал гаргахад хамтарсан комисс байгуулагдаад комиссын даргад танилцууж хууль ёсны дагуу 18.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн сонгон шалгаруулалт болсноос 4 хоногийн дараа буюу 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн хамтран ажиллах гэрээг байгуулж 2 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгааг өгсөн. Хийгдээгүй ажлыг дүгнэх боломжгүй байхад гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй. Гэрч н.Ариунжаргалын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. Цагаатгагдсан этгээд Ц.А нь энэ гэмт хэрэгт холбогдсноос хойш бамбайн булчирхайн хорт хавдар өвчнөөр оношлогдсон тул ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд орсон. Мөн түүний нөхөр нас барсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Аын өмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс цагаатгагдсан этгээд Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив, субьектив тал бүрэн үгүйсгэгдсэн гэж дүгнэсэн. Гэмт хэргийн объектив шинж болох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдлыг тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл, 2.2 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн объектив талын шинжийг нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлж, өөртөө буюу бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэхдээ төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулахдаа эдийн давуу байдал олгосон гэж дүгнэсэн. Тендерийн сонгон шалгаруулалтаар хурлын дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулж үйл ажиллагаагаа явуулсан. Гэрээ байгуулахаас өмнө сонгон шалгаруулалт явуулахад хоёр төрийн бус байгууллага ирж оролцсон. Үүнээс “Смхт” ТББ-ыг шалгаруулсан. Хавтаст хэрэгт ажлын хэсэгт орж сонгон шалгаруулалт явуулсан хүмүүс гэрчээр мэдүүлэг өгч нотолсон. Цагаатгагдсан этгээд Ц.А ажлын албаны даргын хувьд гэрээнд гарын үсэг зурсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт захиалагч ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болно гэж заасны дагуу сонгон шалгаруулалтаар тэнцсэн байгууллагад мөнгийг шилжүүлж өгсөн. Ажлын албаны гаргасан шийдвэр хүчинтэй байх тул сонгон шалгаруулалтад нөлөөлөөгүй. Прокурор гэрээ дүгнэсэн акт байхгүй, хийгдсэн ажил үйлчилгээ байхгүй байхад мөнгө шилжүүлсэн гэж буруутгасан. Ц.А ажлын хэсгийн шийдвэр гарч, гэрээнд гарын үсэг зурж, гэрээний дагуу урьдчилгааг шилжүүлсэн. Үүн дээр мөнгө шилжүүлсэн Ц.Аыг буруутгаад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж байгаа. Ямар үед эдийн засгийн давуу байдал бий болох вэ гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдож байгаа. Яллах дүгнэлтэд үйлдлүүдийг нь цаг хугацаагаар бичиж дүгнэх боломжтой эсэх асуудал байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив, субьектив тал тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр дэмжиж байгаа. Албан тушаалын эсрэг байх, хэн нэгэн этгээдийн эрх ашиг сонирхолд харш үр дагавар үүсгэсэн байх, үр дагавар үүсэхийг урьдчилан мэдэж санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн бол субьектив шинжийг агуулна. Үйлдлийн улмаас ямар байгууллагын үйл ажиллагаа доголдож, хэвийн бус байдал алдагдаж хохирч, нийгмийн харилцаа зөрчигдсөн бол объектив шинжийг агуулдаг. Дээрх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Цагаатгах тогтоолын 14 дүгээр хуудсанд гэрч н.Ариунжаргал 3 удаа мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Элчин сайд руу явуулсан санал, урилга зөв, сонгон шалгаруулалтад орж байгаа байгууллагууд руу явуулсан санал урилга буруу гэж дүгнэснийг ойлгоогүй. Санал урилга явуулсан байгууллагууд руу давхардаж 27 дугаарыг явуулсан. Үүнийг аль байгууллага руу түрүүлж явуулж, яаж буруутгаад байгаа нь ойлгомжгүй. Улсын яллагч Ц.Аыг удирдах албан тушаалтандаа заавар зөвлөгөө өгсөн гэж байгаа. Яллах дүгнэлтдээ Ц.Аын бүрдүүлж бэлэн болгосон гэж дурдаад байгаа. Гэтэл ямар баримт өгсөн нь тодорхойгүй. Анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоол Монгол Улсад үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан нөхцөлүүдийг хангаж, хууль ёсны дагуу гарсан. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Дгийн өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Прокурор Б.Дг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Шүүх үүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш байна гэх үндэслэлээр цагаатгасан. Б.Д, Д.М нарт “үнийн санал өгөх” албан бичиг байсан. Үүнийг хавтаст хэрэгт болон Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн. Тухайн бичиг өөрсдөд нь байсан учраас “бичиг ирсний дараа үнийн саналаа явуулсан” гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. Үүнийг нь прокурор “бичиг ирээгүй байхад, ирсэн гэж худал мэдүүлэг өгсөн байна” гэх үндэслэлээр ялласан нь үндэслэлгүй гэж өмгөөлөгч нар мэтгэлцсэн. Шүүх үүн дээр дүгнэлт өгч миний үйлчлүүлэгч Б.Дг цагаатгасан нь үндэслэлтэй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Мгийн өмгөөлөгч Б.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолын Д.Мд холбогдох хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Д.Мгаас мэдүүлэг авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр буруу бичсэн гэж үзээд Д.Мгийн үйлдэлд “худал мэдүүлэх” гэмт хэргийн шинж байхгүй гэж дүгнэсэн. Зориуд худал мэдүүлэх гэмт хэрэг нь зөрүүтэй, ялгаатай гэх шинжээр хангагддаггүй. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг учраас хэн нэгнийг эрүүгийн хариуцлагаас зайлхийхэд туслах, эсхүл бусдыг гүтгэх зорилготой үйлдлийг гэмт хэрэг гэж үзнэ. Гэтэл Д.Мд ямар субьектив зорилгоор мэдүүлэг өгсөн гэдэг дээр дүгнэлт хийгээгүй, зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр буруутгасан нь үндэслэлгүй. Мэдүүлэгт үндэслэж шийдвэрлэх хэрэгт худал мэдүүлэг өгөх боломжтой. Иймд мэдүүлэг авах процесс ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан уу гэдэг нь чухал юм. Дуу дүрсний бичлэг дээр яригдаж байгаа зүйл, хэрэгт байгаа мөрдөгчийн тэмдэглэл хоорондоо зөрүүтэй. Д.Мг “2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 44.000.000 төгрөгийн үнийн дүнгээр тухайн ажлыг гүйцэтгэж болно гэх бичиг хүргүүлсэн гэж” буруутгасан. Мөрдөгч гар утаснаасаа дуу, дүрсний бичлэгт үндэслэж мэдүүлэг авсан. Харин Д.М “2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 44.000.000 төгрөгөөр тухайн ажлыг гүйцэтгэж болно гэж хариу бичиг хүргүүлсэн” гэж огт мэдүүлээгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөгч Д.Мгийн хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр мэдүүлэгт тэмдэглэж, түүнийг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулсан нь үндэслэлгүй. Мөн Ц.Аын үйлдлийг Д.Мгийн үйлдлээс тусад нь дүгнэж, шийдвэрлэсэн.” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн цагаатгах тогтоолыг дэмжиж, прокурор Э.Халиуны бичсэн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Д тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.М тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ц.А, Б.Д, Д.М нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт,

Б.Д, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т-ийн мэдүүлэг, төлбөрийн хүсэлт, зардал гаргах тухай тушаал, ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, “Дуулиант бүтээлүүд” ТББ-ын санал хүргүүлэх тухай албан бичиг, “Смхт” ТББ-ын хамтран ажиллах санал хүргүүлэх тухай албан бичиг, “Смхт” ТББ-ын тухай танилцуулга, Ц.Ааас “MNC, UBS, TV5 телевизед” гэж хаягласан албан бичиг, гэрч Д.Б, Ж.Г, Н.Я, Л.А, Д.М, Б.М, Б.А, Б.А, иргэний хариуцагч Б.Д нарын мэдүүлгүүд, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг яллах үндэслэл болгожээ.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дугаартай захирамжаар “...олон нийтэд телевиз, сонин хэвлэл, цахим ажлын хэсгийг Ж.Г /ИТХ-ын ажлын албаны удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга/, Л.А /ИТХ-ын ажлын албаны удирдлага зохион байгуулалтын хэлтсийн эрх зүйн ажилтан бөгөөд хүний нөөц/, Н.Янжинлхам /ИТХ-ын ажлын албаны удирдлага зохион байгуулалтын хэлтсийн хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологи хариуцсан ажилтан/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хууль, журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг эргэн тайлагнахыг Ж.Г-д үүрэг болгожээ.

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ж.Г, Л.А, Н.Я нар нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилт, мэдээ мэдээлэл, захиалгат нэвтрүүлгийг үзэгчдэд үнэн зөв, шуурхай хүргэх мэргэжлийн туршлагатай 4-5 байгууллагад урилга хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлын хэсгийн 2 дахь хуралдаанаар Ж.Г-ын “...Бид судалж үзээд хамгийн туршлагатай шаардлага хангах 5 байгууллагад урилга хүргүүлсэн. Урилга хүргүүлсэн 5 байгууллагаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Дуулиант бүтээлүүд” ТББ 44 саяаар, “Смхт” ТББ 40 саяаар хийж гүйцэтгэх санал ирүүлсэн байна. Энэ хоёр байгууллагаас зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах шаардлагатай байна” гэж үзэн Н.Я, Л.А нарын саналыг авч “Смхт” ТББ-ыг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн байна.

Ажлын хэсэг “Смхт” НҮТББ-ыг сонгон шалгаруулсан нь Ц.А уг төрийн бус байгууллагыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн гэм буруугүйд тооцсон дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ц.А нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд нийтийн албан тушаалтан мөн боловч албаны эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэх үндсэн шинжид хамаарахгүй байна.

Шүүгдэгч Д.М, Б.Д нарын үйлдэлд шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар шүүгдэгч Д.Мгийн 3 удаагийн мэдүүлэг өгсөн үйл явцыг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий Сиди-г шинжлэн судалсан бөгөөд энэхүү баримтаар шүүгдэгч Д.Мг гэрчээр асуухдаа мөрдөгчөөс шүүгдэгч Д.Мгийн огт хэлээгүй зүйлийг хэлсэн болгож бичсэн, мөн хэлсэн зүйлсийг дутуу тусгасан, зарим хэлсэн зүйлийг нь огт тусгаагүй, тулгасан, хөтөлсөн мэдүүлгийг авсан, өмгөөлөгчтэй мэдүүлэг авахдаа хуульд заасан өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох, сэжигтэн, ялллагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль зүйн туслалцаа авах эрхээр бүрэн хангасан гэхэд учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын хийгээд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Иймд, цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурор Э.Халиуны 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2023/ШЦТ/1221 дүгээр цагаатгах  тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2023/ШЦТ/1221 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        

                                     ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ