Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 305/ШШ2025/00323

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот *** дүүрэг, 3-р хороо *** хороолол *** байр, *** тоотод оршин суух, Х овгийн С-ын Д-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** 4 давхар *** тоотод оршин суух, Г-ын Б-д холбогдох,

зээлийн гэрээний эргэн төлөлтөд илүү шилжүүлсэн 93,600,000 төгрөгөө буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээг бичгээр хийгээгүй боловч фэйсбүүк чатаар харилцан мөнгө зээлж авах хүсэлт гаргаж, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 21 удаагийн гүйлгээгээр 417,000,000 төгрөг зээлэн аваад буцаагаад 40 удаагийн гүйлгээгээр 510,600,000 төгрөгийг буцаан шилжүүлжээ. Ингэж мөнгө зээлэхдээ нэг өдрийн 10 хувийн хүүтэй өсгөн өгч зах зээл дээр байхгүй хэт өндөр хувиар хүү төлж өгч байсан. Одоо хууль зүйн зөвлөгөө авсны үндсэн дээр ийм их илүү хүү төлөх нь хууль бус төлөлт болохыг ойлгож, буцаан нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж нэхэмжилж байгаа болно. Энэ байдлыг нотлох баримт болгож нэхэмжлэгч өөрийн Хаан банкны 3 дансны хуулга, Төрийн банкны 1 дансны хуулгыг хавсарган өгч байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч С.Д  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Г.Б-д  үүсгэсэн хэрэгт нэхэмжлэгч С.Д  миний бие харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

С.Д гийн нэхэмжлэлтэй, Г.Б-д  холбогдох зээлийн гэрээний эргэн төлөлтөд илүү шилжүүлсэн 93,600,000 төгрөгөө буцаан гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч С.Д  нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь шүүхэд ирүүлсэн “...Г.Б-д  үүсгэсэн хэрэгт нэхэмжлэгч С.Д  миний бие харилцан тохиролцсоны үндсэн дээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэх хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй…” гэж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж тус тус заасжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 625,950 төгрөгийн тал хувь 312,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 312,975 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. С-ын Д-гийн нэхэмжлэлтэй, Г-ын Б-д холбогдох зээлийн гэрээний эргэн төлөлтөд илүү шилжүүлсэн 93,600,000 төгрөгөө буцаан гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 625,950 төгрөгийн тал хувь 312,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 312,975 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч С.Д-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ